Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/24

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                              Д.Ганчимэг

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1968 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, Түргэн гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 сарын 20-ны өдрийн үед Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг “Тогоот” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос хуурай хэрэглээний нарс мод 171 ширхэг буюу 5.3252м3, хуурай хэрэглээний улиас мод 39 ширхэг буюу 1.3406м3, нойтон түлээний шинэс мод 60 ширхэг буюу 1.7012м3-ыг хууль бусаар бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Lovol TE-200 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 3476.623.14 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 10429.869,42 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3476.623,14 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6111.963 төгрөг, 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй хуучин чиргүүл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 171 ширхэг буюу 5.3252м3 нарс мод 1676.498.6 төгрөг, хуурай хэрэглээний 39 ширхэг буюу 1.3406м3 улиас мод 442052,5 төгрөг, нойтон түлээний 60 ширхэг буюу 1.7012м3 шинэс мод 1358072,04 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 216.000 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, 9000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй хуучин сүх зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Lovol маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Гүрд буцаан олгож, 171 ширхэг буюу 5.3252м3 нарс мод 1676.498.6 төгрөг, хуурай хэрэглээний 39 ширхэг буюу 1.3406м3 улиас мод 442052,5 төгрөг, нойтон түлээний 60 ширхэг буюу 1.7012м3 шинэс мод 1358072,04 төгрөгийн модыг битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй хуучин чиргүүл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 171 ширхэг буюу 5.3252м3 нарс мод 1676.498.6 төгрөг, хуурай хэрэглээний 39 ширхэг буюу 1.3406м3 улиас мод 442052,5 төгрөг, нойтон түлээний 60 ширхэг буюу 1.7012м3 шинэс мод 1358072,04 төгрөгийн мод зэрэг нь шүүгдэгч *******д хадгалагдаж байгаа болохыг дурдаж, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 216.000 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, 9000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүх, шүүгдэгч *******ын *******1 тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие одоо 54 настай эрхэлсэн тодорхой ажилгүй байж байгаад цөөн хэдэн тооны мал авч Баяндун сумын 1 дүгээр багт малын хашаа саравч барихаар ойгоос мод бэлтгэн уг модыг хэрэглэсэн нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хувьд модыг зарж борлуулж ашиг хонжоо олох зорилго санаа агуулаагүй малынхаа хашаа саравчийг барьсан. Би ийм хэмжээний мөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүйд гомдолтой байгаа бөгөөд миний хувьд төлөх хөрөнгө мөнгөгүй, төлбөрийн чадваргүй.

1. 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Монголд мөн ондоо орж ирэн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 5.0 сая төгрөгийн зээлээр манай сумын иргэдэд өгч 10 жил ашиглагдсан Ловол ТЕ-200 маркын тракторыг 6.0 сая төгрөг буюу хэт өндөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Хэрлэн сумын үнэлгээний комиссоос 3.5 сая төгрөгөөр үнэлснийг бодит үнэ гэж үзэж байна. Иймд тракторыг 3.5 сая төгрөгөөр үнэлэн тооцож өгнө үү.

2. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/02 тоот дүгнэлтээр “хууль бусаар бэлтгэгдсэн гэх моднууд 171 ширхэг хэрэглээний нарс мод нийт 5.3 м3 , 39 ширхэг хуурай хэрэглээний улиас мод 1.3 м3 , 60 ширхэг нойтон түлээний шинэс мод нийт 1.7 м3 байна. Дээрх 171 ширхэг нарс, 39 ширхэг улиас, төрлийн моднууд тайрагдан бэлтгэгдэхээс өмнө хатсан, ургах чадвараа алдсан моднууд байжээ.” гэжээ.

Иймд 171 ширхэг нарс, 39 ширхэг улиас төрлийн моднууд нь хатсан ургах чадвараа алдсан байгалийн жамаараа унах моднууд болох нь тогтоогдож, ойн санд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байгаа тул эдгээр моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ болох 2 118 550 төгрөгийг үндсэн хохирлоос хасаж тооцож өгнө үү.

Нийт 19 060 382 төгрөгийн төлбөрөөс 4 118 550 төгрөгийг хасах бүрэн  үндэслэл бүхий боломжтой гэж үзсэн болно. Бусад асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаагаар шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/02 дугаар дүгнэлтээр “171 ширхэг нарс, 39 ширхэг улиас төрлийн моднууд тайрагдан бэлтгэгдэхээс өмнө хатсан, ургах чадвараа алдсан моднууд байна.” гэжээ. Уг дүгнэлтээр 171 ширхэг нарс, 39 ширхэг улиас төрлийн моднууд буюу 210 ширхэг мод нь хатсан ургах чадвараа алдсан гэдгийг тогтоосон бөгөөд байгалийн жамаар цаашид ургах боломжгүй гэсэн тул эдгээр моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ болох 2 118 550 төгрөгийг нийт хохирлоос хасч тооцох үндэслэлтэй байна.

Мөн IOYOL TE-200 маркийн тракторыг зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлсэн үнэлгээг залруулж Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссоос 3.5 сая төгрөгөөр үнэлсэн үнээр нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлэн дүгнэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Прокурор гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үед Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Тогоот” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос хуурай хэрэглээний нарс мод 171 ширхэг буюу 5.3252 м3, хуурай хэрэглээний улиас мод 39 ширхэг буюу 1.3406 м3, нойтон түлээний шинэс мод 60 ширхэг буюу 1.7012 м3-ыг хууль бусаар бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Lovol TE-200 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 3 476 623.14 (гурван сая дөрвөн зуун далан зургаан мянга зургаан зуун хорин гурван төгрөг, арван дөрвөн мөнгө) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч *******ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... 2021 оны 10 дугаар сард надад хэрэгцээ гарч мод бэлтгэсэн юм. Ийм юм болно гэдгийг мэдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг, /хх 120/

иргэний нэхэмжлэгч С.Болдмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Баяндун сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь “Тогоот” гэх газраас хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан хохирлыг мэргэжлийн ойн ангиар гаргуулсан хохирлыг нэхэмжилж байна.  ...” гэсэн мэдүүлэг, /хх 36-37/

гэрч Б.Ишжамцын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би Дорнод аймгийн Баяндун сумын Цагдаагийн хэсэгт эргүүлийн цагдаагаар ажилладаг. ... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр экологийн асуудал хариуцсан байцаагч ахлах дэслэгч Э.Энхбаярын хамт тус сумын 1 дүгээр баг “Тогоот” гэх газарт явж байхад иргэн ******* гэх айлын малын хашаа нь шинэ тайрсан модоор хийсэн байсныг илрүүлэн ажилласан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 40-41/

гэрч Ц.Гүрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 10 дугаар сарын 20-д гаргаад өдрийг нь сайн санахгүй байна. ******* ах манай гэрт ирээд “трактороо өгөөч, гэрийнхээ хог шороог цэвэрлэмээр байна.” гэж хэлээд миний эзэмшлийн тракторыг гуйгаад байхаар нь өгсөн. Улмаар би 5-6 хоногийн дараа ******* ахтай уулзаад “трактор авчирч өгөх хэрэгтэй байна.” гэж хэлэхэд миний тракторыг авчирч өгсөн. Намайг аймагт байхад цагдаа ярих тэр үед би ******* ахыг мод тайрсан талаар мэдсэн. Би энэ тухай мэдээд ******* ахтай уулзахад “харин тийм ээ, ах нь чиний трактороор хоёр тэвш мод татсан.” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /хх 48-49/

Дорнод аймгийн Баяндун суман дахь сум дундын ойн ангийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №2022/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Бэлтгэсэн 171 ширхэг хуурай нарс мод нь туушийн мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1, 4 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадваргүй хуурай нарс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 224 874 төгрөгөөр бодно.  Хэрэглээний хуурай нарс модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь:  171 ширхэг хуурай нарс мод: 5,3252 м3 х 1,4 х 224 874=1 676 498,6 төгрөг болно.

2. Бэлтгэсэн  39  ширхэг  хуурай  улиас  мод  нь  туушийн  мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,4 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадваргүй хуурай улиас төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 224 874 төгрөг бодно. Хэрэглээний хуурай улиас модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь: 39 ширхэг хуурай улиас мод: 1,3406 м3 х 1,4 х 224 874=442 052,5 төгрөг болно.

3. Бэлтгэсэн 60 ширхэг нойтон шинэс мод нь нойтон түлээний мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,4 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадвартай нойтон шинэс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 570 216 төгрөг бодно. 60 ширхэг нойтон шинэс мод: 1,7012 м3 х 1, 4 х 570 216=1 358 072,04 төгрөг болно. Нийт 3 476 623.14 төгрөг болно. ...” гэсэн дүгнэлт, /хх 63-64/ гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 09/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 10-16/ эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэмдэглэлүүд, /хх 17-30/ эд зүйлийн үнэлгээ, /хх 69-78/ *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 52-53, 87-88 / зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субьектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн *******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч ******* нь ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн ба уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч ******* *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.  

Шүүгдэгч ******* нь “шинжээчийн дүгнэлтээр... 171 ширхэг нарс, 39 ширхэг улиас, төрлийн моднууд тайрагдан бэлтгэгдэхээс өмнө хатсан, ургах чадвараа алдсан моднууд байжээ.” гэсэн дүгнэлт гарсан тул эдгээр моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ болох 2 118 550 төгрөгийг үндсэн хохирлоос хасаж тооцож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээч А.Оюунтөгсийн гаргасан 2022/02 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтээр “...171 ширхэг нарс, 39 ширхэг улиас төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь хатсан, ургах чадвараа алдсан моднууд байсан. Харин 60 ширхэг шинэсэн шон нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургаж байсан, ургах чадвартай мод байсан байна. ...” гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. ...” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч *******ын зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн 171 ширхэг нарс, 39 ширхэг улиас төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө хатсан, ургах чадвараа алдсан моднууд байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх тул шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд 171 ширхэг нарс /1 676 499 төгрөг/, 39 ширхэг улиас /442 053 төгрөг/ төрлийн моднуудын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6 355 656 төгрөгийг /1 676 499 x 3=5 029 497 төг +442 053 x 3 = 1 326 159 төг, нийт 6 355 656 төг/  гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв. Тухайлбал: 171 ширхэг нарс модны үнэ 1 676 499 төгрөг, 39 ширхэг улиас төрлийн модны үнэ 442 053 төгрөг буюу зөвхөн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 2 118 552 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Lovol TE-200 маркийн тракторын үнэлгээний талаар гомдолд дурджээ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх тракторыг “Вендо” ХХК-ийн шинжээч үнэлж хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан байна. Хэрэв энэ үнэлгээний тайланг зөвшөөрөөгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2-т заасан “Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно.” гэсний дагуу хүсэлт гаргах эрхтэй байсан байна. Гэвч шүүгдэгч нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул “хөрөнгийн үнэлгээний” талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж тус шүүхээс үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

5 дахь заалтын “... 10 429 869,42 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3 476 623,14 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг ... оруулсугай.” гэснийг “...6  192 768 төгрөгийг ... оруулж, зөрүү 4 237 101,42 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. ” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

      ШҮҮГЧИД                                             С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                    З.ЭНХЦЭЦЭГ