Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 444

 

МАГАДЛАЛ

2020-02-21                                                        444                                             

 

 

 

 

 

 

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02507 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн 69 188 900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 1436 дугаар тогтоолоор Б.Э-аас 187 292 000 төгрөг гаргуулж “А ” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн, шийдвэрийн дагуу НШШГГ-т албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байна. Уг хэргийн материалтай танилцаад барьцаа хөрөнгө буюу миний нөхөр талийгаач Д.Б-ийн өмчлөлийн хөрөнгөд үнэлгээ хийсэн бөгөөд надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байна. Иймд уг үнэлгээг мэдээд хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. НШШГГ-т 2019 оны 06 сарын 12-ны өдөр Б.Э 150 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн байхад, шинжээч томилуулж “ХЭ ” ХХК-иас 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 01/98 дугаар үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 59 188 900 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ. Энэхүү шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Иймд дээрх орон сууцыг үнэлсэн 69 188 900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Э , Д.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 2019/05 тоот, 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 19280111/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хурааж, төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэлийг 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 4/13593 дугаар албан бичгээр Б.Э д, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 1/14116 дугаар албан бичгээр Д.Б-д тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Төлбөр төлөгч Б.Э 2019 оны 06 сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 150 000 000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 180 000 000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн саналаа бичгээр ирүүлсэн боловч төлбөр төлөгч Д.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнийн саналаа ирүүлээгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 201 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход 27 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 69 188 900 төгрөг, 15 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 83 765 700 төгрөгөөр тус тус үнэлжээ. Иймд үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Б.Э-ийн НШШГГ-т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн 69 188 900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шинжээчээр “ХЭ ” ХХК томилогдсон бөгөөд дээрх орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс 69 188 900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Э г 2019 оны 08 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Б.Э нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 2/15519 тоот мэдэгдлийг 2019 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч 2019 оны 07 сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 181/Ш32019/08104 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж 2019 оны 08 сарын  14-ний өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн 69 188 900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын    13-ны өдрийн 572 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 1436 дугаар тогтоолоор Б.Э , Д.Б нараас 187 292 000 төгрөг гаргуулж “А ” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн /хх 4-19/, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 19280111 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна /хх- 78х/

 

Хариуцагч байгууллага нь 2019 оны 03 сарын 15, мөн оны 04 сарын 12, 05 сарын 13-ны өдрүүдэд дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг Б.Э д мэдэгдэж, 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 19280111/02 тоот тогтоолоор Д.Б-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 2019/05 тоот тогтоолоор хураасан үйл баримт тогтоогджээ. /хх 88, 93х/

 

Нэхэмжлэгч Б.Э төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нараас орон сууцыг албадан дуудлага худалдааны доод үнийн талаар санал авахад тэдгээр нь харилцан тохиролцоогүй тул тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор, 2019 оны 6 сарын 17-ны өдрийн тогтоолоор “ХЭ ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь хуульд нийцжээ. /хх-104х/

 

Уг орон сууцны зах зээлийн үнийг 2019 оны 06 сарын 21-ний өдрийн байдлаар       69 188 900 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хариуцагч байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг албадан худалдах доод үнийг 70 хувиар тооцож 48 432 230 төгрөгөөр тогтоосныг төлбөр төлөгч Б.Э д 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 4/15519 тоот мэдэгдлээр хүргүүлснийг тэрээр 2019 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон.

/хх-119/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 08104 дугаар захирамж хэрэгт хуулбар хэлбэрээр авагдсан боловч шүүхийн албан баримт тул үнэлэх нь зүйтэй. Шүүгчийн 08104 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 2019 оны 07 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаар тогтоогдсон үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь шүүгчийн уг захирамж гарсан 2019 оны 07 сарын 16-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор буюу 2019 оны 07 сарын 23-ны дотор гомдол гаргах байтал уг хугацааг хэтрүүлж 2019 оны 8 сарын 14-ний өдөр гомдол гаргасан нь буруу болсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                         ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                           Д.БАЙГАЛМАА