Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/741

 

 

 

 

 

 

           

М.Т, Э.Т, Н.Э,

Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Н.Мандах,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл,

шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Ганпүрэв, 

иргэний хариуцагч М.Энхсайхан,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/1204 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Онолтын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай эсэргүүцлээр М.Т, Э.Т, Н.Э, Б.С нарт холбогдох 2206000000723 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М.Т, ....... оны ...... дүгээр сарын ......-ны өдөр ....................... төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ..................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................................/;

2. Э.Т, ...... оны .....дугаар сарын ......-ны өдөр ............................................. төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ...........................................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................................../;

3. Н.Э, ....... оны .... дугаар сарын ......-ны өдөр ...................................... төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, сантехникч мэргэжилтэй, “................................ ажилтай, ам бүл 1, ............................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................................../;

4. Б.С, ........ оны ..... дугаар сарын ......-ны өдөр ................................төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ................................... ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............................................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................................../;

Шүүгдэгч М.Т нь 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын их хурлын гишүүний зөвлөхөөр томилогдон ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “А.Д” ХХК, “А” ХХК, “ХБО” ХХК, “К.И” ХХК-иудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “К-И” ХХК-ийн захирал Б.Онхоор нийт 31 байршилд хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайн зураг төслийг, иргэн Ж.Зундуйгаар бичил паркийн зураг төслийг тус тус гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулж, нийт 4.374.544.354 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулж, 4.084.172.065 төгрөгийн санхүүжилт авч, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хооронд 2.979.123.876 төгрөгийн тендерийн ажил үйлчилгээг гүйцэтгэж, “Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөх тухай” актаар хүлээлгэн өгч, улсын төсөвт нийт 1.105.048.189 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжигдэх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бичил паркийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт өөрийн танил Ө.Пүрэвбаатарын “К.И” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, иргэн Ж.Зундуйгаар бичил паркийн зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 407.900.016 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 375.656.371 төгрөгийн санхүүжилт авснаас 305.623.762 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэж 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 270/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 70.032.609 төгрөгийн хохирол учруулсан,

2. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “А.Д” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “К-И” ХХК-ийн захирал Б.Онхоор 11 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг найз Э.Таар зохион байгуулуулж, хийж гүйцэтгэж 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 15/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

3. Мөн “А.Д” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/01 дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/06 дугаартай, нийт 1.028.719.197 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, СХД/ТА/236/01 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 11/2013 дугаартай, СХД/ТА/236/06 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан,

4. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын улсын төсвөөс 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр хороолол тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн найз М.Энхсайханы хамаарал бүхий “ХБО” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “К-И” ХХК-ийн захирал Б.Онхоор Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна тохижилтын ажлын зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2-т заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны “Хүүхдийн тоглоом, зам талбай, тохижилтын ажил”-ыг 349.855.214 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 343.568.626 төгрөгийн санхүүжилт авснаас 157.061.703 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 186.506.923 төгрөгийн хохирол учруулсан,

5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/04, 236/5, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар дааган”, “А” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “К-И” ХХК-ийн захирал Б.Онхоор нийт 19 байршилд хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайн зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй “Ар дааган”, “А” ХХК-иудыг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 11, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “А” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/04 дугаартай , мөн өдөр 595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/05 дугаартай, нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилт авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, СХД/ТА/236/04, СХД/ТА/236/05 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 132/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”- аар тус тус хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Т нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Улсын Их хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “К-И” ХХК-ийн захирал Б.Онхоор 11 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлөх үйлдэлд нь “А.Д” ХХК-ийн нэрээр тендерт оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй “Ар дааган” компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэж, 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 15/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт дээрх үйлдлийн аргаар 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “А.Д” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар “А.Д” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, СХД/ТА/236/01 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 11/2013 дугаартай, СХД/ТА/236/06 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэн өгч, 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцож, улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Э нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Улсын Их хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “К-И” ХХК-ийн захирал Б.Онхоор 11 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлөх үйлдэлд нь “Ар дааган” компанийг оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй “Ар дааган” компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Ттай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийнхаа дансаар 1.217.221.617 төгрөгийн санхүүжилтийг авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэн, 121.759.317 төгрөгийг хувьдаа авч, 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 15/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцсон,

мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт дээрх үйлдлийн аргаар 2012 оны 9 дүгээр сарын 11, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан “А.Д” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/01 дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/06 дугаартай, нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Ттай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийнхаа дансаар 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр уг ажлыг хийж гүйцэтгэн, 123.367.770 төгрөгийг хувьдаа авч СХД/ТА/236/01 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 11/2013 дугаартай, СХД/ТА/236/06 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцож, улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.С нь “......................................”-ийн захирлаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/04, 236/05 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Улсын Их хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “К-И” ХХК-ийн захирал Б.Онхоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайн зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлөх үйлдэлд нь өөрийн компанийн нэрээр тендерт оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй “Алтантэнгэр” компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “А” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилт авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, СХД/ТА/236/04, СХД/ТА/236/05 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 132/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар тус тус хүлээлгэж өгч, улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч М.Т-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Т, Б.С, Н.Э нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс шүүгдэгч М.Т, Э.Т, Н.Э, Б.С нарт холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэв.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг сайтар шалган тогтоох шаардлагатай байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1163 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн тодорхойлох хэсгийн 1,2,4,5,6,7 дахь заалтууд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 94 дүгээр магадлалд заасан ажиллагаанууд зохих ёсоор хийгдээгүй байна. Тухайлбал, яллах дүгнэлтэд “...М.Т нь тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдэд нөлөөлж...” гэсэн байх боловч хэрхэн, яаж нөлөөлсөн байдал буюу энэ талаарх үйл баримт тодорхой биш байна. Тендер сонгон шалгаруулах үнэлгээний комисст хэдэн гишүүн оролцсон, тэд олонхын саналаар, эсхүл санал нэгтэйгээр ямар компанийг сонгосон, сонгон шалгаруулалт хийхдээ ямар нөлөөнд автсан /хахууль авах, дарамт шахалтад орсон, зарим гишүүд нь хуурамч материал танилцуулж, бусад гишүүдээ хуурсан зэрэг/ байдлыг дүгнэж, яллах дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгах. ...Иймд буруутай байж болзошгүй хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй тогтоох нь зүйтэй гэх зэргээр дурдсан нөхцөл байдлуудыг шалгаж тогтоох нь гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд туйлын ач холбогдолтой байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн дүүрэн, үнэн зөв тогтоох шаардлагатай. Хохирлын баримтыг зохих ёсоор бүрдүүлэн үйлдэл нэг бүрээр тогтоон, шүүгдэгч нар болоод хэрэгсэхгүй болгогдсон этгээдүүд хэрхэн төлөх талаар, түүнчлэн иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдүүдийг татан оролцуулж нэг мөр шийдэх нь чухал болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтооно гэж заасан бөгөөд харин шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын зэрэгцээ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай тул дээрх бүх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг тэмдэглэж байна гээд шүүгдэгч М.Т, Э.Т, Н.Э, Б.С нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 23 хавтас материалыг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Онолт бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Тус эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 59 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 1163 дугаартай захирамжаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Улмаар прокурор хэргийг хүлээн авч, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шүүгчийн захирамжид заасан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэн, Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 186 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Т, Н.Э, Б.С нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Т-г төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг тогтоогоогүй нөхцөл байдал тогтоогдож байх тул үүнийг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, шүүх өөрчлөн дүгнэх боломжтой байна...” гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Гэтэл анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1163 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ”, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

2. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт, шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас улсын төсөвт нийт 1.105.048.189 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг бүрэн дүүрэн зөв тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн боловч дээрх дүгнэлт нь хэрэгт цугларсан ямар нотлох баримтад үндэслэсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа дурдаагүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх” шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1204 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Н.Мандах  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу анхан шатны шүүх хуралдаан явагдсан. Энэ шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, талууд мэтгэлцэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Мөн прокурор анхан шатны шүүхийн 2018 оны шүүгчийн захирамжид заасан ажиллагааг огт хийгээгүй. Энэ асуудлыг өмнөх шүүх хуралдаануудаар тодорхой ярилцсан. Хэрвээ тэр ажиллагааг хийсэн бол хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, бид энд ингээд сууж байхгүй байсан. Прокурор эсэргүүцэлдээ Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахих ёстой гэж дурдсан боловч өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг биелүүлдэггүй. Өмнөх прокурорууд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, яллах дүгнэлтийн огноо дугаарыг өөрчилж шүүхэд шилжүүлсээр энэ хэрэг шүүхийн шатанд 5 жил болж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Т болон түүний өмгөөлөгчөөс 3 баримт гаргаж өгсөн. Энэ баримт нийт 400.000.000 төгрөгийн үнийн дүнтэй, нэр бүхий яллагдагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон өөр хэргээс мөрдөгч нь М.Тд өгсөн баримт юм. Энэ баримтад шинжээч дүгнэлт хийгээгүй зөвхөн төсөв зохиох замаар хийгдсэн Барилгын хөгжлийн төвийн 2016 оны шинжээчийн дүгнэлтийг дүгнэсэн. Прокурор 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг гардан авч 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 57 дугаартай эсэргүүцэл гаргасан. Энэ эсэргүүцэл хуульд заасан хугацаа буюу ажлын 5 хоногт бичигдсэн эсэхэд дүгнэлт өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан прокуророос эсэргүүцлээ татах эсэхийг дахин тодруулж, нэг мөр тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Т прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж бичсэн тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлын үнийн дүнг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгаа. Учир нь, Нийслэлийн аудитын газар аудитын дүгнэлт гаргаж өгсөн, энэ дүгнэлтэд үндэслэн Барилга хөгжлийн төв төсөв зохиох замаар хохирлыг тооцсон. Барилга хөгжлийн төв гадна талбайн гулсуурыг “Вичат”-аар аваад 7.088.000 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл миний гаргаж өгсөн баримтаар бодит өртөг нь 29.918.500 төгрөг юм. Компанийн дансанд орсон мөнгө юунд зарцуулагдсан гэдгийг тогтоолгүй, зөвхөн программд гараар шивж оруулаад төсөв зохиогоод хохиролд тооцсон нь үндэслэлгүй. Би 981.000.000 төгрөг хувийн дансаараа авч ажилд захиран зарцуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс надад 581.000.000 төгрөгийн хохирол оногдуулсан. Намайг Авлигатай тэмцэх газар 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр баривчилсан. Миний ажлын өрөөнөөс бүх цаасыг хурааж, битүүмжилсэн. Би хэргийн материалыг хуудас бүрээр нь үзэхэд өрөөнөөс маань хурааж битүүмжилсэн баримтаас нэгийг ч хавтас хэрэгт тусгаагүй байсан. Өндөр дүнтэй 7-8 баримтыг огт хэрэгт хавсаргаагүй. Өмнө би бизнес эрхэлдэг, хуримтлалтай байсан. Энэ хуримтлалаас 300.000.000 гаруй төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 5-ний өдөр хийсэн, анхны санхүүжилтийг 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан байдаг. Энэ мэт зөрчлүүд байгаа учир хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч А.Зүмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Т анхан шатны шүүх хуралдаанд өөрийгөө цагаатгах байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүхээс гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй ч анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, прокурорын эсэргүүцлийг үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Өмнө энэ хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Тас бусад оролцогчдын үйлдэл, холбогдлыг гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Энэ шийдвэрт прокурор эсэргүүцэл бичээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй гэсэн байна. Давж заалдах шатын шүүхээс хэргийг заавал шүүх хуралдаанаар шийд гэсэн магадлал гаргаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаах эрх анхан шатны шүүхэд байгаа. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх гэхээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул шүүгчийн захирамж үндэслэлтэй. Мөн гэмт хэргийн хохирол, хор уршгийг нарийн тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн. Санхүүгийн анхан шатны баримтууд үндэслэлгүй. Төсөв зохиогоод таамаглалд үндэслэн дүгнэлт гаргасан байдаг. Тендер авсан компаниуд, тендерийн хорооны гишүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирол, хор уршгийг шүүгдэгч нарт хариуцуулсан байдаг нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэв.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Н.Эыг цагаатгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт прокурор эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхээс Н.Эт 245.000.000 төгрөгийн хохирол хариуцуулж шийдвэрлэсэн. Прокурор яллах дүгнэлтдээ 245.000.000 төгрөгийн хохирлыг Н.Э хувьдаа авсан гэж дүгнэсэн. Гэтэл хохирлын гол нотлох баримт болоод байгаа шинжээчийн дүгнэлтэд 245.000.000 төгрөгийг “А.Д” ХХК-ийн дансанд үлдсэн гэж дүгнэсэн. Энэ мөнгийг Н.Э авсан уу, татвар буюу бусад байдлаар үрэгдсэн үү гэдгийг тогтоогоогүй байж 245.000.000 төгрөгийг Н.Эт хариуцуулж шийдвэрлэсэн. “А.Д” ХХК уг 245.000.000 төгрөгийг татварт төлсөн тухай баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, Н.Э 245.000.000 төгрөгийг авсан талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байхад яллах дүгнэлтэд түүнийг авсан мэтээр бичиж, анхан шатны шүүхээс хохирол хариуцуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд дээрх нөхцөлийг тогтоохоор хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Д.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нартай санал нэг байна. Прокурорын эсэргүүцлийн 1 дэх үндэслэлд өмнөх давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх магадлал хүчинтэй байгаа гэсэн байна. Гэтэл анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай 1204 дугаартай захирамжид 2018 оны 1103 дугаартай хэргийг прокурорт буцаасан захирамжийг дурдсан байгаа. 1103 дугаартай захирамжид хэрэгт хийгдвэл зохих нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг маш тодорхой, дэс дугаартайгаар заасан. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 59 тоот яллах дүгнэлт үйлдэгдсэн. Анхан шатны шүүхээс энэ яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзээд хэргийг 1103 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурор энэ шийдвэрт эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж, анхан шатны шүүхийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Прокурор эсэргүүцэлдээ 1103 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан нэмэлт ажиллагааг гүйцэтгэж шүүхэд шилжүүлсэн гэсэн боловч 2 дахь удаагаа үйлдсэн яллах дүгнэлт буюу 2018 оны 186 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд өмнөх 59 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас зөрүүгүй байдаг. Өөрөөр хэлбэл, 1103 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийлгүйгээр өмнөх яллах дүгнэлтийг тэр чигээр хуулбарлаж тавиад шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа тул анхан шатны шүүхийн 1204 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй. Эсэргүүцлийн 2 дахь үндэслэлд хохирлын хэмжээ буюу шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлын талаар дурдсан. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг хуулиудад нийцсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь, гэрээний дагуу тендерийн ажил үйлчилгээнд зориулж, шилжүүлж авсан хөрөнгө оруулалт, санхүүжилт, түүнийг хэрхэн зарцуулсантай холбоотой эдийн засгийн шинжилгээг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч гаргасан байдаг. Гэтэл яллах дүгнэлтэд Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг дурдсан. Барилгын хөгжлийн төвийн шинжээч нар зөвхөн хөрөнгийн үнэлгээ л хийсэн бөгөөд энэ шинжээчийн дүгнэлт тусгай мэдлэгийн хүрээнд санхүүгийн мэдлэг бүхий шинжээч нарын гаргасан дүгнэлт биш. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тодорхой эд зүйлсийн үнэлгээг гаргахдаа Сангийн яамнаас хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүд гаргахаар заасан байдаг. Энэ асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй мэтгэлцсэн. Барилгын хөгжлийн төвийн шинжээч нар шүүх хуралдаанд оролцож өөрсдийгөө хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй, хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүд хийдэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд ч байдаг. Дээрх байдлаас үзэхэд хохирлын хэмжээг хийсвэр байдлаар дүгнэгдсэн, үнийн дүн зөрүүтэй байх тул хохирол тогтоогдоогүй. Өмгөөлөгч нар анхнаасаа энэ асуудалд маргасаар ирсэн ч прокурор Барилгын хөгжлийн төвийн шинжээч нарын дүгнэлтээс өөр зүйл хэлдэггүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэв.

Иргэний хариуцагч М.Энхсайхан тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох асуудлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс тодорхой асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаадаг.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурь, үндэслэлээс үүдэн хэргийг прокурорт буцааж болох бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг мөрдөгч, прокурор нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/1204 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Онолтын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/1204 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР