| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00405/И |
| Дугаар | 148/шш2024/00435 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 148/шш2024/00435
| 2024 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 148/ШШ2024/00435 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын *******ын хүсэлттэй,
******** эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...**** нь миний төрсөн ах Д.*******ын охин юм. **** нь ээж, аав, ахын хамт амьдардаг байсан. Ээж нь авто машины ослоор нас барсан. Аав нь зүрхний өвчний улмаас нас барсан учраас энэ хүн асран хамгалаах хүнгүй үлдсэн. Төрсөн цагаасаа удамшлын сэтгэцийн өвчтэй байсан. 2010 оноос эхлэн өвчин нь хурцаар илэрч, эмнэлгийн хяналтанд байдаг болсон. Энэ хүн маань нийгмийн харилцаанд оролцох боломжгүй. Саяхны жишээ дурдахад төрийн банкны карттай байсан. Өөрийнх картаар мөнгийг нь аваад зарцуулдаг байсан. 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн карт нь хаагдсан. Би банкан дээр очиход бидэнд карт өгөх ямар ч эрхгүй гэж хэлсэн.
Мөн ахын маань нэр дээр өмчлөлийн газар байдаг. Тэр газар өмчлөх эзэнгүй байна. Манай ахын хүү болох н.******* нь Улаанбаатар хотод амьдардаг. Хамт байх ямар ч боломжгүй. Бэр эгчийгээ барьж аваад зодчихдог. Сүүлийн үед өвчин нь хурцдаж, сэтгэцийн эрүүл мэндийн төвд байна. Энэ асуудлыг надаас өөр хөөцөлдөх хүн байхгүй. Ийм баримттай байж асуудлууд нь шийдэгдэнэ гэж хэлсэн. Тийм учраас би баримтаа бүрдүүлээд шүүхэд өгсөн. н.******* нь хотод байдаг. Ах нь тэр бүр ирэх боломжгүй байдаг. Хуулийн дагуу итгэмжлэл аваад хөөцөлдөж болно гэсэн учраас шүүхэд хандаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь *******ын ********* эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч М.******* нь ****** cэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй тул эрх зүйн чадамжгүйд тооцуулах хүсэлт гаргажээ.
Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно ,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана гэж заажээ.
Нэхэмжлэгч М.******* нь **** төрсөн ах буюу Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д зааснаар гэр бүлийн гишүүн болох нь гэрч Ж.*******гийн мэдүүлгээр нотлогдож байх тул ***** эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг М.******* нь шүүхэд гаргах эрхтэй этгээд гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д Хүсэлт хүлээн авсан шүүх нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээч томилон шинжилгээ хийлгэж, тухайн иргэний сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулна, 143 дугаар зүйлийн 143.1-д Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож уг иргэнд харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг тогтооно гэж заажээ.
Тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 799 дугаартай дүгнэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, гэрч Ж.*******гийн мэдүүлгээр М.Уранчимэг нь F25.0 шизоффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болох нь нотлогдож байх тул М.Уранчимэг эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар нэхэмжлэгч М.*******ыг тогтоож шийдвэрлэлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн
хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын ******** эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.
3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН