Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 344

 

МАГАДЛАЛ

2020.02.12                                                Дугаар 344                                    Улаанбаатар хот

 

 

 

 

О.Г-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02201 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ПД” ХХК, “ПД” ХХК-ийн ТУЗ-д тус тус холбогдох,

ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 оноос тус компанид актуарчаар ажиллаж эхлээд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс ТУЗ-ийн тогтоолоор “ПД” ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа компанийн нийт борлуулалт, үр ашгийн үзүүлэлт, бизнес төлөвлөгөөгөөр тавигдсан зорилго, зорилтоо тасралтгүй давуулан биелүүлж байсныг үнэлэн 2017 онд ОУ группийн хэмжээнд шилдэг гүйцэтгэх захиралд олгодог Манлайлан удирдагч шагнал авч байсан, ТУЗ-өөс үр дүнгийн гэрээг дүгнэн 2017 онд 89,6 хувиар, 2018 онд 81,93 хувиар тус тус ажлын үр дүнг хангалттай гэж үнэлэн 3 жил дараалан урамшууллыг олгож байсан. Гэтэл ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот тогтоолоор огт үндэслэлгүй, надад урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. ТУЗ-ийн 2019/13 тогтоолоор намайг 3 үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн.

“БДО аудит” ХХК-ийн шалгалтын тайлангаар ноцтой зөрчил гаргасан гэсэн бөгөөд миний бие ажлаас халагдах хүртэл хугацаанд тус “БДО аудит” ХХК-иас “ПД” ХХК-д хийсэн шалгалтын тайлангийн дүгнэлт эцэслэн ирээгүй байхад энэ аудитын дүгнэлтийг үндэслэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ шалгалтаар 2018 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон компанийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн, дүгнэлтээ 2019 оны 04 дүгээр сарын 15-нд гаргасан, гэтэл үүний дараа 04 дүгээр сарын 25-нд надад үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс уг шалгалтаар намайг буруутгаж зөрчилтэй гарсан гэж үзэхгүй юм.

ТУЗ-ийн 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн №20170629-1/АЗ-6 тоот "Үр дүнгийн гэрээг дүгнэж, урамшуулал олгох тухай" тогтоол, 2018 оны 05 дугаар сарын       24-ний өдрийн №20180524-2/А5-9 тоот "Үр дүнгийн урамшуулал олгох тухай" тогтоолын биелэлтийг хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн. Гэтэл 2018 онд нийгмийн даатгалын байгууллагаас “ПД” ХХК-д шалгалт орохдоо дээр дурдсан тогтоолыг хэрэгжүүлээгүй талаар ямар нэг зөрчил илэрсэн тухай дурдаагүй байхад уг тогтоолуудыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь огт үндэслэлгүй. 2017, 2018 онд олгосон урамшууллаас тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй. Компани нь ажил олгогчийн хувьд 12 хувиар шимтгэл төлөх үүрэгтэй, энэ нь ажилтанд хамаарахгүй.

ТАI 360 үнэлгээний дүгнэлтээр хангалтгүй гэж үзсэн. Гэтэл ТУЗ-өөс уг үнэлгээг хийхдээ хэн, хэрхэн яаж хийсэн, ажиллагсдаас хэдэн хүнийг асуулганд хамруулсан, тэдгээр хүмүүсийг хэрхэн яаж сонгосон, ямар үр дүн гарсан талаар ямар ч мэдээлэл өгөхгүйгээр дээрх үнэлгээний тайланг үндэслэн ажлаас чөлөөлж байгааг ойлгохгүй байна. Гүйцэтгэх захррлын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан, өөрсдөө албан тушаалаа дэвшүүлж ажиллахыг хүссэн хүсэлтийг нь зөвшөөрөөгүй байсан хүмүүс ихэвчлэн уг үнэлгээний асуулгад оролцсон байгаа нь эргэлзээтэй юм. ТАI 360 үнэлгээ нь гүйцэтгэх захирлыг манлайллын чадвараа хаана алдаж байгаад зөвлөмж өгөхөд чиглэсэн ажилтнууд бие биенээ тойрч үнэлсэн арга болохоос ажлаас халах үнэлгээ болохгүй, үйл ажиллагаанд бодит үнэлгээ хийсэн гэж үзэх боломжгүй. Энэ дүгнэлт нь албан ёсоор эх хувиар компанид ирээгүй байна. Тодорхойлолт нь бүр сүүлд ажлаас халснаас хойш ирсэн байна.

ТУЗ-ийн ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн. Миний бие “ПД”     ХХК-тай Хөлсөөр ажиллуулах гэрээ, Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-г байгуулан ажилладаг бөгөөд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ордоггүй. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг мөрдөж ажиллах үүрэг хүлээгээгүй байтал тус үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Ажилтан Л.Ц нь 2013 онд тус компанид ажилд орсон байдаг ба 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18-02Б/129 тоот тушаалаар түүнийг Бизнес хөгжлийн газрын захирлаар томилохдоо ТУЗ-д мэдэгдээгүй гэдэг нь үндэслэлгүй, тухайн үед ТУЗ-ийн бичиг хэргээр дамжин мэдэгдэж байсан. Энэ хүнд мөн л ажлыг нь дүгнэн, 2018 онд үр дүнгийн урамшуулал олгосон байдаг. Мөн компанийн Комплаенсын газрын дотоод аудитын шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын   12-ноос 12 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд явуулж, даатгалын үйл ажиллагаа, нөхөн төлбөртэй холбоотойгоор өмнөх аудитын дүгнэлтийг хэрэгжүүлсэн эсэхийг шалгаж, намайг ямар зөрчлийг гаргасан гэж үзээд байгааг нь ойлгохгүй байна. Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт гэж байдаггүй, ёс зүйн дүрэм зөрчсөн, шалгалтуудад хангалтгүй бол үр дүнгийн гэрээний үнэлгээг бууруулдаг. Гэтэл миний 2018 оны ажлын үнэлгээг ч мөн хангалттай гэж үнэлэн 2019 оын 04 дүгээр сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн тогтоолоор үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. 2019 оны 05 дугаар сарын 14-нд ТУЗ-ийн өргөтгөсөн хуралдаан болж, ажлын үр дүн урамшууллыг олгож, 2019 оны төслийг хэлэлцэн батлахаар шийдвэрлэж, 05 дугаар сарын 15-нд нь надад миний и-мэйл хаягаар 2019 оны Гүйцэтгэх захирлын үр дүнийн гэрээ-ний төслийг эцсийн хувилбараар явуулж, гэрээг сунгахаар шийдвэрлэсэн. Гэтэл 10 хоногийн дараа ТУЗ-ийн хороодуудад үүрэг өгч хяналт шалгалт зохион байгуулахыг даалгаж, шалгалт явуулсан. Тэдгээр шалгалтуудаар тогтоосон зөрчил гээд байгаа зүйлүүд нь 2017, 2018 оны үйлдлүүд байна. Миний бие нь Хөлсөөр ажиллуулах гэрээ-нд заасан үүргээ биелүүлсэн, сахилгын зөрчил гаргаагүй тул ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот ажлаас чөлөөлөх түхай тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоохыг ТУЗ-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцон олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулж өгөхийг хариуцагч “ПД” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гүйцэтгэх захирал О.Г-ийг “ПД” ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг ТУЗ-ийн тогтоол нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8.-д Компанийн удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэсэн, “ПД” ХХК-ийн дүрмийн 6.3, 7.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд түүнийг ажлаас нь чөлөөлөхөөс өмнө “ПД” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн “БДО аудит” ХХК-ийн тайлан, зөвлөмжид дурдсан алдаа зөрчил, 2018 онд “Ч” ХХК-ийн Комплаенсын газраас хийсэн дотоод аудитын тайлан, зөвлөмжийг үндэслэн, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах, “ПД” ХХК-ийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжилд үнэлэлт, дүгнэлт өгөх гүйцэтгэх захирлын 360 үнэлгээг хийх зорилгоор компанийн үйл ажиллагаанд холбогдох хяналт шалгалтыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд зохион байгуулах үүргийг ТУЗ-ийн даргад даалгасан ТУЗ-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/11 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу хяналт шалгалтыг ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо, Аудитын хороо, Стратегийн хорооноос явуулж, уг 3 хорооны дүгнэлтүүдээр гүйцэтгэх захирал О.Г нь ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, “ОУ групп” компанийн нэгдсэн журмын хэрэгжилт хангалтгүй, даатгалын санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй алдаа дутагдалтай ажиллаж байна гэж дүгнэгдсэн. ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын    01-ний өдрийн хуралдаанаар ТУЗ-ийн 3 хорооны дүгнэлтийг хэлэлцэн,19/12 тоот тогтоол гарч О.Г-т хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг чиг үүргийг хороодод үүрэг болгосон. ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар 2019/13 тоот тогтоол гарч гүйцэтгэх захирал О.Г-ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. О.Г нь “ПД” ХХК-ийг удирдан ажиллаж байх хугацаанд компанийн хэвийн үйл ажиллагааг хэрхэн алдагдуулж, компанийн дотоод уур амьсгалд бүлгийн эрх ашиг сонирхол давамгайлж байгааг хөхүүлэн дэмжиж, компанид шударга бус байдал газар авах байдалтай болсон нь холбогдох байгууллагуудын хяналт шалтгалтын дүгнэлтээр нотлогдсон гэж үзсэн. Дээрх ТУЗ-ийн тогтоол шийдвэрүүд, хяналт шалгалтын дүгнэлтүүд нь нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халсан гэсэн тайлбарыг үгүйсгэж байна. Харин ч нэхэмжлэгчид энэхүү шалгалт явуулж буйг танилцуулан, ялангуяа гүйцэтгэх захирлын удирдлагын үйл ажиллагаанд 360 үнэлгээ хийсэн судалгааны ажлын хүрээнд нэхэмжлэгчийг өөрийг нь болон шат шатны ажилтан, хамтран ажиллагч байгууллагыг оролцуулан хараат бусаар гаргасан дүгнэлтийг ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болгон тогтоолд заасан. “БДО аудит” ХХК-ийн тайлан, зөвлөмжийг танилцуулаагүй, ажлаас чөлөөлсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг тайлан нь 2019 оны 04 дүгээр сарын 25-нд гарсан, нэхэмжлэгч тайлантай танилцсанаас хойш 2 сар гаруй хугацааны дараа түүнийг ажлаас чөлөөлсөн билээ. Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан хөдөлмөрийн маргаан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. О.Г-ийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16/01 дугаартай ТУЗ-ийн даргын шийдвэрээр туршилтын хугацаагаар гүйцэтгэх захирлын ажилд томилсон бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16/03 дугаартай шийдвэрээр гүйцэтгэх захирлаар жинхлүүлэн томилсон. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9., 83 дугаар зүйлийн 83.1., Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, “ПД” ХХК-ийн дүрмийн 8.2, 2017 онд батлагдсан ТУЗ- ийн үйл ажиллагааны журмын 2.4.1.8-т зааснаар О.Г-тэй Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулж, ТУЗ-ийг ажиллуулагч, О.Г-ийг ажиллагчаар тодорхойлж зохицуулах харилцаа, талуудын эрх, үүрэг, ажлын хөлс, урамшуулал, хариуцлага зэргийг тодорхой тусгаж, гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 3 жилээр байгуулсан юм. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ажлын хөлсийг сар бүр тогтмол хэмжээгээр олгохоор, хугацааг 3 жилээр тодорхойлж заасан. Харин хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажилласнаас хойш түүний гаргасан алдаа зөрчлийг үндэслэн Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2., Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8., 2017 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.4.19, 2019 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.2.2-т заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх бүрэн эрх нь “ПД” ХХК-ийн ТУЗ-ийн бүрэн эрхэд хадгалагдаж байгаа. Иймд ТУЗ нь Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллуулах гэрээг хууль журмын дагуу цуцалсан байхад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар маргаан үүсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг зөрчөөгүй гэсэн нь үндэслэлгүй. 2017 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.4.1.10-т зааснаар Гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу ерөнхий нягтлан бодогчоос бусад ажиллах эрх бүхий албан тушаалтныг сонгон шалгаруулах бөгөөд томилох эсэх шийдвэрийг ТУЗ-тай зөвшилцөн гаргана гэснийг зөрчин Бизнес хөгжлийн газрын захирлаар Л.Ц томилсон гэх мэт зөрчлүүд гаргасан. Мөн ТУЗ-ийн тогтоолоор О.Г-ийн үр дүнгийн гэрээг дүгнэж 2016, 2017, 2018 оны үр дүнгийн гэрээний урамшуулал болгож 20-35 сая төгрөг өгсөн бөгөөд Нийгмийн даатгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлд 2017 онд 3 720 000 төгрөгийг, 2018 онд 4 006 720 төгрөгийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй.

Хөлсөөр ажиллагчтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний эх сурвалж нь Иргэний хууль, Компаний тухай хууль, ПД ХХК-ийн дүрэм, ПД ХХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаар тус тус зохицуулагдахаар гэрээнд заасан тул дээрх хууль, журмаар хоорондох харилцааг зохицуулах нь зүйтэй юм. Нэхэмжлэгчтэй Хөлсөөр ажиллуулах гэрээг 3 жилээр, түүнийг хэрэгжүүлэхийн тулд Үр дүнгийн гэрээг жил бүр байгуулсан, хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдвал үр дүнгийн гэрээ цуцлагдахаар заасан учир 2019 онд үр дүнгийн гэрээг байгуулаагүй. ТУЗ нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, иргэний эрх зүйн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний талуудын хэн нь ч хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхтэй, гэрээний үүрэг зөрчсөн нь хангалттай нотлогдсон учир нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г-ийг урьд эрхэлж байсан “ПД” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 839 389 төгрөгийг хариуцагч “ПД” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “ПД” ХХК-ийн ТУЗ-д холбогдох 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч О.Г-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч “ПД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 302 147 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “ПД” ХХК-ийн ТУЗ-өөс О.Г-тэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлд зааснаар контракт гэрээ байгуулсан гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан хариуцлагыг тодорхой зааж өгсөн гэрээний 4.4.3, 4.4.7, 4.4.8, 4.4.9, 4.4.10, 4.4.11, 4.4.12, 4.4.13, 4.4.15, 4.4.16, 4.4.17. 4.4.18, заасан ажил, үүргийг бүрэн гүйцэтгэж чадаагүй, мөн гэрээний 6.4.1-т “Итгэл даах”, 6.4.2-т “Үнэнчээр ажиллах”, 6.4.3-т “Өөрийн туршлага, мэдлэгээ дайчлан хийх, хайнга, ажлаас хөндий байдал үл гаргах”, 6.4.6-т “Олгогдсон урамшууллаас хуульд заасан татвар, хураамж, тэдгээртэй адилтгах хэсгийг төлөх”, 6.4.7-т “Ёс суртахууны үүргүүд” гүйцэтгэх захирлын ажлыг хийхдээ биелүүлэх үүргийг ТУЗ-ын өмнө хүлээж ажиллаагүй нь түүнтэй байгуулсан гэрээг зөрчсөн гэрээний зөрчил бөгөөл нэхэмжлэгчтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 10.2, 12.1.2. 12.6.3, 12.6.4-т заасны дагуу ТУЗ-аас “БДО аудит” тайлан, зөвлөмжид дурдсан алдаа зөрчил, 2018 оны 11-р сард группын толгой компани болох “Ч” ХХК-ийн Комплаенсын газраас хийсэн дотоод аудитын тайлан, зөвлөмж, “ПД” ХХК-ийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжилд үнэлэлт, дүгнэлт өгөх Гүйцэтгэх захирлын 360 үнэлгээг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл гүйцэтгэсэн ТУЗ-ийн нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо, Аудитын хороо, Стратегийн хороо тус тус явуулж 3 хорооны дүгнэлтээр ажлын гүйцэтгэл хангалтгүй, алдаа дутагдалтай ажиллаж байна гэсэнд дүгнэлт өгч түүнийг ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг ажлаас халсан үндэслэлгүй гэж шийдвэрээ тайлбарласан. “ПД” ХХК-ийн ТУЗ-өөс “БДО аудит” тайлан, зөвлөмжид дурдсан алдаа зөрчил, 2018 оны 11 дүгээр сард группын толгой компани болох “Ч” ХХК-ийн Комплаенсын газраас хийсэн дотоод аудитын тайлан, зөвлөмжид дурьдсан алдаа зөрчлийг давхар тогтоохоор “ПД”      ХХК-ийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжилд үнэлэлт, дүгнэлт өгөх Гүйцэтгэх захирлын 360 үнэлгээг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл гүйцэтгэсэн ТУЗ-ийн нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо, Аудитын хороо, Стратегийн хороо тус тус явуулж 3 хорооны хяналт шалгалтыг зохион байгуулж, түүнтэй байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй ажиллаж байгаа тул ТУЗ-өөс түүнд итгэл үзүүлж цаашид ажиллах нь компанийн ирээдүйн үйл ажиллагаа, компанийн засаглалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг тодорхойлж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд 2017 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.4.1.10-т зааснаар “гүйцэтгэх захирал нь ТУЗ-с баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу Ерөнхий нягтлан бодогчоос бусад ажиллах эрх бүхий албан тушаалтныг сонгон шалгаруулах бөгөөд томилох эсэх шийдвэрийг ТУЗ-тай зөвшилцөн гаргана” гэснийг зөрчин Бизнес хөгжлийн гззрын захирлаар Ц томилсон байдаг. Мөн ТУЗ-ийн тогтоолоор О.Г-ийн үр дүнгийн гэрээг дүгнэж 2016, 2017, 2018 оны үр дүнгийн гэрээний урамшуулал болгож 20-35 сая төгрөг өгсөн бөгөөд тэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 17.1.1-т заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх удирдлага буюу ажил олгогчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх атал хууль зөрчсөн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч “ПД” ХХК, “ПД” ХХК-ийн ТУЗ-д тус тус холбогдуулан, ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил олгогчтой контрактын гэрээний агуулга бүхий “Хөлсөөр ажиллах” гэж нэрлэсэн гэрээг /хх 4-13 дах тал/ 3 жилийн хугацаатай байгуулан, гэрээний дагуу “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад, “ПД” ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2018/13 тоот тогтоолоор /хх 48-56 дах тал/ үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Зохигчид дээрх гэрээний агуулга, хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлээ хөлсөөр ажиллуулах гэрээг хуульд заасан журмаар цуцалсан байхад Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр маргаан үүсгэсэн нь үндэслэлгүй, ТУЗ-тай зөвшилцөлгүй Бизнес хөгжлийн газрын захирлыг томилсон, 2016, 2017, 2018 онуудад олгосон үр дүнгийн гэрээний урамшуулалаас шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил нь шалгалтын тайлан, аудитын тайлан, зөвлөмж, ТУЗ-ийн 3 хорооны шалгалтын тайлан, дүгнэлт, ТАl -360 үнэлгээний дүгнэлтээр хангалттай нотлогдсон гэх үндэслэл заан маргажээ.

 

Анхан шатны шүүх тухайн маргаантай харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 22, 25 дугаар зүйлийн зохицуулалтад нийцүүлэн, зөв тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болох “контрактын гэрээ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Контрактын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болохын хувьд хөдөлмөрийн гэрээнд тавигдах нийтлэг үндэслэл гэрээнд нэг адил хамаарна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т зааснаар гэрээний агуулгыг үгийн шууд утга, түүнчлэн гэрээний бусад нөхцөлтэй харьцуулан тайлбарладаг.

 

Хариуцагч компанид нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь байнгын ажлын байранд хамаарахаас гадна гэрээний агуулга нөхцөл нь ажилтны өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах шинжтэй байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах нэртэй гэрээ нь хэлбэр, агуулга, хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-25.3 дахь хэсэгт заасан контрактын гэрээ байгуулах журам, агуулгатай нийцсэн байна.

 

Дээрх гэрээнд Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлийг дагаж мөрдөх, баримтлах тухай заасан нь контрактыг байгуулагдаагүй буюу энэ төрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “...энэ хуульд зааснаас гадна контрактыг дүгнэх үед ажилтан хийвэл зохих ажлын үр дүнг хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн, өөр ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулсан, ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрэн шилжүүлсэн, ажилтан шилжүүлсэн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон, гэрээнд тусгайлан заасан нөхцөл үүссэн тохиолдолд “контрактыг” ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулжээ.

 

Хариуцагч “ПД” ХХК нь нэхэмжлэгч О.Г-ийг аудитын шалгалтын тайлангаар ноцтой зөрчил гаргасан, ТУЗ-ийн тогтоолын биелэлтийг хэрэгжүүлж ажиллаагүй, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн зөрчил гаргасан үндэслэээр ажлаас чөлөөлсөн боловч түүний ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон гэрээ, дотоод журамд заасан зөрчил гаргасан буруутай үйлдэл тогтоогдоогүй байна.

 

Түүнээс гадна тушаалд дурьдсан “ПД” ХХК-ийн Комплаенсын газраас 2018 оны 11 сард хийсэн аудитын шалгалтын тайлан /хх 129-148 дах тал/ нь “компанийн нөхөн төлбөрийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал болон өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилт зэрэг чиглэлүүдээр хэсэгчилсэн хяналт хийн, үнэлгээ, зөвлөмж өгөх” зорилгоор хийгдсэн байхад шалгалтын тайлан, зөвлөмжийг үндэслэл болгон ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь тогтоогджээ.

 

“ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Г-ийн гаргасан зөрчил тодорхойгүй байхад хариуцагч байгууллагын ТУЗ-ийн “Аудитын хорооны дотоод хяналт шалгалтын товчоо”-ны /хх 87-90 дэх тал/ 2019 оны 06 дугаар сарын 28-ны дүгнэлтэд  гүйцэтгэх захирал О.Г-тарга хэмжээ авах асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байх боловч уг асуудал нь ТУЗ-ийн 2019 оны 06 дугаар сарын           05-ны өдрийн № 2019/11 тоот тогтоол нь хугацааны хувьд нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлд хамаарахгүй байна.

 

Хариуцагч “ПД” ХХК-ийн гаргасан тайлбар, давж заалдах гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэх нөхцөл байдлыг нотолж чадаагүй тул нэхэмжлэгч О.Г-ийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

 

Ийм учраас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгосон “БДОа” ХХК-ийн дүгнэлт, Комплаенсын газрын аудитын тайлан, ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт болон нотлох баримтын шаардлага хангахгүй ТАI-360 үнэлгээний дүгнэлт                   /хх 150-176 дах тал/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч компанид дагаж мөрдөх ямар дүрэм, журам, зааврыг зөрчсөн, хөлсөөр ажиллах гэрээнд заасан үүргээ, хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Түүнчлэн “ПД” ХХК-ийн аудитын шалгалтын  дүгнэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч компанид хүргүүлсэн /хх 64-79 дэх тал/ байдал, ТУЗ-ийн  2016, 2017 оны үр дүнгийн урамшууллаас нийгмийн даатгал төлөөгүй зөрчил гаргасан гэх дүгнэлт, “Аудитын хорооны дотоод хяналт шалгалтын товчоо”-ны дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацааг хэтрүүлсэн” талаархи шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй, ажилтны ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах эрх зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г-ийг “ПД” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 839 389 төгрөгийг хариуцагч “ПД” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 302 147 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                Д.БАЙГАЛМАА