Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 388

 

МАГАДЛАЛ

2020.02.17                                                Дугаар 388                                    Улаанбаатар хот

 

 

 

 

М.Ч-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00001 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТЕГ-т холбогдох,

 

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б\313 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 08 дугаар сарын 23-наас эхлэн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын орлогын тасагт хураагчаар туршилтын 3 сарын хугацаатайгаар томилогдсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа дууссан боловч ажлаас халагдах хүртлээ үргэлжлүүлэн ажилласан юм. 2019 оны 06 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд ТЕГ-аас зохион байгуулсан Татварын хуулийн шинэчлэл-2019 гэсэн сургалт зөвөлгөөн Дархан-Уул аймагт болсон. Энэ зөвөлгөөнд татварын улсын байцаагч нар оролцсон бөгөөд манайхаас нэг байцаагч явах боломжгүй болсноор намайг уг сургалтанд явуулсан. Уг сургалтын 2 дахь өдөр хүндэтгэлийн оройн зоог болсон ба би уг үйл ажиллагаанд оролцон удирдлагуудад үйлчилж байсан. Тухайн зоогийн үйл ажиллагааны үед миний бие 1-2 хундага архи уусан нь үнэн. Бүх л хүмүүс архи хэрэглэж байсан. Бидний байрлаж байсан зочид буудалд байцаагч нарыг өрөө бүрээр хуваарилсан бөгөөд миний бие хэлтсийн дарга Б.Ө-ны хамт нэг өрөөнд орохоор хуваарилагдсан. Надад өрөөний түлхүүр байхгүй тул шөнө өрөөнд очиход эхний удаад нь дарга хүнтэй байсан, дараа нь очиход өрөө цоожтой хаалга онгойхгүй байсан. Ингээд би шөнө 02 цагийн үед гадаа сүүдрэвчинд сууж байхад Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн байцаагч нар болох н.Г , н.Т , манай хэлтсийн байцаагч н.Ц  нар ирсэн бөгөөд бид ажлын онцлогийнхоо талаар санал бодлоо ярьж байгаад сүүлд нь үл ойлголцож, намайг Сэлэнгийн байцаагч нар зодож, хамар руу цохиж, миний хамарнаас цус гарч маргалдсан. Энэ үед шөнийн 04 цаг болж байсан байх, манай хэлтсийн дарга Б.Ө гарч ирсэн бөгөөд намайг салгаж, буудлын гадаа байсан автобусанд оруулсан. Тэнд би хэсэг унтсан байсан, үүрээр 05-06 цагийн үед сэрж, автобуснаас гарсан, ингээд бидний байрлаж байсан буудлын гэрт орж ус авах гээд хаалгыг татах үед хаалганы шил цуурч хагарсан нь үнэн. Би уг хаалганы шилийг санаатайгаар юмаар цохиж хагалсан зүйл байхгүй, санамсаргүйгээр хаалгыг татахад хагарсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир би байцаагч нараас мөнгө гуйж тухайн буудалд цонхны шилийг төлсөн, дараа нь уг зээлүүлсэн хүмүүст мөнгийг нь өгсөн. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 17-ноос хойш л дарга Б.Ө нь миний ажлыг хийлгэхгүй, чи хүсэлтээрээ өргөдлөө өгөөд ажлаасаа гар гэх мэтээр намайг дарамтлах болсон. Ёс зүйн хорооны хуралд намайг огт оролцуулаагүй. Зөвхөн дарга нарын хооронд тохиролцоод ажлаас халж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өөрөө ямар нэгэн хүн зодоогүй, харин хүнд зодуулсан байсан. Намайг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан гэж ажлаас халсан тушаалыг зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож, намайг орлого хураагчийн ажилд эгүүлэн тогтоож цалинг олгож, шимтгэлийг нөхөн бичүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сургалтанд Орхон аймгаас 38 албан хаагч оролцсон, нэхэмжлэгч М.Ч нь мөн 3 өдрийн томилолт авч оролцсон. М.Ч нь 2018 оны 08 дугаар сарын 23-наас эхлэн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын орлогын тасагт хураагчаар 3 сарын туршилтын хугацаагаар Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/374 тоот тушаалаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. М.Ч нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа буюу томилолтоор ажиллаж байхдаа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан хориглосон болон хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлүүдийг гаргасан нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. М.Ч нь хөдөлмөрийн дотоод журмын 5.2.15-д Албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар “...согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг, 10.18.5-д “...ёс зүйн хэм хэмжээний хориглосон заалтыг зөрчсөн, ёс зүйн дүрэмд харш үйлдэл гаргасан...” зодоон хийсэн гэх дэг журмыг зөрчсөн, мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.2-д Татварын албаны үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг судалж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, 4.2.3-д Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж “...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах”, 4.2.9-д Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дүрмийг дагаж мөрдөх үүргээ зөрчсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох буюу гэрээний 8.3.9-д заасан Ажил олгогчоос тогтоосон холбогдох дүрэм, журам, зааврын хориглосон хэм хэмжээг зөрчсөн. Татварын албаны ажилтны ёс зүйн дүрэмд харшилсан үйлдэл гаргасан, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй, зохисгүй зан авир гаргасан талаар ёс зүйн хорооны дүгнэлт гарсан гэсэн зөрчил буюу албан томилолтоор ажиллаж байх хугацаандаа согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, бусадтай маргаан үүсгэж, зодолдсон, улмаар хэлтсийн алба хаагчид маргааныг салгаж, амраасан боловч дахин гарч ирж сургалт зохион байгуулж буй Гүнж амралтын газрын хүндэтгэлийн танхимын шилэн хаалгыг хагалсан үйлдэл нь албаны нэр хүндэд харш, ёс зүйгүй, танхайрсан үйлдэл гаргасан нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон бөгөөд энэ талаар Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот дүгнэлт гарсан байдаг. Арга хэмжээ нь аялал зугаалгын арга хэмжээ бус албан ёсны томилолт бүхий сургалтын арга хэмжээ байсан. М.Ч нь төрийн албан хаагчийн хувьд эрх бүхий байгууллагаас баталсан дагаж мөрдөж буй дүрэм, журмыг дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн нь тогтоогдсон, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ч-ийг Орхон аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн хураагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ТЕГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 756 909 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны Б/313 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан М.Ч-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.5-д зааснаар цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 59 061 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан журам болон Засгын газрын тогтоолуудад “ажлын болон ажлын бус цагаар зөрчил гаргасан бол хариуцлага тооцох” гэж тодорхой заасан байхад “...шөнийн амралтын цагаар гаргасан уг үйлдлийг ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй...” шөнийн цагийг /ажлын бус/ гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор тохиролцоогүй” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч М.Ч нь дээрх дүрэм, журамд заасан зөрчлүүд буюу архи ууж зодоон хийсэн, байгууллагын шилэн хаалгыг хагалж 400 000 төгрөгийн хохирол учруулсан, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ байдлыг Ёс зүйн зөвлөл шалгаад сахилгын шинжтэй зөрчил болох нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тогтоогдсон /дүгнэсэн/ бөгөөд уг тогтоол /санал/-ыг ТЕГ-н даргын 2019 оны А/96 дугаар тушаалаар баталсан “ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ын 3.2.6-д заасны дагуу хүргүүлсэн байхад “...томилох эрх бүхий этгээдэд нь ёс зүйн зөвлөлөөс тогтоол гарган шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, ийм тогтоол хэрэгт авагдаагүй /шүүхийн шийдвэрийн 7-р хуудасны хамгийн доод догол мөр” гэж өрөөсгөл дүгнэлтийг хийсэн. Мөн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоол болон ТЕГ-н даргын 2019 оны А/96 дугаар тушаалаар баталсан ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд “Ёс зүйн зөвлөлөөс дүгнэлт гарах” талаар заагаагүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож, хариуцлага ногдуулах саналыг 01-р тогтоолоор хүргүүлсэн. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа боловч халсан “ийм үндэслэлүүд нь хууль бус болох, түүнийг нотолсон тайлбар гаргаагүй” буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаагүй, нотолж чадахгүй байхад хэт нэг талыг барьж, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч ийм үндэслэлээр маргаж байна” гэх үйл баримтыг тодорхойлоогүй зэргээс харагдана.

Мөн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ дурьдаагүй, маргаагүй асуудал буюу Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолд дүгнэлт хийсэн. Ёс зүйн зөвлөл нь ажилтныг халах шийтгэл ногдуулах эрхгүй бөгөөд 01-р тогтоолд халсугай гэж бичигдсэнээр М.Ч ажлаас халагдах эрх зүйн үр дагаврыг үүсгэх нөхцөл байдал үүсэхгүйг шүүх анхаарч үзээгүй бөгөөд үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Ёс зүйн зөвлөл хэрхэн шийдвэрлэсэн асуудлыг хурлын тэмдэглэлээс нь харах боломжтой боловч нотлох баримтыг үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй. Хариуцагчийн зүгээс шийдвэр гаргахдаа 01-р тогтоолоор ёс зүйн зөрчил гаргасан тогтоогдсон гэж үзсэн. Мөн Орхон аймгийн ёс зүйн зөвлөл ч урьд нь тогтоол гаргасан учраас дахин тогтоол гаргах шаардлагагүй гэж үзэж, нэмэлт материалыг ирүүлснийг үндэслэн Татварын ерөнхий газрын дарга шийдвэрээ гаргасан. М.Ч нь албан томилолтоор явж байх хугацаандаа архидан согтуурч зодолдсон, бусдын эд хөрөнгө буюу хаалганы шилийг хагалж, 400 000 төгрөгийн хохирол учруулсан, түүнийг тогтоосон нөхцөл байдал нь тогтоогдсон гэж дүгнэлт хийсэн атлаа энэхүү дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргасан нь шүүгч маргаан бүхий үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Ч нь хариуцагч ТЕГ-т холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б\313 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 23-наас Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын орлогын тасагт хураагчаар 3 сарын туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байгаад Татварын Ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/313 дугаар тушаалаар, албан томилолтоор ажиллаж байх үедээ 2019 оны 06 дугаар сарын 16-17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журам сахин биелүүлээгүйгээс хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Хариуцагч  “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлийн 4-т заасныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгожээ.

 

Нэхэмжлэгч нь албан томилолтын хугацаанд буюу 2019 оны оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсан, амралтын хаалганы шил хагалсан болох нь тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч “ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглээгүй” гэж, хариуцагч байгууллага нь М.Ч албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу томилолтоор ажиллаж байхдаа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, татварын албаны ажилтны албаны нэр хүндэд харш, ёс зүйгүй танхайрсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон буюу дээрх тушаалд заасан үндэслэл тогтоогдоогүй болон олон нийтийн газарт мөрдөх дэг журам сахин биелүүлээгүй, хэрүүл, зодооны нөхцөл байдал үүсгэсэн гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй талаар хэргийн үйл баримтад нийцүүлэн дүгнэсэн нь зөв байна.

 

Учир нь нэхэмжлэгч “...тухайн өдөр би өөрөө зодоон хийгээгүй, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн байцаагч нартай үл ойлголцож, маргалдахад миний  хамар руу цохиж, хамарнаас цус гарсан асуудал болсон, мөн амралтын газрын гэрийн хаалгыг татахдаа  халганы шилийг санамсаргүйгээр хагалсан, шилний үнийг төлсөн...” гэсэн тайлбар гаргасныг хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн татгалзал, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй.

 

Хэргийн 31, 35, 95, 132 дугаар талд авагдсан бичгээр гаргасан тайлбаруудыг хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэх боломжгүй, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа, тухайн нөхцөл байдлыг харсан, хамт байсан гэрчүүдээс гэрчийн мэдүүлэг авагдаагүй байх тул хэрэгт нэхэмжлэгч М.Ч-ийг буруутгах эргэлзээгүй баримт авагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

  Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд тухайлан заагаагүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Дээр дурьдсан агуулгаар шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч М.Ч-ийг Орхон аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн хураагчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 569 938 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 756 909 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхтэй холбоотой шаардлагыг хангаж      шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128.2.1” гэснийг “128.1.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                             Д.БАЙГАЛМАА