| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00431/И |
| Дугаар | 129/ШШ2024/00394 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 129/ШШ2024/00394
|
|
129/ШШ2024/00394 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын . багт оршин суух М овгийн Ц.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хааснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Б нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хааснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Ц.Б Өндөр-Улаан сумын Хануй багийн бага сургуульд 3 дугаар анги төгсөөд цааш суралцалгүй сургуулиас гарч 16 наснаасаа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар орж ажиллаж байгаад 1988 оны 10 сарын 16-нд цэргийн албанд татагаж, 2 жил цэргийн алба хаагаад 1990 оны 10 сарын 16-нд цэргийн албанаас халагдаж ирсэн. Ц.Б 1988 онд цэргийн албанд татагдахдаа нутгийнхны дууддаг байсан Б нэрээр бүртгэгдэж, татагдснаас шалтгаалан цэргийн алба хаасан лавлагаа нь Ц.Б гэсэн нэрээр гарч байгаа. Ц.Бо-н цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, мөн нэгдэлд ажиллаж байсантай холбоотой тушаал, тогтоол, цалин хөлс бусад баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй. Ц.Б нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд Ц.Б-н Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1985 оны 8 сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг, Барилгын цэргийн 110 дугаар ангид 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 сарын 16-ны хугацаанд цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 03-ны өдрийн 607 тоот тодорхойлолт
- Төрсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 сарын 14-ний өдрийн CVL2465000001000569 дүгээр лавлагаа/
- Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 9548 тоот лавлагаа
- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Өндөр-Улаан сумын өмч хувьчлалын материал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 02 сарын 01-ний өдрийн “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 5 дугаар тушаал
- Ц.Т, Ц.С нь Ц.Б-н ах, эгч гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 сарын 27-ны өдрийн CVL2465000001000915 дугаар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2024 оны 8 сарын 27-ны өдрийн CVL2411960001015983 дугаар лавлагаа/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-н хүсэлтээр Ц.С, Б.Эр, Н.А, Б.Э нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 72 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Өндөр-Улаан сумын өмч хувьчлалын материал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 02 сарын 01-ний өдрийн “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 5 дугаар тушаал
- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/606 тоот лавлагаа
- Хүсэлт гаргагчид холбогдох ХААТР-15 маягт, ХААТР-21Б, 1991 оны 8 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, төрөгсдийг бүртгэх анкет /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- 1988 онд Архангай аймгаас татагдсан дайчдын нэрсийн жагсаалт /Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 сарын 23-ны өдрийн 394 тоот лавлагаа/
- Ц.Б 1985-1986 онд суралцаж төгссөн талаарх баримт /Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 8 сарын 29-ний өдрийн 45 тоот тодорхойлолт/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Б нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор ажиллаж байсан байдал болон цэргийн алба хааснаа тогтоолгох хүсэлтээс ажиллаж байсан зарим хугацааг хэрэгсэхгүй болгож, хүсэлтийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 03-ны өдрийн 607 тоот тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 сарын 14-ний өдрийн CVL2465000001000569 дүгээр лавлагаа/, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 9548 тоот лавлагаа, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Өндөр-Улаан сумын өмч хувьчлалын материал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 02 сарын 01-ний өдрийн “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 5 дугаар тушаал, Ц.Т, Ц.С нь Ц.Бо-н ах, эгч гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 сарын 27-ны өдрийн CVL2465000001000915 дугаар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2024 оны 8 сарын 27-ны өдрийн CVL2411960001015983 дугаар лавлагаа/, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 72 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Өндөр-Улаан сумын өмч хувьчлалын материал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 02 сарын 01-ний өдрийн “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 5 дугаар тушаал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/606 тоот лавлагаа, ХААТР-15 маягт, ХААТР-21Б, 1991 оны 8 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, төрөгсдийг бүртгэх анкет /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, 1988 онд Архангай аймгаас татагдсан дачдын нэрсийн жагсаалт /Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 сарын 23-ны өдрийн 394 тоот лавлагаа/, Ц.Б 1985-1986 онд суралцаж төгссөн талаарх баримт /Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 8 сарын 29-ний өдрийн 45 тоот тодорхойлолт/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ц.С, Б.Э, Н.А, Б.Э нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч Ц.Б нь сургуульд сурч, ажил хөдөлмөр эрхэлж, цэргийн алба хаахдаа “Б” гэдэг нэрээр нэрлэгддэг байсан нь, мөн түүнтэй холбоотой бичиг баримт “Б” гэсэн нэрээр бичигдсэн нь гэрч Ц.С, Б.Э, Н.А, Б.Эр нарын мэдүүлэг, Өндөр-Улаан сумын өмч хувьчлалын 1993 оны материал, 1988 онд Архангай аймгаас татагдсан дайчдын нэрсийн жагсаалт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 08 сарын 29-ний өдрийн 45 дугаар тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
4. Гэрч Б.Э Ц.Сүхбаатар, Ба.Э нар Ц.Б-г мужаанаар ажиллаж байсан талаар, Б гэсэн нэрээр ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар мэдүүлээгүй тул Архангай айгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1988 оны 02 сарын 01-ний өдрийн 05 тоот тушаалыг хүсэлт гаргагчийн ажил хөдөлмөр эрхэлж байсантай холбоотой баримт биш гэж үзлээ.
5. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн 1985-1987 онуудын баримтыг шүүн үзэхэд Ц.Б-т холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 72 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан боловч гэрч Ц.С-н “Ц.Б Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1985-1988 он хүртэл ажиллаж байгаад 1988 онд Эрдэнэт хот руу цэргийн албанд татагдаж 110 дугаар ангиас 1990 онд цэргээс халагдаж ирээд мал малласан” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н “Ц.Б нь 1-8 дугаар анги хүртлээ Архангай аймгийн Өндөр-Улаан суманд сурсан. Ц.Б бид хоёр 8 дугаар анги төгсөөд хамт илгээлтээр гарч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1985-1988 онд ажилласан нь үнэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н “Ц.Б Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан нь үнэн. Б мал маллаж байгаад цэрэгт явсан” гэх мэдүүлэг, ажилд орсон-1986 он, ажилладаг байгууллага-Бадрал нэгдэл, эрхэлдэг ажил-малчин гэсэн регистрийн ХААТР-1 маягт болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч Ц.Б нь цэргийн албанд татагдах хүртлээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь тогтоогддог.
“Ц.Б нь 1985-1986 оны хичээлийн жилд Д.У багштай 8в ангийг төгссөн байна. 1987-1988 онуудад тус сургуульд суралцаж төгссөн талаарх холбогдох баримт байхгүй болно” гэсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 8 сарын 29-ний өдрийн 45 тоот тодорхойлолт болон “Д.У багштай 1986 оны 8в анги Ц.Б ...” гэсэн тус сургуулийн ном, хүсэлт гаргагч Ц.Б нь 1986 онд 8-р анги төгссөн, Бадрал нэгдэлд малчин ажил эрхэлдэг, ажилд орсон он-1986 гэж бичигдсэн хүн амын регистрийн ХААТР-1 маягт зэргээр Ц.Б-г 1986 оноос Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн гэж үзлээ.
Иймд хүсэлт гаргагч Ц.Б-н Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1986 оны 7 сараас 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1985 оны 8 сарын 15-ны өдрөөс 1986 оны 7 сар хүртэл тус байгууллагад ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6. Гэрч Б.Э-н “Би Ц.Б-тай хамт 1988 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багаас цэргийн албанд татагдаж байсан. Би хилийн цэргийн 0132 дугаар ангид, Ц.Б Эрдэнэт хотод цэргийн алба хааж, 110 дугаар ангиас 1990 онд цэргийн албанаас халагдсан” гэх мэдүүлэг, гэрч Н.А-ны “Ц.Б бид хоёр 1988 онд Өндөр-Улаан сумаас хамт цэргийн албанд татагдаж, хамт Эрдэнэт хотын барилгын цэргийн 144 дүгээр анги руу хувиарлагдаж дараа нь мөн Төв аймгийн Угтаал сумын барилгын цэргийн 110 дугаар ангид тус тус хамт алба хаасан. 110 дугаар ангиас бид хоёр 1990 онд цэргээс халагдсан. Ц.Б бид хоёр нутгаасаа цэрэгт татагдсанаасаа хойш халагдтал хамт байсан юм. 1988 онд надтай хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багаас 24 хүн цэргийн албанд татагдаж байсны нэг нь Б юм. Б бид хоёр хоёулаа нэг ангид хамт алба хааж, 1990 онд цэргээс хамт халагдсан. Анхны 2 жилийн цэргүүд” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н “Ц.Б нь надтай хамт 1988 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багаас цэргийн албанд татагдсан. Ц.Б Эрдэнэт хотод, би Сэлэнгэ аймагт цэргийн алба хааж 1990 онд халагдсан. Ц.Б 1990 онд цэргээс ирсэнийхээ дараа надад хэлэхдээ 110 дугаар ангид алба хаасан гэж байсан. Бид нар анхны 2 жилийн цэргийн алба хааж байсан” гэх мэдүүлэг, “1988 онд Архангай аймгаас татагдсан дайчдын нэрсийн жагсаалт 144 дүгээр анги нэрсийн жагсаалтын 28-т. Ц.Б” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 сарын 23-ны өдрийн 394 тоот лавлагаа, “Ц.Б БХЯ-ны сайдын 1988 оны 9 сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Архангай аймгаас 1988 оны 10 сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 сарын 16-ны өдөр 609344 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 9548 тоот лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ц.Б 1988 оны 10 сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж 1990 оны 10 сарын 16-ны өдөр цэргээс халагдсан болох нь тогтоогдож байна.
Иймд Ц.Б-н 1988 оны 10 сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж 1990 оны 10 сарын 16-ны өдөр цэргээс халагдсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М овгийн Ц.Б- Ар аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар 1986 оны 7 сараас 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар 1985 оны 8 сарын 15-ны өдрөөс 1986 оны 7 сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар М овгийн Ц.Б-г 1988 оны 10 сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж 1990 оны 10 сарын 16-ны өдөр цэргээс халагдсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА