Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0674

 

 

 

 
2017 оны 09 сарын 20 өдөр     Дугаар 221/МА2017/0674             Улаанбаатар хот


Х.А-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгч Х.А нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.А-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч А.Ч-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-с Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.Ч-д холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн улсын байцаагчийн 56 тоот актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.А давж заалдах гомдолдоо: “... Дархан-Уул аймгийн Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг Х овогтой А миний бие эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 56 тоот актаар “ажилдаа эргүүлэн тогтоогдсон тул 76 хоногийн буюу 1,165,460 /Нэг сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран төгрөг/ төгрөгийг төлүүлнэ” гэсэн актыг хүчингүй болгуулахыг хүсэж, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулахаар” нэхэмжилсэн байсан юм. Энэхүү асуудлаар удаа дараалан хандсан бөгөөд анх Иргэний хэргээр шийдүүлэхээр хандаж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн 1606 тоот хэрэгт үндсэн баримтууд нь эх хувиараа байгаа.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь нийгмийн даатгалын улсын байцаагч А.Ч-н тавьсан актыг хүчин төгөлдөр хэмээн тайлбарлахдаа:
“Х.А нь ажилдаа шүүхийн шийдвэрээр орж цалингаа авсан тул хөдөлмөрийн гэрээ үргэлжлээд явж байгаа тул өмнө олгосон тэтгэмжийг төлөх нь зүйтэй гэсэн. Үүнд тайлбар өгөхөд миний бие 2015 оны 11 сарын 17-нд ажлаас халагдсанаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Их удаан хугацааны дараа Шүүхийн тогтоолоор ажилдаа орохоор тогтоолгосон (2016 оны 08 сарын 23-нд ажилдаа орсноор ажилдаа 280 хоногийн дараа орсон гэсэн үг) бөгөөд уг шүүхийн тогтоолд хөдөлмөрийн гэрээ үргэлжилнэ гэж байгаагүй, мөн тухайн халагдсан тушаал нь хүчингүй гэж байгаагүй бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан учраас ажилд нь эгүүлэн тогтооё гэсэн байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилгүй иргэн байсан. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдаж хохирсны дагуу учруулсан хохирлоо байгууллагаас төлүүлж /Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу олговор авсан/ нийгмийн даатгалын шимтгэлийг маань 7.8 хувиар бөглөхгүй байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ нь үргэлжилж байгаа тохиолдолд “энгийн ажилтан” ангиллаар тооцож 23%-иар тооцож шимтгэл бөглөгдөх ёстой байсан. Иймээс хөдөлмөрийн гэрээ нь хэвийн үргэлжилсэн гэж үзсэн бол Нийгмийн даатгалын шимтгэлийн тэтгэврийн нэрийн данс маань энгийн ажилтнаар тооцогдож ирээдүйд өгөх өгөөж маань өсөж явах байсан. Миний бие Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу “ажил төрөл эрхэлж байсан бол албан журмаар”, “ажил хөдөлмөр эрхлээгүй бол сайн дураар” нийгмийн даатгал төлнө гэсний дагуу сайн дураар даатгал төлж ирсэн юм. Өөрөөр хэлбэл “албан журмаар” даатгуулагч гэдэг нь хөдөлмөрийн гэрээ нь үргэлжилж буй хүн дээр яригдана “сайн дугаар” даатгуулагч гэдэг нь хөдөлмөр эрхлээгүй хүн хөдөлмөрийн хөлсөө байцаагчтай зөвшилцсөний үндсэн дээр төлөхийг хэлдэг билээ. Сайн дураар болон албан журмаар давхцан төлдөггүй тиймээс миний бие хөдөлмөр эрхлээгүй хүн мөн юм. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг маань энгийн ажилтан төрлөөр тооцоолж төлөх нь зүйтэй гэхэд ажлаас халагдаж хилсээр ...” 32 төрлөөр тайлангаа өг гэж нийгмийн даатгалын газрын дарга нь албан тоот өгсөн. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ маань хэвийн үргэлжилсэн бол “энгийн ажилтан” ангиллаар тайланг маань авч иргэн намайг хохиролгүй болгох байсан. Харин ч ажилд орсны дараа намайг ажлаас хална гэхэд миний бие нийгмийн даатгалын шимтгэлийг маань 7.8%-иар бөглөснөөр ажилгүйдлийн даатгалын шимтгэл маань төлөгдөхгүй болж хохирсон болохыг хэлж байсан билээ.
Анх ажлаас халагдах үеийн тушаалд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байгаа. Мөн Монгол улсын Иргэний хэргийн Хяналтын шатны шүүхийн тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоосон тогтоолд мөн ажлаас халсан байгууллагын даргын тушаалыг хүчингүй хэмээгээгүй бөгөөд ажлаас буруу халсан байна хэмээн тогтоосон. Мөн 2016 оны 08 дугаар сарын 23-нд ажилд авсан тушаалдаа өмнөх ажлаас халсан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 тоот тушаалыг хүчингүй гэж үзээгүй тул хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажилгүй иргэн байсан гэдэг нь тогтоогдож байна. Мөн надтай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд авсан тушаалыг дахин гарган болохыг хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачилснаар хөдөлмөрийн гэрээ маань цуцлагдсанаар иргэн би ажилгүй иргэн болж Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу хуулийн тодорхой хугацаанд өөрийн цалин хөлснөөс ажилгүйдлийн тэтгэмжийн санд төлж байсан шимтгэлээс “ажилгүй болсон иргэнд нэг удаа олгох буцалтгүй мөнгөн дэмжлэг”-г авсан нь хуулийн хүрээнд байсан юм.
Мөн байцаагчийн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Тэтгэвэр тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлнэ” гэж заасныг үндэслэж акт тавьсан гэсэн. Миний бие ямар ч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэмж аваагүй бөгөөд хуулийн дагуу ногдох тэтгэмжийг авсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухайд: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 50.1.4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхээс ТОГТООХ нь: 1.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан “Даатгуулагч ...” гэж энэ зүйл, хэсэг болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дэх зүйлийн 2.1.1-д тодорхойлсон болзол, шаардлагыг хангасан, ажил хөдөлмөр эрхлээгүй хүнийг хэлнэ. Мөн зүйл хэсэгт заасан “ ...ажилгүйдлийн тэтгэмж...” гэдэгт ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан болзол журмын дагуу төлсөн ажилгүй хүнд нийгмийн даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгож, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно. 2. Ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлага хангасан, хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн хүнд олгоно. Гэж заасан байна. Өөрөөр хэлбэл миний бие энэ бүх хугацаанд ажилд орох гээд чадаагүй бөгөөд ажлын олдоц муу, ажлын ачаалал даах нас тохирохгүй гэх мэт олон шалтгааны улмаас ажилд орж чадаагүй. Хэрээ миний бие энэ хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжийг авсан 4 сарын хугацааны дараа ямар нэг ажилд түр ч атугай орсон бол дээрх байцаагчийн актаар ажилгүйдлийн тэтгэмж төлөхөөргүй байгаа юм. Энэ нь хэр зохимжтой юм бэ? Хуулийг нэг хэсэг нь дагаад нөгөө нэг хэсэгт нь үйлчлэхгүй байж болохгүй хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Иймээс ажлаас буруу халагдаад хохироод зогсохгүй Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээс үүдэн асуудалд орж улмаар ажилгүй болсон тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй болгож давхар давхар хохироож, цаашид тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэлд бодогдох ирээдүйд бий болох өгөөжийг үгүй хийгээд байхад огтоос ач холбогдол өгөлгүй анхаарал хандуулаагүйд гомдолтой байгаа бөгөөд дээрх Нийгмийн даатгалын байцаагчийн актыг цуцалж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, Х.А нь “2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тул ... ажилгүйдлийн тэтгэмж олгож өгнө үү” гэсэн өргөдлийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан бөгөөд уг өргөдлийн дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс … дугаартай “ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэрэг” үүсгэн нийт олговол зохих 76 хоногийн хугацаанд 1165460 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг Х.А-д олгожээ.
Харин “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00524 дүгээр тогтоолоор Х.А нь ажилдаа буцаан томилогдсон тул 76 хоногийн 1165460 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж илүү олгогдсон байна” гэсэн үндэслэлээр Х.А-д олгосон ажилгүйдлийн тэтгэмж болох 1165460 төгрөгийг “ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлэх”-ээр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч А.Ч-н 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 56 тоот актаар шийдвэрлэжээ.
Дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч “Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд байхгүй зүйл заалтаар тавьсан Нийгмийн даатгалын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлээр иргэн Х.А нэхэмжлэлээ гаргажээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана”, 3 дахь хэсгийн 1-д “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх”, 3-д “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих”, 4-д “нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах” гэж Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийг заажээ.
Харин “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нь энэ хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлыг буюу ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг батлан гаргах эрхийг хуулиар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд олгосон байна.
Хуулиар олгосон эрхийн дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлэх журмыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 21 дүгээр тогтоол, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолоор тус тус баталсан бөгөөд уг журмуудын хавсралтын 4 дэх хэсгийн 4.6-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг  шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ” гэжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Х.А-г “ЭМТ наран” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 3 870 468 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Х.А-д олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмаар тооцож бичилт хийлгэхийг “ЭМТ наран” ОНӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00524 дүгээр тогтоол, Дархан-Уул аймгийн “ЭМТ наран” ОНӨААТҮГ-ын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 63 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн баримт зэргээр нэхэмжлэгч Х.А нь “ЭМТ наран” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн томилогдсон, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа бүрэн авсан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч төлсөн болох нь нотлогдож байна.
Тиймээс Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсгийн 4.6-д заасан “ажлаас халагдсаныг  шүүхээс  тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгосон” гэдэг нь Х.А-д хамаарах бөгөөд мөн ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн байх тул Х.А-д ажилгүйдлийн тэтгэмж гэж олгосон 1165460 төгрөгийг түүнээс буцаан гаргуулж, ажилгүйдлийн тэтгэмжийн санд буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 56 тоот акт хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Х.А “манай байгууллага намайг ажилд томилж, нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8 хувиар бөглөхгүй байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байгаа тохиолдолд энгийн ажилтны ангиллаар тооцож 23 хувиар шимтгэл төлөгдөх ёстой байсан. Мөн “би нийгмийн даатгалын шимтгэл илүү төлсөн” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь энэхүү маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй бөгөөд энэ талаарх гомдлыг хуульд заасан журмын дагуу гаргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул эдгээр болон бусад үндэслэлээр нэхэмжлэгч Х.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүх шийдвэр үндэслэл бүхий гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАТБААТАР
                    ШҮҮГЧ                                              Э.ЗОРИГТБААТАР
                    ШҮҮГЧ                                              Э.ХАЛИУНБАЯР