Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/00859

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/00859

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00709/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн М сумын 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух, Г.У,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Г.У,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.У шүүхэд Х аймгийн М сумын Ж зоогийн газарт 2001 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... Миний бие Г.У нь Х аймгийн М суманд байрлах Ж зоогийн газарт 2001 оны 01 дүгээр сарын 15 -ны өдөр тогоочоор ажилд орж, 2 жил тогоочоор ажиллаж байгаад 2003 оноос ахлах тогоочоор ажилласан. Ахлах тогоочоороо тасралтгүй 5 жил буюу 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаад, өөрийн хувийн бизнес эрхлэх болж, Ж зоогийн газрын ахлах тогоочийн ажлаас гарсан.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол миний Ж зоогийн газарт ажиллаж байсан хугацааны буюу 2001 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны бичилтийг хөдөлмөрийн дэвтэрт маань бичээгүй, ажилд орсон болон ажлаас гарсан тушаал байхгүй байгаа юм.

Тухайн үед Ж зоогийн газрыг удирдан ажиллуулдаг байсан Д.А гэх эмэгтэйг миний нийгмийн даатгалыг төлөөд, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэж байгаа гэж бодож явсан. Ингээд Х аймгийн Архивын тасгаас миний Ж зоогийн газарт ажиллаж байсантай холбоотой баримтууд байгаа байх гэж бодоод лавлагаа автал холбогдолтой баримт материал байхгүй болохоор нь Ж ресторанд очиж архивыг нь захирал Л.Т-тай хамт нэг бүрчлэн шүүж үзэхэд цөөхөн баримт, материал гарч ирсэн боловч ажилд орсон, ажлаас гарсан тушаал, нийгмийн даатгал төлөгдөж, бичилт хийгдсэн дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр байгаагүй. Ингээд Х аймгийн Нийгмийн даатгалын газраас миний Ж зоогийн газарт ажиллах үеийн нийгмийн даатгал хийгдсэн эсэхийг тодруулахад мөн л байхгүй гэсэн хариуг өгсөн. Д.А захирал нь 2011 онд нас барсан ба ажилчидтай холбоотой материалаа яасан нь тодорхойгүй байна. Миний ажиллаж байсан газрыг тухайн үед Ж зоогийн газар гэж нэрлэж байсан ба одоо Ж ресторан нэртэй болж, үйл ажиллагаагаа явуулж байгаа ...гэв.

Хүсэлт гаргагч Г.У нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11/490, Х аймгийн Танил Жт ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 26/05 дугаар албан тоотууд, Ж зоогийн газраас 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон Баярын бичиг, 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон Дурсамж, Аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн Тогоочдын холбоо, М сумын Засаг даргын тамгын газраас 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон Дурсамж, Өргөмжлөл, Үйлдвэр худалдааны яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Монголын тогооч нарын холбооноос 2003 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгосон Талархал, Монгол Улсын хүнс, хөдөө, аж ахуй, Хөнгөн үйлдвэрээс 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон 174 дүгээр Жуух бичиг, 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Улсын хэмжээнд баталгаажсан мэргэжлийн гэрчилгээний хавсралт зэрэг баримтуудыг эх хувиар болон хуулбар хувиар, Жт рестораны архиваас авсан гэх 2007 оны 7 сар, 11-р сар, 12-р сар, 2007 онд жилийн эцсээр шагнагдсан ажилчид, 2008 оны 1-р сарын цалин, 2-р сард урьдчилгаа авсан ажилчид, 2-р сарын цалин, 3-р сарын цалин, 4-р сард, 5-р сарын цалин, 10 сард, Технологи ажиллагаа, Шинэ он, шинэ жилд аз жаргал арвинтай, ашиг орлого ихтэй байхыг ерөөж, та бүхэн дараах хоолны цэсийг танилцуулж байна, Хүүхдийн хоолны бүтээгдэхүүн 2006 он, Шалгалтын 1-р үе шатанд гүйцэтгэх ажилбаруудын жагсаалт 2005 он, Шалгалтын 2-р үе шатанд гүйцэтгэх ажилбаруудын жагсаалт 2005 он, фото зургууд, Гэр гэртээ тогооч зэрэг баримтуудын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Л.Ш, Б.Г нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч Г.У нь 2001-2008 оныг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагаа зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

... Миний бие Г.У нь Х аймгийн М суманд байрлах Ж зоогийн газарт 2001 оны 01 дүгээр сарын 15 -ны өдөр тогоочоор ажилд ороод 2 жил тогоочоор ажиллаж байгаад 2003 оноос ахлах тогоочоор ажилласан. Ахлах тогоочоороо тасралтгүй 5 жил буюу 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаад, өөрийн хувийн бизнес эрхлэх болж, Ж зоогийн газрын ахлах тогоочийн ажлаас гарсан.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол миний Ж зоогийн газарт ажиллаж байсан хугацааны буюу 2001 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны бичилтийг хөдөлмөрийн дэвтэрт дээр маань бичээгүй, ажилд орсон болон ажлаас гарсан тушаал байхгүй.

Тухайн үед Ж зоогийн газрыг удирдан ажиллуулдаг байсан Д.А гэх эмэгтэйг миний нийгмийн даатгалыг төлөөд, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэж байгаа гэж бодож явсан. Д.Азахирал нь 2011 онд нас барж, тэр хүн ажилчидтай холбоотой материалаа яасан нь тодорхойгүй байна. Тухайн үед захирал чи тэтгэвэрт гарах болоогүй юм чинь тэтгэвэрт гарах дөхсөн 2 хөгшин хүнийхээ нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа гэж хэлж байсан санагдаж байна. Миний ажиллаж байсан үеийн Ж зоогийн газар нь одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа. Д.Аахирлын охин Л.Т нь удирдан ажиллуулдаг. Харин нэрээ Ж ресторан болгосон байна лээ...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11/490 дүгээр албан тоот, Ж зоогийн газраас 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон Баярын бичиг, 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон Дурсамж, Аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн Тогоочдын холбоо, М сумын Засаг даргын тамгын газраас 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон Дурсамж, Өргөмжлөл, Үйлдвэр худалдааны яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Монголын тогооч нарын холбооноос 2003 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгосон Талархал, Монгол Улсын хүнс, хөдөө, аж ахуй, Хөнгөн үйлдвэрээс 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон 174 дүгээр Жуух бичиг, 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Улсын хэмжээнд баталгаажсан мэргэжлийн гэрчилгээний хавсралт, фото зургууд тэдгээрийн хуулбар зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч нь тогооч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байсан болох нь тогтоогдлоо.

Гэрч Л.Ш-тйн: ...Г.У 2001 оны 01 сард тус зоогийн газарт тогоочоор ажилд орж байсан. Ингээд бид намайг гарах хүртэл буюу 2002 оны 10 сар хүртэл хамт ажилласан. Хамт ажиллаж байх хугацаанд Г.У, Д.А, П.Э гэсэн 3 тогооч ажиллаж байсан. Тэр үед н.А гээд дарга нь өөрөө, 2 тогоочтой, 1 бэлтгэгчтэй, 2 зөөгчтэй, 4-5 хүн л ажилладаг байсан... гэх,

Гэрч Л.Т: ...Г.У нь 2001 оны 01 сард тус зоогийн газарт ээлжийн тогоочоор ажилд орсон. Д.А зоогийн газрын захирлаар, П.Э гэх хүн тогоочоор ажиллаж байсан. Намайг 2003 оны 7 сард ажлаасаа гарахад Г.У ажиллаад үлдсэн... гэх,

Гэрч Б.Г: ...Г.У намайг тус Ж зоогийн газарт 2006 оны 9 сард тогоочоор ажилд ороход тогоочоор ажиллаж байсан. Би ажилд ороод 4 тогоочтой болсон. Г.У 2009 оны хүртэл ажиллаад манай байгууллагаас гарсан. Тэр үед манай байгууллага цөөхөн ажилчинтай байсан. н.Амгалан захирал 2012 онд нас барсан. Түүнээс хойш түүний охин н.Түвшинжаргал захирлаар ажиллаж байгаа... гэх мэдүүлгүүдийг хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх боловч эдгээр мэдүүлгүүд нь хүсэлт гаргагчийн Х аймгийн М сумын Ж зоогийн газарт 2001 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн нотлохгүй, энэ үйл баримт бичгийн бусад баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

Харин Х аймгийн Танил Жт ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 26/05 дугаар албан тоот, дээрх гэрчүүдийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Х аймгийн М сумын Ж зоогийн газар нь одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдлоо.

Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байгууллага үйл ажиллагаа явуулж байх тул түүний нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх эрх, үүргийг тухайн байгууллага хүлээнэ.

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлснөөр даатгуулагчийн ажилласан хугацаа тооцогдох бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид зааснаар нөхөн төлөх боломжтой.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч Г.Угийн Х аймгийн М сумын Ж зоогийн газарт 2001 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хэрэгт авагдсан Жт рестораны архиваас авсан гэх 2007 оны 7 сар, 11-р сар, 12-р сар, 2007 онд жилийн эцсээр шагнагдсан ажилчид, 2008 оны 1-р сарын цалин, 2-р сард урьдчилгаа авсан ажилчид, 2-р сарын цалин, 3-р сарын цалин, 4-р сард, 5-р сарын цалин, 10 сард, Технологи ажиллагаа, Шинэ он, шинэ жилд аз жаргал арвинтай, ашиг орлого ихтэй байхыг ерөөж, та бүхэн дараах хоолны цэсийг танилцуулж байна, Хүүхдийн хоолны бүтээгдэхүүн 2006 он, Шалгалтын 1-р үе шатанд гүйцэтгэх ажилбаруудын жагсаалт 2005 он, Шалгалтын 2-р үе шатанд гүйцэтгэх ажилбаруудын жагсаалт 2005 он, Гэр гэртээ тогооч зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.У-ийн Х аймгийн М сумын Ж зоогийн газарт 2001 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА