| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1043/и |
| Дугаар | 155/ШШ2016/01238 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2016/01238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Отгонбямба, Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн /******* оршин суух ********ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл ************ оршин суух ******** холбогдох,
Гэм хорын хохирол 13.274.312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2016/1043/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, иргэдийн төлөөлөгч ******, прокурор ****, нэхэмжлэгч ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****** нь 2015.07.28-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мотоцикльтой явсан ******намайг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас миний биед хүнд гэмтэл учирч, би эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ****** дугаартай магадлал зэргээр ***** Эрүүгийн хуулийн 215.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн боловч түүнийг 3 нас хүрээгүй хүүхэдтэй гэх үндэслэлээр хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан. ***** нь надад учруулсан гэм хорын хохирлыг барагдуулахгүй өнөөдрийг хүрч байна. Миний биеийн эрүүл мэнд өдрөөс өдөрт эрс муудаж, маш их өвдөж зовж тарчилж байна. Миний хугарсан хөлийг мэс заслын хагалгаагаар төмрөөр хадсан байсан боловч хадаас нь мултарч унаад махан дотроо сул байдалтай хөлний хугарсан яс нь нийлж бэхжээгүй, ясан дээрээ махгүй арьс тогтож хатсан байдалтай биеийн байдал сайжрахгүй маш хүнд байдалд байна. Мөн гэмтлээс үүдэлтэй нүүрэнд саажилт үүсэж нүүрний орчим саажилттай байнга толгой өвдөж өвчин намдаах эм байнга хэрэглэж байна. Бид 2015 оны 8 сард Улаанбаатар хотод мэс заслын хагалгаа хийлгэснээс хойш дахин 2015 оны 11 сард Улаанбаатар хотод мах, арьс нөхүүлэх хагалгаа хийлгэ гэсэн эмчлэгч эмчийн заавартай байсан боловч эмчилгээ хийлгэх ямар ч мөнгө байхгүй улмаас явж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Одоо хөл хадсан хадаас махан дотор сул байгаа, энэ хадаасыг яаралтай мэс заслын хагалгаагаар авахгүй бол хөлийн мах, яс идээлж хөлийг тайрахад хүрнэ, яаралтай Улаанбаатар хот руу яв гэж эмч нар шаардаж байна. Гэвч бид 2015 оны 8 сард осолд ороод Улаанбаатар хот руу хагалгаанд орохдоо өөрт байсан бүх мөнгө болон хүнээс хүүтэй мөнгө зээлж эмчилгээ хийлгэсэн өрөө төлж дуусгаагүй, өдөр бүхэн мөнгө зээлдүүлсэн хүмүүс гэрт ирж гэр оронд минь байсан эд хөрөнгийг хурааж аваад одоо бид хоосон гэрт идэх хоолгүй маш хүнд нөхцөлд байнгын өрийн дарамтанд амьдарч байхад би 4 хүүхдээ хооллох хоолгүй, орхиод эмчилгээнд явах ямар ч боломжгүй болсон. ******* гэм буруугаа гэмшээд ядаж эмчилгээний төлбөр, шүүхийн шийтгэх тогтоолоор олгосон төлбөрөө гүйцээгээд өгчихсөн бол би эмчилгээндээ явах боломжтой байсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй үл тоомсорлож байна. ****** цувуулж өгсөн мөнгийг би хүмүүсийнхээ өрийг дарж одоо 2.000.000 төгрөгийн өр үлдээд байна. Би эрүүл саруул байхдаа Хөвсгөл зам ангид улирлын чанартай гэрээтээр ажилладаг байсан бөгөөд сул зогсолтын үед байгууллагаасаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авч сул зогсдог байсан. 2015 оны 7 сарын 29-ний өдөр байгууллагаас ажил эхэлсэн, ажилдаа ир гэсэн мэдэгдэл ирсэн байсан боловч би ухаангүй эмнэлэгт хэвтэж байсан учир мэдээгүй, сүүлд манай эгч нар надад уг мэдэгдлийг өгсөн. Тэгээд ч манай байгууллагаас намайг өвчний учир ажлаас чөлөөлсөн байсан. Би гэмтлийн улмаас 1 жил группт орж хөдөлмөрийн чадваргүй болсон. Одоо ч энэ байдал хэвээрээ байна. Иймд миний хөдөлмөрийн чадвар алдагдсан 1 жилийн хугацаан дахь ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод 2.304.000 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү. Би мэс заслын төлбөр, хагалгааны дараах эмчилгээний төлбөрийг төлж чадахгүй ***** гэх хүнээс ******-ны өдөр 2.800.000 төгрөгийг хүүтэй зээлж авч эмчилгээний төлбөрөө төлсөн. Гэтэл Золзаяа нь надад эмчилгээний төлбөрийг төлж өгөхгүй байсаар гэрээний хугацааг арга буюу сунгахыг гуйж байж 2 удаа гэрээний хугацааг сунгаж хүү төлсөн. Иймд зээлийн гэрээний дагуу уг мөнгөний хүү 2.016.000 төгрөгийг зээлдэгчид төлж бидэнд хохирол учирсан тул ***** 2.800.000 төгрөгийн хүү 2.016.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би мэс заслын хагалгаанд орж хөлийн ясыг хадуулж хамаг махаа өвчүүлж, хагалгаа хийлгэсэн хөлийн мах арьсыг ургуулахын тулд эрүүл хөлийн арьс махыг 2 удаа өвчин авч хугарсан хөлөндөө нөхүүлж оёулж байсан. Энэ байдал миний хувьд ямар их өвдөж зовж тарчилж, сэтгэл санаагаар ямар их хохирч байсан гэдгийг **** эрүүл өвдөж зовохгүй болохоор ойлгохгүй мэдэхгүй байсан. Иймд би өвдөж зовж тарчилж байсан сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, нийт 9.320.000 төгрөгийг Золзаяагаас гаргуулж өгнө үү гэж хүсч тус тус нэхэмжлэл гаргаж байна. ....Б.Лхагва-Эрдэнэ миний бие тус шүүхэд хандан хариуцагч ******* зам тээврийн ослын гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөрт 9.320.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна. Үүнд: ******-нд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2016 оны 09-р сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр миний хөдөлмөрийн чадвар алдалтын 50% байсныг 60% болгож шинэчлэн тогтоогоод 12 сараар дахин сунгасан. Энэ нь цаашид би доод тал нь 1 жил дахин хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон төдийгүй өмнөх жилээс хөдөлмөрийн чадвар алдалт нь өндөр хувиар тогтоогдож нэмэгдсэн гэдгийг харуулж байна. Иймээс дахин нэг жилийн хөдөлмөрийн хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: ********* төгрөгөөр тооцож/ нийтдээ 2.954.312 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг. Би 2015 оны 8-р сард Улаанбаатар хотод мэс заслын хагалгаа хийлгэж 2015 оны 11-р сардаа мөн Улаанбаатар хотод мах, арьс нөхүүлэх хагалгаа хийлгэх эмчийн заавартай ч мөнгө төгрөггүй улмаас хийлгэж чадаагүй. Одоо хөл хадсан хадаас нь махан дотроо сул байгаа тул хагалгаа хийлгэж энэхүү хадаасыг авахуулах эсвэл дахин хадуулахгүй бол хөлөн дотроо идээлж хөлийг тайрахад хүрнэ, яаралтай Улаанбаатар хот явж хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай. Мөн бүдүүн гуяны яс нь хоорондоо хол зайтай байх тул хагалгаа хийж ойртуулах шаардлагатай гэсэн эмчийн заавартай. Хагалгаа хийлгэхэд 600.000 төгрөг, хоёр хүний Улаанбаатар хот руу ирж очих зардал 130.000 төгрөг, тэгээд ч өч төчнөөн эм тариа хот дотор явах унаа тэрэг гээд нийтдээ 1.000.000 төгрөг бол хангалттай зарлагдана. Иймд энэхүү эмчилгээний зардлыг мөн нэхэмжилж байна. Би эрүүл саруул ажил төрлөө хийж яваад тэр гайтай өдөр осолд орсноос болж өнөөдрийг хүртэл байнгын эмчлүүлж эхнэрээрээ асруулж байгаа учир хоёулаа ажил төрөлгүй, эмчлүүлэх хагалгаа хийлгэх гэж өнгөрсөн жил хамаг л эд хөрөнгөө зарж үрж барьцаанд тавьж алдсан, мөн хүнээс хүүтэй мөнгө төгрөг удаа дараа зээлж өндөр хүүтэй мөнгөний өр төлбөрт их орсон. Цаашид энэ хэвээрээ гурван бага насны хүүхэдтэй амьдарч аж төрөхөд хэцүүхэн байдалтай болоод байна. Иймд хариуцагч ******* 3.954.312 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэн гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биеийн байдал муу байгаа тул нэхэмжлэлээ бичгээр бичиж ирсэн. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөрөө нэхэмжлэлээ уншуулъя. Хөдөлмөрийн чадвар алдагдсан хугацаан дахь ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 5.258.312 төгрөг, мэс засал, хагалгааны дараах эмчилгээний төлбөрийг төлж чадахгүй ****** гэх хүнээс 2.800.000 төгрөгийг хүүтэй зээлсэн бөгөөд ******* нь эмчилгээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс 2.016.000 төгрөгийн хүүг төлж хохирсон тул уг хүүнд төлсөн 2.016.000 төгрөг, мэс засалд орж зовж тарчилж байсан сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, цаашид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, нийт 13.274.312 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Осолд орох тэр үед би Хөвсгөл зам ХХК-нд ажиллаагүй байсан өөр газар том тэрэг барьж байсан. Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй тул гаргаж өгөх баримт байхгүй байна. Миний хувьд хүнд гэмтэл авч сэтгэл санаагаар маш их хохирсон учир сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Мөн цаашид эмчилгээ хийлгэж хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул үүний зардал хамгийн багаар бодоод 1.000.000 төгрөгийг ***** гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол улсын Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор дээр зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж уг хорих ялыг МУ-ын эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэхь хэсэг заасныг удирдлага болгон 2 жилийн хугацаагаар хойшлуулсан. Энэ шийтгэх тогтоолыг давж заалдах шүүхийн магадлалаар хэвээр үлдээсэн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт төлүүлэхээр тусгагдсан мөнгөн төлбөрийг миний бие өөрийн олж буй орлогын хэмжээгээр бүх боломж бололцоогоо ашиглан ШШГА-аар дамжуулан төлж байгаа. Энэ тухай нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгнө. *** одоогийн гаргаж буй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь ****** өөрөө дэглэм гам барихгүй байгаагаас түүний өвдөлт зовиур нь эдгэхгүй удааширч эмчилгээний зардал нь өссөн. Саяхан ******* дугаараас ****** эгч гэх хүн Улаанбаатар хотоос ярьж байна гэж миний ******* дугаар луу залгаж надтай ярьсан. Ингэхдээ ******* жимсэнд явж байгаа гэж байсан. Иймд ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ****** хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өнгөрсөн 1 жилийн хугацаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гарсан хохирол төлбөрийг төлөх гээд надад олдсон бүх мөнгийг би төлж байсан. Энэ хүнийг эрүүл болж байвал би төлөх ёстой мөнгөө төлнө гэж гэр бүлийн хүнд нь хэлж гуйж байсан. Одоо хүүхэд чинь 3 нас хүрнэ гээд ялыг чинь эдлүүлнэ гэж намайг прокуророор дарамтлуулж байсан. Ингээд намайг дарамтлаад байхаар нь би аавынхаа амьжиргаандаа хэрэглэж байсан машиныг өгсөн. Тэр машин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр л машин байсан. Ажилгүй байсан хугацааны цалинг нь би төлөхгүй. Улирлын чанартай ажил хийдэг байсан байж яагаад бүтэн жилийн цалин нэхэмжилж байгаа юм. Алтангэрэл гэдэг хүнээс мөнгө зээлсэн гэж байсан. Би тэр хүнд өгөх ёстой мөнгийг нь банкнаас зээл аваад өгсөн. Тэр үедээ яагаад тэр хүндээ өгчихөж болоогүй юм бэ. Би тэр хүнээс зээлсэн мөнгийг нь өгсөн л гэж бодож байна. Сэтгэл санааны хохирлын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би ч гэсэн өөрийн буруу үйлдлээ ухаараад нэхэмжлэгчийн ар гэрийнхэнд дарамтлуулаад сэтгэл зүйн хувьд байнга дарамттай явж байна. ******** ар гэрийнхэн намайг байнга дарамталж ярьдаг. Би ч гэсэн байнгын сэтгэл санааны дарамттай байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Би хагалгааны зардлын мөнгөний тал болох 325.000 төгрөгийг төлж болох юм... гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ******* холбогдох гэм хорын хохирол 13.274.312 /арван гурван сая хоёр зуун далан дөрвөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэм буруугийн асуудлаар зохигчид маргаагүй боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалаар нийт 9.432.653 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд уг мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан төлсөн. Шүүхийн шийтгэх тогтоолд ******** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Иргэний хэрэгт нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлоо тодорхойлон бүрдүүлсэн баримт нь эргэлзээтэй байна. Нотлох баримтын шаардлага хангаж нотлогдвол төлж барагдуулна гэж маргажээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Хариуцагч ****** нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч *******биед хүнд гэмтэл учруулсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэх тогтоол, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсан ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний болон замын зардал, сэтгэл санааны хохиролд 13.274.312 /арван гурван сая хоёр зуун далан дөрвөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжгүй байна. Учир нь:
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд Хөдөлмөрийн чадвар алдагдсан хугацаан дахь ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 5.258.312 төгрөг, мэс засал, хагалгааны дараах эмчилгээний төлбөрийг төлж чадахгүй ***** гэх хүнээс 2.800.000 төгрөгийг хүүтэй зээлсэн бөгөөд ******* нь эмчилгээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс 2.016.000 төгрөгийн хүүг төлж хохирсон тул уг хүүнд төлсөн мөнгө 2.016.000 төгрөг, мэс засалд орж зовж тарчилж байсан сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, цаашид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, нийт 13.274.312 төгрөг гаргуулна гэх боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй 13.274.312 төгрөг гаргуулна гэдгээ нотлож чадахгүй байна.
Нэхэмжлэгч ****** нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлагаас 325.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 12.949.312 /арван хоёр сая есөн зуун дөчин есөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулахыг хүссэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар ********** дугаар мэдэгдэл, ********** дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, ********* дугаартай ажлаас чөлөөлөх тушаал, цалингийн тодорхойлолт, бэлнээр олгох цалин, хөлсний баримтууд авагдсан байх хэдийч нэхэмжлэгч ********* нь шүүх хуралдаанд Би Хөвсгөл Зам ХХК-нд гэрээт ажилчнаар ажилладаг байсан боловч 2015 оны 7 дугаар сард ажиллаагүй байсан. Ажил 2015 оны 7 дугаар сарын сүүлээр эхлэх байсан гэж тайлбарлаж байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Мөн хэрэгт авагдсан ***** өөр хүмүүстэй байгуулсан зээлийн гэрээ, Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны бэлэн мөнгө хураасан акт болон эд хөрөнгө хураасан акт зэрэг нь энэ хэрэгт хамааралгүй, нийгмийн даатгалын дэвтэр, даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн **** дугаартай магадлал, ХААН банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэг зэрэг нь нотариатаар гэрчлэгдээгүй нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байх тул үнэлээгүй.
Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжинд 10.400 /арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч ******* гэм хорын хохиролд 325.000 /гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.949.312 /арван хоёр сая есөн зуун дөчин есөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжинд 10.400 /арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА
Н.БЯМБАСҮРЭН