Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Б, Ч.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2135001560041 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч, аюулгүй ажиллагааны мэргэжилтэй, А ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанаар ажилдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овогт Чгийн Батттогтох, регистрийн дугаар: ОЭ74090510,

Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, А ХХК-ний захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц ургийн овогт Өвгөнхүүгийн Б, регистрийн дугаар: ОЭ74052712,

1. Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт А ХХК-ийн барьж буй 5 давхар 30 айлын орон сууцыг барихдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс барилга дээр өрлөгчнөөр ажиллаж байсан Ц.М нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байран дээрээ өрлөгийн ажил гүйцэтгэж байх үедээ тус барилгын 5 давхраас унаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Б, Ө.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/, 8 /найм/ сарын хугацаагаар тэнссэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэж,

-Шүүгдэгч Ч.Б, Ө.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шүүгдэгч Ч.Б, Ө.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Ө.Б болон түүний өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Увс аймгийн прокурорын газраас Ө.Бг “Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн А ХХК-иар 5 давхар 30 айлын орон сууцны ажлыг гүйцэтгэхдээ ...барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн. Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй, ...хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх...ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, ...ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм заавар, журам баталж, мөрдүүлэх, ...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэснийг тус тус зөрчсөний улмаас тус компаний барилга дээр өрлөгчнөөр ажиллаж байсан Ц.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа барилгын 5 давхраас унаж нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэж түүнд ял сонсгосон.

 Анхан шатны шүүх Ө.Бд ял сонсгосон үйлдэл, эс үйлдэхүй нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэжээ.

Шүүхийн шатанд “А” ХХК-ны багаж хүлээлцсэн тэмдэглэл, ажлын хувцас олгосон тэмдэглэл, шаардах хуудас зэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба тухайн баримтаас “А” ХХК нь барилгын талбайд хөдөлмөр хамгааллын хэрэгсэл багаж тоног төхөөрөмж буюу каск малгай, аюулгүйн бүс, хантааз, усны гутал, хамгаалалтын олс зэргийг ажилчдад няравын багаж хүлээлцсэн тэмдэглэлээр олгож, буцааж хүлээн авдаг. Харин эргэж хураан авахгүй материал, хамгаалах хэрэгслийг /ажлын хувцас, ажлын бээлий/ шаардах хуудасаар олгож зарцуулдаг байсан болох нь харагддаг. Мөн гэрч Н.У, Б.Б, Н.Б, С.Б нарын мэдүүлэгт “А” ХХК”-ны зүгээс ажилчдад хамгаалах хувцас, хэрэгсэл тарааж өгдөг талаар мэдүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй хирнээ Ө.Бг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг буюу “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргээ” хэрэгжүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05-092/26 дугаар шинжээчийн дүгнэлтийн 4, 6 дахь хэсгүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажиллуулаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг ба тухайн үед шинжээчийн мэдэлд Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Ч.Бын боловсрол, мэргэжлийн байдлыг нотолсон баримтыг хүргүүлээгүй байдаг. Энэ байдлаас үүдэн шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий болсон.

Ийнхүү эргэлзээ бүхий нөхцөл байдал нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар дахин дүгнэлт гаргах үндэслэл болно.

Энэхүү эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Ө.Бг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

5. Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “Миний үйлчлүүлэгч Ө.Бд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй, үнэ төлбөргүй хангах үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнаар мэргэжлийн бус, эрхгүй этгээдийг ажиллуулж, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр ял сонсгосон.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчсөн гэж яллахдаа бүх заалтыг зөрчсөн гэж яллаж байгаа нь учир дутагдалтай байна гэдгээ шүүгдэгч Ө.Б илэрхийлсэн. Манай компани ажилчдийг хамгаалах хувцас хэрэгслээр хангасан ба харин энэхүү олгосон хувцасыг журмын дагуу ашиглуулах үүрэг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтны чиг үүрэгт хамаардаг.

Ажилчдийг Хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэгслээр хангасан эсэхийг тогтоогоогүй байж ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Ч.Б нь энэ хуулийн шаардлагыг хангасан эсэхийг нотлох, нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэж үзсэн байна.

Шинжээчид Ч.Бын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажилтан мөн эсэх, мөн түүний боловсролын байдлыг нотолсон баримтыг хүргүүлээгүйгээс аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэх заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтэд үндэслэж Ө.Бд ял сонсгож байгаа ба шинжээчийн мэдэлд баримт дутуу хүргүүлсэн тул түүнийг буруутгасан дүгнэлт гарсан өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Ө.Бг аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаагүй,зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэнг ажиллуулсан гэж ял сонсгосон атлаа Ч.Бод хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн үүргээ биелүүлээгүй гэж ял сонсгосон байна. Энэ нь утга агуулгын хувьд зөрүүтэй байдал үүсээд байна. Ч.Быг Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн гэж үзэж ял сонсгож байгаа бол Ө.Бгийн үйлдлээс хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй хүнийг үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн энэ үйлдэлд ял оногдуулахгүй байх, хэрэгсэхгүй болгох ёстой гэж бодож байна.Энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Давж заалдсан гомдлоо дэмжиж байна” гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул тайлбар, дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Б түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу шүүх хуралд оролцож байна. Гомдлын агуулгын хувьд би энэ гэмт хэргийг үйлдээгүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн гомдлыг гаргажээ. Энэ хэргийн хувьд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг энэ агуулгаар явагдаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах шаардлагагүй. Хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ч.Б, Ө.Б нар гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан явагдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол нөхөн төлбөрөө барагдуулсан гэдэг агуулгаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүхээс тэнссэн шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Гэтэл өнөөдөр шүүгдэгч Ө.Бгийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийнхаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. “А” ХХК-ний барьж байгаа 30 айлын орон сууцны барилгаа барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй эхлүүлсэн нь тогтоогдож байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан ажил олгогч нь ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах, эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх эрсдэлийн үнэлгээ хийлгэх, мэдлэг чадвар бүхий ажилтан авч ажиллуулах, сургалтанд хамруулах зэрэг үүргүүдээ биелүүлээгүй байна гэж үзсэн. “А” ХХК-ний захирал Ө.Б өөрийнхөө компанид Ч.Б гэдэг хүнийг хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр авч ажиллуулсан. Барилга тус бүр дээр хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан авч ажиллуулдаг журамтай. А ХХК-ний 11 дүгээр багийн 30 айлын орон сууцны барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр Ч.Б томилогдсон боловч уг барилгын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хяналт тавих чиг үүргийг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, ажил олгогч хариуцна гэж заасныг үндэслэн Ө.Бг буруутгаж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч ““А ХХК бол хангалттай хувцас хэрэгслээр хангасан гэж хэлж байна. Гэтэл тухайн хэрэг гардаг өдөр уг барилга дээр ажиллаж байсан нэг ч ажилтан ажлын хувцас, хамгаалах малгай хэрэгсэл өмсөөгүй байсан. Энэ нь хэргийн газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон. Амь хохирогчийн хувьд каск малгай, хамгаалах бүс, хэрэгсэл байгаагүй. Тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Б тэр өдөр манай ажилтнууд хамгаалах малгай хэрэгсэл өмсөөгүй гэж мэдүүлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                ТОДОРХОЙЛОХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Б, Ч.Б нарт холбогдох, 2135001560041 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Х.Энхтуулаас:

-шүүгдэгч Ө.Бг Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “А” ХХК-аар 5 давхар 30 айлын орон сууцны ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасныг зөрчиж барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхлүүлж, улмаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан: “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан: “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-т заасан: “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 28.1.8-д заасан: “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тус барилга дээр өрлөгчнөөр ажиллаж байсан Ц.М нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байран дээрээ өрлөгийн ажил гүйцэтгэж байх үедээ тус барилгын 5 давхраас унаж нас барсан гэх гэмт хэрэгт,

-шүүгдэгч Ч.Быг Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “А” ХХК-ийн барьж байсан 5 давхар, 30 айлын орон сууцны барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллахдаа MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх хэсэгт заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16-д заасан: “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тус барилга дээр өрлөгчөөр ажиллаж байсан Ц.М нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байран дээрээ өрлөгийн ажил гүйцэтгэж байх үедээ тус барилгын 5 давхраас унаж нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б /шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.Б гэж бичсэн/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

        4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасан шаардлагыг хангаагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

        4.1.Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг дурдсан байх боловч уг нотлох баримтуудад үнэлэлт өгөөгүй, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа талаар, мөн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн аль шинжээр нь гэм буруутайд тооцож буй талаар тус тус хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.  

            Тухайлбал, шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарыг барилгын ажил гүйцэтгэхдээ ямар хууль, захиргааны хэм хэмжээний актыг хэрхэн зөрчсөн болох, тухайн хууль, хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинжийг хангаж буй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

          4.2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарыг “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ гэж дүгнэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэхдээ шүүгдэгч Ө.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлын талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан шаардлагад нийцээгүй байна.  

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, яллагдагчаар байцаалт өгөхдөө: “ Сонгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй ” гэж мэдүүлсэн,

             мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж, хэргийг прокурорт буцаах санал гаргаж байсан байх бөгөөд харин анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Батгэрэл “миний үйлчлүүлэгч Ө.Бгийн хувьд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй оролцож байна. Иймд шүүхийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг нэгтгэж, нэг үе шаттай явуулах ” талаар санал гаргасан, мөн шүүгдэгч Ө.Б “ гэм буруугийн талаар маргаангүй “ гэж мэдүүлснийг шүүхээс хүлээн авч, шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулсан байна.   

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9-т : шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан тул шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлгийг түүний мөрдөн байцаалт болон шүүхийн урьчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдтэй харьцуулан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэн гарах үр дагаврыг сайн ухамсарласан, хүлээн зөвшөөрч буй эсэхэд дүгнэлт хийсний эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт заасан тэнсэх журмыг хэрэглэх нь зохистой болно.  

             4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол ...” гэж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн бүрэлдэхүүний хэд хэдэн шинжийг тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

         Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас Ц.М ажлын байран дээрээ албан үүргээ гүйцэтгэж байх үедээ барилгын 5 давхраас унаж нас барсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал: Прокуророос шүүгдэгч нарыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон ” гэх шинжээр ялласан байна.

          Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд тусгаагүй хэд хэдэн шинжээр буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийг зөрчжээ.

         Тодруулбал: шүүх шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарыг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэж яллагдагчаар татаагүй гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцсон нь буруу болжээ.

          Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ч.Б, Ө.Б нарын ургийн овог, эцгийн нэрийг бүрэн тусгаагүй, мөн шүүгдэгч Ч.Быг Б.Б гэж буруу бичих зэргээр алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагад нийцээгүйг дурдах нь зүйтэй байна.

           5.Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дээрхи зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих зөрчилд хамаарч байх ба энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

            Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Б,Ч.Б нарт холбогдох, 213500156041 дүгээр эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

           6. Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Б, Ч.Б нарт холбогдох, 213500156041 дүгээр эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 ШҮҮГЧ                                                                      Н.МӨНХЖАРГАЛ