Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2023/1092/З |
Дугаар | 128/ШШ2024/0157 |
Огноо | 2024-02-22 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0157
2024 02 22 128/ШШ2024/0157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Н******* Ө******* /РД:ИЭ*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Л.А*******
Хариуцагч: Эрүүл мэндийн яам
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.М*******, Ш.М******* нарын хооронд үүссэн “Эрүүл мэндийн яамны нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах” маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“Эрүүл мэндийн яамны нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах” гэж тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт тогтоолгох насанд хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж, уг хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/281-Ө дугаар албан бичгээр Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна” гэх хариуг өгчээ.
2.2.Эрүүл мэндийн яамны дээрх хариуг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н******* овогтой Ө******* миний бие 1972 онд З******* аймгийн У******* хотод төрсөн. Анх 1992 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж, З******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагчаар, 1993-1995 онд Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн төвд сувилагчаар, 1996 оноос эхлэн Эмгэг судлалын үндэсний төвд эд, эсийн шинжилгээний л-г мэргэжлээр ажилласан Миний бие эрүүл мэндийн салбарын хамгийн хүнд, хортой нөхцөлд нийт 27 жил тасралтгүй ажилласан бөгөөд ажлын хүнд орчин, нөхцөл, хортой бодис, урвалттай ажилладаг байсан учраас энэ нь эрүүл мэндэд нөлөөлж хүнд өвчин /бамба булчирхайн хорт хавдар/-өөр өвчилсөн. 2018 онд өвчин маань хүндэрч, бүрэн эдгэрч чадахгүй байсан ба тухайн үед өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэж байсан боловч өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байсан тул эрүүл мэндийн зайлшгүй хүндэтгэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад заасан хөдөлмөрийн хэвийн бус хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн даруйд Эмгэг судлалын үндэсний төвд хандсан ба байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №218 тоот тэтгэмжийг 2023 оны байгууллагын төсөвт суулгах өгөх тухай албан бичиг, 36 хуудас хавсралтын хамт Эрүүл мэндийн яамд хүргүүлсэн. Гэвч Эрүүл мэндийн яамнаас "нэг удаагийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй боломжгүй" гэсэн татгалзсан хариуг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 4.2-т ".... Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээг энэ журмын 2.1, 2.2, 2.3-т заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд.... Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 3.1-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 4.2, 4.3, 5.1-5.5-д заасныг баримтлан олгоно" гэж заасан. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох..." гэж заасан.
Миний бие эрүүл мэндийн салбарын хэвийн бус хүнд нөхцөлд 27 жил ажилласан бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаандаа бамбайн булчирхайн хорт хавдраар өвдөж, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч, хөдөлмөрийн хэвийн бус хүнд нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр анх удаа үүссэн. Гэсэн хэдий боловч дээрх хууль тогтоомжид заасан нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа нь миний Үндсэн хуулиар олгосон хуульд заасан эд, мөнгөний тусламж авах эрх, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг минь зөрчиж байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Эрүүл мэндийн яамд даалгаж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Н.Ө******* нь 1972 онд З******* аймгийн У******* хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд З******* аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилласнаас хойш, 1996 оноос хойш “Эмгэг судлалын үндэсний төв”-д эд, эсийн шинжилгээний л-г мэргэжилтнээр ажилласан. Эрүүл мэндийн салбарын хамгийн хүнд хортой нөхцөлд 27 жил тасралтгүй ажилласан байгаа. Ийнхүү 27 жил тасралтгүй ажиллах хугацаандаа нэг, хоёр удаагийн “Эрдэм шинжилгээний хурал”-д ховор тохиолдох тархины өвчнийг оношлох, ходоодны дуранг хеликобактерийг шимийн аргаар илрүүлэх гэдэг сэдэвт “Эрдэм шинжилгээний хурал”-д хоёр, гурван удаа нэгдүгээр байр эзэлж байсан. Түүнчлэн жуух бичиг, эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан хүндэт медалиар тус тус шагнуулж байсан байгаа. Мөн 27 жил эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2009 онд “Бамбай булчирхайн” хорт хавдар гэдэг онош тавигдсан байгаа. 2009 онд өвчлөөд жилийн дараа буюу 2010 онд ажлаас чөлөөлөгдсөн. 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай “Эмгэг судлалын үндэсний төв”-ийн даргын тушаал дээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Тухайн тушаалын нэгдэх хэсэгт хорт хавдраар өвчилсөн тухай дурдсан байдаг. Ингээд 2009 онд мэс засал хийлгээд 2015 онд дахин хорт хавдартай холбоотой мэс засал хийлгэсэн. 2016 он, 2017 онд 2 удаагийн химийн эмчилгээнд орж байсан байгаа. 2010 онд ажлаас чөлөөлөгдчихөөд 2011 онд дахин ажилд орох хүсэлт гаргаад 2011 оноос ажиллаж байсан байгаа. 2011 оноос 2018 оны хооронд ажиллаж явж байгаад 2018 онд биеийн байдал дордсон. Бие нь дордсон шалтгаан нь тухайн хорт хавдар нь бусад эд эрхтэнд үсэрхийлснээс болоод цааш ажиллах боломжгүй болоод өөрийн хүсэлтээр 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн нэхэмжлэгч маань хөдөлмөрийн чадвар алдалт 69%-иар алдсан гээд “Эмнэлэг магадлалын хөдөлмөрийн комисс”-оор тогтоосон байдаг. Ажлаас чөлөөлөгдөөд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Тэгээд холбогдох байгууллагад хандаад өндөр настны тэтгэврээ тогтоолгоод мөн “Эмгэг судлалын үндэсний төв”-д нэг удаагийн тэтгэмжээ авъя гэдэг хүсэлтэй гаргасан байдаг. “Эмгэг судлалын үндэсний төв”-өөс хүсэлт шилжүүлэх тухай 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 218 тоот албан бичгээр Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга н.Лувсанд хаягласан бичиг дээр тухайн нэхэмжлэгч Н.Ө******* нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Монгол Улсын нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу хэвийн бус, хортой нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон. Түүнчлэн Монгол улсын Эрүүл мэндийн салбарт 27 жил ажилласан учраас Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно, гэж заасны дагуу тэтгэмж авах хүсэлтийг гаргасан. Иймд нэг удаагийн тэтгэмжийг суулгаж өгнө үү гэсэн албан бичгийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байдаг. Гэвч Эрүүл мэндийн яамнаас “Эмгэг судлалын үндэсний төвд нэхэмжлэгч Н.Ө*******т холбогдох журамд заасан нөхцөл байдлыг хангаагүй байгаа учраас боломжгүй гэдэг хариуг өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд шаардаж байгаа хууль, эрх зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах; эрхтэй гээд заасан байгаа. Эрүүл мэндийн тухай хуульд Эрүүл мэндийн байгууллагын хүлээх үүргийг Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан байдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д эмнэлгийн мэргэжилтэнд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх; үүрэгтэй гэж заасан байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг заасан байдаг. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно, тэтгэвэрт гарах гэж заасан. Энэ нөхцөлийнхөө шалгуурыг Төрийн албаны тухай хуульд заасан үүнтэй холбоотой тогтооно гэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 60 дүгээр зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно, гэж заасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт бол төрийн албан хаагчтай холбоотой учир нийтлэг зохицуулалт байгаа.
Манай үйл баримтын хувьд Эрүүл мэндийн салбарын ажилтан тэр дундаа хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилтны эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбоотой асуудал байгаа учраас Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан зохицуулалт маань тусгай зохицуулалт гэж үзэж байна. Ингээд аваад үзэхээр Эрүүл мэндийн тухай хууль буюу тусгайлсан зохицуулалтаа аваад үзэхээр Эрүүл мэндийн тухай хуулиар, Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалтаар гээд заасан. Төрийн албаны тухай хуулийн харахаар холбогдох журмын дагуу, хуульд заасан зохицуулалтаар гээд заасан байгаа. Нарийвчилсан зохицуулалтаа аваад үзэхээр, мөн одоогийн журмын зохицуулалтаа аваад үзэхээр хариуцагчийн хариу тайлбар дээр байгаа өндөр настны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн гэдэг шалгууруудаа аваад үзэхээр энэ журамд заасан зохицуулалт нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан зохицуулалтад нийцээгүй буюу тухайн эрүүл мэндийн ажилтан нийгмийн баталгаа, эрх зүйн байдлыг нь дордуулсан зохицуулалт гэж үзэж байна. Журмын 4 дүгээр зүйл гэж байгаа бүтцийн хувьд нийтлэг үндэслэл 2 дахь үндэслэлд нь нэг удаагийн буцалтгүй тусламжид тооцогдох цалингийн дундаж хэмжээ, 4 дэх хэсэгт нь бусад хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгох гэж заасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс бусад хуульд заасан нэг удаагийн нэг удаагийн тэтгэмж олгох гэдэгт хамаарна гэж тайлбарлаж байгаа. Тус журмын зохицуулалтын 4 дүгээр зүйлийн 4.2-т, Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т тус тус заасан үйлчилгээний албан хаагч өндөр настны тэтгэвэрт гаргахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно гээд агуулгаар нь заасан. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаас 5.5-д заасныг баримтлан олгоно гээд заасан байгаа. Энэ зохицуулалтаар аваад үзвэл Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар олгоно гээд заасан. Тийм учраас журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д нийтлэг зохицуулалтад хамаарах өндөр настны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаардахгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар 25 жил болон түүнээс дээш жил ажилласан бол өндөр настны тэтгэвэрт гарахад нь гээд заасан учраас өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн буюу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр эхлэн тус нэг удаагийн тэтгэмж авах эрх нь үүссэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч маань өөрөө эрүүл мэндийн салбарт 27 жил ажилласан, хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилласан байна. 27 жилийн дараах нөхцөл байдал ямар байна гэхээр тэр хүнд нийгмийн баталгаа юу байна гэхээр юу ч байхгүй. Нийгмийн баталгаа авч чадаагүй, харин авсан зүйл юу гэхээр хорт хавдар авсан ийм л нөхцөл байдалтай байгаа. Тийм учраас Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа ялангуяа хэрэг маргааны хувьд болоод ирэхээр хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөл байдалд ажилладаг албан хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой асуудал яригдаж байгаа учраас нэг удаагийн тусламж ийм ажилтандаа чиглэгдэхгүй бол ямар ажилтанд чиглэгдэх юм гэдэг байр суурьтай байна. Тийм болохоор Монгол Улсын Эрүүл мэндийн яамны нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоогоод, 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно гэж, Төрийн албаны тухай хуулийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна.
Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. Засгийн газрын "Журам батлах тухай" 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2 3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө. Мөн журмын 5.3-т Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж журамласан. Нэхэмжлэгч Н.Ө******* нь 2018 онд ажлаас чөлөөлөгдөхдөө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд тухайн үед өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрээгүй 46 настай байсан байна. Дээрх хууль болон журамд заасан тэтгэмжийг өндөр насны тэтгэвэрт гарах нас болон ажиллах жилийн шаардлагыг хангасан хүн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ өгч төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Мөн Н.Ө*******ын өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудаст шимтгэл төлсөн нийт хугацааг энгийнээр тодорхойлж бодсон байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: манай өмнө хүргүүлж байсан хариунууд дээр 2018 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн буюу төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тусламж олгох журам тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэдэг үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бол өндөр настны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох эрх үүсэх хууль эрх зүйн зохицуулалттай. Тийм учраас Эрүүл мэндийн яам өндөр настны тэтгэвэрт гарахдаа авдаг мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй гэдэг хариуг үзээд байгаа. Мөн Н.Ө******* нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрснийхээ дараа өндөр настны тэтгэвэрт гарахдаа хортой нөхцөлөөр биш энгийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ийм баримт байдаг юм байлаа. Тэтгэвэр тогтоолтын хуудсанд шимтгэл төлсөн гэдэг баримт байгаа үүнийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байгаа. Жишээ нь нэхэмжлэгч Н.Ө******* ажиллах боломж байсан бол тухайн үед өвчнөө эмчлүүлчхээд ажиллах боломж нь байсан бол буцаад тухайн байгууллагадаа ороод нэг жил эсхүл хэдэн сар ажиллаж байгаад тэтгэмжээ төсөвт суулгуулаад ингээд тэтгэвэр тогтоолгох насандаа хүрэнгүүт тэтгэвэртэй гарсан бол тэтгэмж олдох боломж байдаг юм. Тэгэхээр энэ талаар мэдлэг дутмаг байж хууль зүйн зөвлөгөө авч байгаагүй юм байна гэдэг нь эндээс харагдаж байгаа. Хамгийн гол нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн байвал энэхүү тэтгэмжийг олгодог байгаа. Гэтэл Н.Ө******* нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй асуудал гарсан учраас мөнгөн тэтгэмж олгох боломжгүй байгаа юм.гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн маргаанд “төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг эдлэх эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Н.Ө******* нь З******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1992-1994 онд онд сувилагч, 1994-1996 онд Сэтгэцийн эмгэг судлалын албанд сувилагч, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Эмгэг судлал, шүүх эмнэлгийн төвд /тухайн үеийн нэрээр/ л, 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Эмгэг судлалын төвд гистологи лаар тус тус ажиллаж байжээ.
2.2.Эмгэг судлалын төвийн даргын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар тушаалаар Н.Ө*******ыг өвчилж /энэ талаар тушаалд тодорхой байгаа боловч хувь хүний нууцад хамаарах тул шийдвэрт бичих боломжгүй гэж үзлээ/, Нийгмийн даатгалын сангаас “хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж” авах хугацаа нь дуусан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрийн чадвар алдаж хөдөлмөрлөх боломжгүй учир төрийн албанаас түр чөлөөлсөн байна. /ХХ-ийн 85 дах тал/
2.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Н.Ө*******ыг өвчнөө илааршуулаад ажилдаа 2011 онд буцаж орсон гэж тайлбарласан бөгөөд Эмгэг судлалын төвийн даргын 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар тушаалаар Н.Ө*******ыг 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус төвийн лын албан тушаалд томилсноор тогтоогдож байна. /ХХ-ийн 86 дахь тал/
2.4.Н.Ө******* нь Эмгэг судлалын төвийн захиргаанд хандан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “хийлгэсэн, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай /энэ талаар мөн өргөдөлд тодорхой бичсэн боловч шийдвэрт дурдахгүй байх нь зүйтэй/ гэсэн тайлбарыг гаргаж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” байна. /ХХ-ийн 43 дахь тал/
2.5.Түүний хүсэлтийг үндэслэн Эмгэг судлалын төвийн даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар Н.Ө*******ыг үүрэгт ажлаас чөлөөлжээ. /ХХ-ийн 44 дэх тал/
2.6.Ийнхүү Н.Ө******* нь өвчтэй шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдсөн, 2022 онд тэтгэвэр тогтоолгох хүртэл уг өвчин одоог болтол илааршаагүй болох нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдлоо. /ХХ-ийн 95 дахь тал/
2.7.Нэхэмжлэгч Н,Ө******* 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50 насанд хүрч, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр, 24 жил, 01 сар, 03 өдөр ажилласан жилийг тооцож, тэтгэвэр тогтоолгосон болох нь Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар нотлогдсон. /ХХ-ийн 6 дахь тал/
2.8.Н.Ө*******ын эрхэлж байсан л-г ажлын байр нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөл болох нь түүнтэй байгуулсан 2004, 2005, 2008 оны гэрээнүүдэд “хэвийн бус” “хүнд” гэж тодорхойлсноор /ХХ-ийн 68-71 дэх талд/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар[1] баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Дөрөв дэх хэсгийн 28-д “..., гистологи, ..., г, ..., л, ....”-ийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулахаар зааснаар тус тус нотлогдсон.
2.9.Нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгосны дараа Эмгэг судлалын төвийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаартай дамжуулан Эрүүл мэндийн яаманд хандан “... Н.Ө*******т олгогдох нэг удаагийн мөнгөн тусламжийг төсөвт суулгуулах” хүсэлт гаргасан байна. /ХХ-ийн 3 дахь тал/
2.10.Эрүүл мэндийн яамны 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7/3664 дүгээр албан бичгээр Эмгэг судлалын төвд хариу болгон “... тусламжийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид олгоно, Н.Ө******* нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул тусламж олгох үндэслэлгүй” гэх агуулга бүхий хариуг өгч тусламж олгохоос татгалзжээ. /ХХ-ийн 21 дэх тал/
2.11.Мөн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/281-Ө дугаартай албан бичгээр Н.Ө*******т хандан мөн дээрх үндэслэлийг дурдан нэг удаагийн мөнгөн тусламжид хамрагдахгүй болохыг уламжилж буюу тусламж олохоос татгалзсан үйлдэл гаргасан /ХХ-ийн 20 дахь тал/ зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэжээ.
3.2.Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т 61.1.1.албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах; гэж заасан байдаг.
3.3.Эрүүл мэндийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь ..., эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 29 дүгээр зүйлийн 29.2-т эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа болгож “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж заасан байна.
3.4.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь нарийвчилсан зохицуулалттай хууль мөн тул эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх зохицуулалт Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр бол нарийвчилсан зохицуулалттай хуулийн энэхүү заалтыг баримтална.
3.5.Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг эрхийг тогтоосны дотор мөн зүйлийн 38.1.8-д “төрийн албанаас чөлөөлөгдөх” гэж, 46 дугаар зүйлийн 46.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас “түр” чөлөөлнө гээд мөн зүйлийн 46.1.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” бол гэж заажээ.
3.6.Нэхэмжлэгч Н.Ө******* нь өвчний улмаас, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон талаар өргөдөлдөө дурдаж, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1-т заасан төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт гэж үзэх ёстой.
3.7.Түүний өвчний улмаас ийнхүү чөлөөлөгдсөнийг Төрийн албаны тухай хуулийн 46.2 заасантай болон бусад иргэний өндөр цалин хөлс бүхий төрийн бус байгууллагад шилжин ажиллахаар чөлөөлөгдөх, өөр улс төрийн албан тушаалд очих, гадаад улсад ажиллаж амьдрахаар чөлөөлөгдөх зэрэг үйл баримттай адилтгаж үзэж болохгүй.
3.8.Учир нь өвчний улмаас ажил албан тушаалаа эрхэлж чадахгүй болсон нь түүний хувьд хүндэтгэн үзэх шалтгаан буюу давагдашгүй хүн зүйлд хамаарах тул ийнхүү Төрийн албаны тухай хуульд “түр чөлөөлөгдсөн” гэж үзэхээр хуульчилсан болно.
3.9.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1-т заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хүнийг төрийн албанд буцаж орох хүсэлт гаргасан бол төрийн албанд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд, энэ нь байхгүй бол түүнтэй дүйцэхүйц ажил албан тушаалд томилох үүрэг ажил олгогчид үүсдэг хууль зүйн үр дагавар бүхий зохицуулалт юм.
3.10.Иймд Н.Ө*******ыг өвчний улмаас чөлөөлөгдсөнийг “төрийн албанаас бүрэн чөлөөлөгдсөн гэж үзэхгүй бөгөөд түүний өвчтэй байсан хугацааг төрийн албан хаагчийн статустай гэж үзнэ.
3.11.Ийнхүү Н.Ө*******ын төрийн албанаас түр чөлөөлөгдсөн нөхцөл шалтгаан арилахгүй байсаар тэрээр 50 нас хүрч, хүнд нөхцөлөөр ажилласан тэтгэвэр тогтоолгох болзлыг хангаж, тэтгэврээ тогтоолгосныг Эрүүл мэндийн яам нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, ... хүсэлтээ гаргана” гэсэн шаардлагаас өөр гэж үзэж, түүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн гэж маргаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1, 46.2 дахь заалтуудыг явцуу утгаар буюу буруу тайлбарлаж тайлбарлаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг хэрэглээгүй хууль бус гэж үзлээ.
3.12.Өөрөөр хэлбэл, Н.Ө******* нь өвчний улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөлд түүнийг төрийн албанаас түр чөлөөлсөн нь тухайн шалтгаан нөхцөл арилсан тохиолдолд тэрээр төрийн албандаа буцан ажиллах эрх хадгалагдаж, тэрээр төрийн албанд ажиллах хүсэлт гаргасан бол түүнийг төрийн албанд буцаан томилж ажиллуулах үүрэг ажил олгогчид үүсэх учраас Н.Ө*******т үүсэн “төрийн албаны эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй” гэж үзэх эрх зүйн үр дагавартай юм.
3.13.Ийнхүү Н.Ө*******т үүссэн төрийн албаны эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй бол түүний эрх зүйн байдлыг төрийн албан хаагчтай адилтган үзэх болно.
3.14.Нөгөө талаас Н.Ө******* нь өвчний улмаас 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажил, албан тушаалдаа эрхэлж чадаагүй нь түүний төрийн албанд 24 жил, 1 сар, 3 хоног ажилласан үр дагаврыг үгүй болгох, түүнчлэн энэ үйл баримтыг төрийн албанаас бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн, халагдсан этгээдүүдтэй адилтгаж болохгүй бөгөөд ийм байдлаар төрийн алба хашсан эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөлийг үүсгэж болохгүй, энэ нь Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд заасан хүний “эрүүл мэндээ хамгаалуулах”, хөдөлмөрийн чадвар алдах тохиолдолд мөнгөний тусламж авах эрх” зэрэг суурь эрхийн зөрчил болно.
3.15.Өөрөөр хэлбэл, түүний өвчтэй байсан тохиолдол нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд төрийн албан хаагчийн эдлэх нэг удаагийн тусламж авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, энэ нь “шударга ёсны” зарчим огт нийцэхгүй гэж үзлээ.
3.17.Түүнчлэн Эрүүл мэндийн яам нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1-д заасныг хэрэглэх боломжгүй гэж өөрсдөө үзсэн бол Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар түүнд буцалтгүй тусламжийг олгох эрх хэмжээ байсан.
3.18.Тодруулбал, хариуцагч Эрүүл мэндийн яам нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “... нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж заасан учраас Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар
тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад
нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баримтална. Уг журамд төрийн албанаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн бол нэг удаагийн тусламж олгохоор журамласан” гэж няцаасан нь хуульд нийцээгүй гэж үзлээ.
3.19.Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар
тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад
нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.1-т “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэж заасан нь уг харилцааг төгс зохицуулсан журам гэж үзэхээргүй байна.
3.20.Учир нь уг журмаар Н.Ө*******ын нэг адил төрийн албан харилцаа нь бүрэн дуусгавар болоогүй “өвчний улмаас түр чөлөөлөгдсөн иргэний асуудлыг зохицуулаагүй орхисон” байгаа тул журмаар зохицуулаагүй гэдэг үндэслэлээр Н.Ө*******ыг Төрийн албаны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн тогтоосон “төрийн албан хаагчийн баталгаа”-аас гадуур үлдээж болохгүй.
3.21.Иймд шүүх нь журмаар зохицуулаагүй харилцааг Төрийн албаны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан шийдвэрлэх эрх хэмжээтэй учраас эдгээр хуулийг баримтлан шийдвэрлэж байна.
3.22.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар 60.1-т заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно” гэснийг шүүх явцуу утгаар нь бус, өргөн утгаар дараахь байдлаар тайлбарлан хэрэглэж энэхүү маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.23.Хуулийн уг заалтын “төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол” гэдгийг төрийн албанаас өвчний учраас “түр” чөлөөлөгдөж, төрийн албанд орох эрх нь хадгалагдаж байгаа этгээдийн өвчний шалтгаан нь арилаагүй байхад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албан хаагчийн нэгэн адил эрх эдэлж, хуулийн энэ заалтын дагуу “тусламж авах эрхтэй” гэж үзсэн.
3.24.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж зааснаар Н.Ө******* нь өвчний улмаас түр чөлөөлөгдсөн бол түүний ажилласан жилийг “10 ба түүнээс дээш жил ажилласан” гэдэгт хамааруулан үзэх боломжтой байсан.
3.25.Эрүүл мэндийн тухай хуулийн энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор хязгаарласан гэж үзэх эрх зүйн боломжгүй, уг Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагчид олгох буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоох, үндсэн цалингийн хэмжээг тогтоох арга, аргачлал, буцалтгүй тусламжийн хэмжээг тооцох арга, аргачлалыг тогтоосон журам болохоосоо тусламж олгох, олгохгүй тогтоосон журам биш болно.
3.26.Иймд хариуцагч Эрүүл мэндийн яамны гаргасан “засгийн гарын тогтоолыг баримтална, Н.Ө*******т тусламж олгох үндэслэл байхгүй” гэх тайлбар болох татгалзсан шийдвэр нь дээр хуулийг зөрчсөн хуль бус татгалзал болох нотлогдож, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч Н.Ө*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
3.27.Шүүхийн энэ шийдвэр Н.Ө*******т “36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламж олго” гэсэн шийдвэр бус, зохих аргачлалын дагуу “36 сар хүртэлх хэмжээний тусламж олгох ёстой” гэсэн агуулгатай болохыг тэмдэглэж байна.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1, 46.2, 60 дугаар 60.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Ө*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Н.Ө******* нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Н.Ө*******т 36 сар хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шийдвэрийг гаргахыг Эрүүл мэндийн яаманд даалгасугай.
2. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, уг тэмдэгтийн хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
[1] Энэхүү тушаалыг тус сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.