Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/01206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** холбогдох,

1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч ***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ******** 2015 онд өөрийн эзэмшлийн ******* маркийн автомашиныг Forester маркийн автомашинаар солиод би дээр нь 100 ширхэг, 15*15 харьцаатай палк авахаар харилцан тохиролцсон. ***** нь уг наймаанаас хойш би тэгж байгаад танд палкийг чинь өгнө гэж хэлсээр 1 жил болж байна. Ээж нь би өгөхгүй гэж байна гэсэн. Иймд би ***** 100 ширхэг палк авахгүй, харин үлдэгдэл мөнгө болох 1.500.000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд ******** 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн 14 сая төгрөгийн үнэтэй ****** маркийн автомашиныг түүний ******* машинаар сольсон. Хэн аль нь машиныхаа үнийн талаар зөрүү яриагүй бөгөөд 100 ширхэг палк буюу 1.500.000 төгрөгийг би төлөхөөр тохирсон зүйл байхгүй. Иймд энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч *********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд Бадралтай өөрийн эзэмшлийн ***** маркийн авто машиныг Forester маркийн авто машинаар солиод дээр нь 100 ширхэг палк авахаар харилцан тохиролцсон. Тэгээд удахгүй өгнө гэж надад хэлдэг байсан. Ингээд нэг жилийн хугацаа өнгөрсөн. Миний эхнэр ************ ээж рүү нь залгаж хэлэхэд өгөхгүй гэж хэлсэн байсан. ***** надад хэлэхдээ ээжид битгий хэлээрэй та бид хоёрын наймаа шүү гэж хэлж байсан. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хүү ямар нэгэн зөрүү өгнө гэж тохиролцоогүй юм. Би сайн мэдэж байгаа. Учир нь ******би машинаа ***** ахын машинаар сольчих уу гэж орж ирэхэд нь би эрс эсэргүүцэж байсан. Тус машиныг авахдаа 14.000.000 төгрөгөөр авч байсан юм. Тэгээд сольё гээд байхаар нь эцгийгээ байхад бол ийм наймаа хийхгүй л байсан байх. Одоо ямар нэг юм мэдэг сураг, за яахав гэж бодоод би юм хэлээгүй өнгөрсөн. Гэтэл гражнаас нэг юм аваад гарч байхад нь юу юм бэ гэхэд машиныхаа хучлагыг Нэргүй ахад өгье гээд гүйж байсан. Ямар ч байсан тухайн үед ямар нэг тохиролцоо хийгээгүй гэдгийг нь мэдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** нь хариуцагч ******* холбогдох, машины зөрүү үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл / эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ,

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч *********** нь өөрийн эзэмшлийн Зил 131 маркийн авто машиныг ******** маркын авто машинаар харилцан солилцох тухайгаа илэрхийлж, түүнийг хариуцагч ****** хүлээн авснаар хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна.

Иргэний хуулийн 274 дүгээр 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, 274 дүгээр зүйлийн 274.3-д Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна, 275 дугаар зүйлийн 275.1-д Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийг зөрүүг мөнгөөр тооцож болно, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдаххудалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Зохигчийн тайлбараас үзэхэд тэдний хооронд байгуулсан арилжааны гэрээ талуудын хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Хэдийгээр ******** машин дээрээ нэмж 100 ширхэг палк буюу 1.500.000 төгрөг өгөхөөр тохирсон гэж тайлбарлаж, гэрч *** ....*********** 2014 оны намар өөрийн эзэмшлийн ****** машинаа ****** Forester маркийн машинаар сольсон. Тухайн үед ****** нь машин дээрээ 100 ширхэг палк нэмж өгөхөөр тохиролцоод маргааш нь Бадрал Зил 131 машинаа авчираад хашаандаа тавьчихсан байсан... гэж мэдүүлж байх боловч хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгнө гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч *********** нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.95/гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч ***********гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох, машины зөрүү үнэ 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.95/гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ