Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/708

 

 

 

Ц.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Баянжаргал,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Н.Болортуул,    

насанд хүрээгүй хохирогч О.Хгийн хууль ёсны төлөөлөгч Э.Сарантуяа,

насанд хүрээгүй хохирогч О.Хгийн өмгөөлөгч Д.Амаржаргал,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч П.Ариунболд, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бт холбогдох 2111000000504 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........................... овгийн Ц.Б, ..................................................... төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .................................... оршин суух бүртгэлтэй, /РД: ......................./;

Шүүгдэгч Ц.Б нь насанд хүрээгүй хохирогч О.Хг 14 нас 3 сартай байхад нь буюу 2020 оны 3 дугаар сард 1 удаа, 14 нас 7 сартай байхад нь буюу 2020 оны 7 дугаар сард 1 удаа Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо,............... тоотод, 15 нас 5 сартай байхад нь буюу 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3 удаа Чингэлтэй дүүргийн ........ дугаар хороо, ....................... тоотод хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон нийт 50 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Бт давхардуулан авсан хувийн баталгаа гаргах, хохирогч О.Хтай уулзах, харилцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч Д.Амаржаргал, насанд хүрээгүй хохирогч О.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Сарантуяа бид нар хүлээн авч танилцаад шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

... Насанд хүрээгүй хохирогч О.Х нь “Ц.Б ахтай 2019 онд хөзөр шийтгэлтэй тоглосон. Баяраа ах бие биеийнхээ хүссэн зүйлийг хийнэ гэсэн дүрэмтэй байсан. Бид 6 удаа тоглоод би хожигдсон. Хөзөр тоглоё гэж би анх санаачилга гаргасан. Хэсэг хугацааны дараа Баяраа ах надад хоёулаа бэлгийн харьцаанд оръё гэсэн. Би 10 орчим минут бодож байгаад зөвшөөрсөн. Бид харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Дараагийн удаад мөн харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Манай гэр уулын энгэрт байдаг болохоор би заримдаа айгаад Баяраа ах руу “Хүрээд ир” гэж мессеж бичиж дууддаг байсан. Баяраа ах намайг хүчиндээгүй. Жирэмсэн болоод айгаад Э.Сарантуяа эгчид Баяраа ах намайг хүчиндсэн гэж худлаа хэлсэн. Тухайн үед жирэмсэн болсон учраас ар гэрийнхэн болон эгчээсээ айгаад Баяраа ах хүчиндсэн гэж худлаа мэдүүлсэн. Жирэмсэн болоод аборт хийлгээд хүүхдийн эцгийг ДНХ-ээр тогтоолгоход намайг хүчиндсэн Тэмүүжингийн хүүхэд болох нь тогтоогдсон. Би Баярбаатар ахыг намайг хүчиндсэн гэж худлаа хэлснээс болоод эгч О.Сарантуяа эгч цагдаад гомдол гаргасан” гэж мэдүүлсэн. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч О.Хгийн мэдүүлгийг дутуу бичсэн болох нь шийтгэх тогтоолын насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг дээрээс харагдаж байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сарантуяа мөн шүүх хуралдаанд “2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дүү О.Х дотор муухай оргиод байна гэхээр нь гэртээ авчраад хоол цай өгсөн чинь идэхгүй болохоор нь жирэмсний тест авчраад шалгатал жирэмсэн болох нь батлагдсан. Хэнээс, яагаад жирэмсэн болсон бэ гээд асуутал Баяраа ах намайг хүчиндсэн гэсэн. Ингээд цагдаад би гомдол гаргасан. Дараа нь хүүхдийн эцгийг нь тогтоолгоход Баяраа биш байсан. Нилээд сүүлд юу болсон талаар асуухад О.Х надад “Жирэмсэн болсон болохоор аав, ээжээсээ бас таниас айгаад Баяраа ах хүчиндсэн гэж худлаа хэлсэн” гэж хэлсэн. Иймд Баярбаатар манай дүүг хүчиндээгүй учраас гомдол, санал байхгүй” гэж мэдүүлдэг.

Шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн:

Шүүх Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр ангийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 14-18 насанд хүрээгүй хүний эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг. Гэтэл насанд хүрээгүй хохирогч О.Х нь намайг Баярбаатар ах хүчиндээгүй, харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг дээрээ дурдсан байдаг. Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сарантуяа “манай дүү О.Х нь Баярбаатар ах хүчиндсэн гэж худал хэлсэн байна лээ” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгийг шинжлэн судлахад Ц.Б нь хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдоно. 

Гэм буруугүйд тооцох:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.“, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Насанд хүрээгүй хохирогч О.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Сарантуяа нарын зүгээс Ц.Бт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд зааснаар ял оногдуулж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохирогч О.Хгийн хууль ёсны төлөөлөгч Э.Сарантуяа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Н.Болортуул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Насанд хүрээгүй хохирогч О.Х болон шүүгдэгч Ц.Б нар нь хайр сэтгэлийн харьцаатай байсан талаараа мэдүүлдэг. Шүүгдэгч Ц.Б нь анхнаасаа арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон болохоо хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү хүч хэрэглэсэн асуудал байхгүй гэдэг. Хэрэгт “хохирогч түлхсэн” гэх баримт байдаг. Насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд ямар ч тохиолдолд “би дуртай байсан” гэж мэдүүлэхгүй байх. Ийм үг, өгүүлбэр байгааг шүүх, прокуророос хүч хэрэглэсэн гэж үзсэн. Шүүгдэгч Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзсэн. Иймд шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд зааснаар ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирогч О.Хтай хайр сэтгэлийн холбоотой байсан. Бид бие биедээ хайртай байсан. Насанд хүрэхээр нь гэрлэх талаар хоорондоо ярилцдаг байсан. Би хүчиндээгүй” гэв.

Прокурор Ж.Баянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч 4 удаа мэдүүлэг өгсөн. 4 удаа мэдүүлэг авахад хохирогч анх өгсөн мэдүүлгээсээ утга агуулгын хувьд зөрүүгүйгээр мэдүүлэг өгсөн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч оролцоогүй. Шүүхээс хэрэг буцсаны дараа насанд хүрээгүй хохирогчоос дахин мэдүүлэг авсан. Мөн л урьд ярьсан мэдүүлгээ утга агуулгын зөрүүгүй мэдүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчоос гэнэт л “би дуртай байсан” гэх асуудлыг ярьсан. Хайр сэтгэлтэй гэх асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад яригдаагүй атлаа гэнэт л гэм буруугийн шүүх хуралдааны үеэр яригдсан. Шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогчоос “хожигдсон нь нэг нэгнийхээ хүссэн зүйлийг биелүүлэхээр хөзөр тоглосон” гэж мэдүүлсэн. Прокуророос “хожигдсон нь хүссэн зүйлийг хийнэ” гэх санаачилгыг хэн гаргасан бэ” гэж асуухад шүүгдэгч, хохирогч хоёр хоёулаа зөрүүтэйгээр хариулсан. Насанд хүрээгүй хохирогч “Баярбаатар санаачилгыг гаргасан” гэдэг. Шүүгдэгч Ц.Баас “хохирогч О.Х гаргасан” гэдэг. Сая шүүгдэгч Ц.Баас “бид хоёр хайр сэтгэлийн холбоотой, гэрлэх талаар ярилцдаг байсан” гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар нэг ч үг дурдаж байгаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй хүсэлтүүдийг удаа дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж байсан. Давж заалдах шатны шүүхэд мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол гаргаж байна. Ямар нэгэн байдлаар хохирогч талд нөлөөлсөн. Шүүгдэгч хоёр өмгөөлөгчтэй. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй гээд тодорхой дурдсан. Хоёр өмгөөлөгч хоёулаа энэ хугацааг буруу тооцох үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ц.Б нь насанд хүрээгүй хохирогч О.Хг 14 нас 3 сартай байхад нь буюу 2020 оны 3 дугаар сард 1 удаа, 14 нас 7 сартай байхад нь буюу 2020 оны 7 дугаар сард 1 удаа Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ............................ тоотод, 15 нас 5 сартай байхад нь буюу 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3 удаа Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ............................. тоотод хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч О.Хгийн “...Анх Баярбаатар ах манай гэрт 2019 онд ирж байсан. Сар, өдрийг нь санахгүй байна. Тухайн үед аавтай хамт хөдөө мод бэлдэж байгаад ирсэн гэж бид нарт өөрийгөө танилцуулж байсан. Тэр үедээ манай гэрт удаагүй 2, 3 хоног байчхаад яваад өгсөн ба манай аав Хөгжил бас цуг хөдөө модонд явсан. Түүнээс хойш 2019 оны 12 дугаар сард аав уулнаас түрүүлж ирээд Баярбаатар ах араас нь хэд хоногийн дараа ирж, манай гэрт хэд хоног байж байгаад яваад өгсөн. Тухайн үед Баярбаатар ах гэрт ирж аав, ээжтэй архи ууж байгаад явчихдаг байсан. Тэр үеэс хойш ирэхгүй байж байгаад 2020 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, ................................. тоот манай гэрт ганцаараа ирсэн. Ирсэн өдрөө манай аав, ээжтэй архи ууж хоноод маргааш өглөө нь аав, ээж хоёрыг ажилдаа явсан хойгуур манай 2, 4 настай 2 дүүг гадаа хашаанд тоглож байхад орон дээр хэвтэж байхдаа намайг дуудахаар нь дөхөж очсон чинь миний биеэс гараараа татаж байгаад хэвтэж байгаа орон дээрээ хэвтүүлж миний өмд болон дотуур хувцсыг тайлахаар нь би түүнд Баярбаатар ахаа болиоч ээ, та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний өөдөөс юу ч ярилгүйгээр өөрийнхөө өмд, турсикийг тайлаад миний дээр гарч надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би тэр үед нь болиоч ээ гээд хэлсэн боловч намайг тоогоогүй. Тэгээд миний дээр гарч 10 орчим минут миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийж байгаад намайг гараад 00 орж бие засчихаад бэлэг эрхтнээ арчаарай гэж хэлсэн. Тэгээд би гараад 00-д байж байгаад гэрт ортол Баярбаатар ах гараад явчихсан байсан. Тэр өдөр нь би аав, ээжид хэлэх гэсэн боловч айгаад хэлээгүй. Гэтэл тухайн өдрийн орой нь Баярбаатар ах дахиад манай гэрт эрүүл ирсэн. Тэгээд гэрт хоол унд идчихээд надад өглөө эрт сэрээгээрэй, ах нь ажилтай шүү гэж хэлээд унтаад өгсөн. Тэгэхээр нь би маргааш өглөө нь 8, 9 цагийн үед сэрээтэл ахын дүү наашаа хүрээд ир гээд дуудахаар нь очсон чинь дахиад өөрийнхөө хажууд хэвтүүлээд миний хувцаснуудыг тайлж надтай бэлгийн харьцаанд орсон. Тэр үед аав, ээж ажилдаа явчихсан, 2 дүү маань унтаж байсан. Тэр өдрөө бэлгийн харьцаанд орчихоод намайг гарч дахин бэлэг эрхтнээ арчаарай гэж хэлчихээд би ажилдаа явлаа гээд яваад өгсөн. Түүнээс хойш манай гэрт нэг удаа бороо орж байхад найзтайгаа ирж, аавтай гурвуулаа архи ууж байгаад аав тасраад унасан хойгуур найзыгаа явуулчихаад намайг оролдоод байхаар нь би уурласан чинь зүгээр болчихсон. Тэрнээс хойш гэрт огт ирэхгүй байж байгаад 2021 оны 4 дүгээр сард манайх Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ........................... тоот айлын хашаанд нүүж ирснээс хойш 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр санагдаж байна, манай гэрт ганцаараа согтуу ирээд хоносон. Тэгээд маргааш өглөө нь аав, ээж хоёрыг байхгүй байхад намайг 2 удаа дэлгүүр рүү явуулж бэлэн гоймон, ундаа зэрэг эд зүйлс авахуулсан. Тэгээд тэр өдрөө манай 2 дүү хашаан дотроо тоглож байхад намайг гэрт дуудаад 3 удаа надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд тэр оройноо яваад өгсөн. Би тухайн үед өөрийн гэсэн гар утасгүй байсан. Мөн гэрээсээ гардаггүй байсан. Энэ талаар аав, ээждээ хэлэхээс айгаад байдаг байсан юм. Уг хүсэлтийг би өөрийн гараараа бичсэн. Хүмүүс надад хэлэхдээ Баярбаатар ахын ял нь өндөр гэж хэлэхээр нь би бичиж өгсөн юм. Надад хүч хэрэглэсэн. Намайг болиоч гэж хэлэхэд миний үгийг тоодоггүй байсан. Дандаа аав, ээжийг байхгүй байхад надтай бэлгийн харьцаанд ордог байсан. 2020 оны 3 дугаар сард би Баярбаатар ахтай шийтгэлтэй хөзөр тоглосон юм. Тэгээд хожигдсон нь бие биенийхээ хүслийг биелүүлнэ гэж хэлсэн. 5, 6 удаа тоглоод би хожигдчихсон юм. Тэгээд Баярбаатар ах намайг үнсээд хувцас тайлах гэхээр нь би болиоч гэж хэлсэн чинь миний үгийг тоолгүй надтай хүчээр бэлгийн харьцаанд орчихсон. Би тухайн үед утасгүй байсан болохоор хэн нэгэнд хэлж чадаагүй. ...” /1хх 215-216/,

насанд хүрээгүй хохирогч О.Хгийн хууль ёсны төлөөлөгч Э.Сарантуяагийн “...Тэгээд би түүний бие нь эвгүй байгаад байхаар нь жирэмсэн болсон байж магадгүй гэж бодоод гаднаас тест аваад үзтэл нэг нь тод, нэг нь бүдэгхэн 2 зураас гарч ирэхээр нь юу болсон талаар асуухад “манай гэрт байнга ирж архи уудаг Баяраа гэх ах намайг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах түрээсийн хашаанд байхдаа 3, 4 удаа аав, ээжийг байхгүйд хүчиндсэн гэж хэлэхээр нь би 102 дугаар руу залгаад дуудлага өгтөл цагдаагаас болсон асуудлыг асууж байгаад хэрэг болсон гэх газар болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаад өг гэхээр нь авчирсан юм. Цагдаа дээр ирээд дахин түүнээс хаана, хэдэн удаа хүчиндсэн талаар асуухад Чингэлтэй дүүргийн .................. гэх газар айлын хашаанд байхдаа хүчиндүүлсэн гэж хэлсэн. ...” /1хх 12/,

шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн “2020 оны 2 дугаар сарын сүүл орчим миний хуурай ах Хөгжил, түүний эхнэр Отгоо эгч нар нь өдрийн цагаар ажилдаа яваад эзэнгүй байсан. Би хэсэг зүгээр байж байгаад Хулангийн хацар дээр нь эхлээд үнсэхэд миний өөдөөс нээх их эсэргүүцэхгүй байхаар нь биеэ татахаар нь дахиад уруул дээр нь үнссэн чинь урдаас хариу үйлдэл үзүүлж үнсэж эхэлсэн, үнсэж байх хугацаанд би эхлээд цамцыг нь тайлах гэсэн боловч тайлуулахгүй байхаар нь шууд өмдийг нь тайлах гэтэл 2-3 удаа эсэргүүцэж байгаад эсэргүүцэхээ больчихоор нь өмдийг нь өвдөг хүртэл нь тайлаад тэрний дараагаар нь Хулангийн дотуур хувцас болох турсикийг нь тайлчихаад би дараагаар нь тайлаад өөрийн бэлэг эрхтнээ Хулангийн бэлэг эрхтэн рүү оруулж, нийт 4 удаа хөдлөөд би тавих гээд байхаар нь сугалж аваад гадуур нь орон дээр тавиад ариун цэврийн цаасаар арчсан. Тухайн үед би бэлгэвч хэрэглээгүй юм. Түүнээс хойш 14 хоногийн дараа Хөгжил ахынд ирж 2 хонохдоо дахин аав, ээж хоёр нь байхгүй байхад би Хуланг урьдын адил үнсэж эхлэхэд Хулан эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь дахин бэлгийн харьцаанд орсон. Тэгэхдээ би бэлгэвч хэрэглэж, Хулангийн бэлэг эртхэн дотор тавьсан. Хамгийн сүүлд 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хөгжил ахынд ирэхэд Хулан эмнэлгээс гарчихсан байсан бөгөөд Хулан бид 2 дахин гэрт нь эзэнгүй үлдчихсэн байж байхад би орон дээр хэвтэж байгаад Хуланг нааш ир гээд дуудсан чинь тэрүүгээр юм хийж байгаа бололтой ирэхгүй байж байгаад удалгүй над дээр ирээд миний цээжийг налаад хэсэг байж байгаад хажуугаар өөрөө орж ирээд буруу хараад хэвтэхээр нь би өөр рүүгээ эргүүлж харуулаад үнсэхэд эсэргүүцэл үзүүлээгүй учир үнсэлцэж эхэлсэн. Дараагаар нь би Хулангийн бэлхүүсээр үнсээд цамцыг нь сөхөөд хөхийг нь үнссэний дараа би өмд рүү нь гараа явуулахад надад тэрээр ... Би таны дүү шиг хүүхэд шүү дээ гэхээр нь би юм хэлж чадахгүй байж байгаад хэдэн минут өнгөрсний дараагаар би дахин өмд рүү нь гараа явуултал эсэргүүцэл үзүүлээгүй болохоор өмдийг нь тайлаад бэлгийн харьцаанд орсон ба бэлгэвч хэрэглээгүй. Би бэлэг эрхтэн дотор нь тавьчихсан. Тухайн өдрийнхөө 1 цаг орчмын дараагаар нь би дахин орон дээр хэвтэж байхдаа Хуланг дуудахад хүрээд ирэхээр мөн урьдын адил бэлгэвчгүй дотор талд нь тавьсан. Би Хулантай нийт 4 удаа бэлгийн харьцаанд орохдоо цохиж зодож, хүч хэрэглэсэн зүйл байхгүй. ...” /1хх 61-62/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4185 дугаартай “...О.Хгийн охин хальс хуучин урагдалтай байна. О.Х нь бэлгийн бойжилт бүрэн олох насанд хүрээгүй байна. ...” /1хх 33-34/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 434 дугаартай “О.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ... О.Х нь өөрийн насны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /1хх 26-28/ гэсэн дүгнэлтүүд,

насанд хүрээгүй хохирогч О.Хгийн насыг тоолсон тэмдэглэл /1хх 81/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Бт тухайн зүйлд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Насанд хүрээгүй хохирогч О.Хгийн өмгөөлөгч Д.Амаржаргал “...насанд хүрээгүй хохирогч О.Х нь намайг Баярбаатар ах хүчиндээгүй, харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлдэг, ...шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд зааснаар ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл ... бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл байдаг бол мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг нь хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж хохирогчийн зөвшөөрлийн үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон байдгаараа ялгаатай.

Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч О.Х нь шүүгдэгч Ц.Б хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт байхгүй төдийгүй шүүгдэгч Ц.Б, насанд хүрээгүй хохирогч О.Х нарын хувьд сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаанд орох хэмжээнд харилцаж байсан нөхцөл байдал байхгүй байна.

Иймд насанд хүрээгүй хохирогч О.Хгийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч О.Хгийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР