Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/718

 

 

 

 

 

    2022            07            07                                       2022/ДШМ/718  

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Отгонжаргал,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2106038930179 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-, 1997 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Шүүгдэгч Э.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “................” зочид буудлын ....... тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, биет 1.000.000 төгрөг, “Армани” брендийн эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэгийг хулгайлан авч, Г.Б-д 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ........ дугаар гудамжны ..... тоотод Г.О-ийн гэрт байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “чатаа шалгаад өгье” гэж түүний эзэмшлийн “Samsung S6” загварын гар утсыг хуурч, залилан авсан гэмт хэрэгт,

2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.О-ээс залилан авсан гар утсаар түүний Хас банкны интернэт банкийг ашиглан нийт 4 удаагийн гүйлгээгээр 385.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож Э.Б-гийн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-гаас 385.000 төгрөг гаргуулан хохирогч О- /РД:УИ00231140/-д, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б- /РД:ПЮ96042957/-д тус тус олгож, Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна. Хохирогч Б-д бугуйн цаг, 1.000.000 төгрөгийг, хохирогч Г.О-д гар утас, 385.000 төгрөгийг тус тус төлж барагдуулан хохиролгүй болгосноос гадна уучлалт гуйсан. Хохирогч нь миний буруутай үйлдлийг ойлгож намайг уучилсан. Одоо би цаашид дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй, нийгэмд биеэ зөв авч явна гэдгээ амлан хэлье. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б-гийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирол төлөгдсөн. Хавтас хэргийн 181 дүгээр талд Г.О-д 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 385.000 төгрөг, 183 дугаар талд дансны хуулга нь байгаа. Хавтас хэргийн 182 дугаар талд 1.000.000 төгрөгийг Г.Б-д өгсөн. Г.Б- гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан гэсэн бичиг байгаа. 184 дүгээр талд Г.Б-ын 5034536740 дугаартай дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримтууд байна. Э.Б- цагдан хоригдож байсан учир ээж нь төлсөн. Иймд хохирлоо төлсөн үндэслэлээр ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Э.Б-гийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд залилж авсан 100.000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утас, 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн цагийг хүлээлгэж өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны дараа бэлэн мөнгөний хохирлыг барагдуулсан. Гэм буруугийн талаар маргаагүй. Э.Б-г хүн амьдрах орон байранд нэвтэрсэн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн. Зочид буудалд Э.Б- найзуудтайгаа мөн өрөө авсан байсан. Хохирогчийн байсан 41 тоот өрөөний хаалга нь онгорхой байсан гэдгийг гэрч н.Батчимэг, хохирогч Г.Б- нар мэдүүлдэг. Хуулийн тайлбараар ямар нэгэн байдлаар цоожийг нь эвдсэн, ямар нэгэн хориглосон бичиг наасан зүйл байхгүй байсан учраас орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн интернет банкийг нь ашиглан нийт 4 удаагийн гүйлгээгээр 385.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн авсан гэдгийг хууль бусаар нэвтэрсэн гэдэг үйлдэлд хамруулж прокуророос зүйлчилсэн байдаг. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Ямар нэгэн кодыг нь өөрчилсөн зүйл байдаггүй, хохирогч өөрөө утсаа өгсөн гэдгээ хэлдэг. Хууль бусаар бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүйгээр авч ашигласан, хулгайлсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Э.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Э.Б-гийн хувьд 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай  тогтоогдсон. Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тусгайлан хамгаалсан орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрсэн үндэслэлээр ялласан. Тухайн цаг хугацаанд шүүгдэгчийн хувьд хохирогчийн байсан өрөөнд нэвтэрч орох эрхгүй гэдгээ мэдэж байсан атлаа тус өрөөнд зөвшөөрөлгүйгээр сэм орсон нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн хувьд ямар нэгэн байдлаар тухайн зочид буудлын өрөөнд хохирогчтой хамт байж байгаад эд хөрөнгийг нь хулгайлсан зүйл байхгүй. Зочид буудлын өрөө болгоныг харж явж байгаад онгорхой байсан өрөөнд сэм орж өлгүүрт өлгөсөн байсан хувцасны халааснаас бэлэн мөнгө, ширээн дээр байсан цагийг авсан. Орон байранд нэвтрэх гэсэн ойлголтод ямар нэгэн байдлаар цоож эвдэж орох эсвэл хаалга, цонх хагалж орох гэдэг ойлголтыг хамааруулан үзэхгүй. Хохирогч Г.О-ийн данснаас мөнгө шилжүүлж авсан үйлдлийг хэрэг нэгтгэх явцад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс өмнө нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хэрэг дээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ хэргийг нэмж нэгтгэсэн. Энэ байдалд хууль хэрэглээний маргаан байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан болоход шүүгдэгч хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй байсан. Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч хохирлоо төлсөн баримт хавсаргаж, ял хөнгөрүүлэх талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тусгайлан гаргах санал байхгүй. Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад өгсөн дүгнэлт үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх санал, дүгнэлттэй байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүгдэгч Э.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” зочид буудлын ...... тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, биет 1.000.000 төгрөг, “Армани” брендийн эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг зэргийг хулгайлан авч, Г.Б-д 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод Г.О-ийн гэрт байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “чатаа шалгаад өгье” гэж түүний эзэмшлийн “Samsung S6” загварын гар утсыг залилан авсан гэмт хэргийг,

2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.О-ээс залилан авсан гар утсаар түүний Хас банкны интернэт банкийг ашиглан нийт 4 удаагийн гүйлгээгээр 385.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Б-ын“ ... 41 тоот өрөөнд ороод Г.Билгүүнтэй нэг шил 1 литрийн архи хувааж уугаад унтсан. Тухайн үед би ажлын хөлс болох 1.000.000 төгрөг ажил олгогчоосоо аваад биедээ авч явж байсан ба буудалд ороод найз Г.Билгүүнд өгч хүрэмнийх нь халаасанд нь хийлгүүлээд өлгүүлж байсан. Шөнө бид хоёрыг унтаж байх үед үл таних хүн миний унтаж байсан буудлын өрөөнд орж ирээд хүрэмний халаасанд байсан 1.000.000 төгрөг болон миний унтахдаа тайлж тавьсан “Armani” брендийн хар өнгийн оосортой саарал өнгийн дунд зэргийн хэмжээтэй бугуйн цагийг авсан. Би энэ талаар өглөөний 07 цагт мэдээд буудлын хүлээн авагчид мэдэгдээд хяналтын камер шүүхэд манай өрөө рүү 20 орчим насны саарал хувцастай, цагаан гуталтай эрэгтэй хүн 06 цагийн үед ороод гарсан тухай мэдсэн. ...” /хх 15-16/,

 

хохирогч Г.О-ийн “...би Бабу гэх залууд өөрийн саарал өнгийн Samsung S6” загварын гар утасны кодыг тайлж өгсөн. Тухайн үед Бабу гэх залуу  “би гараад нойл ороод, тамхи татаад ирье” гэж хэлээд гарсан. Орж ирэхгүй удаад байхаар нь 10 минутын дараа гараад хартал хашааны хаалга онгорхой Бабу гэх хочтой залуу гараад явчихсан байсан. ...Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед ажлын ойролцоох Хас банкны АТМ-д 5002563058 тоот дансны виза картын үлдэгдлээ шалгах үед 300 төгрөг л үлдсэн байсан. Дансны хуулгыг авч шалгахад интернэт банкаар Хаан банкны 5100353445 тоот Батцэцэг гэх нэртэй данс руу 20,000 төгрөг, 5405314365 тоот Буяндэлгэр гэх нэртэй данс руу 20,000 төгрөг, 5000817651 тоот Анударь гэх нэртэй данс руу 345,000 төгрөг тус тус шилжүүлэн авсан байсан. ...” /хх 75-76/,

гэрч Б.Батчимэгийн “ ...камерын бичлэгээр манай буудлын 26 дугаарын өрөөнд хоногоор орсон залуу өглөө 06:17 цагийн үед өрөө рүү ороод 06:22 цагт буцаад гарч байгаа бичлэг олдсон. ...” /хх 18-20/,

Э.Б-гийн яллагдагчаар өгсөн “...миний орсон байсан өрөөний хажуугийн хаалга онгорхой байсан. Шагайсан чинь хаалганы хажууд өлгүүрт нэг хар өнгийн пальтоны дотор талын энгэрийн халаасанд бэлэн боодолтой мөнгө цухуйж байхаар нь мөнгийг нь аваад хаалганы хажууд байсан ширээн дээрээс цаг аваад Мөнгөнцоожийг буудлын өрөөнөөс дуудааж гаргаад таксинд суулгаад би гэр лүүгээ явсан. Хулгайлж авсан мөнгө 1.000.000 төгрөг байсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би О-ийн утсаар фейсбүүк орж байгаад түүний Samsung S6” загварын гар утсыг авч Хас банкны интернет банкийг ашиглан дансанд нь байсан 345.000 төгрөгийг Хаан банкны АТМ дээр үл таних эмэгтэй хүнээс “картгүй байна, таны картыг ашиглаж бэлэн мөнгө авах хэрэгтэй байна” гэж хэлээд тухайн хүний данс руу шилжүүлж, бэлнээр авсан. ...” /хх 61, 114-115/ гэсэн мэдүүлгүүд,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/, алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 26, 121/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 52-53/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 54, 124-126/, Г.О-ийн Хас банкны 5002563058 тоот дансны хуулга /хх 77/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон үүргийн хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Э.Б-гийн бусдын мөнгөө төлж түрээслэн авч хонож байсан өрөөнд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан, мөн бусдын гар утсаны интернет банкийг ашиглан дансанд нь байсан 385.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, “чатаа шалгаад өгье” гэж хохирогчийн гар утсыг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон, хохирогч нарт биет байдлаар буцаан олгосон болон нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч Э.Б-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Э.Б- “...хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Шүүгдэгч Э.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх Э.Бат-Амгалад оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул Э.Б- шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгч Э.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Г.О-ийн 5002563058 тоот дансанд  385.000 төгрөгийг, хохирогч Г.Б-ын 5863126538 тоот дансанд 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож Э.Б-гийн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 50 /тавь/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Шүүгдэгч Э.Б- нь хохирогч Г.О-д 385.000 /гурван зуун наян таван мянга/ төгрөгийг, хохирогч Г.Б-д 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН