Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 390

 

МАГАДЛАЛ

2020.02.17                                                Дугаар 390                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02770 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭМ ” ХХК-д холбогдох,

Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг болон хууль бусаар халсан болохыг тогтоолгох, шийдвэр биелүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 01 сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг “ОТ ” ХХК-тай манай компани хамтран ажиллах төслийн хугацаагаар байгуулж, Инженер засварчин албан тушаал дээр ажилд орж 2018 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ажиллаж байсан. Гэтэл намайг 2018 оны 06 сард Г.Б-д гэмтэл учруулсан гэж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2018 оны 12 сарын 27-ны өдөр ажлаас халсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хүний нөөцийн ажилтан н.Б  захиргааны зүгээс эвлэрлийн санал гаргаж байна гэсэн боловч намайг ажлаас халах санал гаргаж үүний хариуд ажилгүй байсан 4 сарын цалин хөлс олгож, “ОТ ” компанид ажиллах хязгаарлалт хийсэн “Хар тамга” гэгчээ цуцлах, өөр аль ч компанид ажилд ороход саад учруулахгүй гэж мэдэгдэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийг бичилт хийж олгохоор ятган хууран мэхэлсэнд гомдолтой байна. Надад 2019 оны 07 сарын 09-ний өдрийн ажлаас халах хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай 19/103 тушаал гаргаж, ямар нэг өмгөөлөгчгүй ганцаар ирэхийг даалгасан учир очиход Эвлэрлийн гэрээ гэгчид гарын үсэг зуруулан явуулсан. Гэвч миний ажилгүй байсан хугацааны цалинг нэр нэгтэй өөр хүний дансанд шилжүүлж миний нэр хүндэд халдан нууцыг задруулсан бөгөөд тэр хүнийг ч бас эвгүй байдалд оруулан будлиан үүсгэсэн төдийгүй өдийг хүртэл ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй байдалд оруулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй, удаа дараа авахаар хүсэлт гаргахад 2019 оны 08 сарын 05-ны өдөр бичилт хийгдэнэ, санхүүгийн хэлтсийн н.Т  мэднэ гэх мэтээр төөрөгдүүлэн чирэгдүүлж “О ” ХХК-ийн бусад компанид орох өргөдөл гаргах боломжийг хязгаарлан хясан боогдуулж байна. Би захиргаа хүний нөөцийн ажилтан н.Б , захирал А нарын дуудсанаар 2019 оны 07 сарын 09-ний өдөр очихдоо эвийг хичээн хурдан түргэн дараагийн ажилд орох боломжтой гэж итгэн тэдний үг ятгалганд хуурагдан мэхлэгдсэндээ гомдолтой байгаа тул ажлаас хууль бусаар халсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлсийг төгрөгийг гаргуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс өөрчилсөн шаардлага болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 07 сарын 09-ний өдрийн Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хууль бусаар халсаныг тогтоолгох, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийлгэхээр нэмэгдүүлэн өөрчилж байна. Би тус компанид ажиллах хугацаанд хохирол учруулаагүй, цаашид ажилдаа ороод ажил төрлөө сайн гүйцэтгэх сайн мэргэжилтэн инженер байж итгэл алдахгүй ажиллах хүсэл зоригоо илэрхийлж 2019 оны 05 сарын 17-ны өдөр ажилд буцааж авахыг хүссэн өргөдөл өгсөн ч хариу өгөөгүй. хариуцагч нь 7 908 600 төгрөг шилжүүлэн, авах ёстой цалингаас 385 042 төгрөг дутуу олгосон. Нэхэмжлэлийн нэмэгдүүлж өөрчилсөн шаардлагад түүний ажилгүй байсан цалин хөлсийг 2019 оны 07 сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл нэхэмжлэгч 104 хоног ажилгүй байсан тул цалин хөлсөнд нийт 17 987 874 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Б нь “ЭМ ” ХХК-тай үүссэн хөдөлмөрийн маргааныг зохицуулах зорилгоор 2019 оны 07 сарын 09-ний өдөр Эвлэрлийн гэрээг байгуулж, талууд хөдөлмөрийн харилцааг харилцан тохиролцож, дуусгавар болгосон. Нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр Эвлэрлийн гэрээ байгуулсан, бид аливаа хэлбэрээр түүнийг хууран мэхлээгүй, нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс өөрчилсөн шаардлагад болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх шүүхээс шийдвэрлэсэн цалин хөлс          15 064 011 төгрөг дээр нэмж, 4 сарын цалин 7 908 600 төгрөг, нийт 22 972 611 төгрөгийг олгосон. Эвлэрлийн гэрээнд талуудын үүргийг тодорхой, ойлгомжтой тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Г.Б нэхэмжлэлдээ өвчтэй эцгээ бодож маргаанаа дуусгах бодол нөлөөлсний үндсэн дээр гарын үсэг зурсан гэсэн нь түүнийг өөрөө сайн дурын үндсэн дээр ухамсартайгаар гэрээг байгуулсан болохыг харуулж байх тул хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Манайх Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, Г.Б үүргийн гүйцэтгэлийг бүрэн хүлээн авсан. Шийдвэрийн дагуу олговол зохих цалин, 4 сарын үндсэн цалинг 2019 оны 07 сарын 10-ны өдөр Голомт банкны дансанд нь шилжүүлсэн. Дээрх Эвлэрлийн гэрээнд үндэслэн 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 19/103 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Манай компани нэг талын хүсэл зоригийн үүднээс Г.Б-ыг хууль бусаар ажлаас халаагүй. Г.Б-ын өмнө хүлээсэн үүрэг байхгүй, хар жагсаалтаас хасах асуудал манайд хамаагүй, “ОТ ” ХХК-ийн журамд байдаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “ЭМ ” ХХК-д холбогдох, Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг болон хууль бусаар халсан болохыг тогтоолгох, шийдвэр биелүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Харагчин овогтой Г.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хураамжид 132 413 төгрөг нөхөн гаргуулж орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “ЭМ ” ХХК нь "чамайг буцаан ажилд авахгүй, харин манайхаас гараад ямар ч компанид ажил ороход саадгүй болгож, ОТ д өгсөн мэдээлэлээс хасна" хэмээн нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэх, ажил хийх хүсэл сонирхол, ар гэрийн гачигдал, мөнгөний хэрэгцээ шаардлагаар нь далимдуулж хясан боогдуулж Эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан талаарх нотлох баримтыг шүүх харгалзан үзсэнгүй. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй атлаа ажлаас нь өөр үндэслэлээр дахин халсан тушаал гаргаж байгаа нь хууль бус болох талаар нэхэмжлэгчийн тайлбар холбогдох нотлох баримтуудыг шүүх шийдвэртээ огт дурьдаагүй бөгөөд хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад хариуцагчийн тайлбарыг үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн нь талуудын тэгш эрхтэй байх зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Хан-Уул дүүргийн шүүхийн 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 1043 дугаар шийдвэрт нэг хоногийн ажлын хөлс нь 169 258 төгрөг гэж тогтоосон бөгөөд 2019 оны 05 сарын 01-нээс 07 сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын өдрөөр тооцоход 49 хоногийн 8 293 642 төгрөгний цалин хөлс бодогдох байтал 385 042 төгрөгөөр дутуу 7 908 600 төгрөг бодогдсон байсан юм. Анхан шатны шүүхэд шүүх хуралдаан хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлын өдрөөр тооцож гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 14 хоногоор ээлжинд гарах хугацаагаар тооцоход 13 удаагийн 14 хоногийн ээлжийн цалинг тооцож шүүх хуралдаанд тодорхойлсон боловч аль алиныг нь хэрэгсэж үзсэнгүй, харин ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасанд тооцож улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийгмийн даатгалын дэвтэр сарын дараа өгсөн учир ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадаагүй, өнгөрсөн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэнгүй, уул уурхайн мэргэжлийн ажлын өвлийн улирал эхэлж, ажилгүйчүүдийн эгнээнд орсондоо туйлаас гомдолтой байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02770 дугаартай шийдвэрийг хянаж, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “ЭМ ” ХХК-д холбогдуулан Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг болон хууль бусаар халсан болохыг тогтоолгох, шийдвэр биелүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан “ЭМ ” ХХК-ийн захирлын 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 18/022 дугаар тушаалаар Г.Б-ыг инженер засварчин албан тушаалд томилон, "О " ХХК-тай хамтран ажиллах төслийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 18/255 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.  Уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 01043 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 1161 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 0461 011 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 5-14/

 

Зохигчид 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийн дагуу  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу 2019 оны 7 сарын 9-ний өдрөөр дуусгавар болгох, олгохоор тогтоосон 15 064 011 төгрөг,  нэмэлтээр 4 сарын үндсэн цалин хөлс 7 908 600 нийтдээ 22 972 611 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор олгох, зохих татвар шимтгэлийг төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх агуулга бүхий эвлэрлийн гэрээ /хх 4 тал/ байгуулж, талууд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгч нь “...эвлэрлийн гэрээг өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, өвчтэй эцгээ бодож, маргаанаа дуусгах бодол нөлөөлсөн, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж, ажилд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй болохоор намайг зөвшөөрсөн мэт дүр үзүүлэн эвлэрлийн гэрээ байгуулсан тул хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсоныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан нь хууль зөрчөөгүй, үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлан маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 07 сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээ, Голомт банкны цахим гүйлгээний баримт, ажилтан Г.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 1-6 сарын нөхөн тайлан /хх 49-52 тал/ зохигчдын гаргасан тайлбар, татгалзлыг  /хх 47-48 тал/ харьцуулан үзэхэд талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Ажил олгогч нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд зааснаар, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, олговол зохих нийт цалин 22 972 611 төгрөгийг Голомт банкин дахь Г.Б-ын нэр дээрх дансанд 2019 оны 7 сарын 10-ны өдөр шилжүүлэн, уг мөнгөн дүнгээс 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын татвар шимтгэл төлөлтийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийснээр эвлэрлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжтой.

 

Анхан шатны шүүхээс эвлэрлийн гэрээ “ямар нэгэн үр дүнд хүргэхгүй, дүр үзүүлж хийсэн, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 272 813 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                             Д.БАЙГАЛМАА