Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 417

 

 

 

 

 

 

У.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/00059 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Х-д холбогдох,

 

4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч У.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.З,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 09 сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөгөөр чирэгч автомашин худалдаж авахаар Р.Х-тэй тохиролцож, бичиг баримтгүй байсан тул баримтжуулах үүднээс О.Б-ын нэр дээр зээлийн гэрээ Р.Х-тэй байгуулсан. Автомашиныг худалдан авах үед Солонгос хүний нэр дээр байгаа шилжүүлээд өгнө гэсэн. Түүнээс мөнгө зээлж, зээлдүүлсэн зүйл болоогүй. Ингээд     Р.Х 2017 оны 12 сарын эхээр 03, 04-ний өдрийн хавьцаа хүн нь автомашиныг нэхэж байна, буцааж авахгүй бол болохгүй, мөнгийг чинь яаралтай гаргаад өгнө гэж хэлээд автомашиныг аваад явсан. 2017 оны 12 сарын 05-ны өдөр бага багаар мөнгийг буцааж өгнө гэж зээлийн гэрээ байгуулсан. Р.Х-ээс шаардахад 3 500 000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 4 000 000 төгрөгийн оронд суудлын автомашин авчих гэсэн боловч автомашиныг авах боложгүй байсан. Тиймээс худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Р.Х-ээс үлдэгдэл 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 09 сарын 30-ны өдөр анх О.Б гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулж, 7 500 000 төгрөгийг аваад тэр оройдоо 500 000 төгрөгийг буцаан өгсөн. “ЗИЮЭ” ХХК-иас 5 ачигч автомашин түрээслэн ажиллуулж байсан учраас О.Б-тай гэрээ хийхдээ энэ автомашин нь компанийн нэр дээр байдаг учраас зарах боломжгүй гэхэд О.Б нь тэгвэл зээлийн гэрээ байгуулаад энэ автомашиныг давхар аваад            7 500 000 төгрөгийг өгөөд, сарын ачилтын мөнгө болон манай компани дээр үйл ажиллагаа явуулж байгаа төлбөр, НӨАТ-ын төлбөр болон журмын хашааны мөнгийг сар бүр өгч байхаар тохиролцсон. 2017 оны 12 сарын 05-ны өдөр О.Б нь хоёулаа зээлийн гэрээгээ У.Д-ийн нэр дээр шилжүүлчихье гэхээр нь гэрээгээ шилжүүлсний дараа О.Б зугтаагаад алга болсон. У.Д автомашины мөнгөө нэхээд байсан учраас 3 000 000 төгрөгийг нь буцааж өгөөд, мөнгө байхгүй учраас тоёота ист маркийн суудлын автомашиныг 4 000 000 төгрөгт тооцож өгөх талаар санал болгоход У.Д аваагүй. О.Б автомашиныг эвдсэн компанийн нэр дээр автомашин ачилтын үйл ажиллагаа явуулж байхдаа 4 000 000-5 000 000 төгрөгийн ашиг олсон учраас нэхэмжилж байгаа 4 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Р.Х-ээс 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Х-ээс 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Д-д олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: У.Д автомашин өөрийнх нэр дээр шилжих боломжгүй болсон тул Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан зохицуулалтыг үндэслэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Р.Х-тэй хамт ажилладаг О.Б Р.Х-ээс автомашиныг түрээслэн авч ажиллуулахаар амаар тохирч тухайн автомашин нь зөвхөн компанийн нэр дээр явдаг учраас О.Б , Р.Х нар 2017 оны 09 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж Р.Х О.Б аас 7 500 000 төгрөгийг автомашины газрын түрээсийн төлбөрт тооцож бодитоор гардан авч автомашиныг хүлээлгэж өгсөн байдаг ба У.Д хамт байсан. Хожим нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр гэрээг шилжүүлэх зорилгоор Р.Х У.Д нар зээлийн гэрээ байгуулахдаа ямар ч мөнгө, эд зүйлс хүлээлцэж аваагүй болохыг шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэгээр нотлогддог. Хэдийгээр Р.Х , О.Б нар зээлийн гэрээ байгуулсан боловч, талууд тохирч, автомашин түрээсийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгээр нотлогдож байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Талуудын хооронд ямар ч эрх үүргийн харилцаа бий болоогүй хэмээн үзэж байна. Иймээс У.Д нь О.Б-ын өмнөөс гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй юм. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч У.Д нь хариуцагч Р.Х-д холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            У.Д-аас 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Р.Х-д бэлэн нийт 7 500 000 төгрөгийг өгсөн, 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч У.Д-д хариуцагч Р.Х буцаан өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

            Нэхэмжлэгч У.Д нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч Р.Х нь уг автомашиныг О.Б-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж маргасан боловч зохигчид тайлбараа хангалттай баримтаар нотлоогүй.

 

            У.Д болон Р.Х нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэсэн баримт хэрэгт авагдсан боловч талууд уг гэрээ хэрэгжээгүй талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, У.Д шилжүүлсэн 7 500 000 төгрөг нь зээлийн гэрээний зүйл биш юм.

            Иймд У.Д , Р.Х нарын хооронд үүрэг үүсээгүй тул              Р.Х-ээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр          4 000 000 төгрөг гаргуулж У.Д-д олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/00059 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

               ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                               Д.БАЙГАЛМАА