Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 140/ШШ2024/00351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ......дүүрэг,........хороо, ....... тоот хаягт оршин суух, ....... овогт ............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн .........сумын ...... баг, ...... хэсэг ........ дүгээр гудамж ..... тоот хаягт оршин суух ....... овогт ......... холбогдох,

Завхан аймгийн .....сумын ...... баг, ....... хэсэг ....... дүгээр гудамж .......... тоот хаягт байршилтай газрыг ......... хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ....., хариуцагч ........., нарийн бичгийн дарга ......нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ...... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л....... нь Завхан аймгийн ...... сумын .... дэргэдэх 2015 оны 1 сарын 07-ны өдөр ......... дугаартай захирамжаар Завхан аймгийн ......... сумын ......-р гудамж, ........ тоотод байрлах 507 метр квадрат газрыг өмчилж авсан.

...Би 2012 онд Завхан аймагт .......д ажиллаж байх хугацаандаа ээжийгээ амьдруулахаар худалдаж авч байсан. Гэтэл миний энэхүү газарт иргэн С......... зөвшөөрөлгүй хууль бусаар оршин сууж, амьдарч байна. Би Улаанбаатар хотод ирж ...... ажиллаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай дүү авто машины аваарт орж нас барсан. Би буяны ажлаар Завхан аймагт очсон. Тэгсэн миний энэхүү өмчлөлийн газар дээр хүн хашаа хатгаж, байшин барьж байна гэж хэлсэн. Тэгээд би ..... гэдэг хүнтэй утсаар холбогдож энэ миний эзэмшлийн газар байгаа юм. Танайх яагаад хашаа хатгаж, байшин барьж байгаа юм бэ? гэхэд миний урдаас үг сөргөсөн. Миний эзэмшлийн газрын миний зөвшөөрөлгүйгээр зарах эрх надаас өөр хүнд байхгүй гэсэн чинь маргаж эхэлсэн. Ингээд би аргагүйн эрхэд шүүхэд хандсан.

Иймд Завхан аймгийн ......... сумын 2-р баг, .......хэсэг .... дүгээр гудамж ...... тоот хаягт байршилтай газрыг С.........ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч С....... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 7 сарын эхээр энэ хашааг зарна гэж хүнээс сонсоод эзнийг нь хайсан. ...........найз над руу утсаар яриад ....... ХХК-д ажилладаг усны машины жолооч тэдний хашаанд байсан юм байна тэр хүнээс гол эзнийг нь асуу гэхээр нь тэр жолооч ахтай уулзсан. Жолооч ах хүү манайх тэр айлын хашаанд нэг жил байсан эзэн нь Л...... гэдэг залуу байгаа гэхээр нь хот тохижилтод ажилладаг ..... гэдэг залуутай уулзаад хашаагаа зарах уу гэхэд зарна гэсэн. Тэр үед манай нөхөр .... түүний найз ....... бид нар цуг явж байгаад .ай газар дээр нь ......очиж уулзаад хашаа нь хуучин банзнууд нь унасан, дааман хаалга нь хуучин эвдэрхий нураад унасан, жорлонгүй жижиг нүх ухаад хогоор дүүргэсэн байсан. Тэгээд бид худалдаж авахаар болж .... 5.0 сая төгрөгөөр зарна. Би хашааг янзалж өгч чадахгүй гэсэн. Хүмүүс зарна гэхээр ирж үзчихээд авна гэж хэлчхээд алга болчихдог юм. Үнэхээр та хоёр авах юм бол надад урьдчилгаа мөнгө өг гэж хэлсэн. Тэгээд талийг данс руу 1.0 сая төгрөг урьдчилж хийж байсан. Бичиг баримт нь байгаа юу гэхээр байгаа гэж байсан. Тэр үед баяр наадам болж байсан болохоор баярын дараа үлдэгдэл мөнгөө өгөөд бичиг баримтаа өгөхөөр болж бид хоорондоо тохиролцсон.

Ингээд манайх энэ маргаан бүхий хашаанд ирж буугаад хашааг янзалсан. Энэ хүн хашаагаа зарагдсаныг мэдээгүй гэж яагаад яриад байгаа юм бэ, энэ хүний төрсөн ах .......гэдэг хүн хашааг нь зарсан тухай мэдсэн. Энэ хүн юу гэж ярьсан бэ гэхээд дүүгийнхээ хашааны хажуугаар явахад айл буусан хашааг янзалсан байсан. Тэгэхээр нь дүүгээсээ асуухад зарсан гэж хэлсэн байсан. Бичиг баримт нь эгчийнх нь нэр дээр байдаг. Түүнийгээ шилжүүлж өг гэж хэлсэн гэж ах нь ярьж байна лээ. Талийгаач манайд ирж хашаагаа гоё янзалсан байна. Үлдэгдэл хогийг гадаа гаргаад тавьчих би ачаад хаячихъя гэж байсан. Тэгээд наадам болж байсан учир мөнгө хэрэгтэй байна гээд дахиад 500.000 төгрөг авч явсан. Тэгээд хашааны мөнгө өгөх л юм чинь гээд манайх 500.000 төгрөг өгсөн. Бичиг баримт нь байгаа юм уу гэхэд байгаа л гээд байсан. Тэгээд манай ах дүү нар 100 жилд ирж байгаа л гэж байсан. Чухам энэ .......... гэж хүнийг ирсэн үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед хашааг зарсан ............гэдэг залуугаас чи гэр бүлтэй юм уу, эхнэр хүүхэдтэй юм уу гэхэд эхнэр хүүхэдгүй л гэж байсан. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 20-ны үед над руу ..........дахиад ярьж та хашааныхаа мөнгөнөөс 500.000 төгрөг явуулаад өгөөч. Тань руу данс явуулъя гэсэн. Тэгэхээр нь хэн юун данс юм бэ? гэсэн чинь манай эхнэрийн данс гэсэн. Чи эхнэргүй гээд байсан биз дээ гэхэд дүү нь эхнэртээ болж байгаа гэсэн. Тэгээд туха гэсэн хүний данс руу 450.000 төгрөг хийсэн. Манай нөхрөөс 50.000 төгрөг бэлэн авсан байсан. Тэгээд бичиг баримтаа яах юм бэ? гэхэд байгаа л гээд байдаг байсан. Дараа нь талтай нэг тарахад халамцуу явж байсан. Бичиг баримтаа юу болгосон юм бэ? гэхэд жаахан асуудал байгаа удахгүй шилжүүлнэ гэж байсан. Чиний бичиг баримт барьцаанд тавьсан юм уу? гэхэд тийм л гэсэн. Зээлд л тавьсан юм байна гэж бодсон. Тухайн хашааг сайхан янзалсан. Тэгээд .......ийн ах дүү нар энэ талаар сайн мэдэж байхад ........ ганцаараа мэдээгүй, ах дүү нараасаа сонсоогүй гэх боломжгүй юм. Энэ хүн манайхыг хашаа хатгасан байгааг дуулаад ярьсан гэж байна. Ингэж анх надтай хашааны гэрчилгээний талаар ярихдаа үг сөргөж яриагүй шүү дээ. Манай дүү та нарт хашаа зарсан байна. Гэрчилгээг нь шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь авъя л гэж хэлсэн. Анх хоёулаа ярихдаа эвтэй найртай л ярилцсан. Би ...... гэдэг хүний данс руу мөнгө хийсэн өөрт нь мөнгө өгсөн гэхэд, ......... гэж манай дүүтэй хамтран амьдарч байсан хүүхэн гэж хэлсэн. Тэгээд 5.0 төгрөг гэж тохирсон гэж хэлэхэд би юу гэлээ хийж танайд хашаагаа 5.0 сая төгрөгт зарж байдаг юм. Би хашаагаа 8.0 сая төгрөгт зарна гэж хэлээд чи бид хоёр ам мурийсан. Одоо харахад бол 8.0 сая төгрөгт зарах боломжтой байх. Өмнө нь нурж унасан жорлон ч үгүй л байсан. Хашааны үнэнээс болж л ийм зүйл болсон. Чи нэхэмжлэлдээ худлаа ярьсан байсан. Манай дүүд хашааны мөнгийг нь өгөөд дуусгасан гэж байна гэсэн байна лээ. Би үнэнээ л хэлсэн. 2.5 сая төгрөг дутуу өгөөгүй байгаа гэж хэлсэн. Бид нар энэ газрыг аваад зөндөө хөрөнгө оруулалт хийсэн байхад яагаад хүний хөрөнгө мөнгө, цаг завыг бодохгүй байгаа юм бэ, талийгаач манайд ирдэг байсан. Танайх байшингаа барьж байгаа юм уу гээд явж л байсан. Бичиг баримтаа яасан юм бэ гэхэд удахгүй өгнө л гэдэг байсан. Бид нар л болсон хойно барьцаанд тавиад зээл авчихсан юм байна удахгүй бичиг баримтыг нь өгчих байх л гэж тэр хүнд итгэсэн.

Бичиг баримтыг нь шилжүүлж өг гэж чи дүүгээ явуулж байсан юм байна лээ шүү дээ. Бичиг баримт шилжүүлэх гэхээр заавал эзэмшигч нь өөрөө байх ёстой гээд ......... надтай уулзахдаа хүртэл энэ талаар хэлж л байсан. Манайх зөндөө хөрөнгө мөнгө зарж бүтээн байгуулалт хийсэн тул хашааны үлдэгдэл мөнгийг өгч хашааныхаа бичиг баримтыг шилжүүлж авах хүсэлтэй байна. Газрыг чөлөөлөх боломжгүй гэв.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн .......... дугаартай, нэгж талбарын ......... дугаар бүхий 507 м2 газрын гэрчилгээ зэрэг баримтыг бүрдүүлэн өгсөн байна.  

Хариуцагч тал нотлох баримтаар: Хариуцагчийн хариу тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хүсэлтээр гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд авагджээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч .......... нь С.......... холбогдуулан Завхан аймгийн ......... сумын 2-р баг, ........... хэсэг ........... гудамж ......... тоот хаягт байршилтай газрыг С.......... хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал ...2023 оны 7 сард Л.......... гэх хүнээс маргаан бүхий газрыг худалдан авч зөндөө хөрөнгө мөнгө зарцуулж бүтээн байгуулалт хийсэн тул хашааны үлдэгдэл мөнгийг өгч хашааныхаа бичиг баримтыг шилжүүлж авах хүсэлтэй байна. ...газрыг чөлөөлөх боломжгүй... гэж маргаж байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ........ нь Завхан аймгийн ........... сумын 2-р баг, ....... дүгээр гудамж .........тоот хаягт байрлах, 507 м2 талбайтай, .......... нэгж талбарын дугаар бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр өмчилж авсан болох нь Завхан аймгийн ......ийн ........ дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Дээрх Л......... өмчлөлийн газар дээр хариуцагч .......... нь байшингийн суурь/хундаам/ цутгасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ...... нь хариуцагч ......... холбогдуулж өөрийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан байшингийн /суурь/худаамыг албадан буулгуулж, эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ...тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан байна.

Хариуцагч ........507м2 газрыг эзэмшүүлсэн эрхий бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т ...эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд ............................ тоот хаягт байрлах, 507 м2 газрын өмчлөгч .............. нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газар болон түүнчлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй юм.

Хариуцагч ........нь нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу өмчилж буй газраас хууль бусаар эзэмшиж, ашиглаж нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Хэдийгээр хариуцагч ............ нь ...................... гэх хүнээс дээрх маргаан бүхий газрыг худалдаж авсан газар гэх боловч Иргэний хуулийн 110 дугаар 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй ба мөн хуульд зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр хуульчилсан байдаг тул хариуцагч нь буруутай этгээдээс шаардах эрхийг нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр .............. өөрийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан ....................... байшингийн суурь/хундаам/-г албадан буулгуулж, газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1. 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ: 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ..........................тоот хаягт байрлах ............... өмчлөлийн 507 м2 талбайтай газрыг хууль бусаар эзэмшиж буй хариуцагч....................түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ..................... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч...................70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ