Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ад холбогдох 1708014810133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, "Түмэн төмөрт” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Дунд наран ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Харчуул овогт Бын А /РД.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 2-66 тоот гэртээ иргэн Н.Хг "гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндээд нь

 

 

"зулайд шарх, тархи догилт, хүзүү, нуруунд зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаХ:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 2-66 тоот гэртээ иргэн Н.Хг "гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан Н.Хгийн өргөдөл /хх-3/,
  • хохирогч Н.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн:...тэр үед би Атай юм ярилцаж байгаад гадаа байгаа гэж бодоод санамсаргүй гэрт шүлсээ хаячихсан юм. Тэгсэн чинь нөгөө найз гэх залуу босч ирээд баруун гараараа миний хацар луу алгадаад авсан...гэрийн гадна хашаан дотор толгой хагарлаа гээд хүн үхдэггүй юм гээд нэмээд толгой руу гараараа алгадаад байсан...Онон ирээд гэмтлийн эмнэлэг орсон. Сүүлд нөгөө гэрийн эзэн залуутай уулзаХ аяга шидээд толгойг хагалсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-6-7/,
  • гэрч Ц.Мөнгөнзулын мөрдөн байцаалтад өгсөн:..гэрт шүлсээ хаяаад байхаар нь манай нөхөр А чи айлд ирчихээд шүлсээ хаяаад байж болохгүй ш дээ гэсэн. Дахин шүлсээ хаяад байхаар нь болилдоо чи гэж хэлэхэд намайг гичий минь дугуй бай гэж доромжлохоор нөхөр маань уурлаад пиво ууж байсан стаканаар цохиход аяга хагарсан. Тухайн үед манай нөхөр дахин цохиогүй...гэх мэдүүлэг /хх-8/,
  • гэрч Б.Ононгийн мөрдөн байцаалтад өгсөн:..Х согтоод гэрт нь шүлсээ хаясан. Тэгтэл А чи болиоч айлд ирчээд гэсэн чинь Х уучлалт гуйгаад больсон. Тэгснээ дахин гэрт нь шүлсээ хаясан чинь А уурлаад Хг гэрүүн зүүн талд хөргөгчний хажууд сууж байХ нь баруун гараараа нэг удаа алгадсан, Х босч ирээд Атэй заамдалцаж аваад салаад А сандал дээр суучихсан. Х хаалганы орчим зогсож байсан чинь А ууж байсан пивоныхоо аягыг шидсэн. Тэр аяга ямар ч байсан Хг онож хагарсан...Х А нар цуг гараад явсан ба би араас нь гараХ А Хг хашаанд шахаад гараараа толгой руу нь цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-9/,
  • шүүх эмнэлгийн шинжээчийн:...Н.Хгийн биед зулайд шарх, тархи доргилт, дух, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ололн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-16/,
  • шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үед нөгөө залуу манай гэрийн зүүн талд хөргөгчний хажууд сууж байсан ба нилээд согтоод доош хараад шүлсээ хаясан юм. Чи айлд ирчихээд яагаад байгаа юм бэ гэхэд заза гээд юм хэлээгүй юм. Нөгөө залуу дахин шүлсээ хаяад байхаар нь пиво ууж байсан шилэн стакан аягыг баруун гартаа бариад зүүн чихнийх нь дээд талд зүүн талаас нь 1 удаа цохиход шилэн стакан аяга хагарсан. Тэгээд чи намайг цохилоо цус гараад байна гээд ширээ цохихоор нь би хүүхэд айлгачихна гаръя гээд дагуулаад гарсан...гэх мэдүүлэг /хх-21-22/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

 

 

Иймд шүүгдэгч Б.Аг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Х хохирлын төлбөрт 500.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн байх /х-50/ тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулаХ 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Тус хэрэгт хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3,36.8, 36.10, 37.1,38.1,38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Аг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

Г.ГАНБААТАР