Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2024/00927

 

2024 07 17 135/ШШ2024/00927

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01029/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 30 дугаар байрны 37 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 30 дугаар байрны 37 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ад холбогдох,

"Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******

Хариуцагч О.******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Миний бие О.*******тай 2004 онд танилцан, 2020 он хүртэл хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдарсан. 2020 оноос хойш Дархан-Уул аймагт ирж амьдарч байгаа. Бидний хувьд хамтын амьдралын хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй, одоо таарамжгүй байдлаас болж цаашид хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн. О.*******тай хамтран амьдрах хугацаандаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байсан орон сууцаа зарж Дархан-Уул аймагт одоогийн амьдарч байгаа байраа авч, бид хоёр хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан. Бидний хувьд эд хөрөнгийн маргаан үүсэх магадлалтай тул хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгож, дараа нь эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлнэ. Мөн О.******* нь надтай хамтын амьдралтай байгаагүй мэт зан гаргаж, үгүйсгэдэг тул түүнд хамт амьдарч байсан гэдгийг мэдрүүлэх шаардлагатай байна. Мөн Улсын бүртгэлд бид хоёрын өмчөөр бүртгэгдсэн нэг л орон сууц бидний хөрөнгө юм. Үүнээс миний нэрийг хасуулна гэж надад хэлж байсан.Иймээс хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.

2. Хариуцагч О.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Би Д.*******тэй 2004 оноос 2022 он хүртэл хамт амьдарч байсан нь үнэн. Үүнийг үгүйсгэсэн зүйл байхгүй. Сүүлийн жилүүдэд энэ хүн өөрөө өөр хүнтэй холбогдсон. Бидний дундаас хүүхэд байхгүй. Одоо байгаа хөрөнгө нь орон сууц байгаа бөгөөд энэ байрны өмчлөгчөөр бид хоёр байгаа. Энэ хүн яагаад ийм нэхэмжлэл шүүхэд гаргасныг мэдэхгүй байна.Хамтын амьдралтай байснаа хүлээн зөвшөөрнө, маргахгүй... гэв.

 3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлтэй холбогдуулан Дархан сумын 13-р багийн Засаг даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч О.*******ад холбогдуулан гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шүүх хуралдаан дээр тодруулахдаа ... Энэ хүн надтай хамт амьдраагүй юм шиг зан авир гаргадаг учраас түүнд хамт амьдарч байсныг мэдрүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргасан. Энэ шийдвэр гарвал бид эд хөрөнгийн талаар эвлэрч, шүүхэд маргаан үүсгэхгүй гэж үзэж байна гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг болно.

4. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т: Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заагаад эрхийг хамгаалах аргуудыг хуульчилсан байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

Энэхүү хуульд зааснаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлж байгаа этгээд нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаагаа өөрөө тодорхойлох үүрэгтэй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэлд тусгасан байх шаардлагатай хамааралтай байна.

5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, энэ шаардлагыг шүүх шийдвэрлэснээр түүний ямар зөрчигдсөн эрх сэргэх, ямар үр дагавар үүсэх үндэслэлийг нэхэмжлэгч тодорхойлж чадахгүй байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эд хөрөнгийн маргаанаа цаашид шийдвэрлүүлэх зорилготой гэсэн байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахад хариуцагчид хамт амьдарч байсныг мэдрүүлэх зорилготой, мөн энэ шийдвэр гарвал цаашид эд хөрөнгийн маргаан дээрээ шүүхэд хандахгүй байх гэж үзэж байна гэж тайлбарладаг болно.

Энэхүү тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэл тодорхойгүй, нөгөө талаас хамтын амьдралтай байсан үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхойлоогүй байгаа тохиолдолд шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалалтын арга хэрэгслийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсанаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаарх маргаан гарвал ирээдүйд шийдвэрлүүлэхийн тулд энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа гэснээс үзэхэд хамтын амьдралтай байсан гэх үйл баримт нь тодорхой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзал болохоор байна.

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр Д.*******ийн хариуцагч О.*******ад холбогдуулан гаргасан, хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч О.*******ад холбогдуулан гаргасан, хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ