Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/746

 

 

 

 

 2022              07            21                                        2022/ДШМ/746    

 

А.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаагийн гаргасан давж заалдах гомдлуудаар А.А-д холбогдох эрүүгийн 2006034930258  дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-, 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн,

2006 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2008 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 2 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            2012 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

2017 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар  сарын 22-ны өдрийн 637 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилсөн,

             2017 онд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

2019 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 370 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоож, уг ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

 

Шүүгдэгч А.А- нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр “******" хотхоны ***тоотод иргэн Х.Ж-гийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Э-ыг жижиг өрөөнд оруулан хаалгыг нь цоожилж, гартаа хутга барьж “өмдөө тайл” гэж өмдийг нь тайлуулан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт,

Ц.Э-ыг “хувцсаа тайл” гэж маргалдан түүний нүд, уруул хэсэгт гараараа цохих, хүзүү болон бөгс хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

          2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн **** дугаар хороо, **** дугаар гудамжинд “Toyota passo” загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “чи манай дүүг зодсон байна” гэх шалтгаанаар О.Э-г архины шилээр шанаа, толгой, хүзүү, гарын сарвуу, зүүн нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдсон ба хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэргийг, “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4- т зааснаар оногдуулсан 7 /долоон/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 12 / арван хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 472 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хохирогч О.Э-, Ц.Э- нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын болон эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэрэгт гэм буруу дээрээ маргасан зүйл байхгүй. Хохирогч Ц.Э-д хүчингийн шинжтэй ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Гэрч нар бүгдээрээ намайг гэрчилдэг. Бүх зүйл тодорхой байхад миний эрх зүйн байдлыг дордуулан прокурор, шүүгчид нэг талыг барьж ялласанд маш их гомдолтой байна. Би өөрийнхөө өмдийг тайлаагүй, хохирогч руу янз бүрийн бэлгийн харьцаанд орохоор ямар нэгэн довтолгоо, үйлдэл хийгээгүй. Өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт огт хамааралгүй болохыг гэрчилж байсан. Хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үйлдэлд прокурор хэт нэг талыг баримталсан.  Би хэрэг болсон гэх “****** хотхон”-ы **** тоот Х.Ж-гийн гэрээс өөрийн хүслээр гарч явсныг Ж- болон түүний найз Ө.О- нар гэрчилнэ. Би Э-ыг хүчиндэх ямар ч сонирхол надад байгаагүй, биед нь хүрсэн зүйл байхгүй. Х.Ж- бид хоёрыг муудалцан зодолдоход Э- дундуур орж салгах гээд хутганд исгэгдсэн. Иймд хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...”  гэв.

 

Шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Б.Байгалмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А-г хохирогч Ц.Э-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн буюу хүчиндэхийг завдсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна. Учир нь, хохирогч Ц.Э-ын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...А.А- надтай бэлгийн харьцаанд огт ороогүй, харин хувцсаа тайл гэж дарамталсан. Миний ямар нэгэн эрхтэнд огт хүрээгүй бөгөөд надтай бэлгийн харьцаанд орох идэвхтэй үйлдэл хийгээгүй. Намайг хувцсаа тайлахаас өмнө болон хойно А- огт хувцсаа тайлаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх 34-35/

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйлгүй. Намайг хувцсаа тайл гээд миний нүүр лүү цохихоор нь би өөрөө өмд, дотоожоо тайлсан.Тэрнээс тэр миний хувцсыг тайлаагүй. А- намайг хүчиндэх оролдлого хийгээгүй, миний биед хүрээгүй, оролдоогүй, А- хувцсаа тайлаагүй. Гаднаас Ж-, О- хоёрыг өрөөнд орж ирэхэд А- гартаа хутга барьчихсан, надаас 1 метр гарангийн зайтай зогсож байсан. Өрөөн дотор байхад А- миний биеийн аль нэг хэсэгт хүрээгүй, бэлгийн харьцаанд орох шинжтэй үйлдэл огт хийгээгүй. ...” гэх мэдүүлэг /2хх 175-176/,

гэрч Х.Ж-гийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...намайг жижиг өрөөнөөс гаргасны дараа О-ын хамт буцаж жижиг өрөөнд орох хооронд 1 минут орчим л болсон байх. Бид хоёрыг өрөөнд ороход хаалга онгорхой түгжээгүй байсан. Өрөөнд ороход тэр хоёр лав бэлгийн харьцаанд ороогүй, тийм идэвхтэй үйлдэл хийгээгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ А- өмдөө тайлсан, нүцгэн байсан гэж мэдүүлсэн нь А-г дан майктай нүцгэн шахуу харагдсан болохоор нь л тэгж мэдүүлсэн байх. М-тай утсаар ярихын хувьд бол ярьсан. Гэхдээ би түүнд А- нь Э-ыг хүчиндэх гэж байгаад хутгалчихлаа гэж яриагүй. ...” гэх мэдүүлэг /2хх 178-180 /,

гэрч Ө.О-ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...намайг жижиг өрөөнд ороход А- босоогоороо зогсож байсан. Бэлгийн харьцаанд орох шинжтэй үйлдэл хийгээгүй. ...” гэх мэдүүлэг /2хх 182-184/

шүүгдэгч А- яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...надтай хамт хорих ял эдэлж байсан Ж-, О- нар нь намайг суллагдсаны дараа гэртээ урьсан. Би Ж-гийнд очоод Ж-, О- нартай архи пиво уугаад сууж байтал гаднаас Ж- Э- гэгч эмэгтэйг дагуулж ирээд түүндээ хамаг цаг заваа зарцуулаад намайг урьж ирүүлсэн хэрнээ хүн гэж тоохгүй жижиг өрөөндөө нөгөө эмэгтэйтэйгээ самуураад байхаар нь миний дургүй хүрээд тэр хоёрын өрөөнд ороод “наад хүүхнээ явуул эсхүл би явъя” гэж хэлээд тэр хүүхнийг явахгүй болохоор нь айлгаж явуулах гээд “өмдөө тайл” гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Эдгээрээс болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас дүгнэхэд, хэрэг учрал болсон гэх 2020 оны 08 дугаар сарын 11-ний орой Ж-гийн орон сууцны жижиг өрөөнд шүүгдэгч А- нь хохирогч Ц.Э-ыг “өмдөө тайл” гэж хэлснээс бусдаар бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж буюу хийхийг завдаж хохирогчийн биед огт хүрээгүй байна. Мөн А- хохирогч Э-тай жижиг өрөөнд хамт байх хугацаанд өөрийнхөө өмд хувцсыг тайлсан үйлдэл нь тогтоогдохгүй байна. А- “өмдөө тайл” гэж хохирогч Э-ыг Ж-гийн гэрээс айлгаж, хөөж явуулах зорилгоор хэлсэн үү? эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэх хийх зорилгоор хэлсэн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.

 Анхан шатны шүүх шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 07 жилийн хорих ял оногдуулсан ч уг хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийг хасаж шийдвэрлээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч А.А-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүгдэгч А.А- нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэр “******" хотхоны **** тоотод Х.Ж-гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Э-ыг жижиг өрөөнд Х.Ж-гийн хамт байхад нь Х.Ж-г өрөөнөөс түлхэж гарган Ц.Э-ыг “хувцасаа тайл” гэж баруун нүд, уруул хэсэгт нь гараараа цохиж, “өмдөө тайл” гэж өмдийг нь тайлуулан хүзүү болон бөгс хэсэгт хутгаар зүсэж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан,

Ц.Э-ын нүд, уруул хэсэгт гараараа цохих, хүзүү болон бөгс хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хүзүүд хатгагдаж зүсэгдсэн шарх, А.Саrotid судасны тасрал, баруун дээд шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн өгзгөнд зүсэгдсэн шарх, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, дух, зүүн гадна чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

          2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн**** дугаар хороо, **** дугаар гудамжинд “Toyota passo” загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “чи манай дүүг зодсон байна” гэх шалтгаанаар О.Э-г архины шилээр шанаа, толгой, хүзүү, гарын сарвуу, зүүн нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Э-ын “...Ж бид хоёр буйдан дээр ярилцаад сууж байтал А- их хэмжээгээр согтсон байдалтай Ж-д хандан “Би наад охиныг чинь орж ирснээс нь хойш тоочиглосон байсан” гэж хэлэхээр нь би тоглож байна гэж бодоод маазраад байж байтал А- гэнэт уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь Ж бид хоёр жижиг өрөө рүү ороод хаалгаа түгжээд хэвтэж байтал А- жижиг өрөөг онгойлгох гээд хаалга нүдээд байсан. Ж босоод жижиг өрөөний хаалгыг тайлтал А- Ж-ийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод “Чи зайл” гэж хэлэн жижиг өрөөнөөс түлхэж гаргаад хаалгыг түгжсэн. Тэгснээ над дээр ирээд “хувцсаа тайл” гэж хэлэхээр нь би “үгүй” гэж хэлэхэд намайг гараараа нэг удаа баруун нүд орчим цохисон. Өөдөөс нь эсэргүүцтэл бөгжтэй гараараа миний дээд уруул руу цохиж үүдэн дээд нэг шүд унаж хамар шүднээс цус гарч эхэлсэн. ...Тэгснээ над дээр ирээд “Өмдөө тайл” гэж хэлэхээр нь би айсандаа өмдөө тайлаад чанга дуугаар орилтол Ж найзынхаа хамт хаалга нүдсэн боловч А- хаалга нээхгүй байсан тул хаалгыг цөм цохиод ороод ирсэн. Энэ үед би өмд болон дотуур өмдөө тайлчихсан орилоод газарт сууж байсан тул Ж А-ийн урдуур нь орж тэврээд арагшаа түлхсэн. А- Ж-г давуулаад хутгатай гараараа савсан. Миний хүзүүний зүүн хэсэгт хутгалсан тул их хэмжээний цус гарч хүзүүгээ баруун гараараа дараад хажуу тийшээ хэвтэхэд Ж “Хүн алчихлаа шүү дээ” гэж орилоод жижиг өрөөнөөс гараад явсан. ...А- надтай бэлгийн харьцаанд ороогүй. Харин хувцсаа тайл гэж дарамталсан. ... /1хх 31-35/

хохирогч О.Э-н “...уугаад сууж байтал хадам ах “та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм бэ? Чи миний дүүг зодсон байна” гэх зэргээр үг хаяад байхаар нь би өөдөөс нь “амьдрал зохиож байгаа хүмүүс хоорондоо маргалдах асуудал байна шүү дээ” гэж хэлэхэд баруун гараа зангидаж байгаад миний нүүр лүү гарынхаа ар хэсгээр нэг удаа цохихоор нь би доошоо тонгойтол дотроо архитай архины шилээр миний толгой руу цохих шиг болоод шил нь хагартал толгой руу хэд хэдэн удаа зоохоор нь би хоёр гараа толгой дээрээ тавиад хамгаалсан. Гаран дээр хэд хэдэн удаа зоосон. Хамгийн түрүүнд хадам аавд хэлье гэж бодоод тээврийн хэрэгслээ бариад 200 орчим метр яваад цааш тэнхэлгүй болоод ухаан алдчихсан. ...” /1хх 190-191, 194/,

гэрч А.М-н “...маргааш өдөр нь 13 цагийн орчим Ж- над руу утсаар залгаад "Өчигдөр шөнө та хоёрыг гэртээ харьсны дараа Э- над руу залгаад манай гэрт буцаж ирсэн. Тэгтэл А- Э-ыг хүчиндэх гэж байгаад уурлахаар нь хүзүү рүү нь хутгалчихсан” гэж хэлсэн. ...” /1хх 39-41/,

гэрч Х.Ж-гийн “...А- Э-ыг тэврэх гэх мэт үйлдэл хийгээд байсан бөгөөд Э- А-гээс айгаад над руу ойртоод байхаар нь би түүнийг жижиг өрөө рүүгээ оруулаад тэврээд хэвтсэн. Тэр үед А- жижиг өрөөний хаалгыг тогшихоор нь би нээтэл А- Э- руу уурлаж дайрч эхэлсэн. Би А-г Э-аас тэвэрч холдуулаад жижиг өрөөнөөс гаргаад хаалгаа түгжтэл А- хаалга өшиглөж орж ирээд баруун гартаа жижиг хутга, сэрээ хоёр барьчихсан надад хандан “Наад охиноосоо холд” гэхээр нь би “Чи зүгээр явуулчихаа хөгшөөн. Надад наад хутгаа өг” гэхэд хутгаа өгөхгүй байсан. Тэгснээ Э- дээр очоод нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Э- доошоо суухад А- Э-д хандан “Чамайг мэднэ шүү янхан минь” гэх мэт зүйлс ярихаар нь би түүнээс дахин “хутгаа тавьчих” гэж гуйсан. Тэгсэн А- хутгаа тавихгүй гараараа дахин Э-ын нүүр лүү 2-3 удаа цохиж надад хандан “Чи гар” гэхээр нь би өрөөнөөс нь гараад О-ыг сэрээгээд буцаад жижиг өрөө ороход А- өмдөө тайлсан нүцгэн байдалтай харин Э- өмд нь тайлагдсан байдалтай газарт хэвтэж байсан. Би жижиг өрөөнөөс гараад О-ыг сэрээгээд буцаад тухайн газарт ороход нэг минут гаран болсон ба А- Э-тай бэлгийн харьцаанд ороогүй өмдийг нь тайлаад яг бэлгийн харьцаанд орох гэж байсан. ...Тэгэхээр нь Э- дээр очоод гараас нь татаад жижиг өрөөнөөс гарах гэж байтал А- Э-ын гараас татаад газар унагаасан. Тэгснээ өмднөөсөө дахин том хутга гаргаж ирээд над руу далайгаад “Чи холд п***а минь” гэхээр нь О- бид хоёр хутгаа тавьчих гэж гуйсан. Тэгтэл А- “Хутгаа өгчихвөл та хоёр намайг нийлээд зодчихно шүү дээ” гэж хэлээд Э- руу очоод нүүр хэсэгт нь цохиж унагаад дээр нь гарч суугаад хутгаа хүзүүн дээр тулгаад байсан. Би хажуу талаас нь очоод хутгыг нь бариад автал ирнээс нь бариад гараа үл ялиг зүссэн. Тэгсэн А- Э-ын хүзүү хэсэгт нь нэг удаа хутгаараа хатгасан. Э-ын хүзүү хэсгээс нь маш их цус гарч эхэлсэн тул би гараараа бариад байж байтал А- Э-ын бөгс хэсэг рүү дахин нэг удаа хутгаараа хатгасан. Тэгтэл хажуу талаас нь О- А-г тэврээд холдуулсан. ...” /1хх 44-47/,

гэрч Ө.О-ын “...том өрөөнд унтаж байтал Ж- ирээд намайг хөөе гээд татахаар нь би сэрээд яав, юу болов гэсэн чинь тэр “А- хутга бариад намайг ойртуулахгүй, ойртвол ална шүү гээд байна” гэж хэлсэн. ...А- хутгаа гартаа барьчихсан бид хоёрыг ойртуулахгүй байсан. ...Харин тэр эмэгтэй тухайн үед дээгүүрээ цамц байсан уу футболк өмссөн доогуураа өмд нь хөлнийхөө шилбэ хүртэл тайлагдсан байдалтай байсан, дотоожтой байсан эсэхийг нь би одоо санахгүй байна. ...А-г тэр өрөөнөөс гарсны дараа Ж- бид хоёр тэр өрөө рүү дахиад гүйгээд орсон чинь нөгөө охин шалан дээр хэвтчихсэн хүзүүнээс нь цус гараад шалан дээр гоожиж байсан. ...” /2хх 183/,

насанд хүрээгүй гэрч С.С-ийн “...үл таних эрэгтэй, толгой нь нил цус болчихсон, толгойгоо ноосон цамцаар ороож боочихсон хүн орж ирээд “ахдаа туслаач, ах нь танайд тог /тог цахилгаан/ өгдөг ах нь байна, ахыг нь хүн зодоод алах гээд байна, цагдаа дуудаад өгчих” гэхээр нь би “эмнэлэг дуудчихъя” гэсэн чинь “ахын дүү зүгээр цагдаа дуудаад өгчих, ах нь хутгалуулчихаад үхэх гээд байна шүү дээ” гэж хэлэхээр нь би өөрийн 85727890 дугаартай утаснаас цагдаагийн 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн...” /1хх 195-196/,

гэрч А.О-ийн “..гэмтлийн эмнэлэг дээр иртэл О.Э-н толгой, гар, хүзүүг авах зүйл байхгүй болтол нь шилээр зүсчихсэн байсан. Миний ах А.А- нөхрийг минь ингэж зодсонд маш их гомдолтой байна. ...” /1хх 197-200/,

А.А-гийн яллагдагчаар өгсөн “..сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 88-89/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Ц.Э-ын биед хүзүүд хатгагдаж зүсэгдсэн шарх, А.Саrotid судасны тасрал, баруун дээд шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн өгзгөнд зүсэгдсэн шарх, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, дух, зүүн гадна чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Батлах хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай дүгнэлт /1хх 49-52/,

“...О.Э-н биед зүүн шанаа, баруун чамархай, дагзны хуйх, шилэн хүзүү, хоёр сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шанаа, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 927 дугаартай дүгнэлт /1хх 216-217/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-18, 169-178/,нийт 34 см урттай, 20 см урттай, 3 см өргөнтэй, De Xing Stainless steel High-grade cutlery 3Cr13 гэсэн бичвэр бүхий иртэй, 14 см уртай хар алаг бүрээс бүхий иштэй 1 ширхэг  хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 28/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.А- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч А.А-гийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Э-ыг хүчиндэхийг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар, Ц.Э-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, хохирогч О.Э-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нар “...хохирогч Ц.Э-ыг хүчиндэхийг завдсан үйлдэл огт хийгээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа төгс татгалзах гэдэг нь гэмт хэрэгт завдсан этгээд гэмт санаагаа болон төлөвлөсөн үйлдлээ хэрэгжүүлэхэд ямар ч саадгүй, бүх талаар боломжтой гэдгийг ойлгож байгаа хэр нь иргэн, нийгэмд өөрийн хортой гэмт ажиллагаа, түүнээс гарах үр дагаврыг ухамсарлан ойлгосон, өрөвч, хүнлэг сэтгэл гаргасан зэрэг шалтгаанаар гэмт хэргээ туйлд нь хүргэхийг гадны ямар нэг нөлөөгүй, өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураараа бүрмөсөн, эргэлт буцалтгүй орхисон байхыг хэлнэ.

 

Харин гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг нь төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй юм.

 

Шүүгдэгч А.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Э-ыг жижиг өрөөнд Х.Ж-гийн хамт байхад гаднаас орж ирэн Х.Ж-г өрөөнөөс түлхэж гарган Ц.Э-ыг “хувцасаа тайл” гэж баруун нүд, уруул хэсэгт нь гараараа цохиж, “өмдөө тайл” гэж өмдийг нь тайлуулан хүзүү болон бөгс хэсэгт хутгаар зүсэж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь хохирогч Ц.Э-, гэрч А.М-, Х.Ж-, Ө.О- нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч нь Ц.Э-д хүч хэрэглэн “хувцсаа тайл” гэж дайрч, гараараа нэг удаа баруун нүд орчим, мөн бөгжтэй гараараа дээд уруул руу нь цохиж, хутга барин “өмдөө тайл” гэж хэлсэнд хохирогч Ц.Э- нь айсандаа өмд болон дотуур өмдөө тайлж чангаар орилох үед гэрт байсан Х.Ж-, Ө.О- нар орж ирснээр гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй байна.

Шүүгдэгч бусдыг хүчиндэхийг чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн боловч төгсөөгүй нь хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөтэй шууд холбоотой байх тул А.А-гийн энэ үйлдлийг урьд хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан хүн дахин хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж анхан шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулсаныг буруутгах, эсхүл өөрчлөх дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасах үндэслэлд шүүгдэгч А.А-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг хамаарч байх тул анхан шатны шүүхээс тухайн зүйлд зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж 5 жил болгон өөрчлөх үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан шүүгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Харин анхан шатны шүүх А.А-д холбогдох хэргийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2022/ЕШЗ/819 дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч А, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С, Ө нарыг томилсон шийдвэрийг албажуулсан /3хх 21/ атлаа 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн шүүгч А, М нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Ерөнхий шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ЕШЗ/990 дугаартай “шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжийг шүүгч А-ийн нэрээр гаргасан, гарын үсэг зуруулж, тамга дарж албажуулаагүй, “Ерөнхий шүүгчийг түр эзгүйд орлон ажиллах шүүгчийг томилох тухай” шийдвэр хэрэгт авагдаагүй байна. /3хх 77/

 

Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ. 

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй  байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн гаргасан давж заалдах гомдлын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан “...хохирогч Ц.Э-ыг хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдээгүй. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.А-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 59 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 5 /тав/ жилийн хорих ял оногдуулсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар А.А-д оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-гийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН