Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/745

 

 

 

 

 

    2022            07            21                                       2022/ДШМ/745  

 

О.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлоор О.Б-т холбогдох эрүүгийн 2105025611312 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг  2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

 

Шүүгдэгч О.Б- нь Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд салбар хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын 22.116.450 төгрөгийг хувьдаа зарцуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ээс 21.116.450 /хорин нэгэн сая, нэг зуун арван зургаан мянга, дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан хохирогч М.М-ад олгож, шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд танилцуулсан баримтуудаас хавтас хэргийн 38-60 дахь талд авагдсан “***” нэртэй ломбардын зээл олгосон баримт, 93-95 дахь талд авагдсан Хөдөлмөрийн гэрээ, 229-231 дэх талд авагдсан тооцоо нийлсэн бүртгэл зэргийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагаанд дээрх баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн...” гэжээ. Гэтэл шүүхийн нотлох баримтаар үнэлээд байгаа дээрх баримт нь ямар ч хуулийн шаардлагыг хангаагүй /тамга, тэмдэггүй/ өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангахгүй компьютерт шивчихсэн тоонуудтай цаасаар хүнийг чи тэдэн төгрөг дутаачихлаа, чи гэм буруутай гэж яллах ёсгүй бөгөөд учир дутагдалтай буюу эргэлзээтэй гэж үзэхээр байна. Харин бодитой баримтад үндэслэх бөгөөд компани юм уу, барьцаалан зээлдүүлэх газар юм уу /тусгай зөвшөөрөлтэй/, хуулийн этгээд буюу байгууллага юм бол түүний санхүүд шалгалт оруулж аудитын дүгнэлт зайлшгүй гаргуулах шаардлагатай. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шинжилгээний тухай хуульд зааснаар тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллага болон шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж болохоор хуульчилсан ба энэхүү хэргийн тухайд хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учруулсныг эрх бүхий байгууллагын дүгнэлтээр нотлох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5-д заасан нотолбол зохих байдал буюу “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотлох гэсэн заалттай бүрэн нийцэх юм. Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, шүүгдэгчийн хувийн байдлын эсрэг болох сөргөөр үнэлэхэд хүргэж ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. 2-т хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүр арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохоор заасан бөгөөд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч О.Б-ийг “***”  нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд салбар хариуцсан ажилтнаар ажиллаж байх явцдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын 22.116.450 төгрөгийг хувьдаа зарцуулж хөрөнгө завшсан” гэжээ. Гэвч О.Б- нь “***” нэртэй ломбардад ажилд орсон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх хэдий ч энэ барьцаалдан зээлдүүлэх газар нь яг ямар хуулийн этгээд болох болон түүнийг нотолсон нотлох баримт байдаггүй, түүгээр ч зогсохгүй энэ хэргийн хохирогч гэх М.М- нь хохирогч юм уу, хэрэв хохирогч гэж үзвэл албан тушаал гэдэг асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Мөн байгууллага буюу “***” гэх ломбард нь үнэхээр байдаг байгаад тусгай зөвшөөрөлтэй албан ёсны барьцаалан зээлдүүлэх газар юм уу, хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж мөн юм уу гэдэг нь тодорхой бус өөрөөр хэлбэл нотолсон баримт байхгүй, зөвхөн хохирогчийн амаар, байгаа гэсэн мэдүүлгээр л О.Б-ийг ажилд авсан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэсэн ба ямар ч тушаал шийдвэр байдаггүй хуульд заасан ажлын байрны тодорхойлолт ч байхгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ ч байхгүй байгаа. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуулийн этгээдийг хохирогчоор тогтоолгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр М.М-ыг хохирогчоор тогтоон мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал, гэмт хэргийн хохирогч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн итгэмжлэлээр хохирогчоор оролцох хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ба хэргээс үзэхэд иргэн М.М-ыг хохирогчоор тогтоосон. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, мэдүүлэг авах ажиллагааг хуулийн заалтад нийцүүлэн явуулах нь ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудад мөрдөгч, прокурор, шүүх нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх тухай заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлох ба шүүгдэгч О.Б- нь компани буюу хуулийн этгээдэд ямар ажил үүрэг гүйцэтгэж, хэдэн нэр төрлийн ямар, ямар эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байсан гэх хэргийн үйл баримтыг тогтооход хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн талаар бусад холбогдох баримтууд хэрэгт хавсаргагдсан байх ёстой гэж үзэж байна. О.Б-т холбогдох эрүүгийн хэргийн хохирлын хэмжээг хоёр тал тооцоо нийлсэн гэх хэдий ч программ дээрхтэй тулгасан нэг талын тооцоо бодсон баримтаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасантай нийцээгүй тул хохирол, хор уршгийн хэр хэмжээг холбогдох санхүүгийн баримтуудыг үндэслэн шинжээч томилж тогтоох зэрэг ажиллагааг хийх ёстой. Тухайлбал, тооцоо нийлсэн гээд байгаа баримт /хх 229-231 тал/ нь хэдэн хүмүүсийн нэрс, хэдэн тоо зэргийг хүснэгтлэн компьютерт шивсэн цаас байгаа нь үнэхээр тооцоо нийлсэн акт гэж үзэж болох уу, мөн юуг үндэслэж энэхүү тоонуудыг гаргасан нь ч тодорхой бус, мөн хөдөлмөрийн гэрээ /хх-93-95 тал/ нь хуулбар төдийгүй “Совор” ХХК-тай О.Б-ийг гэрээ байгуулсан “Совор” компанийг хохироосон гэж үзэхээр байгаа, бас түүн дотор бичсэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гэсэн байх ба ажлын байрны тодорхойлолт нь ч байхгүй, ажил олгогч захирал М.М-, ажил хүсэгч О.Б- нарын гарын үсэг зурсан хуулбар тамга тэмдэг нь мэдэгдэхгүй хөдөлмөрийн гэрээ гэсэн бланк буюу цаас, ломбардны зээл олгосон гэсэн баримтууд /38-60 тал/ нь бас л хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй төдийгүй ямар ч тамга, тэмдэг байхгүй, Хаан банкны дансны хуулга гэдэг нь зөвхөн О.Б-ийн өөрийнх нь дансны хуулга бөгөөд энэ нь ямар үндэслэлээр түүнийг албан тушаалтан улмаар байгууллагад хохирол учруулсан гэдгийг хэрхэн нотолж байгаа нь ойлгомжгүй байгаа. /ямар данснаас ямар хүний байгууллагын мөнгө орсон гарсныг нотлох боломжгүй/. Тэгтэл дээрх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үндэслэж хууль зөрчсөн төдийгүй О.Б-ийн эхнэр болох /гэр бүлийн баталгаагүй хэдий ч хамт амьдардаг 3 хүүхэдтэй/ М-гийн мэдүүлгийг яллах тал болгож ашигласан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ бичих ёстой байтал бичээгүй гэмт хэрэг үйлдэгдэхэд юу нөлөөлсөн юм бэ гэдгийг дүгнэх улмаар сайн тогтоож байж хүнийг яллах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

 Хавтас хэрэгт авагдсан хохирогч болон гэрчид хууль сануулсан баримт дээрх Эрүүгийн хууль нь 2015 онд батлагдаж 2017 оноос хэрэгжиж эхэлсэн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх заалт байх ба 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон бөгөөд хохирогч, гэрч нарт эрх, үүргийг тайлбарлаж хууль сануулан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баталгаа гаргасан байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон хуулийг сануулж баталгаа гаргасан байна гэж өмгөөлөгч би шүүхэд нотлох баримтаар тооцуулахгүй байх, нотлох баримтаас хасуулахаар санал оруулж байхад улсын яллагчийн агуулгын хувьд зөрүүгүй гэснийг шүүх үнэлэхдээ “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй. ...” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн нотлох баримтаар тооцохгүй байх баримтыг ашигласан нь 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.” гэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь О.Б- ямар байгууллагад, ямар албан тушаал хашдаг, өөрөөр хэлбэл ямар албан тушаалтан юм бэ гэдгийг нотолсон баримт хэрэгт хангалтай авагдаагүй байхад шүүх хэт нэг тал буюу яллах талыг барьж дүгнэж хууль зөрчсөн байна. Тэр ч байтугай шүүх тогтоолдоо: “...урьд хоёр удаа санаатай гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн...” гэж 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Гэтэл О.Б-ийн хоёр удаа урьд санаатай гэмт хэрэг үйлдсэн нь цаг хугацааны хувьд 2004 он байдаг ба энэ үед О.Б- нь дөнгөж 16 нас хүрч л байсан хүүхдийн гэнэн томоогүй, нийгэмшээгүй, төлөвшөөгүй цаг хугацаа. Гэтэл үүнийг хариуцлага тооцохдоо яллах үндэслэлээ болгоод байгаа нь хуульд нийцэхгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ бичих ёстой байтал бичээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-т шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэсэн. Гэвч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтууд болоод түүнийг үгүйсгэсэн үндэслэлийг огт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч би хохирогч М.М-аас: “...Танайх ямар хуулийн этгээд вэ гэхэд, хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд “***” нэртэй ломбард гэж, мөн ...Танайх ломбардын үйл ажиллагаа явуулаад ямар хугацаа болж байгаа вэ, тусгай зөвшөөрөлтэй юу гэхэд..., 1 жилийн зөвшөөрөлтэй.” гэсэн./хурлын тэмдэглэлд бий/ Эндээс дүгнэхэд энэ ломбардыг албан ёсны байгууллага гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн  8.3-т яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг зөрчсөн ба шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад яллагдагч /шүүгдэгч/ үйлдсэн хэргээ үнэхээр хүлээж байгаа эсэхийг ялгаж салгахын тулд яллагдагч /шүүгдэгч/-ийн мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан авч үзэх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байж чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...5490979 регистрийн дугаартай “Совор” гэдэг компанийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр энэ хэргийн хохирогч М.М- үүсгэн байгуулсан. 4774 кодтой барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахаар улсын бүртгэлийн гэрчилгээн дээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрсөн байдаг. Энэ нь Улсын бүртгэлийн газрын нийтэд нээлттэй байдлаар тавьсан мэдээлэл дотор байгаа учраас бид татаж харсан. Харин эргэлзээтэй болон эзэмшигч, өмчлөгчийн нэр, регистр, гүйцэтгэх удирдлагын талаарх  мэдээлэл зөрүүтэй байсан тохиолдолд улсын бүртгэлийн газраас албан ёсоор лавлагаа авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Хохирогч М.М- нь “Совор” компанийг 100 хувь эзэмшдэг учраас тэр компанийг төлөөлөхөд заавал итгэмжлэлээр төлөөлөх албагүй, хуульд ийм зохицуулалт одоогоор алга байна. “Совор” компанийн барьцаан зээлдүүлэх үйлчилгээний “*** нэртэй ломбардыг хариуцан ажиллахаар О.Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд ажлын байранд тавигдах шаардлага, эрх үүрэг, цалин хөлсний талаар дэлгэрэнгүй тусгагдсан байдаг. Гэрээ байгуулсныг яллагдагч болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байгаа. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар шүүгдэгч харилцагч, үйлчлүүлэгчдийн эд хөрөнгийн чанар байдал, өнгө үзэмж, эдэлгээнд нь өөрийн дүгнэлтийг дангаар гаргаж зах зээлийн үнэлгээнд тулгуурлан үнэлж шийдэх эрхийг нь хөдөлмөрийн гэрээгээр олгосон учраас О.Б-ийг шийдвэр гаргах эрх мэдэлтэй албан тушаалтан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн үндсэн шинж нь “бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулснаар төгсдөг” материаллаг бүрэлдэхүүнтэй. Анхан шатны шүүх үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нотлох баримтуудыг шинжлэн судалж, харьцуулан дүгнэснээр О.Б-ийн үйлдэлд гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн хууль ёсны үндэслэлтэй шийдвэр болсон. Гэрчид эрх, үүрэг тайлбарлахдаа хүчингүй болсон хууль тайлбарласан гэж шүүх хуралдааны явцад гаргаж байсанд миний зүгээс тайлбар хэлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа учраас давтаж хэлэх шаардлагагүй байх. Агуулгын хувьд илт зөрүү байгаагүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч О.Б-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүгдэгч О.Б- нь Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд салбар хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын 22.116.450 төгрөгийг хувьдаа зарцуулж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.М-ын “...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр О.Б- гэх хүнийг салбар хариуцсан ажилтнаар аваад ажиллуулж байсан. ...Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөө яваад нэг хоноод маргааш нь ирээд О.Б-ийн утас руу хоёр хоног залгаад утсаа авахгүй байсан. Тэгсэн нэг үйлчлүүлэгч “юмаа авмаар байна” гээд залгаад байсан. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “***” ломбардын байранд очиход цоожтой байсан, яваад орсон чинь барьцаанд тавьсан эд зүйл болон мөнгө хийдэг хоёр сейф онгорхой, түлхүүрийг нь зоогоод орхичихсон, хоосон байсан. ...Ломбардын программ дээр 26.000.000 төгрөгийн бараа байсан. Тооцоо хийгээд эд зүйлээ тулгахад 22.216.450 төгрөгийн мөнгөн дүнтэй бараа дутсан бөгөөд О.Б- нь байхгүй зээлдэгч хий бичиж, эсхүл эвдэрхий утас, notebook зэргийг цаас, цүнхэнд лацдаж үлдээсэн байсан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.Б-ийн ээжийн утас руу холбогдож байж О.Б-тэй уулзаад “энэ мөнгө төгрөг, эд зүйлүүд хаана байна” гэсэн чинь “би таны мөнгөөр тоглоод алдчихсан, буцааж өгнө” гэсэн. ...” /1хх 13-15/,

гэрч Ц.М-гийн “...манай нөхөр “***” гээд ломбарданд зээлийн мэргэжилтэн хийдэг. ...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр О.Б- над руу залгаад “би ажил руугаа тооллого хийлгэх гээд явж байна. Би харин ажлын мөнгө дутаачихсан” гэсэн тэгэхээр нь би “яг хэдийг” гэсэн чинь “10.000.000 гаруй төгрөг байхаа, сайн мэдэхгүй байна. Захирал цагдаад өгсөн гэж байна” гэж хэлсэн. ...” /1хх 29-30/,

О.Б-ийн яллагдагчаар өгсөн “...би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...Мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдсаны улмаас авсаар байгаад 22 сая төгрөгийн эд зүйл болон бэлэн мөнгө ломбарднаасаа авчихсан байсан. ...” /1хх 74-75/ гэсэн мэдүүлгүүд, “***” ломбардын зээл олгосон баримт /1хх 38-60/, “Совор” ХХК-ийн захирал М.М- шүүгдэгч О.Б- нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” /1хх 93-95/, О.Б-ийн Хаан банкны 5108019505 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 101-228/, тооцоо нийлсэн бүртгэл /1хх 229-231/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч О.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч О.Б- “***” ломбардын салбар хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, бэлэн мөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг үнэлж, нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолж тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. ...Ямар ч нотлох баримтгүйгээр албан тушаалын байдлаа ашиглаж гэж хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

 

Иймээс шүүх хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

 

Гэмт үйлдэл нь хүний идэвхитэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

 

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Шүүгдэгч О.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын салбар хариуцсан ажилтан байсан бөгөөд тэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх шинжид хамаарна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоожээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хөдөлмөрийн гэрээний /1хх 93-95/ үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, эд хөрөнгийг гувчуулсан арга зэргээс үзэхэд эдгээр нь албан тушаалын байдалтай нягт холбоотой болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, “***” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын салбар хариуцсан ажилтнаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулж өгсөн бусдын мөнгөн хөрөнгөөс тэрээр хууль бусаар хувьдаа авсан, түүнчлэн итгэмжлэлээр олгогдсон эрхийг урвуулан зээлийн төлбөрт төлөгдөх ёстой бусдын мөнгийг завшсан нөхцөл байдал нотлогдсон тул завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

 

О.Б-ийн эхнэр Ц.М-гээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мэдүүлэг авч, үүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэх гомдлын тухайд, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ц.М-гээс гэрчийн мэдүүлэг авахын өмнө мөрдөгч түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийг танилцуулан, мэдүүлэг өгөхөөс татгалзах эсэхийг асуухад тэрээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй гэснээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн мэдүүлэг авсан гэж үзэхээр байна. /1хх 29, 79/

 

Мөн шүүгдэгч О.Б-ийн өгсөн “...“***” барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 7 сард зээлийн мэргэжилтнээр ажилд орж, ломбардын ашиг болон үндсэн мөнгийг дутаахгүй, хувьдаа авч хэрэглэхгүй гэж байгууллагын захирал М.М-тай гэрээ хийсэн. ...Би гар утсаараа цахим мөрийтэй тоглоом тоглож мөнгөө дуусгаад байгууллагын мөнгөнөөс авч тоглоод алдсан. Байгууллагад учруулсан хохирлыг төлнө. ...” гэх мэдүүлгүүд агуулгын хувьд хоорондоо зөрүүгүйгээс гадна, түүний мэдүүлэг хэрэгт авагдсан “Совор” ХХК-ийн захирал М.М- шүүгдэгч О.Б- нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тооцоо нийлсэн бүртгэл зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг прокурорт буцаах талаар гаргасан шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд яллагдагч О.Б-ээс мэдүүлэг авахын өмнө эрхийг нь танилцуулж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эсэхийг асуухад, “өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлж мэдүүлэг өгсөн байх ба түүнийг ямар нэгэн байдлаар бусдын нөлөөнд автаж мэдүүлэг өгсөн, мөрдөгч түүнд эрхийг нь танилцуулалгүй хязгаарлаж, зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байх тул энэ ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн хохирогч, шүүгдэгч нар ломбардны зээл олгосон баримтуудыг үндэслэн тооцоо нийлж гарын үсэг зурсан байх бөгөөд 22.116.450 төгрөгийн хохирол учруулсан гэдэгт хэн аль нь маргаагүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч О.Б-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 45 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, О.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН17.4