Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О*******

Хариуцагч: Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын байгууллагууд нь миний тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлалгүйгээр, хуулийн дагуу нийгмийн даатгалд шимтгэл төлсөн цалингаас тэтгэврийг тогтоож өгөхийг хүссэн миний хүсэлт гомдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний дээрх хүсэлтийг хангаж хуульд зааснаар зөвтгөн тогтоохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, мөн дутуу олгосон тэтгэврийн зөрүү мөнгийг олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэврээ хүнд нөхцөлтэйгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 60 сараас 2006 оны 7 дугаар сараас 2011 оны 6 дугаар сарын цалинг сонгож, тэтгэврээ тогтоолгосон юм. Энэ хавар тус хэлтсээс надад УНДЕГ-аас хяналт шалгалт ирж, шалгагдсан иргэдийн баримт материалд таны баримт материал орж, шалгагдсан тул шалгасан тухай баримттай танилцаж, гарын үсгээ зурж, баталгаажуулна уу гэж хэлсэн тул өөрийн материалтай танилцах явцдаа цалин бодох тэтгэврийн хуудсаа үзэхэд миний сонгосон 60 сарын цалингаас 23 сарын цалинг 1080000 төгрөгөөр хязгаарлаж бодсон байх ба миний тэтгэврийн авбал зохих тэтгэврийн хэмжээг дордуулан олгож байсан байдаг. Энэ тухайг танилцаж, мэдээд миний дээрх 23 сарын цалинг 1080000 төгрөгөөр хязгаарлалгүйгээр хуулийн дагуу нийгмийн даатгалд шимтгэл төлсөн цалингаас тооцож. тэтгэвэр тогтоож өгөхийг хүссэн хүсэлтээ тус хэлтэст 2018 оны 4 дүгээр сард гаргасан

Гэвч тус хэлтэс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 240 тоот албан бичгээр надад ирүүлсэн хариунд дээрх тэтгэвэр бодох цалинг хязгаарласан тухайгаа хүлээн зөвшөөрсөн боловч тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлалгүй, хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингаас тэтгэврийг тогтоож өгөх тухай хүсэлтийг минь шийдвэрлэлгүй орхигдуулсан юм.

УНДЕГ-т хандан гомдлоо гаргасан ба надад ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №6/137 тоот албан бичигтээ ... таны тэтгэврийг зөв тогтоосон байна. Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг үндэслэлтэй байна. гэжээ. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний тэтгэврийг хуульд заасны дагуу тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээт хязгаарлалгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингаар тогтоох ёстой атал цалинг хязгаарласан явдал нь хууль бус юм.

Иймд нийгмийн байгууллагууд нь миний тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлалгүйгээр, хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингаас тэтгэврийг тогтоож өгөхийг хүссэн миний хүсэлт болон гомдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний дээрх хүсэлтийг хангаж. хуульд зааснаар зөвтгөн тогтоохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, мөн дутуу олгосон тэтгэврийн зөрүү мөнгийг нөхөн олгохыг даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн иргэн Хуацай овогт Д*******ын О******* /РД: *******/-ИЙН Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.2.3 дах заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалтын дагуу хариу тайлбар гарган хүргүүлж байна.

Иргэн Д.О*******ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлд ...Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, миний дээрх хүсэлтийг хангаж, хуульд зааснаар зөвтген тогтоохыг тус хэлтэст даалгах, гэсэн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

Даатгуулагч Д.О******* нь 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр анх тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 2018 оны 6 дугаар сард өргөдлийн дагуу сард олговол зохих тэтгэврийг 748611 төгрөгөөс 25778 төгрөгөөр нэмэгдүүлж 774389 төгрөгөөр тэтгэврийг шинэчлэн тогтоож 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн байна. 2011 оны 06 дугаар сараас хойших хугацааны тэтгэврийн зөрүү 1969286 төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэн хариуг бичгээр хүргүүлсэн боловч уг зөрүү мөнгийг аваагүй байгаа ба бүх саруудын цалинг хязгаарлахгүйгээр тэтгэврийг бодуулахаар хүсэлт гаргасан болно.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно. гэсний дагуу Монгол улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай 251 дүгээр тогтоолын 2 дах хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосугай. гэжээ.

Харин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндзсний хороо тогтооно. гэсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.6, Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно. 30 дугаар зүйл Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн З2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно. гэснийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 153 дугаар тогтоолыг гаргасан.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 153 дугаар тогтоолын 2в заалтад 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох. гэсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.

2018 оны 04 дүгээр сард ирүүлсэн хүсэлтийн дагуу даатгуулагчийн шимтгэл төлсөн цалинг хязгаарлаагүй дүнгээр тэтгэврийг шинэчлэн тогтоох нь хууль бус үйлдэл тул тус хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дүгээр заалтын дагуу нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын байгууллагууд нь миний тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлалгүйгээр, хуулийн дагуу нийгмийн даатгалд шимтгэл төлсөн цалингаас тэтгэврийг тогтоож өгөхийг хүссэн миний хүсэлт гомдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний дээрх хүсэлтийг хангаж хуульд зааснаар зөвтгөн тогтоохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, мөн дутуу олгосон тэтгэврийн зөрүү мөнгийг олгохыг даалгах шаардлага бүхий Д.О*******ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.О******* нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын хүний их эмчээр 1981 оноос 1986 он хүртэл, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт эмгэг-анатомич эмчээр 1986 оноос 1994 он хүртэл, Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч эмчээр 1994 оноос эхлэн тус тус ажилласан, өөрөөр хэлбэл, 30 гаруй жил эрүүл мэндийн байгууллагад ажилласан байх бөгөөд 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

Ийнхүү тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэж заасны дагуу тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 2006 оноос 2011 оны 5 жилийн дундаж цалингаас өндөр насны тэтгэврийг тооцсон болох нь түүний 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн, 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсууд болон хариуцагчийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний сонгосон 60 сарын цалингаас 23 сарын цалинг 1080000 төгрөгөөр хязгаарлаж бодсон байх ба миний тэтгэврийн авбал зохих тэтгэврийн хэмжээг дордуулан олгож байсан гэжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт ...Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэлмжээг шинэчлэн тогтоох тухай 153 дугаар тогтоол гарсан байна.

Уг тогтоолын 2 дахь заалтын в хэсэгт ...2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох-оор заасан, энэхүү заалт одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-т ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжсэн үеэс хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлаж жил бүр тогтоол гаргаж ирсэн байх бөгөөд энэхүү тогтоолуудаас шалтгаалан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж байжээ.

Иймд нэгэнт Монгол Улсын Засгийн газраас тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосон, үүнд хариуцагч Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын байгууллагууд нь миний тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлалгүйгээр, хуулийн дагуу нийгмийн даатгалд шимтгэл төлсөн цалингаас тэтгэврийг тогтоож өгөхийг хүссэн миний хүсэлт гомдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний дээрх хүсэлтийг хангаж хуульд зааснаар зөвтгөн тогтоохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, мөн дутуу олгосон тэтгэврийн зөрүү мөнгийг олгохыг даалгах шаардлага бүхий Д.О*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ  Б.АДЪЯАСҮРЭН