| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 168/2022/0118/Э |
| Дугаар | 2022/ДШМ/23 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ДШМ/23
*******эд холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Солонго хотхоны тоотод оршин суух, /РД: *******/. Урьд:
Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах дугуй засварын гадна иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хавсарч унаган, эрүүл мэндэд нь “баруун хөлийн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******эд мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 254.360 /хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний ******* тоотод оршин суух ******* /*******/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
Би аагаа багтаасандаа хохирогчийг зодож гэмтэл учруулаагүй. Би хавсарч л унагасан. Хохирогч үүнийг хэлдэг. Мөн хохирогч ч гэсэн өмгөөлөгчийн хэлсэн 1 сарын зорчих эрх хязгаарлах арга хэмжээг авч өгнө үү гэсээр байхад хамгийн өндөр ял шийтгэсэнд гомдолтой байна.
Би мэдээж хохирогчийн эмчилгээний зардлыг цаашид ч төлөх асуудал гарч ирнэ. Гэтэл би ямар ажил төрөл хийж төлөх вэ. Яагаад хойчийн зүйлийг бодохгүй ийм ял оногдуулж байна вэ. 3 сарын зорчих эрх хязгаарлах ял өгсөн бол би гомдохгүй л байсан. Ганц орлого олдог хот хоорондын тээврийн ажлыг маань бүтэн жилээр зогсоочихлоо шүү дээ.
Би өөрийгөө буруугүй гэж маргаагүй. Ял авахгүй ч гэж гүрийгээгүй. Би хохирлыг төлье, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх тал дээр анхнаас нь хүсэлтээ гаргаж байсан. Миний хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх рүү шилжүүлж, хамгийн хүнд ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Би ингээд гэмтчихнэ гэж даанч бодоогүй. Эрхэм шүүгч нар миний ял шийтгэлээс хөнгөрүүлж хасаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би аймаг дотор болон хот хооронд такси үйлчилгээнд явж амьдрал ахуйгаа залгуулдаг. Миний энэ байдлыг харгалзан оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь ээж, дүү, хүүхдийн хамт ганцаар аймаг дотор болон хот хоорондын тээвэрт явж амьдралаа авч явдаг. Шүүхээс тухайн зүйл хэсгийн хамгийн хүнд ялаар шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчийн амьдралын байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.
Прокурор гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах дугуй засварын гадна иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хавсарч унаган, эрүүл мэндэд нь “баруун хөлийн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн мэдүүлсэн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд 24 дүгээр байрны таксины зогсоол дээр зогсож байхад ******* гэдэг хүн согтуу ирж суусан. ... Тээвэрчний Саяг руу явна гээд явах замдаа “Нарлаг” дэлгүүр дээр зогсож тамхи авна гэсэн. Тухайн үед цагаан сар болох гээд очер дараалал ихтэй байсан тул ийм их дарааллын араас ганц тамхи бичүүлбэл олон цаг болно. Саяг орох замдаа өөр дэлгүүр ороод авчих гэсэн. Хэрвээ хохирогч цагаан сарын бараа, гэрийнхээ хүнсийг цуглуулах байсан бол би хүлээж болох байсан. Нэг хайрцаг тамхины төлөө олон тэрэгний араас яаж зогсох вэ гээд дургүйцэхэд “чи хүнд үйлчилж байгаа юм бол хэдэн ч цаг хамаагүй хүлээх ёстой.” гэсэн. Би “нөхцөл байдлаа хар, ийм их дараалалтай байхад би чамайг хүлээж чадахгүй, эсхүл буу.” гэж хэлсэн. Тэгтэл мөнгийг чинь өгнө, сууж явна гээд цаашаа явах замдаа бид хоёр муудалцсан. Захын гэрлэн дохионы тэнд намайг боох гээд оролдсон боловч гар нь хүрээгүй тул миний куртикны үсийг ханзалж татахад нь би гараараа барьж байгаад гэрлэн дохио өнгөрсний дараа машинаас бууж маргалдаж хохирогчийг 2 удаа хавсарч унагаасан.”... гэсэн мэдүүлэг, /хх 90/
Хохирогч *******ы анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... дугуй засварын харанхуй хэсэг рүү орж зогсоод “намайг буугаад ир дээ.” гэхэд нь би буугаад халаасандаа гараа хийгээд зогсож байхад намайг хавсарч унагаасан. Би унасандаа уурлаад хараалын үг хэлж босож ирэхэд намайг дахин хавсарч унагаагаад миний дээр суугаад цасаар нүүрийг минь угаасан. Тухайн үед нүд рүү цас, шороо орж юм харахгүй болсон. ... би машиных нь урд зогсоход шүүгдэгч машинаасаа бууж ирээд намайг асар хүчтэй түлхсэнээс би босож чадахгүй болсон. Тухайн үед 19 цаг 40 минут болж байсан. Үүний дараа шүүгдэгч явж, тэр үед “миний хажуугаар хүн явахгүй, би туслаарай гэж орилоод, гар хөлдөхвий гээд гараа ханцуйлаад өнхрөөд яваад” байсан. ... хажуугаар нэг эмэгтэй зөрөхөд нь “ахдаа туслаач ах нь уначихлаа, босож чадахгүй байна, цагдаа эсхүл эмнэлэг дуудаад өгөөч” гэсэн. Тэгэхэд тэр эмэгтэй эмнэлэг дуудаж өгөхөд эмнэлэг маш хурдан ирсэн. Тэр үед хүлээн авахын эмч нь намайг “согтуу биш байна шүү дээ, яагаад унасан юм бэ” гээд хүлээн авах дээр очоод бүртгэхэд 20 цаг 40 минут болж байсан. ... шүүгдэгчийг доромжилж, боохыг завдаагүй. Шүүгдэгч худлаа яриад өөрийгөө өмөөрч байна. Хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.” ... гэсэн мэдүүлэг, /хх 92/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 180 тоот дүгнэлтэд: “1. *******ы биед баруун хөлийн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт, /хх 28-29/ гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 07/ *******ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 20-21, 37-38/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч ******* *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч ******* нь “Би аймаг болон хот хоорондын тээвэрт явж амьдралаа авч явдаг. Шүүхээс оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь амьдралд хүндээр тусаж байгаа тул уг ялыг багасгаж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч гомдолд дурдсан үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө хохирогч *******ы эмчилгээний зардалд 235 000 төгрөг төлсөн баримт ирүүлснийг магадлалд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө хохирогч *******ы эмчилгээний зардалд 235 000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
З.ЭНХЦЭЦЭГ