Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/720

 

2022 07 07 2022/ДШМ/720 Г.О-д холбогдох эрүүгийн хэргийн тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: прокурор Р.Энх-Оюун, шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/457 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбатын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Г.О-д холбогдох эрүүгийн 1811007080332 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв. О-, 1976 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Шүүгдэгч Г.О- нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Ж-гийн хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завьяа зэргийг “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч, нийт 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2115 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.115.000 /хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон нийт 141 хоногийг торгох ялын 15.000 төгрөгөөр тооцон хасаж, торгох ялыг биелүүлсэнд тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Шүүгдэгч Гоошчийн О- нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ж-гаас хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, хос мөнгөн завьяаг “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 36.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, хос мөнгөн завьяа зэргийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө буюу хэт хутгыг иргэний нэхэмжлэгч Ц.Хт барьцаалж 3.000.000 төгрөгийг хамтран амьдрагч С.Энх-Амгалангийн Хаан банк дахь 5042079544 дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь 5011207509 дугаарын данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч үлдэгдэл 500.000 төгрөгийг хэрэгцээндээ зарцуулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон тул улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд дүгнэлт гаргахдаа иргэний нэхэмжлэгч Ц.Хт шүүгдэгч Г.О-аас 3.000.000 төгрөг гаргуулан олгуулах саналыг гаргасан. Шүүх шийдвэрээ уншин сонсгохдоо С.Энх-Амгалангийн дансаар орсон 3.000.000 төгрөгийг Г.О- авсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгчээс 3.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Хт олгуулах үндэслэлгүй байна гэж дурдсан шийдвэрлэсэн атлаа энэ талаар 2022/ШЦТ/457 дугаар шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгчтэй холбоотой хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан ноцтой зөрчил гэж үзэхээр байна. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэг болон 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх иргэний нэхэмжлэлийн асуудлыг заавал шийдвэрлэх ёстой бөгөөд хэрэв шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн бол иргэний нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг заагаагүй нь хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/457 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ. Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрээ уншиж сонсгохдоо иргэний нэхэмжлэгчид шүүгдэгч Г.О- нь 3.000.000 төгрөг төлөх үндэслэлгүй, хэрэгт ийм нотлох баримт авагдаагүй гэж шийдвэрээ уншсан атлаа шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэлт хийж бичээгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байр суурьтай оролцож байна. ...” гэв. Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Г.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...иргэний нэхэмжлэгч Ц.Хын хэрэгт өгсөн мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлгийг уншиж үзэхээр “2018 оны 2 дугаар сард С.Энх-Амгалан, Г.О- хоёр манай гэрийн гадаа ирж уулзаад эд зүйл барьцаалж, Хын данснаас С.Энх-Амгалангийн данс руу мөнгө шилжүүлсэн” гэж байгаа. Өөрөөр хэлбэл Г.О-ын гар дээр бэлэн мөнгө тавьж өгөөгүй. Г.О-ын данс руу мөнгө шилжүүлээгүй. С.Энх-Амгалан, Ц.Х хоёрын хувьд урьдаас бие биеэ таньдаг, хамт ажиллаж байсан хүмүүс. Г.О-ын хувьд Ц.Хыг огт танихгүй. Эд зүйл барьцаалах үедээ анх удаа уулзсан. Энэ мэдүүлгийг цааш нь үргэлжлүүлбэл миний хувьд энэ хүнд итгэж авчирсан зүйлийг нь барьцаанд авсан гэх утгатай мэдүүлэг байгаа. Энэ хүнд итгэж гэж байгаа нь Г.О-д итгэж байгаа гэсэн үг биш, нөгөө таньдаг Ц.Хыгаа хэлж байгаа. 3.000.000 төгрөгийг Ц.Хаас авсан асуудал нь хэн хариуцах бэ гэхээр С.Энх-Амгалан хариуцах юм байна гэж ойлгогдож байна. Үүнээс гадна нэг зүйл залруулж хэлэхгүй бол болохгүй байна. Өнөөдрийн прокурорын эсэргүүцлийг прокурор Б.Баярчимэг өөрөө гаргаагүй, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Чинбат гарын үсэг зурж гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэгчийн асуудлыг хэлэлцсэн боловч тогтоох хэсэгт шийдсэнгүй орхигдуулсан гэж байна. Яаж шийдэх байсан гэхээр нэг бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байсан, эсхүл хангах ёстой байсан. Энэ хоёр шийдлийн аль нэгээр шийдэх ёстой байсан. Шийдээгүй нь буруу байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил болж байна гэсэн утгатай эсэргүүцэл явж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хэлэлцсэн боловч шийдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан. Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол иргэний нэхэмжлэгч тухайн асуудлаар иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхээ алдана. Хэрвээ шийдээгүй орхисон бол түүнийг дахин иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй үлдэж байгаа. Энэ байдлыг заавал прокурор эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй гэж харж байна. Магадгүй Ц.Х нь Г.О-д холбогдуулж нэхэмжлэлээ гаргах юм уу, С.Энх-Амгаланд холбогдуулж нэхэмжлэлээ гаргах нь Ц.Хын эрхийн асуудал. Заавал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдэгдэх асуудал биш гэж үзэж байна. Прокурорын бичгээр гаргасан эсэргүүцлийг уншихад Г.О-аас иргэний нэхэмжлэлийг хангуулах байдлаар шийдэх ёстой гэсэн агуулга байхгүй. Бичгээр гаргасан эсэргүүцэлд тэрийг хэрэгсэхгүй болгох гэсэн агуулга байсан. Улсын яллагч анхан шатны шүүх хуралдаанд Г.О-аас 3.000.000 төгрөг гаргуулах санал гаргасан, шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо С.Энх-Амгалангийн дансаар орсон 3.000.000 төгрөгийг Г.О- авсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй гэж шийдвэрлэсэн атлаа энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан ноцтой зөрчил гэж үзэхээр байна гэсэн агуулгатай. Үүн дээр заавал Г.О-аас гаргуулах ёстой байсан гэсэн утга агуулга прокурор эсэргүүцэлдээ бичээгүй. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан гэсэн санаа. Иргэний нэхэмжлэлийг шийдээгүй орхисон нь ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. Шүүгдэгч Г.О- шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. Шүүгдэгч Г.О- нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Ж-гийн хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завьяаг “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч, 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Н.Ж-гийн “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би О-д хос хоёр шаазан арслан, нэг иж бүрэн хэт хутга заруулахаар өгсөн. Дараа нь 2018 оны 1 дүгээр сарын 5, 8-ны өдрүүдэд хос хоёр мөнгөн завьяаг заруулахаар өгсөн. ...Би О-д бараа зарагдахгүй бол буцаагаад өгөөрэй гэж ярьж байсан. ...Ер нь ярих болгондоо одоо заруулах гэж байна, үзүүлэх гэж байна гэж ямар нэгэн шалтаг хэлдэг. ...Түүнээс хойш О-ын залгахыг хүлээсэн, хүлээгээд залгахгүй байхаар нь залгахад утсаа авахгүй байсан. ...” /1хх 20-21/, иргэний нэхэмжлэгч Ц.Хын “...2018 оны 2 дугаар сард Энх-Амгалан, О- хоёр гэрийн гадна ирж надтай уулзсан. ...Би ч зөвшөөрөөд хутгыг нь аваад С.Энх-Амгалангийн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. ...Нөгөө барьцаалсан хэт хутгаа аваад оронд нь хоёр ширхэг шаазан арслан барьцаанд үлдээсэн. Тэгээд мөнгөө эргүүлээд авна, наад шаазан арслан чинь үнэтэй зүйл гээд л яриад байсан. ...” /1хх 151/, гэрч Б.Оюунцэцэгийн “...О- надад хоёр ширхэг мөнгөн завьяа харуулж 3.000.000 сая төгрөгөөр худалдаж авах уу, би машин худалдаж авах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Мөн хос мөнгөн завьяагаас гадна хэт хутга авч явсан бөгөөд түүнийгээ зарна гэхээр нь мэдэхгүй зүйлээ авахгүй гээд мөнгөн завьяаг нь 3.000.000 төгрөгөөр худалдан авсан. ...” /1хх 32/, гэрч Г.Баатарын “...намайг “Элигант” дэлгүүрт ажил дээрээ байхад зүс таних О- гэх эмэгтэй ирээд иж бүрэн хэт хутга зарах гэхээр нь “худалдаж авахгүй” гэж хэлсэн. Тэгсэн “дүүд нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та барьцаанд аваад үлдчих, сарын 12 хувийн хүү төлнө, таны мөнгийг нэг сарын дотор буцаагаад өгнө” гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд хэт хутгыг барьцаанд аваад 3 сая төгрөг өгөөд явуулсан. ...О- надад хэлэхдээ хэт хутгыг өөрийнхөө хутга гэж хэлж байсан. ...” /1хх 33/, гэрч С.Энх-Амгалангийн “...О- өвөөгийн хэрэглэж байсан эд зүйл гээд хоёр ширхэг шаазан арслан, хэт хутга, данх шиг зүйл надад авчирч үзүүлсэн. ...Тухайн үед О- бид хоёр хамт яваад Хатнаа гэж хүнтэй уулзаад шаазан арсланг нь барьцаанд тавьсан. Мөнгийг О- өөрөө аваад явсан, юунд хэрэглэсэн талаар мэдэхгүй байна...Би тухайн үед барьцаанд тавихад нь хамт явсан нь үнэн. Миний хувьд дээрх барьцаанд тавьсан эд зүйлсээс нэг ч төгрөг аваагүй. ...” /1хх 123-124/, Г.О-ын яллагдагчаар өгсөн “...Ж- эгч “энэ хонх чинь өндөр үнэ хүрч байгаа юм чинь надад байгаа юмнуудыг зараад өгөөч” гээд иж бүрэн хэт хутга, хоёр мөнгөн завьяа, хоёр ширхэг шаазан арслан өгөөд “тэр хүндээ өндөр үнээр зараад өгөөч” гэсэн. ...Ингээд Хатнаа гэж машины ломбард ажиллуулдаг ахын ажил дээр очоод хоёр ширхэг арсланг 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Үлдсэн хоёр эд зүйлсийг нь Оюунаа гээд урт цагааны эгчид 3.000.000 төгрөгөөр, хэт хутгыг нь Баатар гэж ахад 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...” /1хх 51/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1хх 36/, хэт хутга, хоёр ширхэг шаазан арслан, хоёр ширхэг мөнгөн завьяаг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 53, 147-148, 243, 2хх-160-161/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон үүргийн хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.О- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгч Г.О-ын өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завьяаг “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” хэмээн хохирогчийг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.О-ын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2115 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.115.000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон нийт 141 хоногийг торгох ялын 15.000 төгрөгөөр тооцон хасаж, торгох ялыг биелүүлсэнд тооцож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Хыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож 1хх-150/, мэдүүлэг авсан байхад /1хх 152-153/ анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шүүгдэгч Г.О-аас 3.000.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Хт олгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж заасантай нийцнэ. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбатын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэснийг хүлээн авч шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/457 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.О-аас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Хт олгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ ШҮҮГЧ М.АЛДАР ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН