Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/748

 

 

 

 

 

    2022            07            21                                       2022/ДШМ/748  

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Ж.Б-,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2203000990189 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-, 1966 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,

 

Шүүгдэгч Ж.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын 204 дүгээр байрны урд замд “Тоуоta prius" загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж эсрэг урсгал сөрсний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ж.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн бүсчлэлээс 1 /нэг/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид сануулж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-гээс 1.375.685 /нэг сая гурван зуун далан таван мянга зургаан зуун наян тав/-н төгрөг гаргуулан хохирогч Г.О-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2017 онд баруун хөлөө гэмтээж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Одоо хувийн машинаараа аж амьдралаа залгуулдаг, 70 хувийн группт байдаг. Би хохирогч Г.О-д өгөх 1.375.685 төгрөгийг төлөхийн тулд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч хувийн машинаараа хүн такси үйлчилгээнд явах, мөн эмнэлэгт үзүүлэх зэрэг нөхцөл байдлыг  харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Прокуророос ялын санал гарахдаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох саналыг тавьсан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын 204 дүгээр байрны урд замд “Тоуоta prius" загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж эсрэг урсгал сөрсний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.О-г мөргөж, эрүүл мэндэд нь баруун умдаг ясны дээд салаа зөрүүтэй хугарал, зүүн чамархайд шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, чих, хүзүү, зүүн мөр, дал, баруун гуя, баруун зүүн өвдөг, шилбэ, зүүн шагайнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.О-гийн “...би цэнхэр машины жолоочид гараараа баярлалаа гэж дохичихоод цааш зам хөндлөн гарч байтал миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Намайг мөргөсөн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж яваад намайг мөргөсөн. ...” /хх 22-25/,

“...Г.О-гийн биед баруун умдаг ясны дээд салаа зөрүүтэй хугарал, зүүн чамархайд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, чих, хүзүү, зүүн мөр, дал, баруун гуя, баруун зүүн өвдөг, шилбэ, зүүн шагайнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2818 дугаартай дүгнэлт /хх 73-74/,

“...Жолооч Ж.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 “заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.О-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. ... “ гэх 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх 97/

“...цагаан өнгийн “Тоуоta prius" маркийн тээврийн хэрэгсэл явган зорчигчийг тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөж байгаа харагдана. ...” гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-19/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-13/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ж.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Б-гийн Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг зөрчсөний улмаас хохирогч Г.О-гийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн бүсчлэлээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тодорхой хэмжээний хохирлыг /4.300.000/ нөхөн төлж, цаашид хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаагаар гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгчийн хохирогчид төлсөн дүнг хасаж Ж.Б-гээс 1.375.685 төгрөгийг гаргуулан хохирогч Г.О-д олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Шүүгдэгч Ж.Б- нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулаагүй, хор уршгийг арилгаагүй, үлдэх хохирлыг хэзээ, ямар хэлбэрээр, аль эх үүсвэрээр, хэрхэн төлж барагдуулахаа нотлож чадаагүй тул торгох ялаар сольж өгөх тухай түүний гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ж.Б-гийн гаргасан торгох ялаар сольж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/457 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б-г Улаанбаатар хотын бүсчлэлээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН