Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Эт холбогдох 1708017250146 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа грушик хийдэг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хилчний .. дугаар гудамж .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүргийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Боржигон овогт Бийн Э, РД:....,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 16 дугаар гудамжны задгай тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Нтай маргаж, улмаар Д.Ныг зодож, зүүн хацар, зүүн бугалганд нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаХ :

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 16 дугаар гудамжны задгай тоотод Д.Нтай маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-хохирогч Д.Нын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 09 дүгээр сарын 29-нд орой нар жаргаж байсан 18-19 цагийн үед би Хам дүү Баяржаргалынд очихоор явсан...Баяржаргал, Нэргүй нар байсан ба ганц юм аваад өгчих гээд гуйгаад байхаар нь дэлгүүрээс 0.75 литрийн "Шим” гэдэг архи авч, Баяржаргалын гэрт нь гурвуулаа архи уугаад сууж байтал Э гэх урьд нь танихгүй согтуу банди орж ирээд миний газар шороон дээр архи уугаад юу хийцгээгээд байгаа юм, би бандитай болсон” гэсэн. Бандитай болсон юм уу баяр хүргъе гээд архинаас хийж өгөөд сууж байтал Баяржаргал танай хашаанаас нүүчье, архичин гээд байгаа бол гэж хэлсэн. Тэгээд жоохон маргаан болтол Э намайг цохиж унагаасан. Чи юун банди вэ, яадаг юм гэж би хэлсэн. Э энэ манай миний газар байгаа юм гээд маргасан юм. Тэгээд Э бүгдийг чинь алаад хаячихъя гээд намайг 2-3 удаа цохиод авсан. Яаж байгаа юм гэсэн чинь айлын шургуулга ухаад хутга гаргаж ирээд миний гар луу хутгалсан. Зүүн шанаа орчим нэг хутгалсан байсан. Би зүүн шанаагаа хутгалуулснаа сүүлд нь мэдсэн. Би гарч зугтаад Э миний ардаас хөөгөөд гүйцэхгүй, нилээд согтуу байсан юм шиг байна лээ. Би зугтаад хойд талын Батчулуун гэдэг айл руу гүйж ороод Батчулууны эхнэрийг байхаар нь утсаараа цагдаа, эмнэлэг дуудаад өг гэж хэлсэн...Баяржаргал, Нэргүй хоёр бол нилээд согтсон байсан, намайг хутгалсанг мэдээгүй юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-7-8/,

  • гэрч Ц.Сайнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 29-нд 22 цагийн өнгөрч байх үед би нүүрс зарж байгаад гэртээ ирсэн. Удалгүй Н гуай гараа якаар боосон гарнаас нь цус гарсан байдалтай орж ирээд ах нь хүнд хутгалуулчихлаа түргэн дуудаад өгөөч гэсэн. Би түргэн дуудаад удалгүй ирээд эмнэлэг рүү явсан. Баяржаргалын урд айлын залууд хутгалуулчихлаа гэж байсан...гэх мэдүүлэг /хх-14/,
  • гэрч Л.Нэргүйн мөрдөн байцаалтад өгсөн: ...гаднаас нэг танихгүй залуу орж ирээд Баяржаргалд "та нар манай хашаанд буучихаад архи дарс уугаад байхдаа яадгийн, та нар зайлцгаа” гэсэн. Н Баяржаргал 2 тэр залууг "гаднаас орж ирээд хүн загналаа” гэх утгатай юм хэлж байх шиг байсан. Н зүүн гараа хувцсаараа ороочихсон орж ирэхээр нь юу болсныг асууХ түрүүн Баяржаргалынд орж ирж агсам тавиад байсан залууд хутгалуулчихлаа гэсэн...гэх мэдүүлэг /хх-15/,
  • шүүх эмнэлгийн шинжээчийн...Нын биед зүүн нүдний дотор хэсэг, доод зовхины цус хуралт, зүүн хацар, зүүн булгалганы хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо, ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэдийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-18/

 

 

- шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 9 сарын 29-ний өдөр ажлаа тарж яваад Амараа гэдэг найзтайгаа хамт 0.75 литрийн архи аваад Амараагийн найз гээд 2 залуутай хамт дөрвүүлээ уусан. Дараа нь тавуулаа болоод дахиад 0.75 литрийн архи авч уусан. Би тэгээд харьж яваад Батчулууны ахынхаар ороод Бороо гэдэг ахтай таараад архи ууж байхаар нь уг архинаас нь нэг татчихаад гарсан. Гэртээ орж явсан чинь ард талын Баяржаргал гэдэг айлд хүмүүс шуугилдаад чанга чанга яриад байсан. Уг айл тоггүй байсан. Би гэрт нь ороод нилээд согтсон байсан болохоор хэн хэн байсныг сайн таниагүй байсан. Тэнд байсан хүмүүс архи ууж байсан. Би нилээн согтсон байсан болохоор гэрт ороод юу болсноо сайн санахгүй байна. Би гэртээ хутга барьсан, гар цус болсон байхыг хараад өөрийн ухаан орсон. Тэгээд би уг гэрээс гараад явчихсан. Би айгаад цочоод гудамжинд байж байгаад буцаад Баяржаргал эгчийнд ирэхэд цагдаа нар ирчихсэн намайг бариад авсан...гэх мэдүүлэг /хх-30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Эийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч Д.Нт хохирлын төлбөрт 200.000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй байх /х-5, 47/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулаХ 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Тус хэрэгт хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Эийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

  1. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  2. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР