Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 389

 

МАГАДЛАЛ

2020.02.17                                                Дугаар 389                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Ч.М-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03306 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТА ХХК, Г.У нарт холбогдох,

 

192 004 160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, Б.Ж,

Хариуцагч болон ТА ХХК-ийн төлөөлөгч Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өөрийн нэр дээрх ТА ХХК-ийнхаа үйл ажиллагаанд зориулж зээлийн гэрээ байгуулж надаас 290 000 000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Би Г.У-тэй 2005 оноос хойш тасралтгүй хамтарч ажиллаж ирсэн бөгөөд тэрээр авсан зээлээ цувуулан буцаан төлж ирсэн боловч бүрэн төлөхгүй, үлдэгдэл дээр нь нэмж зээл авсаар 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 290 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсныг баталгаажуулан зээлийн гэрээг байгуулсан болно. ...Ингээд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 102 004 160 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсныг төлбөр тооцоо нийлж акт үйлдэн Г.У өөрийн гараар зээлийн гэрээнд бичилт хийж баталгаажуулсан. Бид хамтран тооцоо нийлж, зээлийн үлдэгдлээ баталгаажуулахдаа хоорондоо өгч авалцсан барааны баримтуудыг нэг бүрчлэн тулгадаг байсан бөгөөд тэдгээр баримтуудыг 2 хувь үйлдэж байсан. Г.У-ийн өөрийнх нь гараар бичиж өгч, хүлээн зөвшөөрч гаргаж өгч байсан тооцооны баримт, түүнийг хүлээн зөвшөөрч, түүнд тусгасан дүнгээр нь нэхэмжилж байгаа болно. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сард тооцоо нийлснээс хойш зээлийн үлдэгдлээс нэг ч төгрөгийг төлж барагдуулаагүй. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд        192 004 160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 290 000 000 төгрөгийг зээл авч, үйл ажиллагаандаа зарцуулаагүй, 290 000 000 төгрөгийн бэлэн мөнгөний зээлийн гүйлгээ хийгдээгүй.Манай компани 2001 оноос одоог хүртэл тасралтгүй 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн гүйлгээ болох бараа, эд хөрөнгө, мөнгөн гүйлгээгээ байнга бүртгэж баримтуудыг хянаж байдаг, 290 000 000 төгрөгийг зээлж аваагүй, ийм гүйлгээ хийгдээгүй болохоор 290 000 000 төгрөгийн кассын орлогын ордер гэж байх боломжгүй, байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан ТА ХХК-иас 128 547 762 төгрөгийг гаргуулан Ч.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 63 456 398 төгрөгийг, мөн Г.У-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 117 980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТА ХХК-иас 800 689 төгрөгийг гаргуулан Ч.М-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ч.М нь ТА ХХК-д 8 удаагийн үйлдлээр бэлнээр зээлдүүлсэн гэх 59 706 000 төгрөгт банкин дээрээс ТА ХХК болон түүний гүйцэтгэх захирал Г.У-ийн дансанд бэлнээр хийсэн тохиолдлууд байсан бөгөөд үүнийг нотлох зорилгоор шүүхэд ТА ХХК болон гүйцэтгэх захирал Г.У-ийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч Ч.М нь өөрийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан өөрт байгаа бүх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох зорилгоор холбогдох нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг шүүхэд гаргаж байсан болно. Хариуцагч ТА ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00001 тоот зээлийн гэрээ /290 000 000 төгрөгийн/, зээлийн гэрээний дагуу 97 995 840 төгрөгийн төлөлт хийснээ хүлээн зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж акт үйлдэн 192 004 160 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй Зээлийн гэрээн дээр бичилт хийж талууд гарын үсэг зурсан зэрэг баримтууд нь нэхэмжлэгч Ч.М-ыг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 192 004 160 төгрөгийг шаардах эрхтэй болохыг нотолж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ч.М нь ТА ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00001 тоот Зээлийн гэрээгээр зээлдүулсэн 290 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг, үр дагаврыг бүхэлд нь шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 59 706 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, заавал өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа тус тус учирлаж, эдгээр хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлосон баримтаа шүүхэд хүргүүлсээр байтал намайг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шийдвэр гаргаж хариуцагчийн хуульд заасан эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгч “...290 000 000 төгрөг бэлнээр өгсөн” гэж нэхэмжлэлдээ дурдаж, шүүхэд мэдүүлсэн, Түүнчлэн түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан гэдгээ тодорхойлсон, 290 000 000 төгрөг өгсөн талаархи баримт хэрэгт байхгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа 290 000 000 төгрөгнөөс тооцоолон 128 547 762 төгрөгийг “ТА ” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль ёсны болж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Г.У , “ТА ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 192 004 160 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

          Талуудын хооронд 2005 оноос эхлэн зээлийн харилцаа үүсэж, 2005 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 15 000 000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр 147 166 800 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 150 000 000 төгрөг зээлдүүлсэн баримт хэргийн 9-16 талд авагджээ.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагч “ТА ” ХХК-д 2013 оны 2 сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд нэмж дансаар болон бэлнээр зээлдүүлсэн  нийт 359 777 799 төгрөгнөөс төлөлт хийсээр,  2015 оны 10 сарын 1-ний өдрийн байдлаарх үлдэгдэл 290 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс 97 995 842 төгрөгний төлөлт хийсэн тул үлдэгдэл 192 004 160 төгрөгийг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хариуцагч зээлийн гэрээний дагуу 290 000 000 төгрөг шилжүүлж аваагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.

 

         Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

         Талуудын тайлбар, зээлийн гэрээний хавсралт дахь сар бүрийн зээлийн тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан баримтаар 2015 оны 10 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 290 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

           Харин 2015 оны 10 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг талууд хоорондын зээлийн үлдэгдлийг тооцсон баримт гэж үзэхээр байна. Учир нь: хэргийн 7-8 дахь талд  авагдсан 2015 оны 10 дугаар сарын 01-нээс  2016 оны 10 дугаар сарын 8-ны байдлаар  209 572 730 төгрөгийн,  2016 оны 10 сарын 28-наас 2018 оны 1 сарын 22-ныг хүртэл хугацаанд 192 004 160 төгрөгний үлдэгдэлтэй болохыг Ч.М , хариуцагч “ТА ” ХХК-ийн захирал Г.У нар сар бүрээр тооцон, тус бүр гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулжээ. Дээрхи баримтыг хариуцагчийн зүгээс үгүйсгэсэн, эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тиймээс талуудын хоорондын зээлийн үлдэгдэл төлбөрийг  192 004 160 төгрөгөөр тооцох үндэстэй гэж үзлээ.

          

            Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2018 оны 1 сарын 22-ныг хүртэл хугацааны зээлийн төлбөр тооцооны үлдэгдлийг 192 004 160 төгрөгт тооцон, шаардлагаа  тодорхойлсон байхад,  анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны зээлийн төлбөрийг тооцож, 63 456 398 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс   хассан нь буруу болжээ.

           

            Иймд хариуцагч “ТА ” ХХК-иас зээлийн төлбөрийн үлдэгдэл 192 004 160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.М-д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

       

            Анхан шатны шүүхэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, шүүх хуралдаанд өөрийн биеэр орж мэтгэлцэх хүсэлтээ илэрхийлж, нотлох баримтаа хүргүүлсэн байхад шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан нь хариуцагчийн хуульд заасан эрхийг зөрчсөн талаархи хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь: шүүхийн зүгээс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор удаа дараа хангаж, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан 11 удаа хойшлогдсон байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч “ТА ” ХХК-иас 192 004 160 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03306 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ТА ” ХХК-иас 192 004 160 төгрөгийг гаргуулан Ч.М-д олгож, Г.У-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “800 689” гэснийг “1 117 971” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456 480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                      Д.БАЙГАЛМАА