Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 428

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай,

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708004890110 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мод боловсруулалтын-дизайн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-7, эцэг, эх, 2 эгч, 2 дүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ОҮН /оёдлын үйлдвэрийн нэгдэл/-ийн 14 дүгээр гудамжны 18б тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, гавъяа шагналгүй, Боржигон овогт Самбуугийн М регистрийн дугаар: НХ94042415

Холбогдсон хэргийн талаар:

С.М нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ, хардалтын улмаас Д.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаХ:

Шүүгдэгч С.М 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хардалтын улмаас Д.Тыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • шүүгдэгч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Төгсжаргал ах партизан явъя гэсэн чинь Төгсжаргал ахын эхнэр нь уурлаад байсан. Тэгэхээр нь "ингэж архи уугаад яах юм бэ байгаа архи пивоо уучихаад харьж амаръя” гэж хэлсэн. Эхнэр нь дэмжээд намайг зөв ярьж байна гэсэн чинь Төгсжаргал ах намайг эхнэртэйгээ хардаад эхэлсэн. Төгсжаргал ах эхнэрийнхээ бөгжийг өөрөө сугалаад би энэ хүүхнээс саллаа, одоо та нар наадах хүүхнээ аваад машиныхаа арын сандал руу шаа гээд байсан. Би Төгсжаргал ахаас бөгжийг нь аваад Рэгзэдмаа эгчийн гарт нь буцааж зүүж өгсөн. Бид нар машинаас бууж бие засчихаад би "Төгсжаргал ахыг та юу яриад байгаа юм бэ?” гэсэн чинь "Ах нь худлаа уурлаж байгаад Рэгзэдмааг явуулъя, тэгээд партизан ороод нэмж ууя” гэж хэлсэн. Төгсжаргал ах машиндаа жоохон зүүрмэглээд чимээгүй сууж байснаа гэнэт босч ирээд...намайг хэд хэдэн удаа цохих үед хавсарч унагаахдаа би цуг унасан. Төгсжаргал ах миний хоолойд байсан хамгаалалтын нарийн уяагаар боогоод байсан. Төгсжаргал ах намайг боогоод тавихгүй байхаар нь би нүүр лүү нь цохисон чинь намайг тавьсан. Тэгшжаргал Төгсжаргал ахыг салгах гээд гарнаас нь татаХ Төгсжаргал ах гараа дугтраад авсан. Энэ үед Тэгшжаргалын гар нь савагдаад машины хажуугийн шилийг нь цохиод хагалсан гэсэн. Рэгзэдмаа эгч одоо больцгоо гээд салгах гэхэд Төгсжаргал ах эхнэрийгээ алгадаж байсан. Төгсжаргал ахыг машинтай нь гэрт нь оруулж өгсөн. Рэгзэдмаа эгч айчихсан "дүү нар манайд хамт хоно” гэж байсан. Төгсжаргал ахын биед гэмтэл уруулснаа зөвшөөрч байна. Би хавсарч унагаад цохисон. Би ганцаараа цохисон гэх мэдүүлэг /хх-28-29/,
  • гэрч Г.Тэгшжаргалын мөрдөн байцаалтад өгсөн...Төгсжаргал эхнэр Рэгзэдмаатайгаа хамт машинтайгаа явж байсан. Бид 5 дэлгүүрээс авсан архи пивоо хувааж уугаад байж байтал Төгсжаргал "уух байсан бол хэлэхгүй яасан юм бэ эхнэрээ үлдээх байсан ш дээ” гэж хэлээд байсан. М бид хоёр төмөр замын гарам орж хүнтэй уулзаад 30 орчим минутын дараа буцаад иртэл Төгсжаргал хэрүүл өдөөд Мыг эхнэртэйгээ хардаад байсан. Тэгэхээр нь би "та юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь эхнэрээсээ нууцаар "би юу гэж тэгдэг юм бэ? Наадахыг чинь явуулах гээд байна” гээд нүдээ ирмээд байсан. Тэгснээ эхнэрийнхээ хуруунд байсан бөгжийг аваад "энэ хэд хүрэх бол” гэхээр нь М "та одоо юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд бөгжийг нь аваад эхнэрийнх нь дунд хуруунд зүүж өгсөн. Тэгсэн Төгсжаргал хувцсаа тайлаад Мыг ална гэж хэлээд боосон чинь Мөнхжаргал Төгсжаргалын нүүрэн хэсэгт 1 удаа гараа атгаж байгаад цохихыг би харсан. Тэр хоёр тэгээд ноцолдоод байсан Б бид хоёр арай гэж салгаад Төгсжаргалын машиныг би бариад гэрт нь хүргэж өгсөн. Гэртээ орохдоо зүгээр орсон. Над руу Төгсжаргал дайраад байхаар нь хоёр удаа хавирч унагасан. М нэг удаа цохиж байхыг харсан. Б Төгсжаргалыг хорьж байснаас биш цохиж байхыг хараагүй. Төгсжаргал намайг 2 удаа нүүр лүү гараараа, Быг сууж байХ нь дээрээс нь алгадаад цохиод байсан. Машины цонхыг би хагалсан. Төгсжаргал машинаа унаж явах гээд байхаар нь би болиулах гэж ноцолдож байгаад тохойгоороо цохиод хагалсан...гэх мэдүүлэг /хх-14-16/,
  • хохирогч Д.Тын мөрдөн байцаалтад өгсөн...архи ууж байтал М манай эхнэрийн ядам хуруунд байсан алтан бөгжийг авчихсан, би болиоч гэж хэлээд Мтай муудалцсан...М миний зүүн талын нүд рүү

 

 

гараараа нэг удаа цохисон...цээж рүү өшиглөсөн...Би Мыг түлхчихээд гэр лүүгээ зугтаад орсон...Цээжээр хөндүүрлэж өвдөж байна, баруун мөр хөдлөхгүй байна. Зүүн нүд бүрэлзэж байна...гэх мэдүүлэг /хх-7-9/,

  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинчээчийн:..Д.Тын биед цээжний баруун талд 3-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн нүдний алим, дээд зовхи, баруун, зүүн мөрөнд цус хуралт, баруун зүүн мөр цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цааашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх...дүгнэлт /хх-11/,
  • цээжний хөндийн компьютерт томографийн оношилгооны хуудас /хх-12-13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч С.Мыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч Д.Тд хохирлын төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн байх /хх-40/ тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулаХ 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тогтоов.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

  1. 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Мыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

 

  1. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус дурдсугай.
  2. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  3. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  4. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР