| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00772/И |
| Дугаар | 155/ШШ2024/00855 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00855
| 2024 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2024/00855 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
155/2024/00772/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: П газрын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б ,
Хариуцагч: С.Д-д холбогдох гэм хорын хохирол 225,000 (хоёр зуун хорин таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Д нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Х аймгийн Ж сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Т савга гэх газраас Хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглосон хугацаанд (боргоцой) 2 шуудай, үрийн жин нь 9 килограммыг бэлтгэсэн гэх зөрчилд тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.П нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч С.Дд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 0614836 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Гэтэл Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад Зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд бэлтгэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчоос байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлээгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуй, нэгж байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. гэж заасан, иргэн С.Д-гийн хууль бус үйлдлийн улмаас Байгаль орчин, уур амьсгалын санд хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж заасны дагуу прокурор өөрийн санаачлагаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар 497.1 дэх хэсэгт зааснаар С.Д нь хууль бус санаатай үйлдлээр төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй болно.
Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
Иргэн С.Д-гаас хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглосон хугацаанд (боргоцой) 2 шуудай, үрийн жин нь 9 килограммыг бэлтгэж, байгаль орчинд 225,000 төгрөгийн хохирол учруулсныг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү.
Х аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн дарга ажилтай шинжээч Ц.Т ы 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тогтоов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газар нь хариуцагч С.Д-д холбогдуулан гэм хорын хохирол 225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг шүүхэд дуудсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Төрийн сангийн 1*** тоот дансанд 225,000 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан ба нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч С.Дгаас нэхэмжлэлийн шаардлага болох 225,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 7,400 төгрөгийн тал хувь 3,700 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Дд холбогдох гэм хорын хохирол 225,000 (хоёр зуун хорин таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Д-гаас 3,700 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА