Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 416

 

МАГАДЛАЛ

2020.02.19                                     Дугаар 416                                Улаанбаатар хот

 

 

 

“КЮМ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03429 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “КЮМ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 724 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “КЮМ” ХЗХ-ноос 2018 оны 01 дүгээр сарын 15-нд С.Б 7 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Энэ хугацаанд зээлээс төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн хүүнээс 630 000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Иймд үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 3 724 000 төгрөг буюу нийт 10 724 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар С.Б-өөс 9 213 866 төгрөгийг гаргуулан “КЮМ” Хадгаламж Зээлийн Хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 510 134 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 534 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-өөс 162 371 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх хурал болох товлогдсон хугацаанаас 18 минут хоцорч очиход хурал эхэлчихсэн байсан тул оролцож чадаагүй, шүүх хуралдаанд шийдвэрийн эс зөвшөөрч байгаа талаар ярина гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “КЮМ” ХЗХ нь хариуцагч С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 724 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс хариуцагч С.Б-д нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 15865 дугаар захирамжаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулж, хариуцагчид шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангажээ.

/хх 22, 24/

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад нийцсэн.

 

Хариуцагч С.Б 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “КЮМ” ХЗХ-той 7 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан. /хх 7,8/

 

“КЮМ” ХЗХ-ноос 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банк дахь С.Б-ийн эзэмшлийн дансанд 6 965 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээллийн баримт, кассын зарлагын ордероор тогтоогдож байна.

/хх 5, 6/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар зөв тодорхойлж, зээлдүүлэгч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд төлсөн 630 000 төгрөг, 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 1 дүгээр сарын зээлийн хүүд 58 083 төгрөг нийт 688 083 төгрөгийг гэрээний үүргээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 7 000 000 төгрөг, зээлийн хүү    2 213 866 төгрөг, нийт 9 213 866 төгрөгөөр тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байх тул уг хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан нь зөв.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр    үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 102/ШШ2019/03429 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 371 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

               ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                               Д.БАЙГАЛМАА