Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0857/З |
Дугаар | 375 |
Огноо | 2018-10-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 375
“У б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 163 дугаар тушаалын “У б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0250 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0345 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: төлөөлөгч З.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0250 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “У б” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 163 дугаар тушаалын “У б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0345 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Ашигт малтмалын тухай хуулийн...” гэсний дараа “...31 дүгээр зүйлийн 31.1...” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
4. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2-т тус тус зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргахдаа тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлсөн байх шаардлагатай” гэж дүгнэсэн байх бөгөөд хуулийн дээрх заалтаас үзвэл урьд жилүүдэд төлбөр төлсөн баримтуудыг хавсаргахаар зохицуулсан зохицуулалт гэж үзэхээр байхын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг бүртгэлээс хасч шийдвэрлэхдээ төлбөр төлөөгүй гэх үндэслэлийг огт дурдаагүй байгаагаас анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй болох нь харагдаж байна.
5. Мөн “...Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т тус тус зааснаар жил бүрийн 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-499 дүгээр албан бичгээр “У б” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй тул цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж байсан бөгөөд нэхэмжлэгч компани нь хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарах хүртэл буюу 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэжээ. Тэгвэл нэхэмжлэгч компани нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргасан, үүнээс шалтгаалан сунгагдсан тохиолдолд цаашид тусгай зөвшөөрлөө эзэмшиж, дараа жилийн буюу 4 дэх жилийн төлбөрийг төлөх үүргийг хүлээх ёстой байтал төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсныхаа маргааш нь буюу 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сунгах боломжгүй гэдэг хариуг гаргаж байгаа нь хуулийн логик дарааллыг алдагдуулж, төлбөрийг төлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад тэрхүү үндэслэлээр цуцалсныг зөвтгөж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй.
6. Түүнчлэн нэхэмжлэгч “У б” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сар 10 хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагад сунгуулах өргөдлөө гаргасан. Харин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь .... энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу өргөдлийн хуулийн хугацаанд шийдвэрлэж сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүйн улмаас “У б” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгагдах эсэх нь тодорхойгүй, тусгай зөвшөөрлийн 4 дэх жилдээ эзэмших эрхтэй эсэх нь тодорхойгүй болж, түүнээс улбаалан 4 дэх жилийн төлбөр төлөх үүрэг “У б” ХХК-ийн өмнө хууль зүйн хувьд үүсээгүй байсан.
7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид анх 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 2013 онд энэ 3 жилийн хугацаа дууссан, нэхэмжлэгчийн хувьд 3 жилийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг шийдвэрлээгүй мөртлөө тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг тусгай зөвшөөрлийг сунгуулах асуудлыг шийдвэрлэгдэхээс өмнө төлөх ёстой гэж үзэж, үүнийг төлөөгүй гэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй, илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байгааг анхан шатны шүүх буруу үнэлж дүгнэсэн байна.
8. Анхан шатны шүүхээс мөн “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6 дахь заалт нь захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж, хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд илт хууль бус болдог...” талаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд цуцлах эрхтэй боловч төлбөр төлөх үүрэг үүссэн байгаа тохиолдолд цуцлах эрхээ хэрэгжүүлэхээр зохицуулсан байгааг буруу дүгнэсэн байна.
9. Түүнчлэн маргаж байгаа захиргааны актыг гаргах үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хуулийн дээрх заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт “...захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлан хуулиас гадуур хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг 4 дэх жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр гаргасан илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна.
10. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д тодорхойлсон захиргааны актыг илт хууль бусад тооцох нэг үндэслэл болох “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт маргаан бүхий захиргааны акт хамаарахгүй, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцлах зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тодорхой тусгагдсан болно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хууль өөрийн логик дараалалтай бөгөөд хэрэглэх урьдач нөхцөлүүдийг хангасан тохиолдолд тухайн хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрддэг. Гэтэл “У б” ХХК-д тусгай зөвшөөрлийг 4 дэх жилдээ эзэмших эрх үүсээгүй, нөгөө талаар 4 дэх жилдээ эзэмших эрхтэй хамт үүсэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй байхад захиргааны байгууллага төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдсан нь “хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлсэн” илт хууль бус захиргааны үйл ажиллагаа болсон.
11. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэл зоригтой байсан болох нь хуульд заасан журмын дагуу үйлчилгээний хураамж 1,500,000 төгрөгөө төлж, тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гарган өгч байгаагаар хангалттай нотлогдож байгаа. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл буюу нутгийн захиргааны байгууллага урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүйн улмаас сунгалтын асуудал шийдэгдээгүй байсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, тайлбар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хангалттай нотлогдсон. Ийнхүү Ашигт малтмалын газар болон нутгийн захиргааны байгууллагын өөр өөр байр суурь, хууль тогтоомжийн хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдлын удмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой хохирсонд гомдолтой байна.
12. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0250 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0345 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
14. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д ““тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг”; 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”; 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”; 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”; 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;” гэсэн зохицуулалтуудаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгахын тулд төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй, ингэснээр тусгай зөвшөөрлийн хугацаа болон төлбөрийн хувьд ямар нэгэн тасалдал гарахгүй байх зорилгыг агуулж байна.
15. Нөгөө талаар, тусгай зөвшөөрлийг сунгах тухай ойлголт нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлд л хамааралтай, өөрөөр хэлбэл хүчингүй актыг сунгах боломжгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан “тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт” гэдгийг мөн хуулийн дээр дурдсан зүйл, заалтуудтай холбож тайлбарлахаар байна. Энэ утгаараа анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй /хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй эс үйлдэхүйтэй холбоогүй боловч/.
16. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацааг тодорхой шалтгааны улмаас /нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан “Урт нэртэй хууль”-ийн улмаас аймгийн Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлахаас татгалзсан тул өөрөөс үл хамаарах шалтгаанаар өргөдлийг баримт бичгийг бүрэн бүрдүүлж өгч чадаагүй гэсэн/ сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байх цаг хугацаанд ч гэсэн тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр хадгалах зорилгоор хуульд заасны дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй байсан гэж үзэхээр байна. Энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тусгай зөвшөөрлийг нь цуцалсан хариуцагчийн шийдвэр буюу маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул “хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхээ эхэлж шийдээгүй учир нэхэмжлэгчийн хувьд 4 дэх жилийн төлбөр төлөх хууль зүйн үүрэг үүсээгүй, гэтэл төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь хууль бус байхад шүүхүүд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодрхойлох хэсгийн 3-7, 11/ хангах үндэслэлгүй.
18. Нэгэнт маргаан бүхий акт нь хууль ёсны тул /Тодорхойлох хэсгийн 14-15-д заасанчлан/ “шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус актын үндэслэлийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-10 дах хэсэг дэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
19. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0345 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ