Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Х тосгонд 1958 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, Х аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 17-10 тоотод оршин суух, Х.Н -ын

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2016/00698/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Х.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн Х хотын дунд сургуульд суралцаж байгаад 1974 оны 06-р сараас Гадаад худалдааны яамны Хын дамжлага баазад барааны тасгын ачигч буулгагчаар түр ажилд орж ажиллаж байгаад 1974 оны 09 сараас тус байгууллагад жинхлэн ажиллах болсноос хойш тасралтгүй 1992 оны 03-р сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан. Биеийн эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хаагаагүй, ажил хөдөлмөр эрхэлж байсан. Би одоо 59 настай. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гээд баримт бүрдүүлэхэд ажилд түр болон жинхлэн томилсон тушаал, шагнуулж, урамшуулж байсан тушаалаас өөр баримт олдохгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр цэргийн үүрэгтний дэвтэр зэрэг өөрт байсан баримт үерт өртөж үрэгдэж алга болсон. Иймд Х.Н намайг Бүгд найрамдах Монгол ард улсын Гадаад худалдааны яамны Хын дамжлага баазад 1974 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Улсаас ажилласан хугацааг нөхөн тооцож өгөхдөө 1990-2000 оныг хүртэл өгсөн тул 1990.01.01-нээс 1992.03.20-ны өдрийн хоорондох хугацааг тогтоолгох шаардлагагүй болно гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Н нь тус шүүхэд Гадаад худалдааны яамны Хын дамжлага баазад 1974 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Н нь Гадаад худалдааны яамны Хын дамжлага баазад 1974 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагчаар ажиллаж байсан болох нь Бүгд найрамдах Монгол ард улсын Гадаад худалдааны яамны Хын дамжлага баазын даргын 1974 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Түр ажилд авах тухай, 1974 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Илүү цаг ажилласны хөлс олгох тухай 1975 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Ажилчдыг урамшуулан шагнах тухай тушаалуудын хуулбар, Х аймгийн Ардын гүйцэтгэх хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Дамжлага баазыг хувьчлах тухай тогтоолын хуулбар, гэрч Л.Б Ч.Ч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Нгийн Гадаад худалдааны яамны Хын дамжлага баазад 1974 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуутөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БЯМБАСҮРЭН