| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/01236/И |
| Дугаар | 155/ШШ2016/01232 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/01232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **** оршин суух *******
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2016/1236/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийг бага боловсрол эзэмшин төгссөн. Улмаар хөдөө гарч 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01 өдөр хүртэл Тариалан сумын САА-д малчнаар ажилласан. Одоо эрүүл мэндийн байдлаас болж группд орох шаардлагатай гэж эмч нарын зөвлөгөөнөөс шийдвэрлэсэн ба ажилд орсон тушаал дээр гар бичмэлээр миний нэрийг бичсэн тул 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01 өдөр дуустал Тариалан сумын САА-д малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч **нь Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Тариалангийн Сангийн аж ахуйгаас 1989 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ******* нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тариалангийн Сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаартай Ажилд томилох тухай...********* Сэлэнгэд малчнаар 4-р сарын 01-ээс... гэх бичилттэй тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ***** 70 дугаар дансанд бичигдсэн цалин хөлсний лавлагаа, гэрч ****** 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: Манай дүү **нь Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1986-1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ****** дугаартай Хөвсгөл аймгийн Тариалангийн САА-н даргын 1982-1986 оны тушаал шүүж үзэхэд ****** томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************/-ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ************ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ