Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 475

 

МАГАДЛАЛ

2020-03-02                                                        475                                             

 

 

 

 

 

 

 

“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/00047 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э, Б.Т нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэг бусад зардалд     57 199 886 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг, хариуцагч Б.Э-ын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэжмлэгдсэн төлөөлөгч Т.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э, Б.Т нар нь 2018 оны 10 сарын 09-ний өдөр тус банктай ЗГ/ВСС181005037-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан 49 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 204 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авч мөн ЗБ/ВСС181005037-1-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-2204010688 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байр, 12 тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нар нь 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2019 оны 10 сарын 14-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд, үндсэн зээл      48 783 049,99 төгрөг, зээлийн үндсэн хүү 8 389 326,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 010,16 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 11 500 төгрөг байна. Хариуцагч нар графикийн дагуу төлбөрөө төлж зөрчлөө арилгасан тохиолдолд хуваарийн дагуу зээлээ төлөх боломжтой. 2019 оны 11 сарын 14-ний өдөр 4 800 000 төгрөгийг төлсөн. Зөрчлөө арилгахыг манай банкны зүгээс удаа дараа шаардаж байсан. 2018 оны 10 дугаар сард зээл авсан. 2018 оны 11 сард 216 000 төгрөг төлсөн. 2018 оны 10 дугаар сараас эхлэн зөрчил үүссэн. Зээл хүүгийн тооцооллоо хэрэгт өгсөн байгаа. Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, хариуцагч Б.Э, Б.Т нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 57 199 886,30 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан хариуцагч Б.Э-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204010688 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байр 12 тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байр, 12 тоот байрыг “ХХБ” ХХК-ийн ипотекийн зээлээр авсан. Ийм учраас төлж чадаагүй байрны зээл болох 9 540 333 төгрөгнөөс 4 800 000 төгрөгийг бэлэн тушаан үлдэгдэл 4 740 333 төгрөгийг 12 сарын 20-ноос 25-ны дотор төлөн үлдсэн зээлийг графикаар төлөх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Э, Б.Т нараас үндсэн зээл 43 983 049,99 төгрөг, зээлийн хүү 8 398 326,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 010,16 төгрөг, нийт 52 388 386,30 төгрөг, нотариатын төлбөр 11 500 төгрөг, бүгд 52 399 886,30 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Э, Б.Т нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол 1/ Б.Э-ын өмчлөлийн Г-000679483 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010688 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 419 949 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээл авсан хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 43 983 049,99 төгрөг болсон. Анх зээлийн гэрээг 2018 оны 10 сарын 09-ний өдөр байгуулж 16 жилийн хугацаатай 2034 онд зээлийн гэрээний хугацаа дуусахаар байгуулсан. “ХХБ” ХХК-тай байгуулсан гэрээнд шүүхэд хандахтай холбогдон гарсан зардлыг зээлдэгдэгч тал хариуцахаар гэрээ байгуулахдаа тусгаагүй байхад хариуцагч нараас 11 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд тус тус гомдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 18 510 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч Б.Э, Б.Тнарт холбогдуулан орон сууц барьцаалсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 57 199 886 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийг графикийн дагуу төлнө гэж маргажээ.

 

Б.Э, Б.Т нар нь “ХХБ” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “ХХБ” ХХК-иас 49 000 000 төгрөгийг, жилийн 18.60 хувийн хүүтэй, 2040 сарын хугацаатай зээлж, зээлдэгч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн, мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, Б.Э-ын өмчлөлийн Г-000679483 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010688 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 а байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“ХХБ” ХХК нь Б.Э, Б.Т нарт 2018 оны 03 дугаар сарын 18, мөн оны 03 дугаар сарын 29, 04 дүгээр сарын 08, 2019 оны 05 дугаар сарын     07-ны өдрүүдэд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлэхгүй бол гэрээ цуцлах тухайгаа мэдэгдсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн үлдэгдлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй. Хариуцагч нар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4 800 000 төгрөгийг төлж үлдэх мөнгийг 2019 оны 12 дугаар сарын 20-25-ны өдрийн дотор төлж, гэрээг цааш үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн боловч дурьдсан хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Иймд үндсэн зээл 48 783 049 төгрөг, зээлийн үндсэн хүү 8 398 326 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 010 төгрөг, нийт 57 188 386 төгрөг төлөх үүрэгтэйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 4 800 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үлдэх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

Мөн нотариатын төлбөрт 11 500 төгрөг төлснийг гэрээнээс татгалзсантай холбоотой үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан хохиролд тооцож хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Иймд хариуцагч Б.Э, Б.Т нараас нийт 52 399 886 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

“ХХБ” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох дээрх 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/00047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

 

                                                             Д.БАЙГАЛМАА