Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/01213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *****оршин суух *******

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** оршин суух *******нарт холбогдох,

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 17.030.422.87 /арван долоон сая гучин мянга дөрвөн зуун хорин хоёр, наян долоон мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2016/1056/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагч ***********, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ********** нар нь Төрийн банктай *******дугаартай зээлийн гэрээ байгуулан 50.000.000 /тавин сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд ****** зээлийн барьцааны гэрээний дагуу хувийн сууц, аж ахуйн зориулалттай газар, үйлчилгээний зориулалттай газар, амралтын газрыг тус тус барьцаалсан. Манай банк *****, ***** нарт санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байтал банкны итгэл найдварыг эвдэж үндсэн зээл болон зээлийн хүүний төлбөрийг гэрээ болон өөрийн гаргаж байсан хүсэлтэд заасан хугацаанд төлж барагдуулахгүйгээр зээлийн гэрээний заалтыг зөрчиж нийт 11 удаагийн 301 хоног хугацаа хэтэрч банкыг хохироож байна. Банк зээлдэгч ****** нарт удаа дараа зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулах мэдэгдэл, шаардлага өгч, биечлэн уулзаж байсан. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч ******* нар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 13.728.276.24, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2.991.501.93, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 310.644.70, нийт 17.030.422.87 төгрөг байна. Зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн нийт 17.030.422.87 /арван долоон сая гучин мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг, наян долоон мөнгө/-г зээлдэгч ********нарын барьцааны болон бусад хөрөнгөөс гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****** тоот зээлийн гэрээ байгуулан *********** нар нь 50.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай нэг жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. Зээл авснаас хойш эхний саруудад 1 хувийн үнэлгээтэй явж байгаад 2015 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн төлөлт саатсан. Энэ саруудад нь хугацаа алдсан зээлийн төлөлтүүд ч байгаа. Үүнээс хойш хугацаа хэтэрсэн ангилалтай зээлд орсон учраас банкны зүгээс гэрээг цуцлаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн өрийн үлдэгдэл 13.728.276.24 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2.991.593 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 310.644.70 төгрөгнийт 17.030.422.87 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч *********** шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн ********* оршин суугч ********* нь 2013.6.18-нд Төрийн банкнаас 50 сая төгрөгийг зээлэн авч оёдлын үйлдвэр байгуулахаар *******-аас оёдлын тоног төхөөрөмжөө өндөр үнээр худалдан авч байсан. Энэ компанид урьдчилгаа мөнгө өгөөд одоо болтол авч чадаагүй байгаа гэж байсан. Би тодорхой сайн мэдэхгүй байна. Би энэ ажилд оролцож байгаагүй. Хамтран зээлдэгчээр оролцож гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ уг мөнгийг би зарцуулаагүй. Одоо ****** цуг амьдардаггүй. Би өөрийн тэтгэврийн мөнгөнөөс зээлийг тодорхой хэмжээгээр төлөлцөж байсан. Болд-Эрдэнэ өөрөө ажил хийдэг. Тиймээс цалингаас нь суутгаж болох байхад суутгахгүй байж миний тэтгэврийг битүүмжилсэн байгаа. Би энэ зээлийг хариуцахгүй гэжээ.

Хариуцагч *********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг мөнгийг би авч хэрэглээгүй. Болд-Эрдэнэ хэрэглэсэн. Тэгээд ч одоо бид салсан тусдаа амьдарч байгаа. Зээлсэн мөнгө нь ямар байдлаар хэрхэн яаж зарцуулагдсан тухай мэдэхгүй байна. Би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан тайлбартаа: ***** нь Төрийн банкнаас 2013 оны 6 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 50 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй авсан бөгөөд оёдлын үйлдвэр байгуулах чиглэлээр авсан юм. Оёдлын үйлдвэрт шаардагдах тоног төхөөрөмжийг ********-наас авахад тэнд 50 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг компани дутуу тоног төхөөрөмж нийлүүлж 2 талын тооцоогоор 10 сая төгрөгийг буцаан өгөх болсон юм. Гэвч уг компани оршин байх нэр хаягаа өөрчилж олдохгүй болсон ба 2016 онд Дэд өнгө ***** болсныг мэдлээ. Мөн энэ хугацаанд охин нас барж энэ зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Бага багаар төлж ирсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд ийм өндөр дүнгээр шаардлага гаргаж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Мөн сүүлийн сард 3-н удаа 100.000 төгрөгөөр төлсөн явдал бий. Иймд эдийн засагчтай уулзаж асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх саналтай байна. Үндсэн зээлийн 13.728.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. ****** өмнө нь шүүхээр шийдвэрлүүлэх асуудалтай ар гэрийн байдал хүнд байсан учраас сэтгэл санааны хямралтай байсан цаг хугацаа юм. Болд-Эрдэнэд мөнгөний өглөгтэй хүмүүс байдаг. Тийм учраас харгалзаж үзээд үндсэн зээл болох 13.728.000 төгрөг дээр нь эвлэрэх саналтай байна. Энэ зээлийг оёдлын үйлдвэр байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор авсан байдаг. Энэ зээлийг банк ч сайн дэмжиж байсан. Тус зээлийн зориулалт ч зөрсөн зүйл байдаггүй. Гэтэл ар гэрийн байдал, ажил дээр ар араасаа гарсан асуудал, шүүх цагдаагийн байгууллагууд гэсэн шалтгаанаар энэ хүн өнөөдөр зээлээ төлөхөд асуудал гарч ирсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг банк харж үзэх хэрэгтэй байсан боловч хараагүй. Сая мөн би эвлэрэх санал гаргасан боловч хүлээж авсангүй. Мөн хариуцагч Алтангаригийг тэтгэвэрийн дансыг хаасан. Энэ нь зээлдэгч нарыг хохироож байгаа юм. Гэрээний заалтанд байсан заалтаар гэрээг цуцлаагүй байдаг. Энэ гэрээ нь хууль бус хүний эрхэд халдсан гэрээ болж байгаа юм. Иймээс энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн нэмэгдүүлсэн хүүг буруу бодсон. Сарын хувиар тооцох ёстой байхад хоногтоо хувааж тооцоогүй байна. 13.728.276.24 төгрөгийн зөвшөөрч байна. Зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2.991.593 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 310.644.70 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч ****, *********** нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 13.728.276.24 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2.991.501.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 310.644.70 төгрөг, нийт 17.030.422.87 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч *********, *********** нар нь Төрийн банкны Хөвсгөл салбараас ******* дугаартай зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. /Хавтаст хэргийн 31-36 дугаар хуудас/,

Хариуцагч нар нь 50.000.000 төгрөгийн зээлээс 13.728.276.24 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2.991.501.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 310.644.70 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.2-т зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү сарын 1.80 хувь, жилийн 21.60 хувь, 2.1.3-т нэмэгдүүлсэн хүү сарын 0.36 хувь, жилийн 4.32 хувь, 2.9-т зээлдэгч нь энэ гэрээний ерөнхий хугацаа болон хавсралт 1-д заасан хэсэгчилсэн хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн гэрээний 2.1.2-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.3-д заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэ гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр заасан байх ба нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилж буй 310.644.70 төгрөг нь төлөгдөөгүй зээлийн үндсэн хүү болох 2.991.501.93 төгрөгийн  20 хувиас хэтрээгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь хамтран үүрэг гүйцэтгэгч ***********аас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүнийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг хариуцагч *********** нь уг мөнгийг би авч хэрэглээгүй тул манай нөхөр төлөх болно, шүүхээс гарах шийдвэрийг үндсэн зээл авсан ******* нэр дээр гаргаж өгнө үү гэж маргаж байгаа боловч зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр сайн дураар оролцож, зээлийн гэрээний дугаар зүйлд зааснаар барьцаалагч талын өмнө зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь заалтыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна.

Мөн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь үндсэн зээл 13.728.276.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, хүү 2.991.501.93, нэмэгдүүлсэн хүү 310.644.70 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч *******, *********** нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үлдэгдэл 13.728.276.24 төгрөг, зээлийн хүү 2.991.501.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 310.644.70 төгрөг, нийт 17.030.422.87 төгрөгийг гаргуулж Төрийн банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 243.102 /хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *********** нараас 243.102 /хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч *****, *********** нараас зээлийн төлбөр 17.030.422.87 /арван долоон сая гучин мянга дөрвөн зуун хорин хоёр хоёр наян долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 243.102 /хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******, *********** нараас 243.102 /хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ