Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/00925

 

Монголын Санхүүгийн групп ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02004 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1037 дугаар магадлалтай,

“Монголын санхүүгийн групп” ББСБ-ын нэхэмжлэлтэй

Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 35.177.144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Дэлгэрмаа, Ц.Цолмон нар шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ-ын гүйцэтгэх захирал Ө.Цолмонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа нар нь 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 10003568 тоот зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөгийг  5 хувийн хүүтэй 3 сарын хугацаагаар зээлж  авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 24.750.991 төгрөг, зээлийн хүү 9.568.822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 835.500 төгрөг, нотариатын хөлс 21.500 төгрөг, нийт 35.177.144 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны 95 тоот 1 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цолмон бид хоёр 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 10003568 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг  5 хувийн хүүтэй,  3 сарын хугацаатай зээлж авсан  боловч зээлээ төлөөгүй байгаа гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02004 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,  453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа нараас зээлийн үндсэн төлбөр 24.750.991 төгрөг, зээлийн хүү 9.568.822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 835.800 төгрөг, нотариатын хөлс 21.500 төгрөг нийт 35.177.144 төгрөгийг гаргуулан "Монголын санхүүгийн групп" ББСБ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 333.836 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Монголын санхүүгийн групп” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333.836 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны 95 тоот /УБД-Ү2201007906/ 1 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1037 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339.000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Дэлгэрмаа, Ц.Цолмон нар  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 1037 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 25.000.000 төгрөгийг  сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн зүгээс гэрээнд заасан үндсэн төлбөр болох 25.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон 3 сарын хугацааны хүү буюу 3.750.000 төгрөг, гэрээний нэмэгдүүлсэн хүү буюу 750.000 төгрөгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээний хүү зогсох үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хариуцагч талаас өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүй өмгөөлөгчгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч гэрээнд заагдаагүй 8 сарын хүүг үндэслэлгүйгээр тооцон нэхэмжилсэн байхад хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг баримтлан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн байна.

Иймд хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 25.000.000 төгрөг, 3 сарын хүү 3.750.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 750.000 төгрөг нийт 29.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх 5.677.144 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02004 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1037 тоот магадлалын хянавал хэсэгт өөрчлөлт оруулан 5.677.144 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Б.Дэлгэрмаа, Ц.Цолмон нар нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны 95 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалан нэхэмжлэгч “Монголын санхүүгийн групп” ББСБ-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан ба зээлийн төлбөрт 5.855.000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хоёр шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн үүргийг буцаан төлөх хугацаа, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэлтэй зөв тооцож хариуцагч нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 35.155.613 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний дагуу зээлсэн мөнгийг гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт төлөхөөс гадна гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй тул хариуцагч нарын “...гэрээнд заасан хугацааны хүү төлөх” талаарх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч нараас хохирол болох нотариатын зардал 21.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүйгээс гадна барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй дурдсан нь хуульд нийцээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь буруу.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1037 дугаар магадлал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02004 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...453.1” гэсний дараа “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг нэмж, 3 дах заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч төлбөрийг  сайн дураар төлөөгүй тохиолдолд  Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны 95 тоотын /УБД-Ү2201007906/ 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Дэлгэрмаа, Ц.Цолмон нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 105.790 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ