Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Э.Тод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Турдыбек, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Тод холбогдох, 2235000800078 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Эийн Т, 2000 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эх, дөрвөн дүүгийн хамт Увс аймгийн Наранбулаг сум, 1-р багийн 06-02 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар: оз00270419.

1. Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 1-р багийн нутагт согтуурсан үедээ хохирогч Г.Бтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа шүүгдэгч Э.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор:

 -Шүүгдэгч Т ургийн овогт Эийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: шүүгдэгч Э.Тод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг тайлбарлаагүй, хуулийн үр дагаврыг ойлгуулаагүй байна.

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч, торгох ялыг хэдий хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих тухай хуулийн үр дагаврыг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/85 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт: шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг шүүгдэгчид тайлбарлаж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

5.  Прокурор А.Турдыбек давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Аймгийн ерөнхий прокурорын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10дугаартай, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч торгох ялыг хэдий хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих тухай хуулийн үр дагаврыг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тухайн зүйл хэсгийг тайлбарлан өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Тод холбогдох, 2235000800078 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Э.Тод холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

3. Шүүгдэгч Э.Т 2022 оны 3 дугаар сарын 30-ны шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 1-р багийн нутагт согтуугаар хохирогч Г.Бтэй маргалдах явцдаа түүний нүүр, толгойны хэсэгт хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

-хохирогч Г.Бямба-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байтал 21 цагийн үед М.Т утсаар залгаад “ах, надад ганц шил архи аваад өг, өнөөдөр миний төрсөн өдөр болж байна” гэж хэлэхээр би “дансныхаа дугаарыг өгчих” гээд түүнд хоёр шил архины мөнгө шилжүүлсэн. Би гадуур хүнтэй уулзаж явж байгаад Ч.Аюурзанын гэрийн гадна нь очоод түүнийг дуудаж байтал М.Т залгаж “ах би караокед Э.Ттой хамт байна, та хүрээд ир” гэхээр нь би Ч.Аюурзаныг дагуулаад очиход тэд хоёр шил LX гэх 0.75 литрийн хэмжээтэй архи авчихсан сууж байсан. Э.Т, Ч.А, М.Т бид дөрөв тухайн архинуудыг ууж дуусгасан. Тэндээс гарч М.Тийн хашааны гадна очиж зогсож байхдаа Э.Т бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Архи уучихсан байсан болохоор юунаас болж маргалдсан талаараа сайн мэдэхгүй байна. Тэгтэл М.Т, Ч.А хоёр айлд очиж хонохоор явсны дараа Э.Т нь миний нүдний хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд цааш нь яасныг би санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас /,

- гэрч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 02 цаг өнгөрч байхад Г.Б нь согтуу толгой, дух хэсгээс нь цус гоожсон, нүүр, толгой нь цус болчихсон байдалтай ирэхээр нь би юу болсон талаар асуухад “намайг хүн зодчихлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх 30 дугаар хуудас/,  

- гэрч Ч.Аюурзанын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...бид дөрөв хоёр шил архи хувааж ууж дуусгаад тэндээс гарч М.Тийн хашааны гадна ирсэн. Тэгэхэд Г.Б, Э.Т хоёр хоорондоо “чи, би” гээд маргалдаж байсан. Юунаас болж маргалдаж байгааг би мэдээгүй. М.Т бид хоёр айл руу очиж хонохоор явж, Г.Б, Э.Т хоёр үлдсэн юм. Маргааш нь над руу Г.Б утсаар ярьж миний хоёр нүд тагларчихсан байна. Э.Т намайг цохичихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 32-33 дугаар хуудас/,

- гэрч М.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргааш нь Г.Бтэй утсаар ярихад миний толгой өвдөөд байна, орой Э.Т намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

- хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 149 дугаартай: “бусдад зодуулсан гэх Г.Бямба-Эрдэнийн биед тархи доргилт, хамар ясны шинэ хугарал, дух, зүүн зулай, дагзны дээд хэсгийн хуйханд зулгаралт, тус хэсгийн арьс, хуйхны доор цус хуралт, 2 нүдний эргэн тойронд, 2 нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруу, дээд уруул, зүүн хацар шанаанд, 2 чихний дэлбэнд зулгаралт, зүүн бугалга, шуу, сарвууны ард цээжний баруун урд хэсэгт цус хуралт гэмтлүүд учирсан болох нь тогтоогдсон байна. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 10-12) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.  

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч Г.Бямба-Эрдэнийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Тын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-т заасны дагуу прокуророос шүүгдэгчтэй тохиролцсон ялын төрөл, хэмжээний талаархи саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

6. Дээд шатны прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Шүүхийн шийтгэх тогтоолд: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг тайлбарлаагүй, хуулийн үр дагаврыг ойлгуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй тул шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт энэ заалтыг тусгаж, өөрчлөлт оруулж өгнө үү “ гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн нэрчлэн заасан бөгөөд Э.Тод холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн дээрхи шаардлагыг хангасан, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлууд бүрэн тусгагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоогоогүй тул шийтгэх тогтоолд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тайлбарлах буюу заавал тусгах шаардлагагүй байна.  

  6.2. Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан ба мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан: “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй” гэх заалт нь шүүхийн шийдвэрт торгох ял биелүүлэх хугацааг тусгайлан тогтоогоогүй тохиолдолд баримтлах, ялтанд хуулиар үүрэг болгосон зохицуулалт байх тул уг заалтыг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх ойлголтод хамаарахгүй болно.

Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа дээрх хуульд заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хэрхэн гүйцэтгэх болон ахлах шийдвэр гүйцэтгэгчээс нэмж тогтоож өгсөн хугацаанд ялтан уг ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солиулах тухай саналыг прокурорт гаргах зэрэг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдахыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

6.3. Э.Тод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжгүй, тодорхойгүй, эргэлзээ бүхий гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба ялтан хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хуульд заасан болон шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг  шийтгэх тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-т заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/ 85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                    Л.АЛТАН