Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 376

 

Э.Т-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн

Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:          Х.Батсүрэн

                         Б.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор олгохыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0279 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0363 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Э.Т, өмгөөлөгч О.М нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0279 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.5-д заасныг баримтлан Э.Т-ын Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан “Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0363 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Т-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Шүүхүүд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэлээр магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн талаар. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ “...хувийн өмчид халдан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэх үндэслэлийг гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “өөрийн өмчлөлийн газрын хажуугаар үерийн ус зайлуулах хамгаалалт хийсэн нь хувийн өмчийг үнэгүйдүүлсэн тул анх 2015 онд 97 сая төгрөгийн үнэлгээ хийгдсэний дагуу нөхөн олговор олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус тул нөхөн олговор олгох ёстой” гэж маргааны зүйлийг буруу тодорхойлж, үүнтэй холбоотойгоор буюу “...үерийн ус зайлуулах хамгаалалтын барилга өмчлөлийн газрыг дайран өнгөрөхгүйгээр хийгдсэн болох нь тогтоогдлоо” гэж хавтаст хэргийн 37, 38, 52, 74, 75 дугаар хуудасны баримтуудыг үндэслэн дүгнэсэн байна. Дээрх нотлох баримтууд нь харин ч манай эзэмшил, өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгө нь тус үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах далангийн барилга угсралтын ажлын трасст өртөж байгааг, мөн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Нийслэлийн Газрын албанд манай газар чөлөөлөлт, нөхөн олговрын асуудлыг шийдэх талаар албан бичиг байхад шүүх нотлох баримтуудыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

5. Энэ талаар давж заалдах шатны шүүх Хянавал хэсэгтээ “...үерийн хамгаалалтын далангийн трасст нэхэмжлэгч Э.Т-ын ... үл хөдлөх эд хөрөнгө тодорхой хэмжээгээр орж...” гэж дүгнэсэн атлаа “нэхэмжлэгчийн эзэмшлийн хашааны хажуугаар ажил хийгдэж байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон” гэх мэтээр нотлох баримтыг буруу үнэлсэн. Шүүхийн үзлэгээр харин ч нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн газар нь үерийн хамгаалалтын далангийн трасст /сувгийн хамгаалалтын бүсэд/ өртөж байгаа нь илт тогтоогдсон.

6. Мөн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар. Анхан шатны шүүх үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг зөвхөн өмчлөлийн газраар дайрч гараагүй, давхцаагүй гэж дүгнэсэн. Харин би нэхэмжлэлдээ “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жанжины 11-230А /12 хороо/ тоот 67 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, 000546291 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан бөгөөд мөн тус газрынхаа баруун талд залгаа 230 тоот хаягт байршилтай 153 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж, тус газартаа 176 м.кв талбай бүхий 2 давхар обьекттой” гэдгээ дурдаж, эдгээр эзэмшил, өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгө нь тус ажлын трасст өртсөн гэж маргасан байхад шүүх зөвхөн өмчлөлийн газрыг л дайраагүй гэж дүгнэж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн. Маргааны зүйл эзэмшил, өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдож байгааг анхаараагүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн хууль зүйн үндэслэлдээ тусгаагүй хэргийг дутуу хянасанд гомдолтой байна.

7. Нэхэмжлэгчийн эзэмшлийн 67 м.кв газар, түүний баруун талд залгаа байрлах өмчлөлийн газар дээр 2 давхар байшин нь дамнаж байрладаг бөгөөд тухайн байшин нь хууль ёсны өмчлөлийн гэрчилгээтэй, мөн эзэмшлийн газрын гэрээний хугацаа дуусаагүй тул нөхөн олговрыг олгох нь зүйн хэрэг. Энэхүү газар чөлөөлөх, нөхөн олговрын асуудал анх 2015 онд яригдаж эхлэх үед манайх 2 давхар байшинг дэлгүүр, хувийн сууцны зориулалтаар ашиглаж байсан бөгөөд тухайн үед Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн мэдэгдэлд “таны эзэмшиж, өмчилж байгаа газар ажлын трасст өртөж байгаа тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу уг газрыг чөлөөлөх шаардлагатай”-г, мөн “...мэдэгдэл хүлээн авснаас хойш барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнийг мэдэгдэхүйц өсгөсөн бусад арга хэмжээний зардлыг нөхөн олгохгүй” тухай анхааруулсан байсан. Тиймээс нэхэмжлэгч нь ажлын трасст өртсөн, газар чөлөөлөх нь ойлгомжтой юм байна гээд нөхөн олговроо авахын тулд бүрдүүлэх материалыг хүлээлгэн өгч, үнэлгээгээ хийлгэн зөвшөөрч, дэлгүүрийн үйл ажиллагаа зогсоож, тус байшиндаа 2015 оноос хойш ямар нэг засвар, үйлчилгээ хийгээгүй, амьдрахаа ч больсон. Үүнээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллагууд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг зөрчсөн.

8. Түүнчлэн шүүх хавтаст хэрэгт авагдсан үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах далангийн барилга угсралтын ажлын зургийг зохих ёсоор үнэлээгүй. Учир нь ажлын зургаар бол манай эзэмшил, өмчлөлийн газар бүрэн өртөж байгаа гэсэн ба одоо ч энэхүү зураг өөрчлөгдөөгүйг анхан шатны шүүх хуралд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэлдэг. Мөн ажлын зургийн дагуу сувгийн хамгаалалтын зурваст ч мөн өртөж байгаа. Үерийн далангийн барилга байгууламжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосон хамгаалалтын зурвастай байх нь ойлгомжтой.

9. Мөн анхны үнэлгээг манайхыг хүлээн зөвшөөрөөгүй гэж хариу тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг. Манайх анхны үнэлгээг хүлээн зөвшөөрч, тухайн үед хариуцаж байсан мэргэжилтэн Ц-д бүх материалаа өгсөн ба Ц-той уулзахад нөхөн олговор төсөвт тусгагдаж байгаа гэдэг байсан. Харин 2017 оны намар энэ асуудлаар газрын албаны мэргэжилтэн Ууганбаатартай удаа дараа биечлэн уулзаж, мөн утсаар ярихад “мэргэжилтэн солигдсон тул танай өмнөх бүрдүүлж өгч байсан бичиг баримт, үнэлгээ бүгд алга болсон, олдохгүй байна” гэдэг хариуг өгч байсан ба шүүхийн шаардсанаар алга болсон гэх анхны үнэлгээг гаргаж өгсөн. 2015 оны үнэлгээг мэргэшсэн үнэлгээчин Д.Э, Б.Э, Д.Б нар нь тухайн үед энэ асуудлыг хариуцаж байсан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Өмч, газрын харилцааны албатай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэлгээг хийсэн бөгөөд хэрэв тус үнэлгээг захиалагчаас хүлээн зөвшөөрөөгүй бол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу Мэргэжлийн зөвлөлд нь хандах эрх нь нээлттэй байсан. Мэргэжлийн зөвлөлд нь хандаагүйг үзэхэд үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

10. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу төрөөс иргэний өмчийн болон эзэмшлийн газрыг бүхэлд нь юмуу түүний зарим хэсгийг /гэрээний хугацаа дуусахаас өмнө/ улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгохоор заасан байна.

13. Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч Э.Т-ын өмчлөлийн болон эзэмшлийн газар, түүн дээрх үл хөдлөх хөрөнгө нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хэрэгжүүлж буй Эрдэнэтолгой УС-15 орчмын үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажлын зурагт анх орсон, үүнтэй холбоотойгоор түүний үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажил хийгдсэн боловч нөхөх олговрын хэмжээний талаар талууд харилцан тохиролцож чадаагүй тул үерийн хамгаалалтын далангийн ажлыг нэхэмжлэгчийн газрыг дайруулалгүйгээр /түүний хашааны гадна талаар/ хийсэн, иймд бодит байдал дээр нэхэмжлэгчийн өмчлөл болон эзэмшлийн газрыг чөлөөлөх, түүн дээрх үл хөдлөх хөрөнгийг буулгах ажил хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

14. Ийнхүү нэгэнт хариуцагч улсын тусгай хэрэгцээг үндэслэн нэхэмжлэгчийн газрыг солих буюу эргүүлэн аваагүй тул дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу нөхөх олговор олгох үүрэг хүлээхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд нөхөх олговрыг шаардах эрх зүйн урьдчилсан нөхцөл бодит байдал дээр бий болоогүй байна.

15. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүх нотлох баримтыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй, нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн газар нь үерийн хамгаалалтын далангийн трасст өртөж байгаа нь илт тогтоогдсон байхад шүүх зөвхөн өмчлөлийн газрыг дайраагүй гэж дүгнэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн нь буруу” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-6-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

16. Хэдийгээр хэрэгт авагдсан үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах далангийн барилга угсралтын ажлын зураг нь өөрчлөгдөөгүй, уг зургаар бол нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн газар нь төлөвлөлтөд өртөж байгаа боловч бодит байдал дээр үерийн хамгаалалтын ажил нь уг зургийн дагуу хийгдээгүй буюу нэхэмжлэгчийн газраар дайраагүй, давхцаагүй, иймээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудал ач холбогдолгүй болсон тул “шүүх эдгээр нотлох баримтыг үнэлээгүй, хариуцагч анхны үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ”  гэсэн утгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг /Тодорхойлох хэсгийн 8-9/ хангах боломжгүй.

17. Мөн, нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас “нөхөх олговор авах” эерэг үр дагавар үүсэхээр байсан хэдий ч, дээр дурдсанчлан уг харилцаа нь бодит байдал дээр дууссан, мөн нэхэмжлэгчийн хувьд захиргааны дээрх үйл ажиллагаанд итгэсний улмаас өөрийн газар, байшиндаа ямар нэгэн хөрөнгө оруулсан, зарлага гаргасан гэх эдийн болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим үйлчлэхээргүй байна.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0279 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0363 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ