Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 445

 

МАГАДЛАЛ

2020-02-21                                                        445                                             

 

 

 

 

 

 

 

“МӨБ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “МӨБ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ХЧ ” ХХК, Л.Н, Д.Х, Ц.О нарт холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг, хариуцагч “ХЧ ” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХЧ ” ХХК нь 6 жилийн өмнө буюу 2012 оны 6 сард манай байгууллагаас бизнесийн зориулалтаар, эргэлтийн хөрөнгийн зээл олгохыг хүссэн, энэ дагуу 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. “ХЧ ” ХХК нь зээлийн барьцаанд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, Мансардны 99В-1 тоот байршил бүхий 37.50 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг 51 дүгээр байрны Мансардны 99В-4 тоотод байршил бүхий 40.70 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг 51 дүгээр байрны 99В-5 тоотод байршил бүхий 40.90 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, 51 дүгээр байрны Мансардны 99В-6 тоотод байршил бүхий 42.80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц гэсэн нийт 4 орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнээс хойш зээлдэгч байгууллага нь үндсэн зээлээ огт төлөхгүйгээр зөвхөн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тодорхой хэмжээний мөнгө төлж, 3 жил орчим хугацаа өнгөрсөн тул 2015 онд уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн боловч Дээд шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байсан. Энэ хугацаанд хариуцагч байгууллага нь манай байгууллагад эвлэрэн хэлэлцэх санал тавьж, шүүгчийн захирамж гаргуулсан. Шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, “ХЧ ” ХХК нь шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөний оронд анх зээлийнхээ барьцаанд барьцаалж байсан, дээрх 4 үл хөдлөх хөрөнгөө манай компанид шилжүүлэхээр болсоноор шийдвэр биелэгдсэнд тооцсон. Ийнхүү 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 8 сар гаруйн хугацаа өнгөрөхөд “ХЧ ” ХХК-ийн захирал Б.Б-тай маш олон удаа уулзаж, дээрх 4 ширхэг орон байрыг манай компанид суллаж, чөлөөлөх шаардлагыг тухайн компани болон дөрвөн байранд амьдраад байгаа “ХЧ ” ХХК-ийн ажилчид гэх хүмүүст мэдэгсэн бөгөөд компанийн захирал Б.Б нь хамгийн сүүлд буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дээрх 4 орон байрыг суллаж өгнө гэсэн протокол дээр өөрөө гарын үсгээ зурж өгч байсан. Иймд Л.Н, Д.Х, Ц.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч “ХЧ ” ХХК нь дээрх 4 орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МӨБ ББСБ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, мансардны 99В-1 тоотод байршилтай 37,50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, мансардны 99В-4 тоотод байршилтай 40,70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны 99В-5 тоотод байршилтай 40,90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мансардны 99В-6 тоот хаягт байршилтай, 42,80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч ХЧ  ХХК-ийн эзэмшлээс тус тус албадан чөлөөлж,

Нэхэмжлэгч “МӨБ ББСБ” ХХК нь хариуцагч Л.Н, Д.Х, Ц.О нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЧ  ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МӨБ ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын    19-ний өдрийн 1344 тоот магадлал гарсан. Уг магадлалд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг орон сууцанд амьдарч байгаа иргэдтэй “МӨБ ” ББСБ-д өмчлөл шилжихээс өмнө орон сууцыг худалдах болон эзэмшүүлэх эрх үүссэн эсэхийг тогтоох гэсэн заалтаар анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “МӨБ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ХЧ ” ХХК, Л.Н, Д.Х, Ц.О нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс 4 орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Л.Н, Д.Х, Ц.О нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй     болгосон нь зөв боловч хууль баримтлаагүй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүхээс хариуцагч “ХЧ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-д  нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11551 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, түүнийг өмгөөлөгчтэй оролцуулах болон шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангажээ. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул хүсэлтийг хангахгүй орхиж   шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “МӨБ ББСБ” ХХК-ийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, Мансардны 99В-1 тоот байршил бүхий 37.50 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, Мансардны 99В-4 тоотод байршил бүхий 40.70 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн 99В-5 тоотод байршил бүхий 40.90 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, 99В-6 тоотод байршил бүхий 42.80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.

 

Хариуцагч “ХЧ ” ХХК-ийн эзэмшилд маргасан 4 орон сууц байгаа нь гэрч Д.Х-ын “ХЧ ” ХХК нь ажилчиддаа зориулж барьсан бөгөөд манайх 99В-1 тоотод 10-аад жил амьдарч байгаа гэх мэдүүлэг, мөн хэрэгт авагдсан ашиглалтын зардлын нэхэмжлэх, нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцоог хариуцагч төлсөн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч “ХЧ ” ХХК дээрх орон сууцыг эзэмшиж байгаа нь хууль бус байх тул өмчлөгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тус компанийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                    ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                           Д.БАЙГАЛМАА