Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2017/0988/З |
Дугаар | 128/ШШ2019/0040 |
Огноо | 2019-01-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2019/0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, Ч.О*******ын нэхэмжлэлтэй, иргэн Ч******* овогтой О*******ыг Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Ч******* овогтой О*******ыг Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б*******а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ф******* ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд компанийн хувьцааны 76 хувийг Ч.О*******, 24 хувийг Р******* Р******* М******* нар эзэмшиж компанийн гүйцэтгэх захиралаар Р******* Р******* М******* томилогдсон юм. Гэтэл гүйцэтгэх захирал компанийн хөрөнгийг завших үйлдэл гаргаж, үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй болсон тул компанийн 76 хувийн хувьцаа эзэмшигч Ч.О******* би гүйцэтгэх захирлыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах саналыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан гэх заалтын дагуу гүйцэтгэх захиралд гаргасан.
Ийнхүү гүйцэтгэх захирал хуулийн хугацаанд ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргаагүй тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж: болно гэж заасан нөхцөл бүрдсэн гэж үзэн хурлыг товлож, гүйцэтгэх захирал Р******* Р******* М*******ыг чөлөөлөх, гүйцэтгэх захирлаар Ч.О*******ыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр хурлын зарыг хүргүүлсэн.
Гэтэл хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Р******* Р******* М******* хувьцаа эзэмшигчдийн хуралд хуульд заасан журмын дагуу хүрэлцэн ирж оролцоогүй тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж: байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа зэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэсэн заалтын дагуу компанийн хувьцааны 76 хувийг эзэмшигч Ч.О******* оролцож хэлэлцэх асуудлын хүрээнд ээлжит бус хурлыг хуралдуулж, хурлаас Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Р******* Р******* М*******ыг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ч.О*******ыг томилсон.
Тус шийдвэр хуульд заасан шаардлагыг хангасан, хууль болон компанийн дүрэмд заасан ирц бүрдсэн, хурал хойшлуулах үндэслэл байхгүй байтал Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь хувьцаа эзэмшигч бүр гарын үсэг зурсан байхыг шаардаж, компанийн гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан.
Иймд хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Б*******д энэ тухай хандан гомдол гаргасан боловч 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/8903 тоот албан бичгээр Ээлжит бус хурал хуралдуулах тухай таны шаардлагыг гүйцэтгэх захирал хүлээн авсан болон шийдвэр гаргасан эсэх баримт байхгүй байна иймээс бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн байна гэх хариуг өгсөн тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 128/ШЗ2017/7195 тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргаж, Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу Улсын ерөнхий бүртгэгч буюу Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Ч.О*******ыг Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгуулах шаардлага бүхий гомдол гаргасан. Тус гомдлыг Оюуны өмчийн улсын бүртгэлийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2/9915 тоот албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг дахин гаргаж байна.
Ийнхүү Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй болох талаар дурдвал:
Компанийн гүйцэтгэх захирал байхгүй байгаагаас үүдэн компани татварын хэлтэст тайлан гаргаж өгөх боломжгүй болж, өдөр тутмын үйл ажиллагаа зогсож, хүндрэлтэй асуудлууд тулгарч байна.
Иргэн Ч******* овогтой О******* /РД:*******/-ыг Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Ч******* овогтой О******* /РД:*******/-ыг Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхийг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"Ф******* ХХК нь анх 2017 дугаар 03 сарын 06-ны өдөр иргэн Ч.О*******ын 100 хувийн хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ч.О******* нь өөрийн эзэмшлийн 24 хувийн хувьцааг Оросын Холбооны Улсын иргэн Р******* Р******* М*******д хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж, 2 хувьцаа эзэмшигчтэй болж, гүйцэтгэх захирлаар Оросын Холбооны Улсын иргэн Р******* Р******* М*******ыг томилсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Иргэн Ч******* овогтой О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зевшөөрөх боломжгүй байна.
Ч.О******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шаардлагыг гүйцэтгэх захирал Оросын Холбооны Улсын иргэн Р******* Р******* М*******ид хандан гаргасан байна. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар гүйцэтгэх захирал уг санал шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хурал хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргахаар хуульчилсан байна.
Гэтэл гүйцэтгэх захирал Оросын Холбооны улсын иргэн Р******* Р******* М*******ид уг санал шаардлага хүргэгдсэн талаар баримтгүй байхад өөрөө хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргаж байгаа нь хуулинд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл хурлыг зарлан хуралдуулах хуульд заасан журмыг зөрчсөн байна. Ч.О******* нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 14 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар шийдвэр гаргасан байна. Гэтэл Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна. гэж заасан байна.
Иймд Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар иргэн Ч******* овогтой О*******ыг томилсон хувьцаа эзэмшигчдийн хурал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж зарласан, хуралдсан хурал байх тул уг хурлаас гарсан хууль бус шийдвэрийг үндэслэн улсын бүртгэл хөтлөх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болох юм.
Энэ бүгдээс дүгнэхэд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах хуулийн үндэслэлгүй болох нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Ч.О*******ын Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Иргэн Ч*******ы О*******ыг Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Ч*******ы О*******ыг Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1258/ШЗ2018/0446 дугаар захирамжаар Ч.О*******ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох Оросын Холбооны Улсын иргэн Рогачев Р.М-ийг гуравдагч этгээдээр татсан. Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2-5а/876 дугаар лавлагаагаар Рогачев Р.М. нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын хилээр гарч явсан бөгөөд Монгол Улсад дахин ирээгүй байна.
Гуравдагч этгээд Рогачев Р.М. нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авахаар бүрдүүлсэн материалд Оросын Холбооны Улсад оршин суух хаягаа Новосибирск хот, Красный проспект, 104 байр 5 тоот гэж заажээ. Шүүхээс Рогачев Р.М-ийг Ч.О*******ын нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж үзвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, тайлбар ирүүлэх талаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1548, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/5968, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/7758, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/9309, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/226 дугаар албан бичгүүдийг Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар Оросын Холбооны Улсад бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн. Шүүхийн удаа дараагийн мэдэгдлээр тогтоосон хугацаанд гуравдагч этгээд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоогүй, хариу тайлбар ирүүлээгүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсгүүдэд заасан гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг бүрэн хангасан гэж үзэж шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх хуралдаанаар шийдвэрээ гаргасан болно.
Ф******* ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр тус компанийн нийт хувьцааны 24 хувийг гуравдагч этгээд Р******* Р.М. худалдан авсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоолоор компанийн гүйцэтгэх захирал буюу компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр Р******* Р.М-ийг томилсон байна.
Ф******* ХХК-ийн нийт хувьцааны 76 хувийг эзэмшдэг нэхэмжлэгч Ч.О******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал Рогачев Р.М-д Ф******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай мэдэгдэл гаргасан бөгөөд тэрбээр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 дугаар тэмдэглэл үйлдэж Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Рогачев Р.М-ийг чөлөөлж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг гаргасан байна.
Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна, 61.4-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана, 61.7-д Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж заасны дагуу Ф******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.О******* нь гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, шинэ гүйцэтгэх захирал томилох асуудлаар компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулахаар саналаа компанийн гүйцэтгэх удирдлагад хүргүүлэх ёстой бөгөөд уг саналын дагуу ээлжит бус хурлыг хуралдуулаагүй тохиолдолд бие даан хурал хуралдуулах шийдвэр гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Р******* Р.М-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг түүний бүртгэлтэй хаяг болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, С-308 тоот хаягаар хүргүүлсэн гэх тайлбар хийсэн боловч ийнхүү хүргүүлсэн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, энэхүү нөхцөл байдал нь нотлогдоогүй тул Ф******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах мэдэгдлийг компанийн гүйцэтгэх захирал Р******* Р.М-д мэдэгдээгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Ч.О******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ээлжит бус хурал хуралдуулах мэдэгдлийг үйлдэж 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдөр шууд Р******* Р.М-ийг гүйцэтгэх захирлаас чөлөөлөх, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргасан нь хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх гэж заасны дагуу Ф******* ХХК-ийн нийт хувьцааны 24 хувийг эзэмшдэг гуравдагч этгээд Р******* Р.М-ийн санал өгөх эрхийг хангасан байх шаардлагатай.
Нэгтгэн дүгнэхэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-д энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасны дагуу Ч.О*******ыг Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгээгүй хариуцагчийн үйл ажиллагааг үндэслэл бүхий, хуулийн хүрээнд хийгдсэн гэж шүүх үзлээ.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гуравдагч этгээд Р******* Р.М-д зохих журмын дагуу компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг мэдэгдсэн, мэдэгдсэн нөхцөл байдлыг нотолсон тохиолдолд нэхэмжлэгч нь Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хандах эрхтэй гэх тайлбар хийснийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, 19.4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Иргэн Ч*******ы О*******ыг Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Ч*******ы О*******ыг Ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий Ч.О*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ