Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00426

 

 

 

 

 

 

2024 09 06 156/ШШ2024/00426

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00366/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар *******-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3 815 830,95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******,

Хариуцагч: *******,

Хариуцагч: ******* /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* овогтой ******* хамтран зээлдэгч ******* овогтой ******* нар нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/1502800371 тоот Зээлийн гэрээ байгуулан 2 550 000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай лизингийн зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь ЗГ/1502800371 тоот зээлийн гэрээний дагуу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн сар бүрийн 03-ны өдөр төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх гэрээ байгуулсан. ******* овогтой ******* хамтран зээлдэгч ******* овогтой ******* нар нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нэгч төгрөг төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 3 815 830,95 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авсан нь үнэн. Гэхдээ данснаас автоматаар зээл татна гэж байсан. Манай хүүхдийн хоёр чихнээс цус гараад яаралтай хот руу эмчлүүлэхээр явсан. Миний данснаас огт зээл татаагүй байхаар нь ******* руу очиход нэг ах сууж байсан. Миний данснаас ямар ч мөнгө татагдаагүй байна, Ц.******* гэх хүнтэй уулзах гэсэн юм гэхэд амралтаа аваад байхгүй байгаа намайг маргааш хүрээд ирээрэй гээд маргааш очиход зээл хаах үнийн дүнг хэлсэн. Би зээлээ хаах гэсэн боловч хүүхэд маань хагалгаанд орох болоод хааж чадаагүй. Үүнээс хойш би хүүхдээ хараад гэртээ байгаа. Би мөнгө авсан нь үнэн учраас төлнө гэв.

3. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******гийн зээлээс авсан зүйл байхгүй. Би сар сардаа төлөөрэй гэхэд төлнө гэж хэлсэн. Намайг саяхан шүүхээс дуудаад байна гэж хэлсэн. Би өөрөө сүлжээгүй газар ажил хийдэг болохоор аав ээж рүү ярьсан байсан. Би зээлнээс нь хамтраад төлж барагдуулна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:   

Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарт холбогдуулан 3 815 830,95 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг ба, хариуцагч ******* нь уг зээлийг би аваагүй, гарын үсэг зураад өгөөч гэхээр зурсан тул зээлийг төлөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлага болох 3 815 830 төгрөг 95 мөнгийг гаргуулна, зөвхөн хариуцагч *******гаас гаргуулахгүй гэж мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцов.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ 452.1Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн хуулийн 452.2Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь өөрийн хүлээсэн үүргээ биелүүлсэн ба хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй маргадаггүй ба хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь үүргийг хариуцахгүй гэж маргадаг.

Иргэний хуулийн 242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242.3Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж, мөн хуулийн 242.11Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж тус тус хуульчилсан.

Хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь хэдийгээр уг зээлээс авч хэрэглээгүй, надад хамаагүй гэж байх боловч нэгэнт зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр гэрээний нэг тал болсон байх тул үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч нар болох *******, ******* нараас 3 815 830 төгрөг 95 мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85073 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 85073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-д зааснаар 3 815 830,95 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж, *******-д олгосугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 76003 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ