Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/709

 

 

 

 

 

    

Б.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Д.Энхбаатар,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Даваа, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Аюушжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/824 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2206000000723 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........................... овгийн Б.Э, ........................................................ төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ........................... тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хамтран амьдрагч Б.Туяацацралтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүч хэрэглэн гараараа алгадах, цохих зэргээр зодсоны улмаас биед нь элэгний урагдал, задрал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний 7 дугаар нугалмын зүүн латерал массын хугарал, сээрний 5, 6 дугаар нугалмын их биеийн хугарал, доод эрүүний далд хугарал, баруун 2-8 дугаар хавирганы далд шууд хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн 7 дугаар сегментийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, хоёр бөөрний хальсны цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл зэрэг олон тооны шарх үүсгэн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Эд 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эөөс 9.424.726 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нд-д олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирол, зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “Бямбасүрэн овогтой Энхтөр миний бие 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 18 жил хаалттай дэглэмийн ялаар шийтгүүлсэн. Миний үйлдсэн хэргийн зүйлчлэл дээр надад маргах зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээж маш их гэмшиж байна. 2022 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хэрэг болсон цаг мөчид би өөрийн үйлдсэн хэргээ ухамсарлан тэр даруйд нь түргэн тусламж болон цагдаа дуудаж, хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хэргээ хүлээсэн. Надад оргон зайлж, худал мэдүүлэг өгөх, ямар нэг байдлаар хэргээс мултрах гэсэн оролдлого хийсэн юм үгүй. Миний үйлдсэн хэргийн улмаас учирсан хохирлыг ойрын хугацаанд барагдуулна гэж амлаж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх танаа миний үйлдсэн хэрэг болон тэр даруйд нь түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад хандаж хийсэн хэргээ үнэн зөвөөр болон хүлээснийг минь харгалзан үзэж, авсан ялыг минь жаахан хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсдаг. Тухайн үед хохирогчид эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 9.424.726 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгч байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан хамгийн дээд хэмжээний хорих ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан. Шүүхээс 18 жилийн хорих ял оногдуулсан. Миний эгчийн амь насыг хохироосон байж хорих ялыг багасгаж өгнө үү гэж гомдол гаргаж байгаад харамсаж байна. Энэ хэрэг гарснаас хойш эцэг, эхийн маань бие маш их муудсан. Гомдолтой байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад зааснаар тус тус зүйлчлэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд тухайн зүйл, хэсгийн 2.7, 2.8 дахь заалтыг огт хүлээн зөвшөөрөхгүй байсан. Харин давж заалдах гомдол гаргахдаа оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийн тулд тухайн зүйл, хэсгийн 2.7, 2.8 дахь заалтуудыг хүлээн зөвшөөрч, маргах зүйлгүй гэж байна. Шүүгдэгчийн ар гэрээс гэм хорын хохирол болох оршуулгын зардал 9.424.726 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Анх хохирогч нарын зүгээс оршуулгын зардал 12.042.440 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтын шаардлага хангасан нь 9.424.726 төгрөг гэж үзэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч талаас гэм хорын хохирлыг төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байх шиг байна. Онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироосон үйлдэлд 9.424.726 төгрөгийг төлснөөрөө ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байх тул ял шийтгэл хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э өмнө нь 3 удаа ял шийтгүүлж байсан. Шүүхээс тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн боловч засарч хүмүүжээгүй хувийн байдал харагддаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн зүйлчлэл дээр маргаж, хохирол төлбөрийг барагдуулаагүй байсан. Шүүхээс онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироосон байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 18 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүхийн дүгнэлт хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, ......................... тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хамтран амьдрагч Б.Туяацацралтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүч хэрэглэн гараараа алгадах, цохих зэргээр зодсоны улмаас биед нь элэгний урагдал, задрал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний 7 дугаар нугалмын зүүн латерал массын хугарал, сээрний 5, 6 дугаар нугалмын их биеийн хугарал, доод эрүүний далд хугарал, баруун 2-8 дугаар хавирганы далд шууд хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн 7 дугаар сегментийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, хоёр бөөрний хальсны цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл зэрэг олон тооны шарх үүсгэн амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын “2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр намайг гадуур ажилтай явж байхад манай төрсөн ах Түвшинбаяр нь над руу утсаар залгаж “талийгаачийг Гэмтлийн эмнэлэгт ухаангүй хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг дээр очиход талийгаач нь сэхээн амьдруулах тасагт байсан. ... Тэгээд шөнөжин талийгаачийг сахиж хоноод өглөө нь 07 цаг 40 минутад амьсгал хураасан” /1хх 38-39/,

гэрч Б.Түвшинбаярын “2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед миний 89898200 дугаарын гар утсанд дуудлага ирж, гар утсаа авахад Гэмтлийн эмнэлгээс ярьж байна, “Манай дүү Туяацацрал нь ухаангүй байдалтай 2022 оны 2 дугаар сарын 21-ний өглөө 103 түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн” гэх мэдээллийг өгсөн. Би тухайн мэдээллийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг гэхэд очиход Гэмтлийн эмч нар шуурхай хагалгаанд орох шаардлагатай болоод орсон гэж хэлсэн. ... Тухайн үед би таниагүй. 21 цагийн үед талийгаачийн төрсөн хүү болох Билгүүнийг талийгаачийн хэвтэж байгаа тасаг руу оруулж, талийгаачийг төрсөн хүүгээр нь таниулах ажиллагаа хийж, талийгаач Б.Туяацацрал мөн болохыг тогтоосон. ...” /1хх 43-44/,

шинжээч эмч О.Болороогийн “Уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс гэдэг нь их хэмжээний зөөлөн эд болон өөхлөгийн гэмтэл, ясны хугарлын улмаас өөхөн эдүүд цусны гэмтсэн судсаар шимэгдэж өөхөн дуслууд цусны урсгалаар дамжин уушгины тараагуур судсыг бөглөснөөр үхэлд хүргэдэг хүндрэл болно” /1хх 140/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 708 дугаартай “Талийгаачийн цогцост элэгний урагдал, задрал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний 7 дугаар нугалмын зүүн латерал массын хугарал, сээрний 5, 6 дугаар нугалмын их биеийн хугарал, доод эрүүний далд хугарал, баруун 2-8 дугаар хавирганы далд шууд хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн 7 дугаар сегментийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, хоёр бөөрний хальсны цус хуралт, нүүр их бие мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдсөөр хүндэрсний улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /1хх 117-124/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5-9/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-18/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19-30/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 222-241/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг тогтоон хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хамтран амьдрагч Б.Туяацацралыг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүч хэрэглэн зодсоноос биед нь элэгний урагдал, задрал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний 7 дугаар нугалмын зүүн латерал массын хугарал, сээрний 5, 6 дугаар нугалмын их биеийн хугарал, доод эрүүний далд хугарал, баруун 2-8 дугаар хавирганы далд шууд хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн 7 дугаар сегментийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, хоёр бөөрний хальсны цус хуралт, нүүр их бие мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулан уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдсөөр хүндэрсний улмаас амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Э нь ... хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээснийг минь харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэм хэмжээний агуулгад нийцүүлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эд оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг 17 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөв. 

Давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Д.Энхбаатараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохирол буюу оршуулгын зардалд 9.424.726 төгрөг төлсөн талаарх баримтыг гаргаж өгснийг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Эийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 33 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/824 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгч Б.Эөөс гэм хорын хохиролд 9.424.726 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нд төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 33 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР