Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/719

 

 

 

 

 

    2022            07            07                                       2022/ДШМ/719  

 

Л.Н-, Д.С-, Г.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Л.Н-, Д.С- нарын өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЗ/819 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Онолтын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаартай эсэргүүцлээр Л.Н-, Д.С-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 2002003380116 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Н-, 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,

 

2. С-, 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн,

3 Б-, 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн,

 

Л.Н- нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын байранд үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж болон албан томилолтын төсвийг баталж, улмаар ажлын хэсгийн гишүүд болох аудитор, нягтлан бодогч Д.С-гийн 5800205560 тоот дансанд 738.000, хуулийн ажилтан Б.Болортогтохын 516645124 тоот дансанд 538.000, аудитор Г.Б-н 5037642906 тоот дансанд 538.000, өөрийн 5622461528 тоот дансанд 1.185.440 төгрөгийг тус тус төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр Д.С-, Г.Б- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөд 2.999.440 төгрөгийн хохирол учруулсан,

Д.С- нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн нягтлан бодогч, аудитораар ажиллаж байх хугацаандаа буюу ажлын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт орж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилолтын зардал 738.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5800205560 тоот дансанд шилжүүлэн авсан боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, ажлын албаны дарга Л.Н-, аудитор Г.Б- нартай бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөд 2.999.440 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Б- нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны аудитораар ажиллаж байх хугацаандаа буюу ажлын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт орж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилолтын зардал болох 538.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5037642206 тоот дансанд шилжүүлэн авсан боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, ажлын албаны дарга Л.Н-, аудитор, нягтлан бодогч Д.С- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөд 2.999.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Л.Н-, Д.С-, Г.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Л.Н-, Д.С-, Г.Б- нартай адилхан томилолтоор яваагүй мөртлөө томилолтын зардал болох 538.000 төгрөгийг өөртөө авсан гэх Б.Болортогтохыг энэ хэрэгт холбогдуулж шалгаагүй байна. Б.Болортогтохын 538.000 төгрөг авсан үйлдлийг шалгаж тогтоох шаардлагатай.

2. Л.Н-, Д.С-, Г.Б- нар нь албан томилолтоор дараа нь нөхөж явсан гэж байх тул хэзээ, хаанаас томилолтын зардал гаргаж, хэд хоног явсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэх үндэслэлээр Л.Н-, Д.С-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Н-, Д.С-, Г.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Онолт бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байсан шүүгдэгч Л.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар нэр бүхий 4 аймгийн Эрүүл мэндийн тасгийн үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж’ болон албан томилолтын төсвийг баталж, ажлын хэсгийн гишүүд болох нягтлан бодогч Д.С-гийн Хаан банк дахь харилцах дансанд 738.000 төгрөг, аудитор Г.Б-гийн харилцах дансанд 538.000 төгрөг, хуулийн ажилтан Б.Болортогтохын харилцах дансанд 538.000 төгрөг, өөрийн дансанд 1.185.440 төгрөгийн тус тус төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн.

Улмаар ажлын хэсгийн гишүүд нь удирдамжийн дагуу дээрх аймгуудад томилолтоор ажиллаагүй, эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцаагүй атлаа Л.Н-, Д.С-, Г.Б- нар нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор тус аймгуудад ажилласан мэтээр тайлан, холбогдох санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон.

Шүүгчийн захирамжид дурдсанчлан шүүгдэгч Л.Н-гийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны хуулийн ажилтан Б.Болортогтохын 516645124 тоот дансанд томилолтын зардал 538.000 төгрөг шилжин орсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж байдаг.Түүнчлэн гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргийн хувьд хэн нэгнийх нь гүйцэтгэсэн үүрэг дутагдсан тохиолдолд гэмт хэрэг туйлдаа хүрэхээргүй байгаа нь тэднийг нэг гэмт хэргийг хамтран үйлдсэнд тооцох агуулга, хууль зүйн үндэслэл болно. Б.Болортогтох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...манай ажлын албаны судалгааны мэргэжилтэн Дашмаа миний мэйл хаяг руу 2020 оны 03 дугаар сарын сүүлээр санхүүгийн тайлангийн зургуудыг явуулсан. ...Дашмаагийн явуулсан баримтыг үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгуудад томилолтоор ажилласан тайлан бичсэн байсан ба уг томилолт болон сургалтад миний нэрийг хамрагдсанаар бичсэн байсан. Би энэ тайланд дурдсан томилолтоор яваагүй, манай байгууллага хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн даатгалын тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд томилолтоор явах тохиолдол байдаг. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн томилолт нь Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай аймгуудын Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор томилолтоор явсан талаар тайланд тусгагдсан байсан ба би тайлан болон томилолтын удирдамжтай бүрэн эхээр нь танилцаагүй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Мөн уг томилолтын тайланд 2017 онд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны ажилчид явсан зургийг оруулсан байсан. ...” гэж мэдүүлсэн /1хх 114-115/ бөгөөд түүний эзэмшлийн 516645124 тоот харилцах дансанд томилолтын зардал болох 538.000 төгрөг нь “Цалин” гэх утгаар шилжин орсон, нэр бүхий 4 аймгуудад томилолтоор ажилласан мэтээр бүрдүүлсэн тайлан, холбогдох санхүүгийн баримтуудад Б.Болортогтохын гарын үсэг зурагдаагүй, тэрээр шүүгдэгч Л.Н-, Д.С-, Г.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн талаарх гомдол, мэдээллийг Авлигатай Тэмцэх Газарт ирүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд Б.Болортогтох нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, урьдаас мэдэж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Болортогтох нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол буюу 2.999.440 төгрөгнөөс 538.000 төгрөгийн хохирлыг хариуцвал зохих этгээд гэж дүгнэн, иргэний хариуцагчаар татсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхээс Б.Болортогтохыг холбогдуулж шалгаагүй, 538.000 төгрөг авсан үйлдлийг шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Н-, Д.С- болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан тухай 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тайлан болон холбогдох санхүүгийн баримтын хуулбарыг мөрдөх байгууллага болон прокурорт ирүүлснийг хүлээн авч, хавтас хэрэгт тусгасан. Дээрх баримтад шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлууд буюу хэзээ, хэд хоног, хаанаас томилолтын зардал гарсан талаар бүрэн тусгагдсан, түүнчлэн шүүгдэгч нар нь томилолтын зардлыг хувиасаа гаргасан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Тухайлбал, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугар сарын 1-ний өдрийн хооронд Архангай аймгийн, 2020 оны 7 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн, 2020 оны 7 дугаар сарын 6-8-ны өдрийн хороонд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт тус тус ажилласан талаар тайланд тусгагдсан байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Н-, Д.С- нарын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй тул дэмжиж байна. Бид цагаатгах байр суурьтай оролцож, шүүх хуралдааны явцад материалуудаа гаргаж өгч хэлэлцсэн. Өмгөөлөгчийн хувьд хэт нэг талыг барьсан яллах дүгнэлт байна үзэж байна. Яагаад тухайн цаг хугацаанд яагаад томилолтоор яваагүй вэ гэхээр 2019 оны 12 дугаар сар байсан ба дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин гарсан. Монгол Улс хилээ хаасан. Эрүүл мэндийн яамны хэмжээнд дотоод ажилчиддаа заавар зөвлөгөө өгөх замаар 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж хөдөө орон нутагт ажиллаж байсан удирдах албан тушаалтнуудаа нэгдсэн семинарт дуудсан байсан. Сэлэнгэ аймаг руу эхний удаа яваад, удирдах албан тушаалтнууд нь семинарт явсан гээд дахиад томилолтоор явах боломжгүй юм байна гэж үзсэн. 2020 оны 1 дүгээр сар гараад улс орон даяар дотооддоо хязгаарлалт хийсэн. 4 сард дотоод хязгаарлалт тавигдаж, тэрний дараа вакцинжуулалт явагдсан. Ингээд гадны хүчин зүйлүүдээс болж энэ хүмүүс томилолтоор явах хугацаа нь хойшлогдож, 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж томилолтоор явсан байдаг. Прокурорын гаргаж тавиад байгаа бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь Эрүүл мэндийн яамны дотоод аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчил гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол гэж заасан ба Б.Болортогтохыг дээрх үндэслэлээр яллагдагчаар татах үндэслэлтэй. Хэрэгт авагдсан материалууд дээр цалин гэж орсон гэдэг Б.Болортогтохын мэдүүлэг байдаг. Хавтас хэргийн 74 дүгээр хуудаст ажлын албанаас хүсэлт гаргаж явахдаа томилолтын зардал 2.990.000 төгрөг шийдэж өгнө үү гэж явуулсан. Төрийн сангаас банкаар дамжиж орохдоо бүгдэнд нь цалин гэж орж ирсэн. Б.Болортогтох нь байгууллагын хууль эрх зүйн мэргэжилтэн. Ёс зүйгүй байдлаар хүнийг гүтгэж, хүнийг хэрэгт унагааж болохгүй. Прокурор, мөрдөгч нар яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг ижил хэрэглэж ёстой. Ганцхан яллах талыг барьсан. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан уу, үгүй юу гэдгийг, зардлыг хаанаас авсан, томилолтоор явсан уу, яваагүй юм уу гэдгийг заавал тодруулах ёстой. Л.Н- гэж хүний албан тушаалыг авах гэж гэмт хэрэгт гүтгэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Л.Н-, Д.С-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Л.Н-, Д.С-, Г.Б- нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ. 

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЗ/819 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хэрэг прокурорт очтол Л.Н-, Д.С-, Г.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН