Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00752

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 11 дүгээр багийн 10-12 тоотод оршин суух, Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын 08 дугаар багийн 08-50 тоотод оршин суух, Ө.Т-т холбогдох,

6.360.000 /зургаан сая гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө.Ттэй зээлийн гэрээ байгуулан 2016 оны 01-р сарын 26 өдөр 10.000.000 /арван сая/ төгрөг 1 сарын 8 хувийн хүүтэй 02 дугаар сарын 26-нд өгөхөөр тохирч зээлдүүлсэн юм. Гэтэл зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш хугацаа хэтэрч 03-р сарын 19-нд үндсэн мөнгөнөөсөө 5.000.000 /5 сая/, хүү 800.000 төгрөгийн хамт 5.800.000 авсан. Одоо үлдэгдэл 5.000.000 /5 сая/ төгрөгийг өгөхгүй худлаа яриад утсаа авахгүй гэртээ байхгүй байгаа тул миний зээлдүүлсэн 5.000.000 төгрөг, хүү 1.360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн хамт нийт 6.360.000 /зургаан сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг Төмөрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Долзодмаа овогтой Нэргүйгээс 10.000.000 төгрөгийг харилцан тохиролцож зээлж авсан нь үнэн. ...4 сард 5.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгө, хүү болох 6.360.000 төгрөгийг Улаанбаатар хотод байрлах байр болон бусад үл хөдлөх хөрөнгө зарагдах буюу энэ оны 8 сард банкнаас зээл авахаараа төлж барагдуулна. Иймд миний энэхүү тайлбар хүсэлтийг харгалзан үзэж цаг хугацааг хүртэл харгалзан үзэж иргэн хоорондын тохиролцоог хүлээж шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ө.Төөс 6.360.000 /зургаан сая гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6.360.000 /зургаан сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.360.000 /зургаан сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 116.710 /нэг зуун арван зургаан мянга долоон зуун арван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Төөс 58.355 /тавин найман мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг, улсын орлогоос 58.355 /тавин найман мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Нгийн нэхэмжилсэн 6.360.000 /зургаан сая гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.Т 2016 оны 8 дугаар сард төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116.710 /нэг зуун арван зургаан мянга долоон зуун арван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Төөс 58.355 /тавин найман мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг, улсын орлогоос 58.355 /тавин найман мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН