Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 443

 

МАГАДЛАЛ

2020-02-21                                                        443                                             

 

 

 

 

 

 

 

“МП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02593 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “МП” ХХК, Д.У, Д.У нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч “МП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03230 дугаартай захирамжаар “МП” ХХК, Д.У нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 165 286 441 төгрөг гаргуулж “АБ ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. НШШГГ-ын томилсон үнэлгээний компани нь “МП” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78 дугаар байр, зоорийн давхрын 07 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024968 дугаарт бүртгэлтэй, 20 м.кв талбайтай авто зогсоолыг 25 182 700 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн “МП” ХХК-ийн үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь дэндүү их байгаа, үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. “МП” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024968 дугаарт бүртгэлтэй, 20 м.кв талбайтай, авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.У нь өөрийн өмчлөлийн орон сууцыг “МП” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан учир дээр дурдсан захирамжаар Д.У-гийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. НШШГГ-ын томилсон үнэлгээний компани нь нэхэмжлэгч Д.У-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 72 дугаар байр, 06 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025466 бүртгэлтэй, 62.27 м.кв талбайтай, орон сууцыг 103 437 000 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн төлбөр төлөгч Д.У-гийн үнэлгээ шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь дэндүү их байгаа, үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч Д.У-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025466 бүртгэлтэй, 62.27 м.кв талбайтай, орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.У нь өөрийн өмчлөлийн орон сууцыг “МП” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан учир дээр дурдсан захирамжаар Д.У-гийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн НШШГГ-ын томилсон үнэлгээний “ХЭ ” ХХК нь нэхэмжлэгч Д.У-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 71 дүгээр байр, 34 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025600 дугаарт бүртгэлтэй, 57.39 м.кв талбайтай, орон сууцыг 95 330 800 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн төлбөр төлөгч Д.У-гийн үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь дэндүү их байгаа, үнэлгээнд жишээлж авсан барилгууд нь байгаа орон сууцтай жишихүйц биш учир үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч Д.У-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025600 дугаарт бүртгэлтэй, 57.39 м.кв талбайтай, орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/03230 дугаар захирамжаар “МП” ХХК, Д.У нараас 165 286 441 төгрөгийг гаргуулж “АБ ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрхи шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.У, Д.Д нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025600 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 71 дүгээр байрны 34 тоотод байрлах, 57.39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Д.У-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025466 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 72 дугаар байрны 6 тоот 62.27 м.кв талбайтай орон сууц, “МП” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024968 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78 дугаар байрны зоорийн давхрын 7 тоот 20 м.кв талбайтай авто зогсоолыг битүүмжилж, хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “МП” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024968 дугаартай, 20 /хорь/ метр квадрат талбайтай авто зогсоолыг үнэлсэн “ХЭ ” ХХК-ийн үнэлгээг, нэхэмжлэгч Д.У-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204025466 дугаартай 62.27 /жаран хоёр зууны хорин долоо/ метр квадрат талбайтай орон сууцыг үнэлсэн “ХЭ ” ХХК-ийн үнэлгээг, нэхэмжлэгч Д.У-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204025600 дугаарт бүртгэлтэй 57.39 /тавин долоо зууны гучин ес/ метр квадрат талбайтай орон сууцыг үнэлсэн “ХЭ ” ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “МП” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг, нэхэмжлэгч Д.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг, нэхэмжлэгч Д.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МП” ХХК, нэхэмжлэгч Д.У , нэхэмжлэгч Д.У нарт тус бүр олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “МП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гэж заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “МП” ХХК, Д.У, Д:У нарын нар хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03230 дугаар захирамжаар “МП” ХХК, Д.У нараас 164 760 465 төгрөгийг гаргуулж “АБ ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-2204025600 дугаарт бүртгэлтэй, 57.39 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204025466 дугаарт бүртгэлтэй, 62.27 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2203024968 дугаарт бүртгэлтэй, 20 м.кв авто зогсоол зэрэг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18290555 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгдэж, төлбөр төлөгч “МП” ХХК-ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Их тойруу, 78 дугаар байрны зоорийн давхрын 7 тоот хаягт оршин байх, 20 м.кв авто зогсоолыг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, нэхэмжлэгч Д.У-гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам, 72 дугаар байрны 6 тоот хаягт, 62.27 м.кв 2 өрөө орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, нэхэмжлэгч Д.У-гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам, 71 дүгээр байрны 34 тоот хаягтай, 57.39 м.кв 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус тус битүүмжлэн, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрүүдэд эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар албадан дуудлага худалдаанаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 243 тоот тогтоолоор “ХЭ ” ХХК-иар үнэлгээ гаргуулахаар шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Шинжээч нь дээрх зоорийн давхрын 7 тоот, 20 м.кв талбайтай авто зогсоолыг       25 183 000 төгрөгөөр, 62.27 м.кв талбайтай орон сууцыг 103 437 000 төгрөгөөр, 57.39 м.кв орон сууцыг 95 331 000 төгрөгөөр тус тус үнэлж, дүгнэлтийг НШШГГ-т хүргүүлж, хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч нарт 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх 134-135/

Шинжээч “ХЭ ” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланг буюу шинжээчийн дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3-т заасан шаардлагыг зөрчиж үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тогтоохдоо ашигласан аргачлалын үнийн мэдээллийн эх сурвалжийг тодорхойлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч “МП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, зохигчдыг шүүх танхимаас гарахыг шаардаж гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэжээ.

Анхан шатны шүүх хуралдааны танхимд зөвлөлдөх тасалгаа байхгүй тохиолдолд шүүгч хуралдааны танхимаас зохигчдыг гаргаж шийдвэр үйлдснийг буруутгах боломжгүй байна. Харин шүүх хуралдааны танхимын зөвлөлдөх тасалгаатай байгаад шүүгч уг зөвлөлдөх тасалгаанд оролгүй шийдвэр гаргасан тохиолдолд шүүгчийг буруутгаж болох юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “МП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                         ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                            Д.БАЙГАЛМАА