| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/01217 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2016/01217
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* холбогдох
500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ***********нь Мөрөн суманд мотоциклоор хүн зөөж амьжиргаагаа залгуулдаг юм. 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн Баянбулаг дэлгүүрийн хажуугийн мотоциклийн зогсоолд шөнийн 10 цагийн орчимд хүн авахаар хүлээж байгаад ***** тааралдаж бид зогсоолын ойролцоо байрлах ******* хамаатны гэх айлд очсон. Айлд очсоны дараа дэлгүүрээс пиво авчирч уухаар болж ****** та мотоциклоо өгчих би яваад ирье гээд байхаар нь түүнд мотоциклоо өгөөд явуулсан. ****** пиво авчрахыг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь айлаас гарч явтал тэр айлын хүүхэд нь орж ирээд таны мотоциклийг ***** ах алдчихсан, таныг хүрээд ир гэж байна гэж хэлүүлсэн даруй ирсэн таксигаар нь гэрэлтэй цонх дэлгүүрийн үүдэнд шөнийн 12 цагийн орчимд явж очсон. Гэтэл ***** байгаагүй, ойролцоо нь ямар ч хүн байгаагүй. Би 13-р багт явган явж ирж гэртээ хоночихоод өглөө 9 цагийн орчимд ***** хамаатны гэх айлд явж очиход Д****** сууж байсан. Тэр Мотоциклийг тань алдчихлаа төлж өгөх үү, хэдэн төгрөг өгөх вэ" гэж асуусан. Би ****** 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг надад гаргаад өгчих гэж хэлсэн. Түүнээс хойш бараг 2 сарын хугацаанд хэдэн ч төгрөг надад өгөөгүй бөгөөд утас руу нь залгахаар эхнэр нь утсыг нь аваад өгч чадахгүй гэж хэл амаар доромжлоод мөнгө өгөхгүй байна. Би өөрийнхөө Мустанг-5 мотоциклийг 2012 онд 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд одоо мотоциклоо 500.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***********нь хариуцагч ****** холбогдуулан 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр хариуцагч ****** нэхэмжлэлд дурдсан хаягаар дуудаж мэдэгдэх хуудас хүргүүлсэн.
Гэтэл нэхэмжлэлд дурдсан ****** хаягт ***** нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тус багийн Засаг дарга тодорхойлж, шүүх хуулийн дээрх зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон байна.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш... тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн ***** нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, ******* холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн ***** холбогдох, 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай ********* нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар ****** холбогдох 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай ******** нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогоос буюу Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 4901000149 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ******* буцаан олгосугай.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодорхой болгосны дараа харъяалагдах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН