Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00861

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00861

Х аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хэргийн индекс 155/2024/00554/И/

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын Мандал багийн Сантын 3-33 тоотод оршин суух, Гөрөөчин Д-ын Э,

Хариуцагч: Х аймгийн Т сумын Мандал багт байрлах Т Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2,504,082 (хоёр сая таван зуун дөрвөн мянга наян хоёр) төгрөг гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,

Хариуцагчийн төлөөлөгч: Г.Б,

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Т Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2,504,082 (хоёр сая таван зуун дөрвөн мянга наян хоёр) төгрөг гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие Х аймгийн Т сумын Т Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий нягтлан бодогчоор 2021 оны 12 сараас эхлэн томилогдон ажиллаж байсан. Тухайн хугацаанд миний бие ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй . Гэтэл намайг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хууль бусаар ажлаас халсан. Тухайн хугацаанаас өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг гаргуулж авахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Намайг ажиллаж байх хугацаанд хоёр удаа аудитын шалгалт ирээд шалгаад явсан. Хариуцагчийн төлөөлөгч Г.Б Т сумын Ардчилсан намын дарга нэртэй, энэ нэрээрээ Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын ажлыг 2023 оны 9 дүгээр сараас эрхлэх болсон. Ажилд орсон цагаасаа намайг өмнөх захирлын хүн, мөнгө төгрөг идэж уусан гэж дарамталдаг байсан. Ингэж дарамталсаар байгаад 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халсан. Тухайн хугацааг хүртэл би маш их сэтгэл зүйн дарамтад байдаг байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь намайг байнга мөнгө төгрөг идэж уусан гэсээр байгаад хоёр удаа аудитын шалгалт оруулсан ба эхний аудитын шалгалтаар сахилгын болон санхүүгийн ноцтой зөрчил над дээр гараагүй. Харин бага сага гарын үсгийн дутуу зөрчлүүд бол байсан. Гэхдээ тухайн гарын үсэг дутуу зөрчил нь нэгдүгээр гарын үсэг биш ажилчдын гарын үсэг байсан. Энэ нь ямар учиртай юм гэхээр буяны ажилд мөнгө хураалгахаар болоод ажилчид тухайн үед гар дээрээ мөнгөгүй байсан учир бид нар ярилцаж байгаад урьдчилгаа олгоод буяны ажилд өгч байсан. Үүнийг аудитын шалгалтаар ийм зүйл байж болохгүй гэж тайлбарласан, би энэ алдаагаа зассан боловч намайг мөнгө идсэн гэж хариуцагчийн төлөөлөгч дарамталдаг.

Өмнөх захирлаар ажиллаж байсан н.Б гэх хүн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн тогтоолд 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар гэж заалт оруулсан байсан ба энэ нь тухайн байгууллагад 5-8 жил ажилласан бол үндсэн цалинтай тэнцэх 3 сарын тэтгэмж олгохоор заасантай холбоотой. Үүний дагуу би н.Бод тэтгэмж олгосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б болон ТУЗ-өөс намайг н.Б гэх хүнтэй хуйвалдаж, санхүүгийн зөрчил гаргасан гэж үзсэн. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 52 тоот тушаал гаргаж, тус байгууллагын ТУЗ-өөс манай суманд ажилласан зардал гэх 350,000 төгрөгийг өөрийн нарийн бичиг Ө.У гэх хүний данс руу шилжүүлж авсан. Энэ асуудлаар намайг ТУЗ-ийн хурал дээр энэ олон жил байгууллагын нягтлан хийчихээд суманд томилолтоор ажиллах зардал хэд байдгийг ч мэдэхгүй нягтлан байдаг юм уу гэж хэлсэн байсан. Би тухайн 350,000 төгрөгийг гаргаж өгөхөөсөө өмнө анхан шатныхаа баримтыг, удирдамжийг аваад ир, түүний дараагаар олгоно гэж хэлсэн боловч үүнийг тоолгүй 350,000 төгрөгийг гаргуулсныхаа дараа намайг үндэслэлгүй мөнгө олгосон гэж ажлаас халах нэг үндэслэл болсон. Би яг ямар үндэслэлээр ажлаасаа халагдсан талаараа одоо ч сайн мэдэхгүй байгаа. Хэргийн материалтай танилцахад дээрхи үндэслэлүүдийг бичсэн байсан. Би 2024 оны 4 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод биеэ үзүүлэхээр эмнэлэгт цаг авчихсан байж байгаад хариуцагчийн төлөөлөгчид чөлөө авах өргөдлөө бичээд очиход өө тэгэлгүй яахав, та яв яв гэж хэлсэн. Ингээд Улаанбаатар хот руу явж, ТУЗ-ийн хурал 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр болох талаар мэдээгүй байтал ТУЗ-ийн хурал явагдсан байсан. Улмаар намайг ТУЗ-ийг үл хүндэтгээд ирээгүй гэж тэмдэглэл дээрээ бичсэн байсан. Би байнга гүтгэгдэж байгаа хүн.

Иймд Т нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Г.Бгийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж байгаа тул намайг Т Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 2,504,082 төгрөгийг гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү...гэв.

Хариуцагч Т Нийтийн ахуйн үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компаний төлөөлөгч Г.Б 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.Э нь Х аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаад захирлын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 69 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Д.Энх- Амгалан нь нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлж, удаа дараа санхүүгийн зөрчил гаргасан болох нь Х аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/561 тоотоор хүргүүлсэн Т сумын нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн Захирлын ирүүлсэн хүсэлт, завсрын аудитын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн хяналтын тайлан, 67/А2270648 дугаартай Төлбөр барагдуулах тухай акт, Х аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Х аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/257 тоот дүгнэлт, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 81/А2270439/ХӨА-2024/16/НА-СТА-ОНА, 82/А2270439/ХӨА-2024/16/НА-СТА-ОНА дугаартай Төлбөр барагдуулах тухай актууд, мөн өдрийн 57/А2270439/ХӨА-2024/16/НА-СТА-ОНА дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлага зэргээр тогтоогддог.

Түүнчлэн компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг алдаатай батлуулах, гүйцэтгэх захирлын буюу 1 дүгээр гарын үсэггүйгээр гүйлгээ хийх, өмнөх захирлыг ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш гарын үсэг зуруулж гүйлгээ хийлгэх, намайг захирлаар томилогдсоноос хойш интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг надад өгөхгүй байх зэргээр нягтлан бодогчийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёстой Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжууд, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчиж ажиллаж байсан. Түүнчлэн ажиллаж байх хугацаандаа ажилчдын цалингаас үндэслэлгүй суутгал хийж байсан тухай өргөдлүүдийг ажилчдаас ирүүлсээр байна.

Түүний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа гаргасан алдаа дутагдал, зөрчлийн талаар өөрт нь удаа дараа сануулж, хэлж, зөвлөсөн боловч дахин дахин зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын зүгээс Т сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төв ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгох саналыг хүргүүлсэн. ТУЗ-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар компанийн санхүүгийн болон аудитын тайланд илэрсэн зөрчлийн талаар хэлэлцээд нягтлан бодогчид арга хэмжээ авахыг зөвлөсөн. Ингэснээр Д.Энх- Амгаланг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн болно.

Д.Э нь нэхэмжлэлдээ ...миний бие ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Х аймгийн Т сумын НАҮТ-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.1-д зааснаар сануулах арга хэмжээ авагдаж байсан бөгөөд өмнөх арга хэмжээг авснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа тул түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд ТУЗ-ын хурал хэзээ болохыг мэдэгдээгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр болох ТУЗ-ийн хурлын тов, хэлэлцэх асуудлыг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга албан ёсоор мэдэгдсэн, би өөрөө ч хэлж байсан боловч нятлан бодогч өөрөө хуралд оролцоогүй.

Х аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тушаал нь хууль ёсны бөгөөд үнлэслэл бүхий тушаал болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Т Нийтийн ахуйн үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компаний төлөөлөгч Г.Б 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Т Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-с ажилгүй байсан үеийн цалин олговорт 2,504,082 төгрөг гаргуулж, Д.Э надад олгож, тус аймгийн Нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь манай компанийн зүгээс Д.Эг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжпэлийг шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Х аймгийн Т сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд ажиллаж байгаад 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 27 дугаар тогтоолын дагуу 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Х аймгийн Т нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 27 дугаар тогтоолоор Х аймгийн Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, тус компанийн гүйцэтгэх захирал н.Б нарт ТУЗ-өөс хариуцлага тооцон ажиллах тухай тогтоол гарсан байдаг. Үүний дагуу Х аймгийн Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Быг ажлаас чөлөөлсөн. Ингээд аймгийн Иргэдийн төлөөлөгчийн Хурал болон ТУЗ-ийн хурал болж, Х аймгийн Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайлан хангалтгүй үнэлэгдсэн ба ямар шалтгааны улмаас ингэж үнэлэгдсэн асуудлыг шийдвэрлээрэй гээд намайг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Би ажлаа хүлээж аваад тус компанийн албан хаагчид болон эд зүйлстэй танилцсан. Ингэхэд тодорхой хэмжээний асуудлууд илэрсэн бөгөөд уг асуудлыг миний бие ТУЗ-ийн хуралд танилцуулсан. Ямар ямар асуудал илэрсэн юм бэ гэвэл 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар өмнөх захирал н.Бод үндэслэлгүйгээр мөнгө олгосон, н.Бод 1,088,000 төгрөгийн цалинг давхцуулан олгосон болох нь тогтоогдсон. Ажилчдаас тодорхой хэмжээний гомдол ирсэн байсан. Үүнийг ТУЗ-ийн хуралд танилцуулсан ба дээрхи асуудлыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаар ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. Ингээд ТУЗ-өөс надад нэхэмжлэгчид хариуцлага тооцох болон төрийн аудитын шалгалт оруулах тухай зөвлөмжийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор төрийн аудитын шалгалт ирсэн ба хэргийн материалд аудитын шалгалтын дүгнэлт бүгд авагдсан байгаа. Нэхэмжлэгч нь санхүүгийн алдаа гаргаж байсан болох нь төрийн аудитаас 23 зөрчилд тавьсан актуудаар тогтоогдож байдаг. Мөн дээд албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 1,088,000 төгрөгийг олгосон, Х аймгийн Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-нд ажиллаж байсан н.Сүхбат гэх хүнд ээлжийн амралтын эрх үүсээгүй байхад 238,271 төгрөгийн амралтын нөхөн олговрыг олгосон болох нь аудитын шалгалтаар илэрсэн. ТУЗ-ийн хурлаас удаа дараа нэхэмжлэгчид ажлын хариуцлагатай ажиллах талаар зөвлөмж өгч байсан боловч нэхэмжлэгч нь уг зөвлөмжийн дагуу ажиллаагүй. Ингээд 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ТУЗ-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот Х аймгийн Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн ТУЗ-ийн хуралдааны дарга, гишүүд нарын оролцсон хурлаар шийдвэрлэгдсэн асуудлаар ажил үүргийн дагуу нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байгаа. Мөн төрийн болон жилийн эцсийн аудитын дүгнэлтээр 4 ажилчин дээр акт тавиулж, нөхөн төлбөр төлүүлсэн, тухайн байгууллага дээр 22 төрлийн алдаа дутагдал илэрсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь Шилэн дансны тухай хуулийг зөрчиж, шилэн дансны шивэлтийг хийгээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн болох нь аудитын дүгнэлт, ТУЗ-ийн тайлбар зэргээс тодорхой харагдаж байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тушаал, ХААН банкны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0877702 дугаар, 000656163042 дугаар, 5450061 дүгээр Шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШЗ2024/01729 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Х аймгийн Т сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/369 дүгээр албан бичиг, Х аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоол, Т Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 52 дугаар тушаал, Х аймгийн Т сумын Т Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34146643 дугаар Шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудын хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Бүртгэлийн дугаар 0221 итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж, өмгөөлөгчөөрөө оролцуулах тухай хүсэлт зэрэг баримтуудыг,

Хариуцагч нь Т нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1711009040 дүгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолын хуулбар, түүний хавсралт, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаар, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 124 дүгээр хариу тайлбарууд, Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолын хуулбар, Т нийтийн аж ахуй үйлчилгээний төв ХХК ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 05 сарын 16-ний өдөр гэсэн дардас дарагдсан Т нийтийн аж ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотоод журам, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тушаал, Х аймгийн Т сумын Т Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлүүд, Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн ТУЗ-ийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 02 хавсралтууд, Х аймгийн Т сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төв ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаар албан бичгүүд, Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 30877702 дугаар, 5450061 дүгээр, 000656163042 дугаар Шилжүүлгийн мэдээлэл, Х аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар албан бичиг, Х аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/561 дүгээр албан бичиг, Х аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/257 дугаар Хараат бус аудиторын дүгнэлт, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 81/А2270439/ХӨА-2024/16/НА-СТА-ОНА, 82/А2270439/ХӨА-2024/16/НА-СТА-ОНА дугаар Төлбөр барагдуулах тухай актууд, 82/А2270439/ХӨА-2024/16/НА-СТА-ОНА дугаар актын хавсралт, 57/А2270439/ХӨА-2024/16/НА-СТА-ОНА дугаар Зөрчил арилгах тухай, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 67/А2270648 дугаар Төлбөр барагдуулах тухай актууд, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн Захирлын ирүүлсэн хүсэлт, завсрын аудитын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн хяналтын тайлан, Си Пи Ти Эй аудит ХХК-ийн тус компанийн 2023 оны жилийн эцсийн санхүүд хийсэн Санхүүгийн тайлангийн аудит, Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар тогтоол зэргийн хуулбар зэрэг баримтуудыг тус тус гарган өгчээ.

Шүүх нэхэмжлэгч Д.Эгийн хүсэлтээр Т нийтийн ахуйн үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компаниас тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 06 тоот Компанийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тогтоол, Т нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 52 тоот тушаал зэрэг баримтуудыг гаргуулж,

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн хүсэлтээр У.Очироос гэрчийн мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Э нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Миний бие Х аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий нягтлан бодогчоор 2021 оны 12 сараас эхлэн томилогдон ажиллаж байсан. Тухайн хугацаанд миний бие ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хууль бусаар ажлаасаа халагдсан. Тухайн хугацаанаас өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Намайг ажиллаж байх хугацаанд хоёр удаа аудитын шалгалт ирж, шалгаад явсан. Хариуцагчийн төлөөлөгч Г.Б Т сумын Ардчилсан намын дарга нэртэй, энэ нэрээрээ Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын ажлыг 2023 оны 9 дүгээр сараас эрхлэх болсон. Ажилд орсон цагаасаа намайг өмнөх захирлын хүн, мөнгө төгрөг идэж уусан гэж дарамталдаг байсан. Ингэж дарамталсаар байгаад 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халсан. Тухайн хугацааг хүртэл би маш их сэтгэл зүйн дарамтад байсан. Хариуцагчийн төлөөлөгч нь намайг байнга мөнгө төгрөг идэж уусан гэсээр байгаад хоёр удаа аудитын шалгалт оруулсан ба эхний аудитын шалгалтаар сахилгын болон санхүүгийн ноцтой зөрчил гараагүй. Харин бага сага гарын үсгийн дутуу зөрчлүүд байсан. Гэхдээ тухайн гарын үсэг дутуу зөрчил нь нэгдүгээр гарын үсэг биш ажилчдын гарын үсэг байсан. Энэ нь буяны ажилд мөнгө хураалгахаар болж ажилчид тухайн үед гар дээрээ мөнгөгүй байсан учир бид нар ярилцаж байгаад урьдчилгаа олгон буяны ажилд өгч байсан. Үүнийг аудитын шалгалтаар ийм зүйл байж болохгүй гэж тайлбарласан ба энэ алдаагаа зассан боловч намайг мөнгө идсэн гэж хариуцагчийн төлөөлөгч дарамталдаг.

Өмнөх захирлаар ажиллаж байсан н.Б гэх хүн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн тогтоолд 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар гэж заалт оруулсан байсан ба энэ нь тухайн байгууллагад 5-8 жил ажилласан бол үндсэн цалинтай тэнцэх 3 сарын тэтгэмж олгох заалт байсан. Үүний дагуу би н.Бод тэтгэмж олгосон боловч хариуцагчийн төлөөлөгч Г.Б болон ТУЗ-өөс намайг н.Б гэх хүнтэй хуйвалдаж, санхүүгийн зөрчил гаргасан гэж үзсэн. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 52 тоот тушаал гаргаж, тус байгууллагын ТУЗ-өөс манай суманд ажилласан зардал гэх 350,000 төгрөгийг өөрийн нарийн бичиг Ө.У гэх хүний данс руу шилжүүлж авсан. Энэ асуудлаар намайг ТУЗ-ийн хурал дээр энэ олон жил байгууллагын нягтлан хийчихээд суманд томилолтоор ажиллах зардал хэд байдгийг мэдэхгүй нягтлан байдаг юм уу гэж хэлсэн байсан. Би тухайн 350,000 төгрөгийг гаргаж өгөхөөсөө өмнө анхан шатныхаа баримтыг, удирдамжтайгаа аваад ир, түүний дараагаар олгоно гэсэн хэлсэн боловч миний үгийг тоолгүй 350,000 төгрөгийг гаргуулсныхаа дараа намайг үндэслэлгүй мөнгө олгосон гэж ажлаас халах нэг үндэслэл болгосон гэж тайлбарлаж байгаа. Би яг ямар үндэслэлээр ажлаасаа халагдсан талаараа одоо ч сайн мэдэхгүй байна. Хэргийн материалтай танилцахад дээрхи үндэслэлүүдийг бичсэн байсан. Би 2024 оны 4 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод биеэ үзүүлэхээр эмнэлэгт цаг авчихсан байж байгаад хариуцагчийн төлөөлөгчид чөлөө авах өргөдлөө бичээд очиход өө тэгэлгүй яахав, та яв яв гэж хэлсэн. Ингээд Улаанбаатар хот руу явж, ТУЗ-ийн хурал 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр болох талаар мэдээгүй. Улмаар намайг ТУЗ-ийг үл хүндэтгээд ирээгүй гэж тэмдэглэл дээрээ бичсэн байсан. Би байнга гүтгэгдэж байгаа хүн...гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: ...Би ажлаа хүлээж аваад тус компанийн албан хаагчид болон эд зүйлстэй танилцсан. Ингэхэд тодорхой хэмжээний асуудлууд илэрсэн бөгөөд уг асуудлыг миний бие ТУЗ-ийн хуралд танилцуулсан. Үүнд 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар өмнөх захирал н.Бод үндэслэлгүйгээр мөнгө олгосон, н.Бод 1,088,000 төгрөгийн цалинг давхцуулан олгосон болох нь тогтоогдсон. Мөн ажилчдаас тодорхой хэмжээний гомдол ирсэн байсан. Үүнийг ТУЗ-ийн хуралд танилцуулсан ба дээрхи асуудлыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. Ингээд ТУЗ-өөс надад нэхэмжлэгчид хариуцлага тооцох болон Төрийн аудитын шалгалт оруулах тухай зөвлөмжийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Төрийн аудитын шалгалт ирсэн ба хэргийн материалд аудитын шалгалтын дүгнэлт бүгд авагдсан байгаа. Нэхэмжлэгч нь санхүүгийн алдаа гаргаж байсан болох нь Төрийн аудитаас 23 зөрчилд тавьсан актуудаар тогтоогдож байгаа. Мөн дээд албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 1,088,000 төгрөгийг олгосон, Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-нд ажиллаж байсан н.Сүхбат гэх хүнд ээлжийн амралтын эрх үүсээгүй байхад 238,271 төгрөгийн амралтын нөхөн олговрыг олгосон болох нь мөн аудитын шалгалтаар илэрсэн. ТУЗ-ийн хурлаас удаа дараа нэхэмжлэгчид ажлын хариуцлагатай ажиллах талаар зөвлөмж өгч байсан боловч нэхэмжлэгч нь уг зөвлөмжийн дагуу ажиллаагүй. Ингээд Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн ТУЗ-ийн хуралдааны дарга, гишүүд нарын оролцсон 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэлд тусгаж, шийдвэрлэгдсэн асуудлаар ажил үүргийн хуваарийн дагуу нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Т нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байгаа. Мөн төрийн болон жилийн эцсийн аудитын дүгнэлтээр 4 ажилчин дээр акт тавиулж, нөхөн төлбөр төлүүлсэн, тухайн байгууллага дээр 22 төрлийн алдаа дутагдал илэрсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь Шилэн дансны тухай хуулийг зөрчиж, шилэн дансны шивэлтийг хийгээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн болох нь Аудитын дүгнэлт, ТУЗ-ийн тайлбар зэргээс тодорхой харагдаж байгаа... гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нэхэмжлэгч Д.Э нь Т Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан ба түүнийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигч энэ үйл баримттай маргаагүй, харин нэхэмжлэгч Д.Э нь нягтлан бодогчийн ёс зүйн алдаа, санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан, алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй эсэхтэй маргалаа.

Ажил олгогч буюу Т Нийтийн аж ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Г.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тушаалаараа ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байх ба Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн ямар зүйл заалтыг баримталж ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн, ажлаас халсан үндэслэл тухайн тушаалдаа тусгаагүй байна.

Дээрх зөрчлийн улмаас 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тушаал нь эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Зохигчийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан үеийн цалин олговорт 2,504,082 (хоёр сая таван зуун дөрвөн мянга наян хоёр) төгрөг гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаарх баримтаа хэргийн материалд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй.

Тодруулбал: Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх Д.Эг Т Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 2,504,082 төгрөгийг гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.2-т: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нь ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 2,504,082 төгрөгийг гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагтай компаниас нэхэмжлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т тус тус зааснаар Гөрөөчин Д-ын Эг Т Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 2,504,082 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар 55,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА