Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 418

 

МАГАДЛАЛ

 

2020-02-19                                                    дугаар 418

 

 

 

 

 

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/00126 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

НШШГГ-ын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16250136/2 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4665 дугаар шийдвэрээр Б.С-оос 70 622 360 төгрөг гаргуулж Т.Б-т олгохоор шийдвэрлэсэн болно. Уг шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Ё.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16250136\2 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор Б.С миний өмчлөлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 46 тоот 3 өрөө орон сууцыг хураахдаа хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. НШШГГ-ын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 147\1006 тоот тогтоолоор хураасан байж, дахин эд хөрөнгө хураах тогтоол үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг, мөн өмнө    300 000 000 төгрөгөөр үнийн санал өгөөд уг үнийн саналын дагуу анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаж, худалдан борлогдоогүй тул харилцан тохиролцсон үнийн санал 300 000 000 төгрөгөөр төлбөр авагчид санал болгоод зөрүү мөнгийг төлбөр төлөгчид өгөх байхад уг санал болгох ажиллагааг хийхгүй шууд дахин эд хөрөнгө хураах, үнийн санал авах ажиллагаа хийж байгаа нь хууль бус, мөн эд хөрөнгө хураах тогтоолд хуульд заасан жагсаалт, үнэ, чанар байдлын бүртгэл хийгээгүй байна. Иймд НШШГГ-ын  2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16250136\2 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэгч Ё.Б-ийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16250136/2 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүйд тооцсон байгаа гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.6-д зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16250136/2 дугаар эд хөрөнгө хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай НШГГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс маргааны үйл баримт болох 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16250136/2 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэх үндэслэлээр нэхэмжлэгчин гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр НШШГГ-аас дээрх тогтоолыг хүчингүй болгосон гэх боловч яг ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй, мөн шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй байна. Анхан шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрхэн хууль зөрчсөн талаар дүгнэлт өгч, тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцэх байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16250136/2 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4665 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1277 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 989 дугаар тогтоолоор Б.С-оос 70 042 200 төгрөг гаргуулж Г.Б-т олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу бичигдсэн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.С-ын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байр 46 тоот, 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 147/0121 тоот тогтоолоор битүүмжилжээ.

 

Харин 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 147/0406 тоот тогтоол, мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр 147/1006 тоот тогтоол, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16250136/2 тоот тогтоолоор тус тус хурааж, 3 удаа эд хөрөнгө хураах ажиллагаа явуулсан байх ба эд хөрөнгө хураахаар явуулсан 2019 оны ажиллагаагаар эд хөрөнгө хураасан 2016 оны ажиллагааг хүчингүй болсон гэж дүгнэнэ. Түүнчлэн, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 309 тоот тогтоолоор “ХЭ ” ХХК-иар үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилсон.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 156 тоот тогтоолоор 2019 оны 16250136/2, 309 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгохдоо орон сууцыг төлбөрт хурааж, уг хөрөнгийн үнэлгээг тогтоолгох ажиллагаа хуульд заасан хугацаанд явагдаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлийг заасан байна.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 156 тоот тогтоолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд гомдол гаргаагүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эд хөрөнгийг хураах ажиллагаанаас эхлэн явуулах учиртай.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүчингүй болсон 16250136/2 тоот тогтоолыг шүүхээр дахин хүчингүй болгох үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

 

               ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                             Д.БАЙГАЛМАА