Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Д.Бт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Б нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах журмаар гомдлыг үндэслэн, Д.Бт холбогдох, 2135000000146 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Дийн Б, 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл нэг, Увс аймгийн Өлгий сумын нэгдүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нь багтааж, 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар: ОИ79060510.

1.Шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Дгийн хул зүсмийн азарга, төөлтэй хээр зүсмийн гүү буюу олон тооны бод малыг 2021 оны 8 дугаар сард  Увс аймгийн Өлгий сумын нутаг “Ут гахай” гэх нэртэй газраас мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 2’500’000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2.Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.Батсуурийг бусдын 2 тооны адуу хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ш ургийн овогт Дийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж,

- шүүгдэгч Ш ургийн овогт Дийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Батсуурийг 2 (хоёр) жил 1 (нэг) сар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800’000 (найман зуун мянган) төгрөгийг шүүгдэгч Д.Б албадан гаргуулж улсын төсөвт оруулж,

- шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, гаргуулах хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- шүүгдэгч Д.Батсуурийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

4. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Миний үйлчлүүлэгч Д.Б нь хохирогч Д.Дгийн хул зүсмийн азаргыг бусдын мал гэдгийг мэдсээр байж авч ашигласнаа анхнаасаа хүлээж мэдүүлсэн юм.

Харин хохирогчийн төөлтэй хээр зүсмийн гүүг хулгайлаагүй, түүнийг олж ирж холбогдох хүмүүст олж мэдэгдсэн байхад Д.Батсуурийг олон тооны мал хулгайлсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Д.Д нь Д.Бтай тааралдаж зул зүсмийн азаргаа алдагдсаныг М.Бын адуунаас олж авлаа, хамт байсан 12 настай гүүг Д.Цэдэнчимэдийн адуунд байсныг буцаагаад аваад явсан, харин 6 настай төөлтэй хээр гүүг олоод Х.Шд хүлээлгээд өгчихөөрэй гэж хэлсэн байдаг.

Д.Б нь уг төөлтэй гүүг “Улаан үзүүр” гэх газарт Д.Э гэгчийн адуунд байсныг олж аваад “Гэдгэр хаг” гэх газар байх өөрийн адуунд хүргэж, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Өлгий сумын хэсгийн төлөөлөгч Э.Б болон Х.Ш нарт уг гүүг олсон талаараа утсаар хэлэхэд Э.Б, Х.Ш, А.Батмөнх нар ирж үзээд зургийг нь аваад Х.Ш нь “ миний Д.Дд зарсан гүү мөн байна” гэж хэлээд явсан байсан.

Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Д.Д нь Өлгий сумын иргэн Х.Шаас 2021 оны 7 дугаар сард 3 тооны адуу худалдаж авсан ба тухайн гурван тооны адуу нь ижил буруу байсан учраас Ховд сумын Шаазгай нуур орчмоос гүйж алга болсон болох нь тогтоогдсон ба уг 3 адуунаас 1 азаргыг Д.Б хулгайлж бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  Д.Б 1 азарга хулгайлсан нь  тогтоогдсон байхад олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэж, ял шийтгэл оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Батсуурийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ Анхан шатны шүүхийн дүгнэлт хуульзүйн үндэслэлгүй байна.

  2021 оны 9 дүгээр сарын сүүлээр хохирогч Д.Д иргэн Х.Шаас 3 тооны адуу худалдаж авсан ба тэр адуунууд нь ижил  буруу  тул хуучин нутаг руу гүйсэн байхад шүүгдэгч  Д.Б 1 тооны азарга хулгайлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн.

2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Д.Д шүүгдэгч  Д.Бтай уулзаад “хул зүсмийн азаргаа М.Бын адуунд байсныг олж  авлаа, уг азаргатай хамт байсан 12 настай гүүг Цэдэнчимэдийн адуунд байсныг буцаагаад аваад явж байна, харин 6 настай төөлтэй хээр гүүг олоогүй тул олдвол Х.Шд олоод өгчихөөрөй” гэж хэлсэн байсан.

 Шүүгдэгч Д.Б уг  төөлтэй хээр  гүүг  Э гэгчийн адуунд байсныг олж аваад “Гэдрэг” гэх газарт өөрийнхөө адуунд хүргээд 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хэсгийн төлөөлөгч Б болон Х.Ш нарт мэдэгдсэний дараа хэсгийн төлөөлөгч  Б ирж уг  гүүний зураг аваад  явсан ба Д.Б нь  төөлтэй гүүг хулгайлсан үйлдэл байхгүй.

 Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч  Д.Батсуурийг 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсангэмт хэрэг үйлдсэн гэж эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс гарсан шийдвэрт гомдолтой байна. Би төөлтэй хээр зүсмийн гүүг хулгайлж аваагүй, харин хул зүсмийн азарга хулгайлсан нь үнэн” гэв.

7. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Батсуурийн хохирогч Д.Дгийн 2 тооны адуу буюу олон тооны адууг хулгайлсан үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батсуурийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Д.Бт холбогдох, 2135000000146  дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч  Д.Батсуурийг 2021 оны 8 дугаар сард  хохирогч Д.Дгийн хул зүсмийн азарга, төөлтэй хээр зүсмийн гүү буюу олон тооны бод малыг Увс аймгийн Өлгий сумын нутаг “Ут гахай” гэх нэртэй газраас машин механизм  ашиглан хулгайлсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

            3. Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 8 дугаар сард Увс аймгийн Өлгий сумын нутаг “Ут гахай” гэх  газраас хохирогч Д.Дгийн 1 тооны, хул зүсмийн азарга хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн нь :

- хохирогч Д.Дгийн “ ... 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед адуугаа харахаар очсон чинь хүнээс авсан гурван тооны адуу байхгүй, байсан. Ойролцоо газраар явж гурван адуугаа  хайсан боловч олоогүй. Эдгээр гурван адуу нь зургаан настай, хул зүсмийн, зөв гуяндаа саран тамгатай азарга, арван хоёр настай, хээр зүсмийн, буруу гуяндаа “Ш” үсэгтэй, зөв гуяндаа галтай дэгрээ тамгатай гүү, зургаан настай төөлтэй хээр зүсмийн, буруу гуяндаа “Ш” үсэгтэй, зөв гуяндаа галтай дэгрээ тамгатай гүү байсан.

2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын нутаг Улаан үзүүр гэх газар орчмоор адуугаа хайгаад явж байтал айлын эзэнгүй адуунд миний алга болсон 12 настай гүү байсан. Уг гүүг тууж яваад Өлгий сумын төв орж Дэндэв гэх айлын хашаанд үлдээсэн. Тэндээсээ Наранбулаг сумын нутаг руу явж хоёр адуугаа хайсан. Наранбулаг сумын төвийн ард, өргөн ширэгтэй газарт миний азарга өөр айлын адуунуудтай байсан. ...Тэгж байтал зайдан морь унасан эрэгтэй хүүхэд сумын төв талаас ирээд адууг захаас нь туугаад сумын төв рүү чиглээд явсан. Миний азаргыг мөн нийлүүлээд туугаад явсан. Араас нь дагаад явахад адуунуудыг сумын төвийн нэг хашаанд оруулсан. Очиж уулзахад М.Б гэх хүний адуу байсан бөгөөд уг азаргыг М.Б “Өлгий сумын Д.Б гэх хүнээс 800’000 төгрөгөөр худалдаж аваад дэлийг нь авч, өөрийн тамгыг дарсан” гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

-гэрч М.Бын:  “2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын Хулст багт оршин суудаг Дийн Б Өлгий сумын “ Гэдрэг хаг ” гэх газраас утсаар холбогдож, “ бөөсөгтэй азарга, хэдэн адуу байна худалдаж авах уу, надад хул зүсмийн морь байна, мөнгө хийж авмаар байна,  сольчих адуу байна уу, миний морь сайхан морь, надад ойр зуурын хувцас хунар авах мөнгөний хэрэг гараад байна, ирээд үз” гэхээр нь би “хэдэн төгрөгөөр өгөх юм” гэхэд “800’000 төгрөгөөр ав” гэж ярьсан юм. Би маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр утсаар “надад зав гардаггүй дөхүүлээд өгчих” гэж ярилцаад гэрт байсан бэлэн нэг сая төгрөгийг аваад өөдөөс нь өөрийн Мустанг-5 загварын мотоциклоор Өлгий сумын Гэдрэг хаг гэх газар луу өглөө 09 цагийн үед явж байтал замд Наранбулаг сумын нутаг Явар гэх газар Б гэх залуу таарсан юм. Би цааш нь яваад Наранбулаг сумын Улаан үзүүр багийн Гахай гэх газар явж байхад Б нэг тооны хул зүсмийн азарга туучихсан миний өөдөөс ирж явсан. Би тэнд азаргыг үзэхэд хул зүсмийн дөрвөн настай дэлтэй, саран тамгатай сайхан адуу байхаар нь 800’000 төгрөгөө тоолж өгөөд адуугаа мотоциклоор тууж сумын төвд авч ирээд адуундаа нийлүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн адуугаа хашаандаа цуглуулж, азаргандаа гүү ялгаж өгөх гэж байтал 15 цаг өнгөрч байхад Ховд сумын залуу, цагдаатай ирээд  манай адуун дотроос хул зүсмийн дөрвөн настай азаргыг заагаад “миний адуу байна” гэхээр нь би “...Д.Б гэх хүнээс 800’000 төгрөгөөр худалдаж авсан” тухайгаа хэлсэн. ...Д.Б нь Наранбулаг сумын Улаан үзүүр багийн Гахай гэх газарт өөрийн Мустанг-5 загварын мотоциклоор ганцаараа тууж авч ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

- гэрч Х.Шын “...2021 оны 8 дугаар сарын 10-ны үед Д.Д манайд ирээд “нөгөө худалдаж авсан адуунаас хоёр тооны гүү нь Ховд сумаас танай сум руу гүйж ирсэн байна. Би одоо буцаагаад авч байна, та хул хээр зүсмийн азаргаа зарчих, энэ хоёр гүүг уг азарганд хадгалуулъя” гээд уг гурван тооны адууг аваад явсан. 2021 оны 8 дугаар сарын 15-ны үед над руу Д.Д утсаар залгаад “нөгөө азаргатай хоёр гүү алга болчихлоо, танай наагуур чинь очсон уу” гэж асуухаар нь би “энүүгээр одоохондоо ирээгүй байна, ирвэл хэлье” гэж хэлсэн. ...Уг төөлтэй хээр гүүг адуунд байгаа гэж Д.Б 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө надад хэлсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:    

 Хохирогч Д.Д нь 2021 оны 7 дугаар сард Увс аймгийн Өлгий сумын иргэн Х.Шаас 3 тооны адуу /азарга 1, гүү 2/ худалдан авсан, уг 3 тооны адуу 2021 оны 8 дугаар сарын 15-ны үед Ховд сумын нутаг Шаазгай нуур, “Уу хөтөл” гэх газар орчмоос алга болсон, хохирогч 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ховд, Өмнөговь, Өлгий, Наранбулаг сумдын нутгаар явж уг 3 тооны адуугаа эрж хайсан, эрлийн явцад 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын нутаг Улаан үзүүр гэх газар бэлчээрт байсан /Мархаан буюу Цэдэнчимэд гэгчийн адуу/ адуунд хээр зүсмийн гүү байсныг хохирогч барьж авсан, нэг тооны, хул  зүсмийн азарга нь Наранбулаг сумын 1-р багийн иргэн М.Бын адуунд байсан, уг азаргыг яллагдагч Д.Б нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М.Бт 800.000 төгрөгөөр худалдан борлуулсан, үлдсэн нэг тооны адуу буюу төөлтэй, хээр зүсмийн гүү нь яллагдагч Д.Батсуурийн адуунд байсан зэрэг үйл баримт  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

             5. Шүүгдэгч Д.Б яллагдагчаар : “2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “ Ут гахай” гэх газар мал харж яваад саран тамгатай хул зүсмийн азарга ганцаараа байхыг харсан. Уг азаргыг сайн ажиглаж хараад Өлгий сумын засаг даргаар ажиллаж байсан Х.Шын азарга мөн болохыг таньсан, уг азаргыг Ховд сум уруу хүнд зарсан болохыг мэдэж байсан, гэхдээ лавлаад асууя гэж бодоод өөрийн 88228709 дугаараас Х.Шын 88849986 дугаарын утсанд залгаж, “чи хээр азаргаа яасан бэ, одоо чамд байгаа юу” гэж асуухад тэр “би азаргаа Ховд сумын Шивэр багийн хүнд зарчихсан, надад байхгүй” гэж хэлсэн тул уг азаргыг Ховд сумаас гүйж ирсэн гэдгийг лавтай мэдэж, эзэн нь олж ирэхгүй гэж бодоод Батбаатартай ярьж, түүнд худалдахаар ярьж тохироод 8 сарын 30-ны өдөр аваачиж өгсөн” гэж мэдүүлсэн,

          - мөн тэрээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт:” 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын нутаг Ут гахай гэдэг газраас хохирогчийн хул зүсмийн азарга хулгайлсан гэм буруугаа хүлээж байна. Харин төөлтэй хээр зүсмийн гүүг хулгайлж аваагүй “гэж,

        - гэрч М.Бын: “2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын Хулст багт оршин суудаг Дийн Б нь Өлгий сумын Гэдрэг хаг гэх газраас утсаар холбогдож “бөөсөгтэй азарга, хэдэн адуу байна худалдаж авах уу, хадад хул зүсмийн морь байна, мөнгө хийж авмаар сольчих адуу байна уу, миний морь сайхан морь, надад ойр зуурын хувцас хунар авах мөнгөний хэрэг гараад байна, ирээд үз” гэж ярихаар нь би “хэдэн төгрөгөөр зарах юм” гэхэд “800’000 төгрөгөөр ав” гэж хэлсэн юм. Би маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр утсаар залгаж,  “надад зав гардаггүй, чи дөхүүлээд өгчих” гэж ярилцаад гэрт байсан бэлэн нэг сая төгрөгийг аваад өөдөөс нь өөрийн Мустанг-5 загварын мотоциклоор Өлгий сумын Гэдрэг хаг гэх газар луу өглөө 09 цагийн үед явж байтал замд Наранбулаг сумын нутаг Явар гэх газар Б гэх залуу таарсан юм. Би цааш нь яваад Наранбулаг сумын Улаан үзүүр багийн Ут гахай гэх газар явж байхад Б нэг тооны хул зүсмийн азарга туучихсан, миний өөдөөс ирж явсан. Уг хул зүсмийн азарга нь дөрвөн настай дэлтэй, саран тамгатай сайхан адуу байхаар нь 800’000 төгрөгөө тоолж өгөөд адуугаа мотоциклоор тууж сумын төвд авч ирээд адуундаа нийлүүлсэн” гэж тус тус мэдүүлсэн байна.

           Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Д.Б нь бэлчээрт байсан, бусдын хул зүсмийн азаргыг өөрийн идэвхитэй үйлдлээрээ  эзэмшилдээ шилжүүлэн авч, бусдад зарж борлуулсан нь тогтоогдсон байх тул түүнийг хохирогч Д.Дгийн 1 тооны хул зүсмийн азаргыг хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэлээ.

           6. Харин шүүгдэгч Д.Батсуурийг хохирогч Д.Дгийн 1 тооны хээр зүсмийн гүү хулгайлсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй байна.

            Хохирогч Д.Дгийн алдсан төөлтэй хээр зүсмийн гүү шүүгдэгч Д.Батсуурийн адуунд байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх боловч уг гүүг хэзээ, ямар байдлаар шүүгдэгчийн  адуунд орсон болох нь тогтоогдоогүй, Д.Батсуурийн  идэвхитэй үйлдлийн үр дүнд  тухайн гүүг эзэмшилдээ шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй,  хохирогчийн төөлтэй хээр зүсмийн гүүг хулгайлсан гэх үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

          Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Батсуурийг бусдын 1 тооны азарга хулгайлсан гэж дүгнэх үндэслэлтэй байна .

           7.  Шүүгдэгч Д.Батсуурийн бусдын 1 тооны азаргыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, захиран зарцуулж буй  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэлээ.

          8. Шүүгдэгч Д.Б нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл буюу мотоцикль ашигласан гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

           Иймд дээрх үндэслэлүүдээр Прокуророос шүүгдэгч Д.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Д.Б, түүний  өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдсан гомдлыг хангах  үндэслэлтэй байна.

           9. Шүүгдэгч Д.Батсуурийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            10.  Шүүгдэгч Д.Батсуурийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 45/ дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон,

                                             ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  1-р заалтыг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ш ургийн овогт Дийн Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй гэж,

            - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-р заалтыг: Шүүгдэгч Ш ургийн овогт Дийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан Бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

            - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-р заалтыг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Бт нэг жил хорих ял шийтгэсүгэй гэж,

            - шийтгэх тогтоолын тогтоох 4-р заалтын: хоёр  жил нэг сар гэснийг нэг  жил гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Батсуурийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ